Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 503

 

 

 

 

 

 

 

 

    2020           5            18                                     503           

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                   

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Д.Өнөрцэцэг, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхцэцэг,

шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол  дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Бт холбогдох эрүүгийн 200501246076 дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1982 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Мина-Дина” ХХК-д хөдөлмөр аюулгүй байдлын инженер ажилтай, сард 1 200 000 төгрөгийн цалинтай, ам бүл 3, эхнэр, 10-15 насны 3 хүүхдийн хамт , Б.Б.

 

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 16 цагийн үед Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 18 дугаар гудамжинд “хашааны хаалгыг эвдэн орж, гэрийн хаалгыг нүдэж, хүүхэд айлгалаа” гэх шалтгаанаар О.Тын нүүрэн тус газар нь 2-3 удаа цохиж, эрүүл мэндэд  нь “тархи доргилт, дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун дээд 1 дүгээр шүдний сулрал, зулайд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Б.Б мэдүүлэхдээ:

Улсын яллагчийн уншиж сонсгосон яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Прокурортой 450 000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагыг сайн дураар тохиролцсон. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-О.Т мэдүүлэхдээ:

2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 12 цагийн үед хамт ажилладаг таньдаг ах болох Наранбаатар “хороололд байдаг гэрт хүрээд ир” гэхээр нь би гэр рүү нь очсон. Гэрт нь очоод хаалгыг нь тогшсон боловч айлын хашаа андуураад орсон байсан. Хашаанд нь ороод буруу айл руу орсноо мэдээд хашаанаас буцаад гарсан. Буцаж гараад Наранбаатар ахын гэрт ороод буцаад гартал нөгөө андуурч орсон хашааны хүмүүстэй муудалцсан. Гэтэл өндөр шар залуу намайг цохих шиг болсон. Би нилээн согтуу байсан учир үйл явдлын ихэнхийг нь санахгүй байна. Наранбаатар ахынд очихоос өмнө Наранбаатар ах бид хоёр Өргөө кино театрын хойно байдаг “Роял” ресторанд 1 шил 0.75 литрийн Эвок архи уусан байсан. Архи уучихаад салаад явтал Наранбаатар ах “гэрт хүрээд ир” гээд би очсон юм. Би тухайн үед нилээн согтуу байсан. Андуурч орсон хашааны хаалгыг эвдсэн эсэхээ санахгүй байгаа. Учирсан гэмтэлд эмчилгээ хийлгээгүй, эмчилгээ хийлгэсэн талаар баримт байхгүй.

Би анх толгойн томографийн зураг 130 000 төгрөгөөр авахуулсан. Мөн нааш цааш яваад нийт 200 000 төгрөгийн зардал гарсан. Эмчилгээний зардал 200 000 төгрөгийг надад 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр өгнө гэсэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. (хэргийн 10-16 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Г.Ч мэдүүлэхдээ:

2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Батбаяр ах бид хоёр манай ажил дээр юм хийж байтал Батбаяр ах “гэр рүү хүн орох гээд байна гэнээ” гэж хэлээд Батбаяр, Гүррагчаа бид гурав Батбаяр ахын гэрт очсон. Гэтэл Батбаяр ахын гэрийн хаалга нугас хэсгээрээ салсан байсан. Тэгээд Батбаяр ахын том охин гэрээсээ уйлсан байдалтай гараад ирсэн. Батбаяр ах “нөгөө хүн яасан” гэхэд “явсан” гээд Батбаяр ах гэрийнхээ хаалгыг янзлаад байж байтал урд талын хашаанаас цээж нүцгэн согтуу эрэгтэй хүн хашгираад гараад ирсэн. Тэгтэл Батбаяр ах охиноо дуудаад “энэ хүн мөн үү” гэтэл “тийм байна” гэсэн. Батбаяр ах нөгөө залуу дээр очоод, хоорондоо маргалдаад тэр залууг цохисон. Би очоод болиулах гээд нөгөө согтуу залууг тэвэрч авсан. Энэ үед гудамжны мөс хайлаад шалбааг ихтэй байсан тул тэр залуутай хамт хөл алдаад унасан. Тэр үед нөгөө хашаанаас хүмүүс гарч ирээд, цагдаа дуудаад, удалгүй цагдаа ирсэн. Батбаяртай маргалдсан залуу нилээн согтуу, бараг тасарсан байсан. Ямар үйлдэл хийж байгаагаа мэдэхгүй байсан. Батбаяр ах эрүүл байсан. Батбаяр ах тэр залуугийн нүүр рүү нь 2-3 удаа гараа зангидаж байгаад цохисон гэжээ. (хэргийн 20-21 дүгээр хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 4426 тоот дүгнэлтэд:

1. О.Тын биед тархи доргилт, дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун дээд 1 дүгээр шүдний сулрал, зулайд зөөлөн эдийн няцрал, баруун сарвуу, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.   

2. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 25-26 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Б.Б ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 51 дүгээр хуудас)

                                               

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 16 цагийн үед Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 18 дугаар гудамжинд “хашааны хаалгыг эвдэн орж, гэрийн хаалгыг нүдэж, хүүхэд айлгалаа” гэх шалтгаанаар хохирогч О.Тын нүүрэн тус газар нь 2-3 удаа цохиж, эрүүл мэндэд  нь “тархи доргилт, дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун дээд 1 дүгээр шүдний сулрал, зулайд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч О.Тын, гэрч Г.Чийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 4426 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Бт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирогч О.Т нь тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан хөнгөн гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотой баримтаар хохирол нэхэмжлээгүй бөгөөд шүүгдэгчээс 200 000 төгрөгийг төлсөн,  хохирогч “би анх толгойн томографийн зураг 130 000 төгрөгөөр авахуулсан. Мөн нааш цааш яваад нийт 200 000 төгрөгийн зардал гарсан. Эмчилгээний зардал 200 000 төгрөгийг надад 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр өгнө гэсэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон түүнийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар зөвшөөрч байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Б.Б нь өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Б.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Быг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг Б.Бт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН