Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 494

 

 

 

 

 

 

 

 

       2020          5          14                                     494         

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: С.Хонгорзул, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхбат,

шүүгдэгч: Д.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Мд холбогдох эрүүгийн 2005012300644 дугаар хэргийг 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1981 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Хэнтий аймгийн Батноров суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 11-20 насны 2 хүүхдийн хамт,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 461 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,

Шүүгдэгч Д.М нь 2020 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эко стар” зочид буудлын 401 тоот өрөөнд үйлчлүүлж байсан хохирогч О.Нын “Самсунг Эс-6” загварын 1 ширхэг гар утас, бэлэн 470 000 төгрөгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлан авч, 610 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Д.М мэдүүлэхдээ:

Улсын яллагчийн уншиж сонсгосон яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчоос авсан мөнгө, гар утсыг 2020 оны 4 дүгээр сарын 13-нд буцааж өгсөн. Би согтууруулах ундаа хэрэглэсэн байсан болохоор энэ гэмт хэргийг үйлдсэн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-О.Н мэдүүлэхдээ:

2020 оны 3 дугаар сарын 27-ны орой 22 цагийн үед ганцаараа жаахан архи ууж сууж байгаад нилээн халаад такси бариад, Саппаро ороод тэндээсээ нэг хүүхэн хоногийн 120 000 төгрөгөөр авахаар тохиролцоод замдаа дэлгүүрээс 1 шил 0.5 литрийн Соёрхол нэртэй архи аваад Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эко стар” зочид буудал руу ороод 4 давхарт 401 тоот өрөөнд орсон. Ойролцоогоор 1 цагийн дараа буюу 23 цагийн үед нөгөө Саппарогоос авсан хүүхэнтэйгээ Хаан банкны АТМ ороод би өөрийнхөө данснаас 500 000 төгрөг аваад нөгөө хүүхэнтэйгээ хамт 10 дугаар хорооллын автобусны буудлын тэндээс тамхи авах гээд очтол таксинд явж байгаа олон машин зогсож байхад нь саарал өнгийн Сонота-6 загварын автомашинтай залуугаас “ойр хавьд архи зарчихаар газар байна уу” гэсэн чинь “байна, гэхдээ шагийн үнээр зарна” гэхээр нь нэг шил 0.5 литр Соёрхол нэртэй архи, тамхи 30 000 мянган төгрөгөөр аваад надад 470 000 төгрөг үлдсэн юм. Тэгээд нөгөө хүүхэнтэйгээ буцаж буудал руугаа очоод авсан архиа хувааж ууж сууж байгаад бэлгийн харьцаанд орох гэтэл болохгүй байсан. Тэгээд нэг мэдэхэд тасраад унтаад өгсөн. Тэээд маргааш нь буюу 2020 оны 3 дугаар сарын 28-ны өглөө 08 цагийн үед сэртэл миний гар утас болон картнаас авсан мөнгө болох 470 000 төгрөг алга болсон байсан. Мөн надтай хамт буудалд орсон хүүхэн байхгүй байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан.

Миний бие хохирлоо бүрэн барагдуулж авсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Шүүх хуралдаанд оролцохгүй гэжээ. (хэргийн 18-19, 45 дугаар хуудас)

 

Хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд:

"Самсунг Эс-6 загварын гар утас 140 000 төгрөгөөр үнэлэв” гэжээ. (хэргийн 27 дүгээр хуудас)

 

2020 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд:

20 мянгатын мөнгөн дэвсгэрт 22 ширхэг, 990005811654582 имей дугаартай хар өнгийн “Самсунг эс-6” загварын гар утсыг 16 цаг 50 минутанд хүлээлгэн өгөв гэжээ. (хэргийн 15 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Д.М Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 461 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан гэжээ. (хэргийн 31 дүгээр хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

  Шүүгдэгч Д.М нь 2020 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эко стар” зочид буудлын 401 тоот өрөөнд үйлчлүүлж байсан хохирогч О.Нын “Самсунг Эс-6” загварын 1 ширхэг гар утас, бэлэн 470 000 төгрөгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлан авч нийт 610 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч О.Нын мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан, 2020 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

            Шүүгдэгчид холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгажээ. 

Баянгол дүүргийн прокурорын газраас Д.Мд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Хохирогч О.Н нь “Миний бие хохирлоо бүрэн барагдуулж авсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Шүүх хуралдаанд оролцохгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Д.Мг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон түүнийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар зөвшөөрч байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Д.М нь өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч  Д.Мг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Мг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.М 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдсугай.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Д.М цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

            5. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Мд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН