Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 00029

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан иргэний шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул  аймгийн Дархан суманд 1969 оны 03 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 48 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Тогооч мэргэжилтэй, “Нарны Өртөө” ХХК-д Нярав ажилтай, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг, Энхтайваны 64 тоотод оршин суух хаягтай, Боржигон овогт Чимэдцэрэнгийн Б /РД:МЗ:69030802/-ын нэхэмжлэлтэй

 

    Хариуцагч: Өмнө-Говь аймгийн Даланзадгад суманд 1976 оны 08 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг, Энхтайваны 64 тоотод оршин суух хаягтай, Боржигон овогт Оюунцэцэгийн У /РД:КВ:76082613/-т холбогдох

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдээ өөрийн асрамжинд авах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Б, Хариуцагч О.У, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Ариунсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч Ч.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: … Миний бие нь О.Утай 2007 оны 08 дугаар сарын 14-ний өдөр гэр бүл болж, 2008 оны 08 дугаар сарын 07-ны өдөр охин Энххүслэнг төрүүлсэн. 2007 онд гэр бүл болсон цагаас хойш О.У архи уусан тохиолдолд агсам тавьж миний биед олон удаа гар хүрч, хүнд, хөнгөн гэмтэл байнга учруулж байсан. Би энэ хүнийг 2007 оны 08 дугаар сард шоронгоос суллагдаад гарч ирсэн болохоор зовлон үзсэн хүн юм байна гэж бодон аль болох болж бүтэх талаас нь амьдаръя гэж бодон зодох, агсам тавих бүрийг тэвчиж цагдаа, шүүх гэж явалгүй өнгөрүүлдэг байсан. Сүүлдээ олон удаа зодож агсам тавиад байхаар нь аргаа бараад цагдаад өгч эрүүлжүүлдэг байсан. Архи уусан үедээ үнэхээр араатан шиг авир гаргадаг, энэ үедээ янз бүрийн хэрэг зөрчил гаргаж байсныг цагдаагийн байгууллага ч мэднэ. Би энэ 10 жилийн хугацаанд архи уусан үед нь бид нар байнгийн айдас түгшүүртэй дарамттай байдаг байсан. Би энэ хүнтэй 10 жил амьдрахдаа 1. 2007 онд гэр бүл болсон  жилээ О.У нь согтуугаар миний толгой руу цохиж унагаасаны улмаас би зуухны ирмэг мөргөн дээд уруулаа сэтлүүлсэн, 2. 2008 оны 02 дугаар сард 3 сартай жирэмсэн байх үед О.У согтуугаар миний зүүн нүд рүү өшиглөж доод яс нь хугарсан, 2008 оны 10 дугаар сард төрөөд 2 сар гаран болж байхдаа би явган унаж бэртээд баруун хөлөө хугалан хоёр суга таягтай гипстэй хөлтэй байх үед таягаар минь О.У зодож нөгөө талын эрүүл талын хөлийг минь хөх няц болгосон.

Ер нь согтуу ирэх болгондоо агсам тавьж, тархи толгой руу их цохидог байсан. Мөн 2012 оны 01 дүгээр сард бас намайг зодож хөх няц болгочихоод О.У Турк улс руу явсан. 2015 оны 08 дугаар сард гэрийн юм хулгайлж, зарж архи уусан. Энэ үед би аргаа бараад 2 охиноо дагуулан Өмнөговь аймгийн Цогт-Цэций сум руу том хүүгийндээ очиж өвөлжсөн. Энэ хооронд У, Зүүнхараад үлдсэн. Энэ үедээ айлд байх хугацаанд архи ууж айлын юм хулгайлан шүүхээр 01 жилийн тэнсэн авч байсан. Би ийм хүнтэй амьдрахад хэцүү, жигшмээр байна. О.У 2016 оны 08 дугаар сард дахин архи ууж том охин Б.Энхзул бид хоёрыг зодож би цагдаад өгч бас эрүүлжүүлсэн. 2016 оны 12 дугаар сард бас л архи ууж агсам тавьж 3 удаа дараалан 7 хоногоор эрүүлжүүлэгдсэн. Хамгийн сүүлд 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр эрүүлжүүлэхээс гараад архи ууж ирээд намайг хаалга түгжиж байгаад маш ихээр зодсон ба шинжээчийн дүгнэлтээр надад Толгой битүү хаван, хавдартай, тархи хөдөлсөн, зөөлөн эдэд /тархины/ 1.0 см зузаантай цус хуралттай, зүүн талын нүдний ухархайн дотор хөндий рүү 0.4 см гүн хуучин хугаралтай, хамрын яс хугарсан, зүүн талын нэг хавирга хугарсан, нүүр болон бүх бие хөх няц, хавдартай гэсэн гэмтэл буюу дүгнэлт гарсан.

          Иймд энэ хүнтэй амьдрахад маш эрсдэлтэй, аймшигтай байна. Ер нь тархи, толгойноосоо болж унаж тусдаг өвчтэй болчихвий гэж маш их эмзэглэж байна. Хамрын яс хугарсан тул нүүрний гоо сайхан алдагдсан. Би маш их гомдож байна. Эрхэм шүүгч та минь бидний гэрлэлтийг цуцалж, 2008 оны 08 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин У.Энххүслэнг миний асрамжинд үлдээж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Бид хооронд эд хөрөнгийн ямар нэгэн маргаан байхгүй, Хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэжээ.

Хариуцагч О.У шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ... Миний бие нь 2007 оны 05 дугаар сард Ч.Бтай анх танилцсан. Албан ёсоор гэр бүлээ 2008 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлуулсан. Бидний дундаас 2008 оны 08 дугаар сарын 07-ны өдөр охин У.Энххүслэн мэндэлсэн. Ч.Бийн хэлсэн бүхэн үнэн. Би архи ууж эхнэр, хүүхдээ гомдоож зовоож байсан. Хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Үр хүүхдийнхээ хажууд нь ээжийг нь зодож гэмтээж, үр хүүхдүүдэдээ муу үлгэр дуурайлал үзүүлсэндээ гэмшиж байна. Тиймээс үр хүүхдүүдээ том болоод над шиг ийм хүн битгий болоосой гэсэндээ би гэр бүл цуцлалт болон охин Энххүслэнг Ч.Бын асрамжинд үлдээхийг хүлээн зөвшөөрч байна. Бидний хооронд ямар нэгэн эд хөрөнгийн маргаан байхгүй. Өөр хэлэх зүйлгүй гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Б, хариуцагч О.Ут холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

           Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Ч.Б, хариуцагч О.У нар нь 2007 онд танилцаж,  гэр бүл болж хамтран амьдарч байгаад 2008 оны 07 дугаар сарын 02-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж гэрчилгээ авсан ба тэдний дундаас 2008 оны 08 дугаар сарын 07-ны өдөр охин Энххүслэн төрсөн болох нь зохигчдын тайлбар болон №250 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, 2008 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагааны хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй харьцааны улмаас буюу О.У нь архи ууж гэртээ агсам тавьж гэр бүлдээ таагүй байдал үүсгэж байсан нь Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын цагдаагийн хэлтээс “Захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас” болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал: 2012 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр Шийтгэвэрээр торгуулсан, 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Шийтгэвэрээр торгуулсан, 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Шийтгэвэрээр торгуулсан, 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Шийтгэвэрээр торгуулсан, 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Шийтгэвэрээр торгуулсан, 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Захиргааны журмаар баривчилсан зэрэг тус тус захиргааны арга хэмжээ авагдаж байсан байна.

 

Мөн гэрлэгчдийн хэн аль нь харилцан ойлголцож гэрлэлтээ цааш үргэлжүүлэх сонирхолгүй, гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байгаа, энэ гэрлэлтийг цааш үргэлжилүүлэх нь хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлж болзошгүй зэргээс үзэхэд Ч.Б, О.У нарын гэрлэлтийг цаашид үргэлжлүүлэх боломжгүй, эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Хүүхдийн асрамжийг шийдвэрлэхдээ хүүхдийн өсөж хүмүүжих орчин, эцэг, эхийн халамж, хүүхдийн санал зэргийг харгалзан 2008 оны 08 дугаар сарын 07-ны өдөр охин Энххүслэнг эх Ч.Бын асрамжинд үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсан учир хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Ч.Б нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, зохигчид эд хөрөнгийн маргаан байхгүй гэснийг тус тус дурьдаад

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д заасныг баримтлан Боржигон овогт Чимэдцэрэний Б, Боржигон овогт Оюунцэцэгийн У   нарын гэрлэлтийг цуцалсугай.     

            2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2008 оны 08 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин У.Энххүслэнг эх Ч.Бын   асрамжинд үлдээсүгэй.                              

3. Зохигч хүүхдийн тэтгэлэг болон эд хөрөнгийн талаар маргаан байхгүйг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ч.Баас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Уаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Бд олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй. 

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Сэлэнгэ аймаг Мандал сумын Засаг даргын тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгасугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               Ж.ЭРДЭНЭБАТ.