Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Амарсайхан |
Хэргийн индекс | 154/2016/00086/И |
Дугаар | 001/ХТ2018/00823 |
Огноо | 2018-05-22 |
Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 001/ХТ2018/00823
А.С-ы нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн
2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 112/А дугаар шийдвэр,
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 50 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч А.С-ы нэхэмжлэлтэй
Хариуцагч Х-д холбогдох,
Гэм хорын хохиролд 104 684 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгч А.С-ы гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний төрсөн хүү С.Ахжархын нь Ховд аймгийн Үенч сумын хилийн цэргийн 0130 дугаар ангид нэг сар, Байтагийн заставт гурван сар алба хааж, Улиастын хилийн харуулд албан үүргээ гүйцэтгэж яваад 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр өөрөө өөрийгөө боомилсон байдалтай нас барсан билээ.
Миний хүү хар багаасаа хилийн заставт өсөж хүмүүжсэн болохоор цэргийн амьдралыг сайн мэддэг, сэргэлэн цовоо, бие бялдар сайтай, элдэв зуршилгүй цагаан цайлган хүү байсан. Алба хаах дөрвөн сарын хугацаанд нэг сар болоод ахлах байлдагч, хоёр сарын дараа түрүүч цол хүртэж бусад цэргүүдээс ялгарч чадсан юм. Бид хүүгээ амьд мэнд, эрүүл саруул өсгөн хүмүүжүүлсэн боловч маш хариуцлагагүй хүмүүсээс болж алтан амиа алдсан явдалд туйлын их гомдолтой байна.
Тухайн үед заставт ажиллаж байсан албан тушаалтнууд болон хилийн харуул удирдаж байсан харуулын дарга дэд ахлагч Баасанхүү нарт гомдолтой бөгөөд тэдний бидэнд учруулсан сэтгэл санааны болон эд материалын хохирлыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т заасны дагуу хилийн цэргийн 0130 дугаар анги хариуцан арилгах үүрэгтэй гэж үзэж уг байгууллагыг хариуцагчаар татаж байгаа болно.
Амиа хорлосон бол амиа хорлохоос өөр аргагүй байдалд хүргэсэн нууцлагдмал хүчин зүйл байж таарна. Бид энэ гэмт хэргийн улмаас 4 684 000 төгрөгийн бодит хохирол хүлээсэн. Мөн бид бусдын гэм буруугийн улмаас хүүгээ алдаж сэтгэл санааны гүнзгий хямралд өртөж байгаа тул санаа сэтгэлийн хохиролд 100 000 000 /нэг зуу сая/ төгрөг нэхэмжилж байна.
Иймд гэмт хэргийн улмаас учирсан эд материалын болон эдийн бус сэтгэл санааны хохирол 100 684 000 /нэг зуун сая зургаан зуун наян дөрвөн мянга/ төгрөг мөн цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 18, 19 дүгээр зүйлүүдэд заасны дагуу нэг удаагийн тэтгэмжийн мөнгийг хүүгийн ажиллаж байсан байгууллага болох Үенч сум дахь хилийн цэргийн 0130 дугаар ангийн санхүүгээс, байцаан шийтгэх ажиллагааны зардал 120 000 /нэг зуун хорин мянга/ төгрөгийг төрийн сангаас тус тус шүүхийн журмаар гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:
Солдатханы Ахжархын нь хилийн харуулд үүрэг гүйцэтгэж байхдаа өөрийн амиа егүүтгэсэн. Тус хэргийг шалгаж тогтоохоор ажлын хэсэг томилогдон цогцост үзлэг хийж, мөн хамт алба хааж байсан цэргүүдээс тайлбар авч, мөн холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авч хэрэг гарсан шалтгаан нөхцлийг тогтоосон.
Талийгаач дэд түрүүч С.Ахжархын амиа егүүтгэсэн байдал нь бусдын ямар нэгэн дарамт шахалт, зүй бус харьцаанаас болоогүй, гадны нөлөөлөл байгаагүй нь хяналт шалгалтаар тогтоогдсон. Хилийн 0130 дугаар анги нь Солдатханы гэр бүлд 1 912 400 төгрөгийн тусламж дэмжлэг үзүүлсэн. Уг хэргийг хууль хяналтын байгууллага шалгаж үзээд Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газрын тогтоол гарч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Хилийн 0130 дугаар анги нь иргэн Солдатханы гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг төлөх үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүх 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 112/А дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д заасныг баримтлан Хилийн 0130 дугаар ангид холбогдох эд материалын болон эдийн бус сэтгэл санааны хохирол 104 684 000 төгрөг, цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 18, 19 дүгээр зүйлүүдэд заасны дагуу нэг удаагийн тэтгэмжийн мөнгө, байцаан шийтгэх ажиллагааны зардал 120 000 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэгч А.С-ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлөх 681 370 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар шүүгчийн захирамжаар чөлөөлсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 50 дугаар магадлалаар Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 112/А дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д заасныг баримтлан” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 508 дугаар зүйлийн 508.1-д заасныг баримтлан” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр нь үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурджээ.
Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
...Амьд хүнийг хариуцлагатайгаар хүлээн авч энхийн цагт, эр цэргийн арга зааж сургаад эсэн мэнд хүлээлгэж өгөх үүрэг хүлээсэн Ховд аймгийн Үенч сумын нутагт байрладаг хилийн цэргийн 0130 дугаар анги, түүний Булган сумын Байтаг дахь заставын захиргаа дарга, удирдлага нь хайнга хандаж магадгүй, элдэв байдлаар дарамтлаж эцэстээ хүүг минь үхүүлсэн нь ямар ч байсан хариуцлага хүлээх, учирсан бодит болон сэтгэл санааны хохирлыг төлж эдийн болон эдийн бус гэм хорыг арилгах үндэслэлтэй гэж үзэж байна. Энэ үүргийг хилийн цэргийн 0130 дугаар ангийн удирдлага хүлээх ёстой.
Хүү маань амиа хорлох хүн биш. Сургуульд сурч байхдаа сайн дураар цэргийн албанд явсан байдаг. Олон аавын хүүхдүүдийн адил эр цэргийн албыг ямар ч хэцүү байлаа ч тэсч дийлнэ гэж урам зоригтой сайхан сэтгэлтэй явсан. Гэтэл “амиа хорлосон” гэж дарга нар нь тайлбарласан хэдий ч амиа хорлохоос өөр аргагүй байдалд хүргэсэн тус заставын удирдлага болон бусад алба хаагчдын хууль бус үйлдэл, нууцлагдмал хүчин зүйл хүүгийн минь үхэлд нөлөөлсөн, байж тараа. “Аавын хүүг алба хаалгана асарч хамгаална эрдэм сургаж, эрүүл чийрэг болгоно” гэж хүлээж авсан тус хилийн цэргийн анги, застав нь хариуцлага үүрэх ёстой, учирсан хохирлыг болон нэхэмжилсэн эдийн болон эдийн бус хохирлыг төлөх ёстой бөгөөд энэ тухай хуульд заасан заалтыг анхан болон давж заалдах шатны шүүхүүд баримтлан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлээгүй, хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр болон магадлал бодит үндэслэлтэй болж чадаагүй.
Иймд талийгаач С.Ахжархыны ар гэр болон эцэг эх, эгч дүүст түүний нас барсаны улмаас учирсан бодит хохирол 4 684 000 төгрөг, сэтгэл санаанд учирсан 100 000 000 төгрөг болох эдийн ба эдийн бус хохирол бүгд 104 684 000 төгрөгийг хилийн цэргийн 0130 дугаар ангийн санхүүгээс гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж, Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 112/А дугаартай шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн 50 дугаартай магадлалыг тус тус хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал үндэслэл бүхий болжээ. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийг хэрэглэвэл зохих хуулийн зүйл заалтыг баримтлаагүй гэж шийдвэрт өөрчлөлт оруулсан нь зөв боловч Иргэний хуулийн хэрэглэх ёсгүй зохицуулалт баримталсныг залруулаагүй нь алдаатай болжээ. Давж заалдах шатны шүүхийн магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.
Нэхэмжлэгч А.С- нь хариуцагч Хилийн 0130 дугаар ангид холбогдуулан эдийн болон эдийн бус гэм хор арилгуулахаар 104 684 000 төгрөгийн шаардлага бүхий нэхэмжлэл шүүхэд гаргажээ. Хариуцагч Хилийн 0130 дугаар анги шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэлийг татгалзсан байна.
Нэхэмжлэгч А.С-ы хүү С.Ахжархын нь Хилийн 0130 дугаар ангийн 4 дүгээр заставын Улиаст байнгын хилийн харуулд үүрэг гүйцэтгэж байхдаа 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр өөрийгөө боомилсон байдалтай нас барсан байна. Дэд түрүүч С.Ахжархыны амиа егүүтгэсэн үйл явдалд Хилийн цэргийн 0130 дугаар ангийн албан хаагчдын гэм буруутай үйлдэл, эх үйлдэхүй тогтоогдоогүй, тэдгээрийн гэм бурууг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Шүүх Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, энэ хуулийн дагуу талийгаачийн ар гэрт нэг удаагийн тэтгэмж олгох үндэслэл тогтоогдоогүй гэж үзсэн байна.
Харин анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д заасан зохицуулалтыг тухайн маргаанд баримталсан нь үндэслэл муутай болжээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, энэхүү зохицуулалт нь гэм хор учруулсан этгээдээс уг гэм хорыг арилгах үүргийг тодорхойлжээ.
Шүүх Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2.-т заасныг баримтлан хэргийг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д заасныг давхар баримтлах боломжгүй юм. Учир нь хуулийн 498 дугаар зүйлийн 498.2.-т заасан “хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэх зохицуулалт нь гэм хор учрахад гэм буруугүй, уг гэм хорыг учруулаагүй этгээдийн хариуцлагыг тодорхойлж байгаа тул гэм хор учруулсан этгээдийн үүргийн зохицуулалттай давхар хэрэглэдэггүй болно.
Давж заалдах шатны шүүхийн магадлалд дээрх үндэслэлээр хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, харин анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгуулахаар хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 50 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 498 дугаар зүйлийн 498.2., 508 дугаар зүйлийн 508.1.-д заасныг баримтлан” гэснийг “Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2., 508 дугаар зүйлийн 508.1.-д заасныг баримтлан” гэж өөрчилж, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2.Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.8-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ
ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН