Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дагаагийн Байгалмаа |
Хэргийн индекс | 101/2016/07073/и |
Дугаар | 435 |
Огноо | 2017-02-10 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 435
Г.Байгалмаагийн нэхэмжлэлтэй,
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2016/06883 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Г.Байгалмаагийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Б.Мөнххишигт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 22 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Г.Байгалмаа
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нарантуяа
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.
Нэхэмжлэг Г.Байгалмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Солонгос ресторан ажиллуулдаг Б.Мөнххишиг 2014 оны 3 дугаар сарын 18-нд “Чунганэ-1 хоолны газартаа засвар хийх гэсэн юм, хүүтэй мөнгө олж өгөөч” гэхээр нь өөрийн 2 өрөө байрыг "Net capital" ББСБ-д зээлийн барьцаанд 4 хувийн хүүтэй тавьж 15 000 000 төгрөг авч, Б.Мөнххишигт 12 000 000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй, мөн 2014 оны 01 дүгээр сарын 17-нд 8 000 000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэйгээр cap бүр тогтмол хүүг төлж байхаар тохирч, 2014 оны 3 дугаар сарын 21-нд бичгээр гэрээ хийж, нөхөр Чу-Ён-Ил-н хамт байхад бэлнээр тоолж өгсөн. Б.Мөнххишиг нь Хархорин, Баянгол дүүргийн 10 дугаар хороолол Чунганэ-1, Чунганэ-2 гэсэн 2 Солонгос ресторантай. 2014 оны 9 дүгээр cap хүртэл тохирсон ёсоор хүүг төлж байсан ба түүнээс хойш үндсэн төлбөр 8 000 000 төгрөг, хүү 5 000 000 төгрөгийг цувуулж өгсөн. Иймд үндсэн зээл 12 000 000 төгрөг, түүний хүү 10 000 000 төгрөгийн хамт 22 000 000 төгрөгийг нэхэмжилж байгааг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Шинэзориг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Г.Байгалмаатай зээлийн гэрээг бичгээр байгуулан түүнээс 12 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 7 хувийн хүүтэй мөн 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 8 000 000 төгрөгийг бэлнээр тухайн үед тус тус зээлдэж авсан нь үнэн. Нэхэмжлэгч тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ "...Мөнххишиг нь 2014 оны 9 дүгээр cap хүртэл тохирсон ёсоор хүү төлж байсан ба түүнээс хойш үндсэн мөнгөний 8 000 000 төгрөгийг хүү 5 000 000 төгрөгийг цувуулж өгсөн..." гэжээ. Үүнээс гадна би Г.Байгалмаад 2014 оны 9 дүнгээр сарын 05-ны өдөр 6 000 000 төгрөгийг бэлнээр өөрийн тэмдэглэлийн дэвтэр дээр өөрөөр нь гарын үсэг зуруулан хүлээлгэн өгсөн ба мөн түүнд 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 750 000 төгрөг /дансаар/, 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 100 000 төгрөг /дансаар/, 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 650 000 төгрөгийг /дансаар/, 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 700 000 төгрөг /дансаар/, 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 500 000 төгрөг /дансаар/, 2015 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 1 000 000 төгрөгийг /өөрийн дэвтэр дээр гарын үсэг зуруулан хүлээлгэн өгсөн/ буюу түүнд 9 700 000 төгрөгийг төлсөн. Түүнчлэн миний бие зээлийн эргэн төлөлтийг хэд хэдэн удаа өөрөө биечлэн мөн өөрийн төрсөн охин М.Цэвэлсүрэн болон ажилтан Г.Байгалмаагаар дамжуулан нэхэмжлэгч Г.Байгалмаагийн Төрийн банк, Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Хас банкин дахь данс руу бэлэн мөнгөөр шилжүүлэн хийж түүнээс авсан зээлээ хүүгийн хамт бүрэн төлж барагдуулсан гэж үзэж байна. Нэхэмжлэгч 22 000 000 төгрөг нэхээд байгааг ойлгохгүй, хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Мөнххишигээс 10 734 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Байгалмаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11 266 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Байгалмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Б.Мөнххишигээс 186 694 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Байгалмаад олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Г.Байгалмаа тус шүүхэд зээлийн гэрээний үүрэгт 22 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд Б.Мөнххишиг миний бие уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан. Учир нь: би Г.Байгалмаагаас 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр /мөнгө хүлээн авсан гэх баримт үйлдэн/ 8 000 000 төгрөгийг /тухайн үед хүү, алданги төлөх талаар тохиролцоогүй зээлдэж авсан/, харин 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 12 000 000 төгрөгийг 1 сарын 7 хувийн хүүтэй, 3 сарын xyraцаатай /үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд 0.5 хувийн алданги төлөх талаар харилцан тохиролцож/ зээлийн гэрээг /2014 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээнд зээлдүүлэгч нарын гарын үсгээ зураагүй, тус гэрээний 4.1-т талууд гэрээнд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болон гэж заасан/ байгуулан зээлдэж авсан нь үнэн болно. Гэтэл анхан шатны шүүх үндэслэх хэсэгтээ "...8 000 000 төгрөг хүлээн авсан, зээлсэн талаар маргаагүй хүлээн зөвшөөрч байна, гэрээнд 1 сарын хугацаагаар, 8 хувийн хүүтэй 8 000 000 төгрөг зээлдүүлсэн агуулгыг тусгасан байх ба гэрээнд зээлдүүлэгч гэсэн хэсэгт Г.Байгалмаа гэсэн гарын үсгийн хамт "Чингүдэр" ХХК гэсэн тамга дарагдсан байгаа нь эргэлзээтэй гэжээ. Гэрээний хувьд зээлдүүлэгч нь хуулийн этгээд эсхүл иргэн Г.Байгалмаа аль нь болох талаар эргэлзээтэй байх хэдий ч энэ нь гэрээний бичгийн хэлбэрийг бүхэлд нь үгүйсгээгүй... зээлийн эргэн төлөлтийг хоёр гэрээний хувьд зааглан тодорхойлох боломжгүй хугацаапы хувьд үргэлжилсэн шинжтэй байх тул хоёр гэрээний дагуу нийт төлөх төлбөрийг харьцуулан зөрүүг тодорхойлон авч үзэв. 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсаи гэрээний хувьд үндсэн зээлийн төлбөр 8 000 000 төгрөг гэрээнд зааснаар сарын 8 хувийн хүү 640 000 төгрөг, ...алданги 4 320 000 төгрөг нийт 12 960 000 төгрөг төлөхөөр байна" гэж үзсэн. Миний хувьд Г.Байгалмаагаас 8 000 000 төгрөг, 12 000 000 төгрөгийг тус тус зээлдэж авсан нь үнэн бөгөөд энэ талаар маргаагүй, харин тухайн үед буюу 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 8 000 000 төгрөгийг түүнээс баримг үйлдэн зээлдэж авсан ба хүү, алданги төлөх талаар тохиролцож гэрээ байгуулаагүй ба дараа нь хүү, алдангитай зээлдэж авсан мэтээр нөхөж гэрээ байгуулсан учраас миний хувьд хүү, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй, миний түүнээс авсан 8 000 000 төгрөгийг буцааж өгөх үүрэгтэй гэж үзэж байна. Би Г.Байгалмаагаас хүүтэй болон хүүгүй зээлдэж авсан зээлийн гэрээний дагуу Г.Байгалмаад нийт 24 006 000 төгрөг төлж, зээлийн гэрээний үүргээ бүрэн гүйцэтгэсэн гэж үзэж байгаа учраас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч Г.Байгалмаа нь хариуцагч Б.Мөнххишигт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 22 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь зээлийн гэрээний дагуу хүү, алданги төлөхөөр тохиролцоогүй, гэрээг нөхөн байгуулсан тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Зохигчдын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 8 000 000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй /хх-51/, мөн 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 12 000 000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлэхээр тохиролцсон зээлийн гэрээ /хх-5/ тус тус хэрэгт авагджээ.
Зохигчдын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 8 000 000 төгрөг зээлсэн, 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 12 000 000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулагдсан /хх-5, 51/, зээлийн төлбөрт нийт 24 006 000 төгрөг төлөгдсөн үйл баримтын талаар талууд маргаангүй.
Харин талуудын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 8 000 000 төгрөгийн зээлийн гэрээг нөхөн байгуулж хүү, алданги төлөх талаар тохиролцож, гэрээ байгуулаагүй учраас хүү, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй, нийт зээлийн гэрээний үүргээ бүрэн гүйцэтгэсэн гэж маргасан бөгөөд энэ талаарх татгалзал, тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.
Нэхэмжлэгчээс 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн зээлийн гэрээнд заасан мөнгөн хөрөнгийг хариуцагчид шилжүүлэн өгсөн нь хавтаст хэргийн 5 дугаар хуудсанд авагдсан баримтаар тогтоогдож байна.
Иймд талуудын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдсан, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгөн хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.
Дээрх 2 зээлийн гэрээний дагуу нийт 24 000 000 төгрөг төлж, зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэж хариуцагч маргасан боловч шүүх 2 зээлийн гэрээний үүргийг нийт 34 740 000 төгрөгөөр тооцон, үүнээс хариуцагчийн төлсөн нийт 24 006 000 төгрөг хасаж, үлдэх 10 734 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан зээлийн гэрээ, талуудын тайлбар, нотлох баримтуудыг Иргэний хуулийн зохих зохицуулалтад тулгуурлан зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2016/06883 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Мөнххишигээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 186 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ
Д.БАЙГАЛМАА