Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 035

 

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн оршин суугч Х нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох;

Нэхэмжлэлийн шаардлага: “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “Хыг ажлаас халах тухай” Б/108 дугаартайгаар гарсан хоёр захирамжийг тус тус хүчингүй болгох, Хыг тус аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх, энэ талаар даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч аймгийн Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Тасхын, хариуцагч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.Нургайып, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабек нар оролцов.

                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчээс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлийн талаарх тайлбарт:

Баян-Өлгий аймгийн Засаг дарга намайг төсвийн мөнгийг зүй бусаар зарцуулсан, Төсвийн тухай хуулийг зөрчиж илүү орон тоогоор хүн авч ажиллуулсан, төсвийн ил тод байдлыг хангах зарчмыг алдагдуулсан, бүртгэлийн хяналтгүйгээр байгууллагын төсөвт орох ёстой их хэмжээний мөнгийг оруулаагүй зэргээр Төсвийн тухай хуулийн 6.3.4 дэх заалтыг зөрчсөн, 2016 оны үр дүнгийн гэрээг “хангалтгүй” биелүүлсэн хэмээн үзэж, Төрийн албаны тухай хуулийн 23.1.1, 26.1.3 дахь заалтууд, Төсвийн тухай хуулийн 6.3.4, 16 дугаар зүйлийн 16.5.1, 16.5.2, 16.5.6 дахь заалтууд, 70.3 дахь хэсгүүдийг тус тус үндэслэн аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын албан тушаалаас халах шийдвэр гаргасан.

Төсвийн мөнгийг төсвөөс  гадуур зарцуулсан гэдгийг аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албанаас 2016 оны 11 дүгээр сард шалгалт хийснийг үндэслэсэн ба тухайн үед шалгалт хийж энэ талаар манайд зөвлөмжийг гардуулсан. Уг зөвлөмжийн дагуу бид илэрсэн зөрчлийг арилгасан, дараа нь 2016 оны  санхүүгийн тайланд аудит хийхэд “зөрчилгүй” гэсэн санал, дүгнэлт гарсан. Төсвийн тухай хуулийг зөрчиж илүү орон тоонд хүн авч ажиллуулсан гэх маргааны хувьд 2016 оны төсөвт 18 хүний цалин хөлс хуваарилагдсан боловч бид тухайн жилийн төсвийн тодотголоор халаалтын зардлаас зохих журмын дагуу цалингийн зардалд зарцуулж, 3 хүнийг цалинжуулсан. Аймгийн Засаг даргын захирамжаар манай байгууллагын орон тоог албан ёсоор 21 болгож баталсан байгаа. Мөн төсвийн ил тод  байдлыг хангасан байх зарчмыг алдагдуулсан, бүртгэлийн хяналтгүйгээр байгууллагын төсөвт орох ёстой их хэмжээний мөнгийг төсөвт оруулаагүй гэж үзсэн. Төсвийн ил тод байдлыг хангасан байх зарчмыг би зөрчөөгүй, төсвийн мөнгийг зүй бусаар зарцуулсан гэж үзсэн мөнгө, түүний зарцуулалтыг  тухайн жилийн эцэст санхүүгийн тайланд тусгаж өгсөн .

Байгууллагад оруулах ёстой их хэмжээний мөнгийг оруулаагүй алдагдуулсан гэх асуудлын хувьд манай байгууллагын үндсэн үүрэг нь орлого олох тухай биш юм, үндсэн үүрэг нь спортын үйл ажиллагааг сайжруулах, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тийм учраас хариуцагчийн энэ талаарх тайлбар үндэслэлгүй байна. Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.4 дэх заалт, мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.3 дахь хэсгийг зөрчсөн гэж намайг буруутгаж байгаа. Гэхдээ эдгээр асуудал нь хууль зүйн үндэслэлгүй учраас хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Аймгийн Засаг дарга Б/108 дугаартай захирамжид Төсвийн тухай 16 дугаар зүйлийн 16.5.1, 16.5.2, 16.5.6 дахь заалтуудыг баримталсан, эдгээр нь  төсвийн шууд захирагчийн бүрэн эрхийг тодорхойлсон заалтууд, тус заалтуудыг зөрчсөн гэх  үндэслэлээ захирамждаа тайлбарлаагүй, хуулийн 70.3 дахь хэсэгт заасан сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлд 16 дугаар зүйлийн 16.5.1, 16.5.2, 16.5.6-д заасныг зөрчсөн үндэслэл хамаарахгүй юм.

Мөн 2016 оны үр дүнгийн гэрээг хангалтгүй биелүүлсэн гэж байна. Үр дүнгийн гэрээг Засаг дарга дүгнээгүй, миний бие аймгийн Засаг даргын дэргэдэх зөвлөлийн хуралд оролцож байгууллагын үйл ажиллагааны тайланг  хамгаалсан ба энэ нь үр дүнгийн гэрээг дүгнэсэн асуудал биш гэж үзэж байна. Тухайн үед би үр дүнгийн гэрээг хэзээ дүгнэх вэ гэж удирдлагаас асуухад таны үйл ажиллагааны үр дүнг бид тайлан хамгаалах үеэр дүгнэсэн гэж хэлсэн. Хариуцагч нь маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэл болгож Төрийн албаны тухай хуулийн 23.1.1 дэх заалтыг үндэслэл болгосон байна. Хуулийн тус заалтад төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаал бууруулах талаар заасан байгаа. Маргаан бүхий захиргааны актаар намайг албан тушаал бууруулж шийдвэрлээгүй учир хариуцагч хуулийн тус заалтыг захиргааны актын үндэслэл болгосон нь хууль бус юм.

Иймд  Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “Хыг ажлаас халах тухай" Б/108 дугаартайгаар гарсан хоёр захирамжийг тус тус хүчингүй болгож, намайг  аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр төлүүлж, даатгалын дэвтэрт энэ талаар бичилт хийхийг даалгах шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна гэв.

            Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбарт:

            2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/623 тоот захирамжаар аймгийн Биеийн тамир, спортын газрын санхүү болон бусад үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн. Уг шалгалтын дүнг аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн ба шалгалтын дүнгээр Хтай холбоотой хэд хэдэн зөрчил илэрсэн.

            Аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Х нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.5, 6.5.2, 6.5.3, 6.5.4 дэх заалт, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1, 16.5.2, 16.5.6 дахь заалтуудыг зөрчиж төсвийн мөнгийг төсвөөс гадуур зүй бусаар зарцуулсан, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 дахь заалтыг зөрчиж илүү орон тоогоор хүн авч ажиллуулсан, төсвийн их хэмжээний мөнгийг дансанд оруулалгүй зарцуулсан. Мөн Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.4 дэх заалт, 70 дугаар зүйлийн 70.3 дахь хэсгийг зөрчсөн нь Санхүүгийн хяналт, аудитын албаны шалгалтаар нотлогдсон.

            Биеийн тамир, спортын газар нь 2015-2016 онд 6 060 000 төгрөгийн түрээсийн орлого олсон ба үүнийг төсвөөс гадуур зарцуулсан, 2014-2016 онуудад давхардсан тоогоор 26 байгууллагад байгууллагын биеийн тамирын заалыг түрээсийн гэрээгээр ашиглуулж 11 140 000 төгрөг оруулах ёстой байснаас 4 561 279 төгрөг оруулаад орох ёстой мөнгийг алдагдуулан байгууллагын удирдлагын хувьд үйл ажиллагаанд хяналт тавиагүй зөрчил гаргасан болох нь хяналт, шалгалтын үр дүнгээр тогтоогдсон байгаа.

            Үр дүнгийн гэрээтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагын хувьд Х нь аймгийн Засаг даргын өмнө үүрэг хүлээж, төсвийн ерөнхийлөн захирагчтай гэрээ байгуулан ажиллаж байгаа нь хуульд заасан хугацаанд жилийн ажлын тайланг Засаг даргын зөвлөлд тайлагнаж, ажлыг хугацаандаа дүгнүүлэх ёстой. Энэ талаар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр баталсан аймгийн төсөвт байгууллагуудын 2016 оны жилийн ажлын тайлан авах хуваарийн дагуу урьдчилан мэдэгдсэн ба уг хуваарийн дагуу 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын зааланд Засаг даргын зөвлөлийн гишүүд бүрэлдэхүүнээрээ сууж Биеийн тамир, спортын газрын дарга Хын тайланг сонссоны дараа зөвлөлийн гишүүд тайлантай холбоотой асуулт асууж, хариулт авч, тайланг дүгнэж, “хангалтгүй” гэж үнэлгээ өгсөн. Х нь тухайн үед тайлангаа хамт олноороо ирж, аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргасан хуваарьт өдөр Засаг даргын зөвлөлийн гишүүдэд тайлагнасан ба үр дүнгийн гэрээний биелэлтийг илтгэх хуудсаар албан ёсоор бичмэл хэлбэрээр аймгийн Засаг даргад ирүүлээгүй юм.

            Х нь Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын 2 дугаар зүйлийн 2.1-д зааснаар төсвийн шууд захирагч нь гэрээнд заасан хугацаанд төсвийн ерөнхийлөн захирагчид тухайн оны гэрээний биелэлтийг тайлагнаж, дараа оны гэрээний төслийг чанартай боловсруулж, урьдчилан хүргүүлэх үүрэгтэй, 2.2-т зааснаар төсвийн ерөнхийлөн захирагч нь тухайн оны гэрээний биелэлтийн тайлан болон дараа оны гэрээний төслөө хугацаандаа ирүүлээгүй төсвийн шууд захирагчид шаардлага тавьж, хэрэгжилтийг хангуулах эрхтэй, 2.3-т зааснаар төсвийн ерөнхийлөн захирагч нь Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу төсвийн жил эхлэхээс өмнө гэрээнд заасан хугацаанд төсвийн шууд захирагчийн тухайн оны гэрээний биелэлтийг дүгнэж, дараа оны гэрээ байгуулах үүрэгтэй, 2.4-д зааснаар  төсвийн шууд захирагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тухайн гэрээний биелэлтийн тайлан болон дараа оны гэрээний төслөө төсвийн ерөнхийлөн захирагчид ирүүлээгүй нь холбогдох хууль тогтоомжид заасны дагуу түүнд хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.

            “Хүндэтгэн үзэх шалтгаан” гэдэгт хүнд өвчтэй байх, өвчтөн асарсан, албан томилолтоор гадаад, дотоодод ажиллаж байгаа, сургалтад хамрагдсан, ээлжийн амралттай байх, гарцаагүй болон давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр  тухайн үүргийг гүйцэтгэх боломжгүй байхыг ойлгоно гэж тус тус заасан ба Х нь энэ заалтуудыг зөрчиж, аймгийн Засаг даргад илтгэх хуудас болон үр дүнгийн гэрээний төслөө албан тоотоор хандаж ирүүлээгүй байна.

            Тухайн үед Хт ажлыг дүгнүүлэх талаар урьдчилан мэдэгдсэн нь байгууллагын  ажлын тайлан, үр дүнгийн гэрээ дүгнүүлэх илтгэх хуудас, бусад баримт бичиг, тайлбаруудыг гаргаж, өөрийн эрх ашгийг бүрэн хамгаалах боломжтой байсан. Мөн тогтоолын 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалтад гэрээний биелэлтийг дүгнэж, үнэлгээ өгөхдөө төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчтай ярилцлага хийнэ гэж заасны дагуу ярилцлага хийж үнэлэлт дүгнэлт өгч хариуцлага тооцох журамтай юм.

            Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшинг эрх бүхий байгууллагаас тогтоосон хугацаанд зохих журмын дагуу үнэлж, дүгнэнэ, 19.2 дахь хэсэгт төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшингийн үнэлгээг үндэслэн албан тушаал дэвшүүлэх, зохих шатны сургалтад хамруулах, цол зэрэг дэв олгох, цалин хөлсийг өөрчлөх, шагнаж урамшуулах, албан тушаал бууруулах асуудлыг шийдвэрлэнэ. Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн бол төрийн албанаас хална гэж заасан ба Х нь хэд хэдэн хууль тогтоомжуудыг  зөрчсөн зөрчлүүд гаргасан тул Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь заалт Төсвийн тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэл болгож ажлаас нь халах шийдвэр гаргасан болно.

            Нэхэмжлэгч талаас аймгийн Засаг даргын хоёр захирамжийг хүчингүй болгуулахаар шаардлага гаргаж байгаа бөгөөд аймгийн Засаг даргаас Хт холбоотой 2 захирамж гараагүй, 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 108 дугаартай захирамжид Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх заалтыг 70.3 болгож техникийн алдаа гаргасан тул уг захирамжид өөрчлөлт оруулаад, тодруулгын хамт шүүхэд дахин хүргүүлсэн байгаа.

Мөн Х нь хоёр жил дараалан аймгийн Аудитын газраас “хязгаарлалттай санал дүгнэлт” авч байсан. Эдгээр үндэслэлүүдээр түүнд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхийг хүсье гэв.

Гуравдагч этгээдээс шүүхэд гаргасан тайлбарт:

            Төрийн албан хаагч түүний дотор төрийн жинхэнэ албан хаагч  хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхийг хуулиар зохицуулсан.

            Хууль бус, шударга бус явдалтай эвлэршгүй байх ёстой. Гэтэл төрийн албан хаагч Х нь төрөөс хэрэгжүүлж байгаа аливаа үйл ажиллагааг зөрчиж, болзошгүй өр үүсгэж, төсвийг зохистой удирдаж чадахгүй өр төлбөр үүсгэсэн.

            Тухайлбал 2013, 2014, 2015, 2016 онуудад оны эцэст байгууллагын дансанд үлдсэн төсвийн мөнгийг төрийн санд төвлөрүүлэхгүйгээр  төсөв зарцуулалтад шударга бус хандаж, тооцоогүй газарт мөнгө шилжүүлсэн. Төсвийн тухай хуулийг зөрчиж илүү орон тоогоор хүн авч ажиллуулсан. Төсөвт орох ёстой мөнгийг зүй ёсоор оруулаагүй, төрийн албан хаагч аливаа хууль тогтоомжийг зөрчсөн л бол Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн албанд эргээд орох эрхгүй, халагдах нь зүйн хэрэг.

            Тухайлбал Х нь огт тооцоогүй мөртлөө 2013 оны жилийн эцэст илүү гарсан 3 275 000 төгрөгийг “СУАТ” ХХК-ийн дансанд шилжүүлсэн зөрчилд 2016 оны эцэст улсын байцаагч Х.Хайратхан шалгаж акт тогтоосон.

            Х нь аймгийн Биеийн тамир, спортын газрын даргаар ажиллаж байх хугацаанд 2013, 2014, 2015, 2016 онуудад санхүүгийн тайлан зөрчилтэй, хязгаарлалттай гарсан байна. Х нь Төрийн албаны тухай хуулийн 28.4-д заасан заалтыг зөрчиж спортын мастерийн нэмэгдлийн 15 хувийг зэрэг дэвийн нэмэгдлийн хамт давхардуулан авч байсан байна. Энэ зөрчил нь Хын авч байсан цалингийн хүснэгтээр нотлогдож байна. Ийм зөрчил гаргасан төрийн захиргааны албан хаагч төрийн албыг хаших нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна гэжээ.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Нэхэмжлэгч Х нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “Хыг ажлаас халах тухай" Б/108 дугаартай захирамжуудыг хүчингүй болгуулах, Хыг аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр төлүүлж, даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс сүүлд зөвтгөн хүргүүлсэн аймгийн Засаг даргын Б/108 дугаартай захирамж нь хуулийн хүчин төгөлдөр учраас уг захирамжийн хүрээнд маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэсэн асуудлыг хөндөж байгаа. Гэхдээ бид аймгийн Засаг даргын дээрх хоёр захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан юм. Учир нь, хэрэв шүүхээс аймгийн Засаг даргын сүүлд гаргасан Б/108 тоот захирамжийг хүчингүй болгосон тохиолдолд өмнөх захирамжийн үйлчлэл нь хэвээр үлдэх үндэслэл үүсэх юм.

 Нэхэмжлэгчийг ажлаас халах тухай захирамжид Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д заасныг баримталсан, хариуцагч тал нэхэмжлэгчийг ажлаас халсан шалтгааныг тайлбарлахдаа 2016 оны үр дүнгийн гэрээгээ хангалтгүй биелүүлсэн тул Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх хэсэгт заасныг захирамжид баримталсан гэжээ. Гэтэл төрийн жинхэнэ албан хаагч ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн тохиолдолд ажил олгогч шийдвэр гаргаж, албан тушаалыг бууруулахаар зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх хэсгийг захирамждаа баримталсан нь хууль бус гэж үзнэ.

Мөн нэхэмжлэгчийн үр дүнгийн гэрээг Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 134 дүгээр тогтоолоор батлагдсан үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх журмын дагуу дүгнэхгүйгээр үр дүнгийн гэрээг хангалтгүй биелүүлсэн гэдэг  нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч Хыг ажлаас халсан гол үндэслэлийг хариуцагч тал Төсвийн тухай хуулийг зөрчсөн учраас түүнийг ажлаас халсан гэж тайлбарлаж байгаа.

Харин нэхэмжлэгч Төсвийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл нь Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагч Х.Хайратханы гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хэд хэдэн удаа тайлбарласан. Гэхдээ нэхэмжлэгч Х нь улсын байцаагчийн актад дурдсан зөрчлүүдийг гаргаагүй гэдгийг хууль болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн дараах байдлаар нэг бүрчлэн тайлбарлая.

Нэгдүгээрт, Х нь 6 060 000 төгрөгийг төсвөөс гадуур зарцуулж, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.4 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэж, Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7-д заасан зохицуулалттай уялдуулан тайлбарласан. Төсвөөс гадуур төсвийн мөнгийг зарцуулсан гэдгийг хувьдаа завшсан гэж үзэж болохгүй.

Нөгөөтээгүүр, байгууллагын биеийн тамирын заалыг түрээсийн гэрээгээр ашиглуулж 11.140.000 төгрөгийн орлого оруулах ёстойгоос 4.561.279 төгрөг оруулсан гэж байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд ярихад, улсын ахлах байцаагч Х.Хайратхан нь аймгийн Засаг даргын зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар Хын гаргасан гэх зөрчлүүдийг нэг бүрчлэн танилцуулахдаа  “Биеийн тамир, спортын газрын үйл ажиллагаа нь хэвийн байдлаар явагдаж байгаа” гэж танилцуулсан байдаг. Дээрээс нь уг зөрчлүүдийг зөвлөмж хэлбэрээр танилцуулж байна гэж тодорхой хэлсэн байгаа. Тэгэхээр зөрчил гэж танилцуулга хийсэн боловч  “СУАТ” ХХК-тай холбоотой зөрчилд акт тогтоосон мэтээр албан ёсоор акт гаргаагүй юм.

Хоёрдугаарт, аймгийн Биеийн тамир, спортын газрын нягтлан бодогчоор ажиллаж байгаа К.Гүлнур нь “түрээсийн  орлогыг байгууллагын үйл ажиллагаанд зарцуулсан” гэж гэрчийн мэдүүлэгтээ тодорхой хэлсэн. Бэлнээр орж ирсэн мөнгийг төрийн санд төвлөрүүлэх үүрэг нь тухайн байгууллагын нягтлан бодогч хэрэгжүүлэх  учраас энэ нь төсвийн шууд захирагчид холбоогүй гэдгийг хэлье.

Түүнчлэн аймгийн Засаг даргаар ажиллаж байсан гэрч  Х.Дармений мэдүүлэгт “Х нь төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан, хувьдаа ашигласан зөрчил гаргаагүй” гэж хэлсэн байдаг. “Ер нь ноцтой биш залруулах боломжтой зөрчлүүд нь төсвийн захирагчид хамааралгүй” гэх гэрч аймгийн Аудитын газрын дарга М.Хуанганы мэдүүлэгтэй адилхан тайлбар өгсөн байгаа.

Усны төлбөрт 3 275 000 төгрөгийг илүү шилжүүлсэн гэх асуудлын талаар  “СУАТ” ХХК-ийн захирал  Ж.Адалбекийн гэрчийн мэдүүлэгт “2013 онд аймгийн Биеийн тамир, спортын газар 3 275 000 төгрөгийн өртэй байсныг манай байгууллагын нэхэмжлэлийн дагуу шилжүүлсэн, энэ нь байгууллагаас үзүүлсэн цэвэр усаар хангах үйлчилгээний хөлсний төлбөр тул буцаахгүй” гэсэн байна. Энэ асуудлын талаар төрийн сангийн мэргэжилтэн гэрч Т.Назым нь “... тус гүйлгээг төрийн сангаар дамжуулан хийсэн, ингэхдээ аймгийн Биеийн тамир, спортын газраас төлбөрийн хүсэлт ирүүлсэн ба  “СУАТ” ХХК-ийн нэхэмжлэл болон нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтуудыг үндэслэн гүйлгээ хийсэн” гэсэн.

Төрийн сангийн мэргэжилтэн аливаа мөнгөн гүйлгээг хийхдээ Төсвийн тухай хууль болон бусад салбар хуулиудыг баримтлан ажилладаг. Харин төрийн сангийн мэргэжилтэн нь тухайн үед нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтуудыг харгалзан үзээд  хуульд нийцэж байгаа, шилжүүлэх ёстой мөнгөн төлбөр байна гэдэг байдлаар зөвшөөрлийг нь өгч шилжүүлсэн.

Аймгийн Засаг дарга 2016 оны А/03 дугаар захирамжаар Биеийн тамир, спортын газрын бүтэц, орон тоог баталж өгсөн. Аймгийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлж ажиллахдаа ямар нэгэн цалингийн хэтрэлт гараагүй, цалингийн сан нь хүрэлцээтэй байсан,халаалтын зардал нь тухайн үед хэмнэлттэй байсан учраас хуульд заасны дагуу төрийн сангаас зөвшөөрөл авч, уг хэмнэлтээс шилжүүлэн цалингийн зардалд зарцуулсан нь нотлогдсон. Дараа нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 06 дугаар  сарын 06-ны өдрийн 71 тоот тогтоолоор төсвийн тодотгол хийсэн. Гэтэл эрх бүхий байгууллага болох аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас төсвийг баталсан, төрийн сангаас зөвшөөрлийг олгосон байхад, улсын байцаагч Х.Хайратхан нь зөрчил гэж үзсэн нь эрх бүхий байгууллагын эрхэнд халдсан үйлдэл байна гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчлийг  2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр илрүүлсэн бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт “... сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй ...” гэж заасан боловч Хыг 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ажлаас халж захирамж гаргаснаар аймгийн Засаг дарга Төрийн албаны тухай хуулийг ноцтой зөрчсөн. Иймд нэхэмжлэгч Хын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

            Хариуцагч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Нэхэмжлэгчийн зүгээс аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/108 дугаартай хоёр захирамжийг давхар хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан учраас уг захирамжуудын хууль зүйн үндэслэлийг тайлбарлах нь зүйтэй гэж бодож байна. Аймгийн Засаг даргын анхны гаргасан захирамжид өөрчлөлт оруулсан боловч анхны  захирамж хүчин төгөлдөр байгаа. Нэхэмжлэгчид Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-д зааснаар хариуцлага хүлээлгэсэн нь хуульд нийцсэн, нэхэмжлэгч Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн нь тогтоогдсон тул Төрийн албаны тухай хуулийг давхар баримталсан байгаа. Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 16.5.1, 16.5.2, 16.5.6 дахь хэсэг болон 6 дугаар зүйлийн 6.3.4-т заасныг зөрчсөн учраас Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-д зааснаар төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан, ингэснээр 10 жилийн хугацаанд төрийн албанд эргэж орох эрхгүйгээр халсан гэж ойлгож болно. Нэхэмжлэгч Х нь Төсвийн тухай хуулийг зөрчсөн нь хяналт, шалгалтаар тогтоогдсон учраас улсын байцаагчийн акт тавьсан, энэ талаар эрх нь зөрчигдөж болзошгүй этгээдэд тухайн бүрд нь танилцуулж байсан.

Нэхэмжлэгч талаас хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлэн арга хэмжээ авсан гэж маргаж байгаа боловч маргаан бүхий захиргааны актад Төрийн албаны тухай хуулийг баримталснаас гадна Төсвийн тухай хуулийг давхар баримталсан. Төсвийн тухай хуульд хөөн хэлэлцэх хугацааны талаар тусгайлсан зохицуулалт байхгүй, зөвхөн Төсвийн тухай хуульд заасан этгээдэд хатуу хариуцлага тооцох талаар зохицуулсан болохыг анхаарч үзэх нь зүйтэй байна. Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3 дахь хэсгийг тухайн үед баримталж байсан асуудлын хувьд уг хуулийн 70.3-д заасныг хүчингүй болгосон хэсгийг Зөрчлийн тухай хуулийг дагаж мөрдөх хугацаатай уялдуулж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоосон байсан. Иймд аймгийн Засаг дарга захирамждаа Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-д заасныг баримталсныг буруутгаж уг захирамжийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна. Дараагийн захирамж буюу Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан гарсан захирамжийн хувьд мөн хуульд нийцэж гарсан хүчин төгөлдөр акт гэж үзэж байна. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд заасныг баримтлан ажилтнаас арга хэмжээ авахын тулд тухайн ажилтан нь Төрийн албаны тухай хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн байх ёстой. Нэхэмжлэгч Х нь 2016 оны 05 дугаар сард сануулах арга хэмжээ авагдсан байсан. Нэгэнт сануулах арга хэмжээ авагдсан ба сахилгын шийтгэл авагдсанаас хойш нэг жилийн дотор сахилгын шийтгэл авагдаагүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцох ёстой байсан. Гэтэл Х нь нэг жил болоогүй байхад дахин зөрчил гаргаж арга хэмжээ авагдсан учраас түүнд ажлаас халах шийтгэл ногдуулсан нь хуульд нийцсэн. Нэхэмжлэгч Х нь төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.11 дэх хэсэгт зааснаар хууль тогтоомжид заасан бусад үүргийг зөрчсөн гэж үзэж байна. Энэ нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-д батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох гэж заасныг биелүүлээгүй учраас Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.11-т заасныг зөрчсөн гэж үзээд мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т зааснаар арга хэмжээ авсан.

Аймгийн Биеийн тамир, спортын газрын бүтэц, орон тоог 18 хүнээр баталсан боловч 21 хүн ажиллуулж зөрчил гаргасныг аймгийн Санхүүгийн хяналт, шалгалтын байцаагч тогтоож, акт тавьсан ба уг актыг 2016 оны 11 дүгээр сард нэхэмжлэгчид танилцуулсан мөртлөө 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл зөрчлийг арилгаагүй.

Гэтэл Х нь ажлаас халагдах хүртэл цалингийн санг хэтрүүлэн 21 хүн ажиллуулж ирсэн байгаа. Нэхэмжлэгч Төсвийн тухай хуулийг зөрчсөн нь төрийн албан хаагчийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.11 дэх заасантай нийцсэн учраас энэхүү зөрчилд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэдгийг хэлмээр байна. Мөн нэхэмжлэгч Хын Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.4 дэх хэсэгт заасныг зөрчсөнийг илрүүлж акт тогтоосон байгаа. Миний бие өмгөөлөгчийн хувьд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлсэн тайлбарт залруулга хийх эрхтэй бөгөөд хариуцагчийн төлөөлөгчийн Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-д заасныг баримталж техникийн алдаа гаргасан гэх тайлбарыг дээрх байдлаар залруулж байна.

 Нэхэмжлэгч Х нь өмнө зөрчил гаргаж байсан ба уг зөрчилд сахилгын шийтгэл тооцсон. Гэтэл сахилгын шийтгэлтэй байгаа хугацаанд дахин зөрчил гаргасан явдал төрийн албанаас халагдах үндэслэл болсон юм. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн санал гаргаж байна гэв.

                                                               ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг  дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Х нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 238 дугаартай захирамжаар аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын албан тушаалд түр томилогдон ажиллаж байгаад Төрийн албаны зөвлөлийн тус аймаг дахь салбар зөвлөлөөс[1] зохион байгуулсан Биеийн тамир, спортын газрын даргын буюу төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтанд томилогдох ажилтныг сонгох шалгаруулалтад оролцож тэнцсэнээр  түүнийг салбар зөвлөлийн 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 25 дугаартай тогтоолоор тухайн албан тушаалд томилуулахаар нэрийг нь дэвшүүлжээ. Үүний дагуу аймгийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/174 дугаартай захирамжаар Х нь  аймгийн Биеийн тамир, спортын газрын даргаар томилогдон ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагч байна.

Баян-Өлгий аймгийн Засаг даргаас Биеийн тамир, спортын газрын дарга Хыг ...төсвийн мөнгийг төсвөөс гадуур зүй бусаар зарцуулсан, Төсвийн тухай хуулийг зөрчиж илүү орон тоогоор хүн авч ажиллуулсан, төсвийн ил тод байдлыг хангах зарчмыг алдагдуулсан, бүртгэлийн хяналтгүйгээр байгууллагын төсөвт орох ёстой их хэмжээний мөнгийг оруулаагүй зэргээр Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.4, 70 дугаар зүйлийн 70.3-т заасныг зөрчсөн нь Санхүүгийн хяналт, аудитын албаны шалгалтаар нотлогдсон, мөн 2016 оны үр дүнгийн гэрээг хангалтгүй биелүүлсэн гэж үзэж, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар 23.1.1, 26 дугаар зүйлийн 26.1.3, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.4, 16 дугаар зүйлийн 16.5.1,16.5.2, 16.5.6, 70 дугаар зүйлийн 70.3-д заасныг тус тус баримтлан 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Б/108 дугаартай захирамжаар ажлаас нь халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/108 дугаартай захирамжийг дахин гаргаж, анхны захирамжид баримталсан  Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх заалтыг хасаж,15 дугаар зүйлийн 15.1.7 дахь  заалтыг шинээр нэмж, Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3 дахь хэсгийг баримталсныг 70.1 дэх заалт болгосон зэргээр өөрчилжээ.

Маргаан бүхий захиргааны актуудын талаарх үндэслэлээ хариуцагчаас “...Төсвийн тухай хуулийг зөрчсөн нь Санхүүгийн, хяналт албаны шалгалтаар тогтоогдсон, төсвийн ерөнхийлөн захирагчтай гэрээ байгуулан ажиллаж байгаагийн хувьд хуульд заасан хугацаанд жилийн ажлын тайланг Засаг даргын зөвлөлийн хуралд тайлагнаж, ажлаа дүгнүүлэх ёстой. Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр баталсан аймгийн төсөвт байгууллагуудын 2016 оны жилийн ажлын тайлан авах хуваарийг урьдчилан мэдэгдсэн ба хуваарийн дагуу 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Биеийн тамир, спортын газрын даргын тайланг сонссоны дараа зөвлөлийн гишүүд тайлантай холбоотой асуулт асууж, хариулт авч, тайланг дүгнэж, “хангалтгүй” гэж үнэлгээ өгсөн, үр дүнгийн гэрээний биелэлтийг илтгэх хуудсаар ирүүлээгүй, хоёр жил дараалан аймгийн Аудитын газраас “хязгаарлалттай санал дүгнэлт” авч байсан. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасны дагуу Хыг ажлаас халсан 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/108 дугаар захирамжийн үндэслэх хэсэгт өөрчлөлт оруулж дахин хүргүүлж байна. Захирамжид үндэслэл болгосон Төсвийн тухай хуулийн 70.3 дахь хэсэг гэдгийг 70.1 дэх хэсэг гэж ойлгож болно. Техникийн алдаанаас болж буруу бичигдсэн байна”  гэж тайлбарлажээ[2].

Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/623 дугаартай захирамжаар, аймгийн Биеийн тамир, спортын газрын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх, шалгалт хийх ажлын хэсэг байгуулсны дагуу аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас тус байгууллагын 2013-2015, 2016 оны эхний 9 сарын санхүүгийн баримтад 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 7 хоногийн хугацаатай шалгалт хийж, илэрсэн зөрчлийн талаар “Санхүүгийн хяналт, албаны шалгалтын танилцуулга” нэртэй баримт үйлджээ. Мөн тус албаны улсын байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 18-01/59 дугаартай “Тооцоогүй шилжүүлсэн мөнгийг төлүүлэх тухай” акт гаргаж[3], “СУАТ” ХХК-д усны төлбөрт 3 275 000 төгрөгийг тооцоогүйгээр илүү шилжүүлсэн гэж үзэж, уг мөнгийг Биеийн тамир, спортын газрын төсвөөс гаргуулж, Санхүүгийн хяналт, аудитын албаны төрийн сан дахь дансанд оруулах талаар шийдвэрлэжээ. Мөн энэхүү шалгалтаар илэрсэн зөрчлийг аймгийн Засаг даргын зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хуралд танилцуулсан зэрэг үйл баримтууд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Маргаан бүхий захиргааны актын Төсвийн тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэлийн талаар:

Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар  өөрчлөн найруулснаар 70 дугаар зүйлийн 70.1-д энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэж зааж,  Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай уг хуулийн 2 дугаар зүйлд энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж заажээ.

Зөрчлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/  2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр батлагдаж,  хуулийн  17.1 дүгээр зүйлийн 1-д  энэ хуулийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр дагаж мөрдөнө гэж заасныг  2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөнө гэж өөрчилсөн.

Түүнчлэн 2015 оны Зөрчлийн тухай уг хуулийг 2017 оны 05 дугаар 11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон ба мөн өдөр Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдаж, хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д энэ хуулийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дагаж мөрдөнө гэж зааснаар  нэхэмжлэгчийг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан 2017 оны  03 дугаар сарын 03-ны өдөр Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийг өөрчлөн найруулсан 2015 оны 12 сарын 04-ний өдрийн Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөөгүй буюу сахилгын шийтгэл ногдуулах талаарх хуулийн 70 дугаар зүйлийн  70.3 дахь заалт хүчин төгөлдөр үйлчилж байсан тул хариуцагчаас 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр “Хыг ажлаас халах тухай” 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн огноотой Б/108 дугаартай захирамжийг дахин гаргахдаа Төсвийн тухай хуулийн  70 дугаар зүйлийн 70.1-д заасныг баримталсан нь үндэслэлгүй байна.

Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-т энэ хуулийн 6 дугаар зүйл, 24.4-т заасныг зөрчсөн тохиолдолд эрх бүхий албан тушаалтан төрийн албанд 10 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан байх ба маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгчийг хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.4-т заасан  төсвийн жилийн явцад шинээр бий болсон аливаа орлого, эх үүсвэр, зээл хандив тусламж, тэдгээрээр санхүүжүүлсэн үйл ажиллагааны зарлага нь төсвийн бүрэлдэхүүн байх гэж заасныг зөрчсөн буюу “төсвийн мөнгийг төсвөөс гадуур зүй бусаар зарцуулсан” гэж үзжээ.

1.Төсвийн мөнгийг төсвөөс гадуур зүй бусаар зарцуулсан гэх маргааны тухайд:

 Энэ үндэслэл нь “Санхүүгийн хяналт, аудитын албаны шалгалтын танилцуулга” нэртэй баримтад “Намуун чандмань” ХХК-иас “Экспо” зохион байгуулахад биеийн тамирын заал түрээслүүлсний төлбөрт 2016 оны 03 дугаар сарын 11-нд 2 200 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 02-06-ны өдрийн хооронд 2 000 000 төгрөг, 2015-2016 онд “Билге Тегин”, “Дарын” болон бусад сургуульд биеийн тамирын заал түрээслүүлсний төлбөрт 1 860 000 төгрөг, нийт 6 060 000 төгрөгийг төсвөөс гадуур хууль зөрчиж зарцуулсан гэж тусгагдсан байх ба энэ талаар аудитын шалгалт хийсэн гэрч аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны ахлах байцаагч Х.Хайратханаас “... тус газар нь 2015-2016 оны хооронд нийт 6 060 000 төгрөгийн түрээсийн орлого олсон байх ба Төсвийн тухай хуульд заасан журмаар төрийн сангийн дансанд уг орлогыг байршуулахгүйгээр төсвөөс гадуур зарцуулсан зөрчил илэрсэн, дээрх мөнгийг байгууллагын үйл ажиллагаанд зарцуулсан боловч хуулийн дагуу төсөвт төвлөрүүлэхгүйгээр зарцуулсныг хууль бус гэж үзэж, зөрчил гаргасанд тооцсон”  гэжээ.

Төсвийн байгууллага нь Төсвийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д зааснаар ...туслах үйл ажиллагаа явуулж, орлого олж болохоор байгаа мөн хуулийн 6.3.4-т  төсвийн жилийн явцад шинээр бий болсон аливаа орлого, эх үүсвэр, зээл хандив тусламж, тэдгээрээр санхүүжүүлсэн үйл ажиллагааны зарлага нь төсвийн бүрэлдэхүүн байна гэж, бүх шатны төсвийн захирагчийн төсвийн хэрэгжилтийн талаар хүлээх үүргийг зохицуулсан 41 дүгээр зүйлийн 41.2.1-д хуулийн дагуу улс, орон нутгийн төсөвт оруулах болон тухайн төсвийн байгууллагын өөрийн үйл ажиллагааны орлогыг бүрэн төвлөрүүлэх гэж, 41.2.2-т батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах гэж, Монгол Улсын Сангийн сайдын  2012 оны 276 дугаар тушаалаар баталсан “Төсвийн байгууллагын мөнгөн кассын ажиллагааны журам”-ын Хоёрын 2.6-д төсвийн байгууллага үндсэн болон туслах  үйл ажиллагаанаас орох орлогыг мөнгөн касстаа бэлнээр хүлээн авч энэхүү орлогыг /түүнийг шууд захиран зарцуулах эрхгүй/ ажлын дараагийн өдөрт багтаан кассын нярав Төрийн сан дахь бүртгэлийн дансанд тушаана гэж тус тус заасан.

2015-2016 онуудад аймгийн Биеийн тамир, спортын газрын туслах үйл ажиллагаанаас олсон гэх дээрх 6 060 000 төгрөгийн орлогыг  тухайн үед төрийн сангийн дансанд тушаагаагүй, бэлнээр байгууллагын үйл ажиллагаанд зарцуулсан нь улсын байцаагчийн хяналт шалгалтаар тогтоогдсон байна.

Дээрх орлогыг төрийн сангийн бүртгэлийн дансанд тушаах үүргийг холбогдох журамд заасны дагуу байгууллагын кассын нярав биелүүлээгүй нь төсвийн шууд захирагчийг буруутгах үндэслэл болохгүй ч төсвийн захирагчийн хувьд Биеийн тамир, сплртын газрын дарга Х нь  тухайн үедээ Төсвийн тухай хуулийн 41.2.1-т зааснаар байгууллагын өөрийн үйл ажиллагааны орлого болох уг 6 060 000 төгрөгийг төсөвт төвлөрүүлэх үүргээ, мөн эрх бүхий этгээдээс уг орлогыг 2015-2016 онуудад Биеийн тамир, спортын газрын зарцуулах төсөвт нэмж батлаагүй байхад мөнгөн касстаа бэлнээр хүлээж авсан орлогыг зарцуулсныг хуулийн 41.2.2-т заасан батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах үүргээ тус тус зөрчсөн, ингэснээр хуулийн 6.3.4-т заалт зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Төсвийн тухай хуулийн 6.3.4-т заасныг зөрчсөн нь Биеийн тамир, спортын газрын дарга Хт  хуулийн 70.3-т зааснаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болох ч сахилгын шийтгэл ногдуулахад баримтлах хугацааг маргаан бүхий захиргааны акт гарах үед үйлчилж байсан хуулийн 70 дугаар зүйлээр зохицуулаагүй ба төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасан хугацааг баримтална.

 Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн  26.4-т ....сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэж заасныг үндэслэхэд дээрх зөрчил нь 2015-2016 онуудад гарсан, уг зөрчлийг улсын байцаагч 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 7 хоногийн хугацаатайгаар хяналт шалгалт явуулах үед илрүүлснээр  3 сар 13 хоног, томилох эрх бүхий этгээд болох  аймгийн Засаг дарга уг зөрчлийг  2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Засаг даргын зөвлөлийн хурлын үеэр мэдсэнийг илрүүлсэн өдөрт тооцвол мөн 2 сар 26 хоног хэтэрсэн байх тул Төсвийн тухай хуулийн 70.3, Төрийн албаны тухай хуулийн 26.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчид халах сахилгын шийтгэл ногдуулсныг Төрийн албаны тухай хуулийн 26.4-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

2.Илүү орон тоогоор хүн авч ажиллуулсан гэх маргааны тухайд:

“Санхүүгийн хяналт, аудитын албаны шалгалтын танилцуулга” бүхий баримтад энэ талаар “Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 дахь заалтыг зөрчиж гэрээт-2, дасгалжуулагч-1, нийт 3 хүнийг  халаалтын зардлын хэмнэлтээс цалинжуулахаар шийдвэр гаргуулсан, 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 71 дүгээр тогтоолоор тодотгол  хийлгүүлсэн” гэж тусгагджээ. Энэ талаар гэрч санхүүгийн хяналт, улсын аудитын ахлах байцаагч Х.Хайратханаас “...орон нутгийн төсвийг зохицуулж ажиллах ёстой. Халаалтын зардлын хэмнэлтээс ажилтныг цалинжуулах ёсгүй тул үүнийг зөрчил гэж үзсэн. Батлагдсан орон тоо ёсоор 21 хүн ажиллах ёстойгоос 1 дасгалжуулагч илүү ажиллуулсан” гэж мэдүүлжээ.

Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуралдааны “Аймгийн 2016 оны төсвийг батлах тухай” 63 дугаар тогтоолоор аймгийн Биеийн тамир, спортын газрын цалингийн төсвийг 128 857 200 төгрөгөөр баталсан байх ба уг тогтоолд ажиллагсдын тоо 18 гэж тусгагджээ. Үүний дараа Төсвийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн  65.1.8-д заасан тухайн шатны төсвийн байгууллагын орон тоог төсвийн захирагч бүрээр батлах бүрэн эрхийн дагуу аймгийн Засаг дарга 2016 оны А/03 дугаартай захирамжаар Биеийн тамир, спортын газрын бүтэц, орон тоог баталж, 21 ажилтантай байхаар тогтоожээ. Хэрэгт авагдсан тус байгууллагын 2016 оны 09, 11, 12, 2017 оны 1, 2 дугаар сарын цалингийн хүснэгт бүхий баримтаас харахад тус байгууллагад нийт 21 ажилтан ажиллаж, цалин хөлс авч байсан нь тогтоогдож, 1 хүн илүү ажилласан гэх маргаан үгүйсгэгдэж байна.

Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар төсвийн захирагч нь төсвийг төлөвлөх, батлах хэрэгжүүлэх, тайлагнахад төсвийн зарчмыг мөрдлөг болгож, хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд 6.2-т зааснаар төсвийн тогтвортой байдлыг хангасан байх зарчмын хүрээнд 6.2.3-т заасны дагуу урьдчилан тооцоолох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурах, эсхүл зарлага нэмэгдсэнээр төсвийн алдагдал нэмэгдэхээр бол төсвийн зарлагыг бууруулах, эсхүл орлогын эс үүсвэрийг нэмэгдүүлэх замаар тухайн жилийн төсөвт тодотгол хийж, төсвийг тэнцвэржүүлэх  байдлыг хэрэгжүүлж ажиллахаар байна. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хуралдааны “Аймгийн 2016 оны орон нутгийн төсвийн тодотгол батлах тухай” 71 дугаартай тогтоолын холбогдох хэсгээр Биеийн тамир, спортын газрын төсвийн тодотголын төлөвлөгөөг баталж, үндсэн цалинг 131 785 200 төгрөг байхаар тогтоосноор тус байгууллагын гэрэл, цахилгаан, түлш, халаалт, цэвэр, бохир усны тогтмол зардлууд болох нийт 7 762 400 төгрөгөөс  2 480 000 төгрөгийг үндсэнд цалинд зарцуулах эрх олгосон нь аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 5-03/1833 дугаартай албан бичгээр[4] тогтоогдсон байх ба энэ нь Монгол Улсын Сангийн Сайдын 2013 оны 73 дугаар тушаалаар батлагдсан “Төсвийн захирагчийн төсөвт зарцуулалт хийх  журам”, “Төсвийн санхүүжилтийн болон зарцуулалтын эрхийн тухай журам”-ын холбогдох зохицуулалтуудтай нийцсэн байна.

Аймгийн Биеийн тамир, спортын газрын 2016 оны төсөв батлагдсаны дараа эрх бүхий этгээдээс тус байгууллагын орон тоог 21 болгож, өмнөхөөсөө 3 орон тоогоор илүү баталснаар Төсвийн тухай хуулийн 64.1.2-т заасан тухайн жилийн төсөв, түүний тодотголын төслийг хэлэлцэн батлах бүрэн эрхийг хэрэгжүүлэгч эрх бүхий байгууллага болох аймгийн Хурлаас дээрх байдлаар Биеийн тамир, спортын газрын тодотгосон төсвийг баталсан нь мөн хуулийн 64.1.2, 65.1.8-д заасантай нийцсэн, Биеийн тамир,спортын газрын дарга Х нь төсвийн захирагчийн хувьд тус байгууллагад ажиллах эрхтэй 21 албан хаагчдад олгох эрх бүхий газраас баталсан цалингийн төсвийг зориулалтын дагуу зарцуулж ажилласан нь дараах байдлаар нотлогдсон.

Хурлын байгууллагаас аймгийн Биеийн тамир, спортын газрын төсвийг дээрх байдлаар тодотгож баталснаар нэхэмжлэгч Х нь төсвийн шууд захирагчийн хувьд 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 91 дугаартай албан бичгээр аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэст хандсанаар төрийн сангаас гэрэл, цахилгаан, түлш, халаалт, цэвэр, бохир усны тогтмол зардлууд болох нийт  7 762 400 төгрөгөөс 2 480 000 төгрөгийг үндсэнд цалинд зарцуулах эрх олгосон, 2016 оны цалингийн төсвийн зарцуулалт 131 776 000 төгрөг буюу батлагдсан төсвийн хүрээнд зарцуулагдсан нь тус байгууллагын 2016 оны санхүүгийн үйл ажиллагааны тайлан, мөн аудитын газрын  2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн аудитын гэрчилгээнд тусгагдсан “зөрчилгүй санал дүгнэлт”-ээр тогтоогдож байна.

Иймд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас  2016 оны 09 дүгээр сарын байдлаар аймгийн Биеийн тамир, спортын газрын санхүүгийн баримтад шалгалт хийхдээ Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 дахь заалтыг зөрчиж гэрээт-2, дасгалжуулагч-1, нийт 3 хүнийг  халаалтын зардлын хэмнэлтээс цалинжуулахаар шийдвэр гаргуулсан, 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 71 дүгээр тогтоолоор тодотгол  хийлгүүлсэн зэргээр зөрчил гаргасан гэж үзсэн нь, үүний дагуу аймгийн Засаг даргаас Биеийн тамир, спортын газрын дарга Хыг Төсвийн тухай хуулийг зөрчиж илүү орон тоогоор хүн авч ажиллуулсан гэж үзсэнийг үндэслэлгүй гэж дүгнэлээ.

3. Бүртгэлийн хяналтгүйгээр байгууллагын төсөвт орох ёстой их хэмжээний мөнгийг оруулаагүй гэх маргааны тухайд:

“Санхүүгийн хяналт, аудитын албаны шалгалтын танилцуулга” нэртэй баримтад энэ талаар “2014-2016 оны хооронд давхардсан тоогоор 26 байгууллагатай заал түрээсээр ашиглуулах гэрээгээр 11 140 000 төгрөг оруулах ёстойгоос 4 568 279 төгрөг оруулсан, бүртгэл хяналтгүйгээс орох ёстой 6 571 721 төгрөгийг алдсан” тусгагджээ.  

Биеийн тамир, спортын газар нь бусад байгууллагатай биеийн тамирын заал үнэ төлбөртэй ашиглуулах гэрээ байгуулснаар заал ашигласны төлбөр төлөх үүргийг хэрэг авагдсан бичгээр байгуулсан гэрээнд зааснаар гэрээний нөгөө тал хүлээх юм. Эд хөрөнгө буюу биеийн тамирын заалыг тодорхой хугацаагаар зохих төлбөр төлж ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас төлбөр төлөх үүргээ гэрээнд заасны дагуу зохих ёсоор биелүүлээгүй асуудлаар эд хөрөнгөө үнэ төлбөртэйгөөр ашиглуулж байгаа Биеийн тамир, спортын газар, түүний дарга Хыг  буруутгаж, зөрчил гаргасан гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Гэрээний нэг тал төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд Биеийн тамир, спортын газрын дарга нь байгууллагаа төлөөлж гэрээний үүргээ биелүүлэхийг нөгөө талаас шаардах эрхтэй боловч энэ нь Биеийн тамир, спортын газрын даргад хуулийн дагуу үүссэн үүрэг биш юм. Иймд дээрх байдлаар аймгийн Биеийн тамир, спортын газрын заалыг гэрээний дагуу  үнэ төлбөртэйгөөр ашиглаж байгаа холбогдох иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас 2014-2016 оны хооронд 6 571 721 төгрөгийн төлбөрийг барагдуулаагүй нь нэхэмжлэгчийг Төсвийн тухай хуулийн 70.3, Төрийн албаны тухай хуулийн 26.1.3-т зааснаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болохгүй гэж үзлээ.

4.“СУАТ” ХХК-д 3 275 000 төгрөгийг илүү шилжүүлсэн гэх маргааны тухайд:

Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 18-01/59 дугаартай акт гарч, аймгийн Биеийн тамир, спортын газраас 2013 оны 12 дугаар сарын 19-нд “СУАТ” ХХК-д усны төлбөрт 3 275 000 төгрөг илүү шилжүүлсэн гэж үзэж, уг мөнгийг Биеийн тамир, спортын газрын төсвөөс гаргуулж, 2016 оны 12 дугаар сарын 10-ны дотор Санхүүгийн хяналт, аудитын төрийн сан дах дансанд оруулахыг тус газрын дарга Х, нягтлан бодогч К.Гүлнур нарт хариуцуулж шийдвэрлэжээ.

Уг актын үндэслэлийн талаар улсын байцаагч Х.Хайратханаас .... 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр усны төлбөрт “СУАТ” ХХК-д 3 275 000 төгрөгийг илүү шилжүүлсэн зөрчил илэрсэн, хоёр байгууллага хоорондоо тооцоо нийлсэн баримт байгаагүй, уг мөнгийг Х нь тус байгууллагын даргаар ажилласан хугацаанд нэн даруй байгууллагын төсвөөс төлсөн” гэж мэдүүлжээ.

2013 онд Биеийн тамир, спортын газрын бусдад төлөх усны төлбөрийн зардалд эрх бүхий байгууллагаас 9 864 100  төгрөг батлагдсан байх ба тус байгууллагын тухайн оны төсвийн гүйцэтгэлийн тайлангаас харахад энэ төрлийн үйлчилгээнд 9 306 160 төгрөгийн мөнгөн гүйлгээ хийгдсэн, “СУАТ” ХХК нь 2013 оны 1-11 дүгээр саруудад усны төлбөрт тоолуурын тодорхой заалтаар 1 дүгээр сард нь 475 288 төгрөг, 2 дугаар сард 451 528 төгрөг,3 дугаар сард 388 168 төгрөг,4 дүгээр сард 336 688 төгрөг, 5 дугаар сард 1 599 928 төгрөг, 6 дугаар сард 586 168 төгрөг, 7 дугаар сард 443 608 төгрөг, 8 дугаар сард 701 008 төгрөг,9 дүгээр сард 143 638 төгрөг,10 дугаар сард 796 048 төгрөг,11 дүгээр сард 253 528 төгрөг нэхэмжилсэн, харин 12 дугаар сард усны хэрэглээг тодорхойлсон тоолуурын заалтыг тусгахгүйгээр 3 275 000 төгрөг нэхэмжилсэн, уг мөнгийг  2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр аймгийн Биеийн тамир, спортын газраас төрийн сангаар дамжуулж “СУАТ” ХХК-д шилжүүлсэн үйл баримтууд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Энэ талаар тус байгууллагын нягтлан бодогч К.Гүлнур нь “...Би тус байгууллагын нягтлан бодогчоор 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр томилогдсон. Манай байгууллагыг хариуцсан “СУАТ” ХХК-ийн байцаагч Х.Айдос нь 2013 оны 12 дугаар сарын цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулсан үйлчилгээний төлбөрт 3 275 000 төгрөгийг төлбөрийн падаанаар нэхэмжилсэн. “СУАТ” ХХК болон манай байгууллагын хооронд байгуулсан тухайн онд үйлчлэх гэрэгээр усны төлбөрийг батлагдсан төсвийн хүрээнд төлөхөөр байсан. Иймд гэрээний дагуу манай байгууллага дээрх мөнгийг төрийн сангаар дамжуулан шилжүүлсэн. Харин 2014 оноос хойш батлагдсан төсвөөр усны төлбөрийг төлөхгүй байгаа. Зөвхөн бодит тоолуурын заалтын дагуу шилжүүлж байгаа” гэж мэдүүлжээ.

Гэрч “СУАТ” ХХК-ийн  компанийн захирал Ж.Адалбекээс шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “...2011 онд “СУАТ” ХХК-аас аймгийн Биеийн тамир, спортын газартай цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулах гэрээ байгуулсан, уг гэрээ нь 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 5 жилийн хугацаатай юм. Уг гэрээний дагуу аймгийн Биеийн тамир, спортын газар нь 2011-2015 онуудад тухайн байгууллагад усны зардалд батлагдсан төсвийн дагуу усны төлбөрөө барагдуулахаар байгаа. 3 275 000 төгрөг нь гэрээний дагуу тухайн байгууллагын усны төлбөрт батлагдсан төсвийн хүрээнд манай байгууллагаас үзүүлсэн үйлчилгээнд төлсөн төлбөр учраас буцаан олгох боломжгүй тухайгаа албан бичгээр хариу хүргүүлсэн” гэжээ.

Дээрх үйл баримтыг дүгнэж үзэхэд хангагч байгууллага болох “СУАТ” ХХК нь 2013 оны 01-11 дүгээр сарын цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөрийг усны тоолуурын заалтын дагуу нэхэмжилж, төлбөрөө авсан байх  боловч усны зардалд батлагдсан төсвийн дагуу төлбөр авах талаарх дээрх гэрээний дагуу гэх үндэслэлээр 12 дугаар сард усны төлбөрт төсөвлөгдсөн төсвийн үлдэгдлээс 3 275 000 төгрөгийг усны тоолуурын заалтыг тусгахгүйгээр нэхэмжилснийг хэрэглэгч болох Биеийн тамир, спортын газраас төлсөн нь “СУАТ” ХХК нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д заасан хэрэглэгчийн хэрэглэсэн цэвэр усны хэмжээг энэ хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу байгуулсан гэрээ, эрх бүхий байгууллагаар баталгаажсан усны тоолуурын заалтыг үндэслэн тооцно гэж заасныг,  хэрэглэгч болох  Биеийн тамир, спортын газар нь  хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.13-т заасан усны хэрэглээний төлбөрөө тоолуурын заалтаар тооцож төлөх зохицуулалтыг тус тус зөрчсөн байх ба “2013 оны 12 дугаар сард усны төлбөрт 3 275 000 төгрөгийг тооцоогүйгээр “СУАТ” ХХК-д  илүү шилжүүлсэн” гэж үзсэн улсын байцаагчийн дээрх актын агуулга үндэслэлтэй байна.

Аймгийн Биеийн тамир, спортын газар нь  усны хэрэглээний төлбөрийг тоолуурын заалтаар тооцож төлөөгүйг төсвийн шууд захирагчийн хувьд тус байгууллагын дарга Х нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэвч энэ зөрчил нь 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гарсан, улмаар эрх бүхий этгээдээс  2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр илрүүлж акт тогтоосон, уг зөрчлийн талаар 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулснаар уг хуралдаанд оролцсон томилох эрх бүхий этгээд болох Засаг дарга мөн өдөр мэдсэн байх тул Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн  26.4-т ....сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэж заасныг зөрчиж, дээрх зөрчил гарснаас хойш 3 жил, 2 сар 12 хоног, эрх бүхий этгээдээс илрүүлснээс хойш  3 сар 9 хоног, томилох эрх бүхий этгээд болох  аймгийн Засаг дарга уг зөрчлийг мэдсэн  2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг илрүүлсэн өдөрт тооцвол мөн 2 сар 26 хоног хэтэрсэн байхад уг зөрчлийг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 26.4-т заасныг мөн зөрчсөн гэж үзэхээр байна.  

Маргаан бүхий захиргааны актын Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэлийн талаар:

1. 2016 оны үр дүнгийн гэрээг хангалтгүй биелүүлсэн гэх маргааны тухайд:

            Төрийн албаны  тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д “ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн”, 23.1.2-т “үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь төрийн тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон” тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийг  захиргааны санаачилгаар албан  тушаал бууруулж болохоор, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг  эрх бүхий байгууллагаас тогтоосон хугацаанд зохих журмын дагуу үнэлж дүгнэнэ”, 19.2-т “төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг үндэслэн ...албан тушаал бууруулах асуудлыг шийдвэрлэнэ” гэж тус тус заасан.

Эдгээр зохицуулалтуудаас үзэхэд төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн,  мэргэшлийн түвшин нь төрийн тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон, ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн нь үр дүнгийн гэрээний биелэлтээр тогтоогдсон нөхцөлд тухайн албан хаагчийг албан тушаалаас нь бууруулах эрх зүйн боломжийг эрх бүхий этгээдэд олгосон байна.

             Хариуцагчаас маргаан бүхий захиргааны актын энэ үндэслэлийн талаар “...аймгийн төсөвт байгууллагуудын 2016 оны жилийн ажлын тайлан авах хуваарийн дагуу 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Засаг даргын зөвлөлийн гишүүд бүрэлдэхүүнээрээ сууж аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Хын тайланг сонссоны  дараа зөвлөлийн гишүүд тайлантай холбоотой асуулт асууж, хариулт авч,тайланг дүгнэж “хангалтгүй” гэж үнэлгээ өгсөн” гэж  тайлбарласан. 

            Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаас 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр “Төсөвт байгууллагуудын 2016 оны жилийн ажлын тайлан авах хуваарь”-ийг баталсан байх ба аймгийн Биеийн тамир спортын газрын 2016 оны үйл ажиллагааны тайланг 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 16:30-17:00 цагийн хооронд авахаар тус хуваарьт тусгагджээ.

            Түүнчлэн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд зохион байгуулагдсан хурлаар аймгийн Засаг даргын зөвлөлийн гишүүд аймгийн Биеийн тамир, спортын газрын 2016 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, “хангалтгүй” гэж дүгнэсэн болох нь тухайн хуралдааны тэмдэглэлээр  тогтоогдож[5] байгаа боловч  уг үнэлгээг төсвийн ерөнхийлөн захирагч  болох аймгийн Засаг даргын  төсвийн шууд захирагч болох Биеийн тамир, спортын газрын дарга Хтай 2016 онд байгуулсан үр дүнгийн гэрээний[6] биелэлтийн дүгнэж өгсөн үнэлгээ гэж үзэх үндэслэлгүй байна.

            Учир нь дээр дурдсанчлан төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг эрх бүхий байгууллагаас зохих журмын дагуу үнэлж дүгнэхээр  зохицуулсан бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн  2012 оны 134 дүгээр тогтоолоор  баталсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 1.6-д “...төсвийн шууд захирагчийн үр дүнгийн гэрээг дүгнэж өгсөн үнэлгээ нь Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасан төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ болно”, 6.1-д “гэрээний биелэлтийг дүгнэж,үнэлгээ өгөхдөө төсвийн ерөнхийлөн захирагч,төсвийн шууд захирагчтай ярилцлага хийнэ”, 6.2-т “Төсвийн ерөнхийлөн захирагч нь гэрээний биелэлтийг дүгнэхдээ дор дурдсан мэдээллийг үндэслэнэ, 6.2.2-т “гэрээний биелэлтийн талаар тухайн төсвийн шууд захирагчийн хагас, бүтэн жилээр ирүүлсэн тайлан, гэрээний биелэлтийн явц, үр дүнг дүгнэхэд шаардлагатай бусад мэдээлэл”, 6.4-т “Төсвийн ерөнхийлөн захирагч нь гэрээний биелэлтэд 6.4.1-6.4.5-д заасан  /90-100 оноо авсан бол “А” буюу “Маш сайн”; 80-90 хүртэл оноо авсан бол “В” буюу “Сайн”;70-80 хүртэл оноо авсан бол “С” буюу “Хангалттай”; 60-70 хүртэл оноо авсан бол “D” буюу “Дутагдалтай”; 0-60 хүртэл оноо авсан бол “F” буюу “Хангалтгүй”/ үнэлгээний аль нэгийг өгнө, 6.5-д “Төсвийн шууд захирагч нь төсвийн ерөнхийлөн захирагчийн өгсөн үнэлгээтэй санал нийлээгүй тохиолдолд үндэслэл бүхий тайлбарыг түүнд бичгээр гаргаж болно. Энэ тохиолдолд талууд  үнэлгээтэй  холбоотой санал нийлээгүй асуудлыг дахин авч үзнэ. Хэрэв төсвийн ерөнхийлөн захирагч түрүүчийн өгсөн үнэлгээг өөрчлөөгүй бол гэрээний биелэлтийг дүгнэсэн “Илтгэх хуудас”-нд  тайлбарыг хавсарган төрийн жинхэнэ алба хаагчийн хувийн хэрэгт хадгалах бөгөөд гэрээг дүгнэсэнд тооцно”, 6.7-д “Гэрээний биелэлтийг дүгнэх “Илтгэх хуудас”-нд  талууд тус тусын гарын үсгийг зурж, эрх бүхий этгээд тэмдэг дарж албажуулснаар  үнэлгээ хүчин төгөлдөр болно” гэж тус тус зохицуулсан.

Мөн дээрх журмын 1.8-д “Гэрээ байгуулж, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэхэд энэхүү журам болон түүний хавсралт Үлгэрчилсэн загвар, аргачлалыг  баримтална” гэж заасны дагуу баталсан ”Үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх аргачлал”-ын 1.1-д “Төсвийн ерөнхийлөн захирагч нь Загварын 1.1-ийн нийт арга хэмжээ тус бүрийн хэрэгжилтийг Загварын хавсралт маягт (Төсвийн шууд захирагчийн үр дүнгийн гэрээний биелэлтийн тайлан)-аар гаргах бөгөөд арга хэмжээ тус бүрийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт (тоо, чанар, хугацаа, хүрэх үр дүн)-ийн хүрсэн түвшинг гэрээнд тусгагдсан шалгуур үзүүлэлтийн хүрэх түвшинтэй харьцуулан дүгнэх үндсэн дээр уг маягтын харгалзах 3 дахь баганад нийт арга хэмжээ бүрийн биелэлтэд 0-30 онооны үнэлгээ өгч, дундаж оноог гаргана”,1.2-т “Төсвийн ерөнхийлөн захирагч нь Загварын 1.2-ын тусгай арга хэмжээ тус бүрийн хэрэгжилтийг Загварын 1.1-ийн нийт арга хэмжээний хэрэгжилтийг үнэлсэн аргачлалаар дүгнэнэ. Загварын хавсралт маягт (Төсвийн шууд захирагчийн үр дүнгийн гэрээний биелэлтийн тайлан)-ын харгалзах 3 дахь баганад тусгай арга хэмжээ бүрийн биелэлтэд 0-40 онооны үнэлгээ өгч, дундаж оноог гаргана”, 3.1-д “Төсвийн ерөнхийлөн захирагч нь Загварын 1.1, 1.2, 1.3-т өгсөн үнэлгээг нэгтгэн ...нийт оноог гаргана”,3.2-т “Төсвийн ерөнхийлөн захирагч нь төсвийн шууд захирагчийн гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтэд өгсөн үнэлгээний нийт оноог үндэслэн гэрээний биелэлтэд журмын 6.4.1-6.4.5-д заасан үнэлгээний аль нэгийг өгнө” гэж тус тус заажээ.

            Гэтэл хариуцагч аймгийн Засаг дарга нь Биеийн тамир, спортын газрын дарга Хын  2016 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг дээрх журам, аргачлалын дагуу үнэлж дүгнээгүй, өөрөөр хэлбэл үр дүнгийн гэрээний биелэлтийн талаар тухайн төсвийн шууд захирагчийн ирүүлсэн тайланг үндэслэн төсвийн ерөнхийлөн захирагч,төсвийн шууд захирагчтай ярилцлага хийх, мөн төсвийн шууд захирагчийн 2016 оны үр дүнгийн гэрээнд тусгагдсан нийт арга хэмжээ, тусгай арга хэмжээ бүрийн биелэлтэд тодорхой оноо өгч, дундаж оноог гаргах, эдгээр үнэлгээг нэгтгэн нийт оноог гаргах, нийт оноог үндэслэн гэрээний биелэлтэд үнэлгээ өгөх, үнэлгээг танилцуулах, үнэлгээтэй санал нийлээгүй тохиолдолд  тайлбар гаргах,  гэрээний биелэлтийн үнэлгээг баталгаажуулах зэрэг үйл ажиллагаа явагдаагүй байх тул нэхэмжлэгч Хтай байгуулсан 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг буюу төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг эрх бүхий этгээдээс зохих журмын дагуу үнэлж дүгнээгүй байна гэж үзлээ.            

          Хариуцагчаас “...Х нь  тухайн үед тайлангаа хамт олноороо ирж ...Засаг даргын зөвлөлийн гишүүдэд тайлагнасан ба үр дүнгийн гэрээний биелэлтийг илтгэх хуудсаар албан ёсоор бичмэл хэлбэрээр аймгийн Засаг даргад ирүүлээгүй” гэсэн тайлбар гаргасан.

            Төсвийн шууд захирагч хуульд заасан хугацаанд үр дүнгийн гэрээний биелэлтийн тайлангаа ирүүлээгүй тохиолдолд  хэрхэн, шийдвэрлэхийг “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 2.2-т “төсвийн ерөнхийлөн захирагч тухайн оны гэрээний биелэлтийн тайлан болон дараа оны гэрээний  төслөө хугацаандаа ирүүлээгүй төсвийн шууд захирагчид шаардлага тавьж хэрэгжилтийг  хангуулах эрхтэй”, 2.3-т “Төсвийн ерөнхийлөн захирагч нь ...төсвийн жил эхлэхээс өмнө гэрээнд заасан хугацаанд төсвийн шууд захирагчийн тухайн оны гэрээний биелэлтийг дүгнэж, дараа оны гэрээ байгуулах үүрэгтэй”, 8.1-д “төсвийн ерөнхийлөн захирагч гэрээ байгуулах болон дүгнэхээс татгалзсан,эсхүл төсвийн шууд захирагч нь хуульд заасан хугацаанд гэрээний биелэлтээ тайлагнаагүй, гэрээний төслөө хүргүүлээгүй тохиолдолд холбогдох тал Төрийн албаны зөвлөл болон түүний салбар зөвлөлд харьяаллын дагуу гомдол гаргаж болно. Холбогдох зөвлөл ирүүлсэн гомдлын дагуу шалтгааныг судалж, шийдвэрлэх арга хэмжээ авна. Шаардлагатай тохиолдолд буруутай албан тушаалтанд  шаардлага хүргүүлэх,сахилгын шийтгэл хүлээлгэхээр эрх бүхий этгээдэд санал гаргаж болно” гэж тус тус заасан. Төсвийн ерөнхийлөн захирагч болох аймгийн Засаг даргаас нэхэмжлэгч Хт 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлтийн тайланг ирүүлэх талаар шаардлага тавиагүй, мөн журамд заасан дээрх арга хэмжээг аваагүй  болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар[7] тогтоогдсоноос гадна маргаан бүхий актаар нэхэмжлэгчийг үр дүнгийн гэрээний биелэлтийн тайлангаа ирүүлээгүй гэдэг  үндэслэлээр ажлаас нь халах сахилгын шийтгэл ногдуулаагүйг дурдах нь зүйтэй.

             Маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгчийг ажлаас нь халсан мөртлөө  Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаал бууруулах үндэслэл болох 23.1.1-д заасан албан тушаалын /ажлын байр/-ны тодорхойлолтод заасан  зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэх зохицуулалтыг баримталсан нь үндэслэлгүй байна.

Дээрх байдлаар аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Хтай 2016 онд байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг эрх бүхий этгээдээс зохих журмын дагуу үнэлж дүгнээгүй байх тул түүний 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг “хангалтгүй” гэж үзэх үндэслэлгүй бөгөөд тус газрын 2016 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, “хангалтгүй” гэж дүгнэсэн үнэлгээ нь тухайн төрийн жинхэнэ албан хаагчийг үр дүнгийн гэрээний биелэлтийн үнэлгээ болохгүй тул Засаг даргын зөвлөл бүхий гэрээний биелэлтийг дүгнэх эрх хэмжээгүй этгээдээс тухайн байгууллагын үйл ажиллагааг дүгнэсэн явдлыг нэхэмжлэгчтэй байгуулсан 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэсэнтэй адилтгаж үзсэн нь Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1,19.2, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтыг зөрчсөн хууль бус байна гэж дүгнэлээ.

2. Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7-д заасныг зөрчсөн гэх маргааны тухайд:

Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7-д албаны бус зорилгод төрийн байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, мэдээллийн хангамж болон албаны мэдээллийг ашиглан завших гэж заасан. Хуулийн 15 дугаар зүйлийг төрийн жинхэнэ албан хаагч зөрчсөн тохиолдол нь 26.1-д зааснаар түүнд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болох юм. Хариуцагчаас 2017 оны 08 дугаар сарын 23-ны үед маргаан бүхий захиргааны актыг тухайн огноо, дугаараар нь дахин гаргахдаа хуулийн 15.1.7-д заасныг нэмж баримталсан байна. Нэхэмжлэгч хуулийн 15.1.7-д заасныг зөрчсөн гэх үндэслэлийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ....байгууллагад орж ирсэн заалны түрээсийн орлогыг Х бэлнээр авч зарцуулсан, “СУАТ” ХХК-д 3 2750 000 төгрөгийг усны төлбөрт илүү шилжүүлсэн зэрэг зөрчил нь хуулийн 15.1.7-д заасан үндэслэлд хамаарна гэж тайлбарласан. Уг зүйлд заасан ... албаны бус зорилгод төрийн байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэрийг ...ашиглан завших гэдгийг дээрх зүйлсийг хувийн зорилгодоо хувьдаа ашигласан байхыг ойлгоно. Санхүүгийн  шалгалтын танилцуулга, гэрч улсын байцаагч Х.Хайратханы мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар 2015-2016 онуудад туслах үйл ажиллагаанаас орсон орлогыг байгууллагын үйл ажиллагаанд зарцуулсан нь, харин 3 275 00 төгрөгийг 2013 оны 12 дугаар сард усны төлбөрт “СУАТ” ХХК-д шилжүүлсэн нь тус тус тогтоогдсон. Өөрөөр хэлбэл Биеийн тамир, спортын газрын даргаар ажилласан хугацаанд Х нь  байгууллагын туслах үйл ажиллагаанаас орсон дээр дурдсан орлого болон усны зардалд баталсан 3 275 000 төгрөгийн төсвийг албаны бус зорилгод ашиглаагүй нь тогтоогдсон байна.

Иймээс нэхэмжлэгч Х нь  Биеийн тамир, спортын газрын даргаар ажилласан тухайн үед Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.2-т заасныг зөрчиж дээрх байдлаар 6 060 000 төгрөгийг төсөвт төвлөрүүлэхгүйгээр бэлэн мөнгийг байгууллагын үйл ажиллагаанд зарцуулсан, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.13-т заасан усны хэрэглээний төлбөрөө тоолуурын заалтаар тооцож төлөх зохицуулалтыг зөрчиж, “СУАТ” ХХК-иас нэхэмжилсэн үнийн дүнгээр 3 275 000 төгрөгийг усны төлбөрт төлсөн зэргийг албаны бус зорилгод төсвийн мөнгийг ашиглан завшсан гэж үзэхгүй тул маргаан бүхий захиргааны актын уг үндэслэл нь мөн хууль бус байна.

Бусад маргааны тухайд:

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа Х нь хоёр жил дараалан аймгийн Аудитын газраас “хязгаарлалттай санал дүгнэлт” авч байсан гэж тайлбарласан.

Биеийн тамир, спортын газрын 2014, 2015  оны жилийн эцсийн санхүүгийн тайлан нь  аймгийн Аудитын газраар хянагдсанаар “хязгаарлалттай санал дүгнэлт” өгөгдсөн нь аймгийн Аудитын газрын 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 55 дугаартай  аудитын гэрчилгээ,  2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 01/40 дугаартай албан бичгээр тогтоогдсон байх ба 01/40 дугаартай албан бичгийн дагуу аймгийн Засаг даргаас 2015 оны санхүүгийн тайланд гаргасан гэх алдаа зөрчилтэй нь холбогдуулан аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Хт 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/286 дугаартай захирамжийн холбогдох хэсгээр сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Нэхэмжлэгчид 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ажлаас нь халах сахилгын шийтгэл ногдуулах үед тус байгууллагын 2016 оны санхүүгийн тайлан нь 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 26 БӨА-2017/89/СТА-ТШЗ дугаартай аудитын гэрчилгээгээр “Зөрчилгүй санал дүгнэлт”-ээр дүгнэгдсэн, 2015 оны санхүүгийн тайланд нь аудитын газраас “хязгаарлалттай санал дүгнэлт” өгөгдсөн асуудлаар нэхэмжлэгчид дээрх байдлаар 2016 оны А/286 дугаар захирамжаар сануулах шийтгэл ногдуулсан, 2014 оны санхүүгийн тайланд аудитын газраас “хязгаарлалттай санал дүгнэлт” өгсөн асуудлыг аймгийн Засаг даргад 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 119 дугаартай албан бичгээр аймгийн Аудитын газраас мэдэгдсэн байхад тухайн үед сахилгын арга хэмжээ аваагүй мөртлөө сахилгын шийтгэл ногдуулах талаарх Төрийн албаны тухай хуулийн 26.4-т хугацаа өнгөрсний дараа 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр энэ үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан гэж тайлбарласан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байгаагаас гадна энэ нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/108 огноо, дугаартайгаар гарсан хоёр захирамжийн буюу  маргаан бүхий захиргааны актуудын үндэслэл биш болохыг дурдах нь зүйтэй.

Дээрх байдлаар Баян-Өлгий аймгийн Засаг даргаас Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан хууль дээдлэх төрийн албаны үндсэн зарчим,  19 дүгээр зүйлийн 19.1, 19.2, 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 40 дүгээр зүйлийн 40.1, Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-т заасныг зөрчиж, 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/108 дугаартай  захирамжаар нэхэмжлэгчийг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, улмаар ажлаас халагдсаны дараа маргаан бүхий захиргааны актын зарим үндэслэлийг өөрчилж, 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр дээрх огноо, дугаартайгаар нэхэмжлэгчийг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах захирамжийг дахин гаргасныг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийг аймгийн Биеийн тамир спортын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 Ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулахтай холбоотой маргааны тухайд:

Нэхэмжлэгчийг аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын албан тушаалаас халах сахилгын шийтгэл оногдуулсан нь дээрх байдлаар хууль болох нь тогтоогдож, шүүхээс маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосонтой холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч урьд ажилласан хугацаанд Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газрын төсвөөс  цалин хөлсөө авч байсныг харгалзан түүний ажилгүй байсан хугацаа болох 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс энэхүү маргааныг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн өдрийг оролцуулж, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 12 135 909 /арван хоёр сая нэг зуун гучин таван мянга есөн зуун есөн/ төгрөгийг аймгийн Биеийн тамир, спортын газрын төсвөөс гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны  цалин хөлсөнд оногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тус тус тооцож төлөхийг, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл төлсөн тухай  бичилт хийхийг Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д заасныг баримтлан ажил олгогчийн хувьд аймгийн Засаг даргад даалгаж, энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг мөн хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг  нэхэмжлэгчийн үндсэн цалин, зэрэг дэвийн нэмэгдлийг тогтоосон аймгийн Засаг даргын  2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/174 дугаартай “Ажилд томилох тухай”, 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/256 дугаартай “Зэрэг дэв олгох тухай”[8]захирамжуудын дагуу Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2-т заасан төрийн захиргааны албан хаагчийн хувьд авч байсан цалин хөлсийг үндэслэн Монгол Улсын Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаартай тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д заасны дагуу тодорхойлсныг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4,106.3.7,106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон

                                                    ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.6, 19 дүгээр зүйлийн 19.1,19.2,  26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 28 дугаар зүйлийн 28.2.2, 40 дүгээр зүйлийн 40.1, Төсвийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, 70 дугаар зүйлийн 70.3/Төсвийн тухай хуулийн 70.3 дах заалт 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар хүчин төгөлдөр үйлчилж байсан/, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,  Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “Хыг ажлаас халах тухай” Б/108 дугаартай захирамжуудыг тус тус хүчингүй болгож, Хыг тус аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт  12 135 909 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газрын төсвөөс гаргуулж, нэхэмжлэгчид олгож, 12 135 909 төгрөгийн цалин хөлсөнд оногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл төлсөн тухай бичилт хийхийг ажил олгогч болох Баян-Өлгий аймгийн Засаг даргад даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

            

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         М.РИЗА

 


[1] Цаашид салбар зөвлөл гэх

[2] Тайлбар, хэргийн 31-32, 186 дугаар хуудас

[3] Хэргийн 45 дугаар хуудас

[4] Хэргийн 2 дугаар хавтас, 121 дүгээр хуудас

[5] Хэргийн 181 хуудас

[6] Хэргийн 8-11-р хуудас

[7] Хэргийн 154-155-р хуудас

[8] Хэргийн 1 дүгээр хавтас, 101, 228 дугаар хуудас