Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2020/0596

 

 

 

 

 

 

 

Б.О-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгч Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 570 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, Б.О-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 570 дугаар шийдвэрээр:

“...Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4, 42 дугаар зүйлийн 42.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Огээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/33 дугаар “Илт хууль бус захиргааны актыг хүчингүй болгож, Б.О-ийн ажилгүй байсан хугацааны олговорт 5,591,401.34 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох “Б.О-г Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын үүрэг гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн томилохыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“Нэг. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд нийцүүлэн зөв үнэлээгүй тухайд:

Нэхэмжлэгч Б.О-г Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон дүүргийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/25 дугаар захирамж нь илт хууль бус болох нь тогтоогдсон.

Тухайлбал, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу илт хууль бус бөгөөд хорооны иргэдийн Нийтийн Хурлыг хууль бусаар хуралдсан гэдгийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын дээд шүүхийн тогтоолоор тус тус тогтоосон тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар гарсан цагаасаа эхлэн үйлчлэлгүй байсан.

Харин анхан шатны шүүх шүүхийн магадлал, тогтоолыг үндэслэсэн нь хууль зөрчсөн гэж дүгнэсэн нь алдаа болсон.

Тухайлбал үндэслэл болгосон захиргааны шүүхийн шийдвэрүүдийн дагуу тухайн нэгжийн Нийтийн Хурал заавал хуралдаж нэр дэвшигчийг томилуулах шаардлагатай байсан.

Б.О-г Засаг даргаар томилсон захирамжийн Үндэслэх хэсэгт Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан “Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно” гэсэн шаардлагыг баримтлах ёстой байсан.

Гэтэл үүрэг гүйцэтгэгчээр томилсон захирамжийн Үндэслэх хэсэгт эрх олгогдоогүй буюу хамааралгүй зохицуулалтыг хэрэглэснээр Төрийн албаны хууль болон Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг зөрчсөн гэдгийг “шүүх үгүйсгээгүй” гэж дүгнэсэн боловч нэхэмжлэгчийг ажиллах ёстой байсан мэтээр үзэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэснийг зөрчсөн.

Хоёр. Шүүх хууль буруу хэрэглэсэн талаар:

Ажилгүй байсан хугацааны цалинг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу “ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажиг хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасныг баримтлан хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг ноцтой зөрчсөн.

Шүүх нэхэмжлэгчийг “зохих журмын дагуу томилогдоогүй” гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзсан тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн зүйл байхгүй болно.

Тухайлбал ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг зөвхөн ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоогдсон тохиолдолд олгохоор хууль тогтоогч хуульчилсан байхад хуулийн шаардлагыг зөрчиж, буруу хэрэглэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаснаар шийдвэр хууль ёсны болж чадсангүй.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 570 дугаар шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагыг хангаагүй тул өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч Б.О нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/25 дугаар захирамжаар тус дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр түр томилогдсон байна.

Улмаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Илт хууль бус захиргааны актыг хүчингүй болгох тухай” А/33 дугаар захирамжаар “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 29 дүгээр зүйлийн 29.2, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.2.2, 48.2.5, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 330 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүх хуралдааны 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 250 дугаар тогтоолыг тус тус үндэслэн нэхэмжлэгч Б.О-г Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/25 дугаар захирамжийг хүчингүй болгожээ.

Нэхэмжлэгчээс дээрх маргаан бүхий актыг хүчингүй болгуулахаар маргасан байх бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Илт хууль бус захиргааны актыг хүчингүй болгох тухай” А/33 дугаар захирамжийг хүчингүй болгож, Б.О-ийн ажилгүй байсан хугацааны олговорт 5,591,401.34 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох “Б.О-г Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын үүрэг гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн томилохыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчээс шийдвэрийн хэрэгсэхгүй болгосон хэсэгт давж заалдах гомдол гаргаагүй, харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэсэгт давж заалдах гомдол гаргасан байх тул гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

Учир нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгохоор, мөн зүйлийн 26.3-т зааснаар нэр дэвшүүлсэн бол баг, хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга тус тус 4 жилийн хугацаагаар томилох учиртай.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 330 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүх хуралдааны 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 250 дугаар тогтоолоор “2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албанаас 1 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны тов тогтоож, зарлан хуралдуулсан нь ... хуульд нийцээгүй, хүчин төгөлдөр бус” гэж дүгнэн уг хуралдаанаас гаргасан “Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 01 дүгээр тогтоолыг илт хүчин төгөлдөр бус болохыг тогтоожээ.

Дээрх шүүхийн шийдвэрүүдийн биелэлтийг хангуулахаар хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргаас өөрийн бүрэн эрхийн хүрээнд хуульд заасан журмын дагуу нэр дэвшиж, дүүргийн Засаг даргад уламжлагдаагүй Б.О-г томилсон шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Өөрөөр хэлбэл, захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн хүний эрхийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тухайн хууль бус актыг гарахаас өмнөх байдалд сэргээн тогтоох боломжтой.

Гэтэл Б.О маргаан бүхий албан тушаалд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу Хорооны нийтийн хурлаас 50-иас дээш хувийн санал авч, дүүргийн Засаг даргад уламжлагдаагүй, дүүргийн Засаг дарга нь иргэдийн саналд үндэслэн томилох шийдвэрээ гаргаагүй болох нь тогтоогдсон буюу хуульд заасан журмын дагуу томилогдоогүй зэргээс дүгнэн үзэхэд маргаан бүхий захиргааны актыг хууль бус гэж үзэх боломжгүйн дээр уг актын улмаас Б.О-ийн хөдөлмөрлөхтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байна.

Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, бодит байдалд хэрэгжих боломжтой байх зарчмын үүднээс дээр дурдсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох зүйл, заалтын урьдчилсан нөхцөл шаардлага хангагдаж тухайн албан тушаалд томилогдоогүй нэхэмжлэгчийг уг ажлын байранд эгүүлэн тогтоох үндэслэлгүй.

Нэгэнт нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоох боломжгүй тул ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийхийг даалгах үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна. 

 Анхан шатны шүүх энэ талаар “...тухайн тохиолдолд, ... нэгэнт зохих журмын дагуу томилогдоогүй, тухайлбал Хорооны Иргэдийн Нийтийн хурлаас нэр дэвшиж олонхийн санал аваагүй этгээдийг Хорооны засаг даргаар томилохыг Дүүргийн Засаг даргад шууд даалгах хууль зүйн боломжгүй, өөрөөр хэлбэл шүүхээс хариуцагч захиргааны байгууллагад хууль бус үйлдэл хийхийг даалгаж шийдвэрлэх үндэслэлгүй” гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан нь ойлгомжгүй болжээ.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 570 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь заалтуудыг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.О-ийн Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/33 дугаар захирамжийг хүчингүй болгож, Б.О-г урьд эрхэлж байсан Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын үүрэг гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн томилохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчилж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Д.БАТБААТАР 

ШҮҮГЧ                                                                Б.ТУНГАЛАГСАЙХАН 

ШҮҮГЧ                                                                Д.БААТАРХҮҮ