Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 489

 

 

 

 

 

 

 

2020           5            14                                     489            

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: С.Хонгорзул, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Энхболд,

шүүгдэгч: М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол  дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Бд холбогдох эрүүгийн 2005012470688 дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, “Бүрдэл майнинг” ХХК-д оператор ажилтай, сард 1 750 000 төгрөгийн цалинтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт суух,

2006 оны 8 дугаар сарын 04-ний Баянгол дүүргийн шүүхийн 206 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3, 146 дугаар зүйлийн 146.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 5 жил 7 сар хорих ялаар шийтгэж, Өршөөл үзүүлэх тухай 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Монгол Улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д зааснаар өршөөн хэлтрүүлсэн,

2007 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Баянгол дүүргийн шүүхийн 221 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 3 жил хорих ялаар,

2009 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 306 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 6 жил хорих ялаар тус тус шийтгүүлж, 2015 оны 2 дугаар сард хугацаа дуусч суллагдсан,

2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийнхэргийн анхан шатны шүүхийн 487 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний 550 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, , М.Б.

 

Шүүгдэгч М.Б нь 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 71 дүгээр байрны орчим хохирогч Д.Лыг мөргөж, биед нь эрүүнд зөөлөн эдийн няцрал, нэг шүдний булгарал, нэг шүдний сулрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-М.Б мэдүүлэхдээ:

Улсын яллагчийн уншиж сонсгосон яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн биед хөнгөн гэмтэл учруулсан гэсэн шинжээчийн дүгнэлттай танилсан. Хүлээн зөвшөөрч байна. Өөрийн гэм буруутай үйлдэлдээ маргах зүйл байхгүй.  Хохирогчид 470 000 төгрөгийн хохирол төлсөн. Одоо нэмж 1 000 000 төгрөгийг сар бүрийн цалингаасаа хувааж төлнө. Сонгинохайрхан дүүргийн шүүхээр 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн боловч торгуулийг төлөөгүй байгаа. Шүүхээс даалгасан хугацаанд нь төлж барагдуулна. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй гэв. 

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Д.Л мэдүүлэхдээ:

2020 оны 3 дугаар сарын 30-нд Азжаргалтай таараад хамт байж байхад Баярхүү ирсэн. Тэгээд Азжаргал, Баярхүү хоёр ажилтай гээд яваад ирсэн. Баярхүү Азжаргал, Баяраа бид дөрөв хамт Төмөр замын удирдах газрын урд нэг шил 0.75 литрийн архи хувааж уусан. Тэгээд дахиад архи уухаар болоод нэг шил 0.75 литрийн архи, нэрмэл архи, 1 литр айраг уухаар болоод Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 71 дүгээр байрны гадна Бат-Орших, Номин хоёртой таараад хамт уусан. Архи ууж байгаад Мандуул сальфетканд явлаа гээд явсан. Бат-Орших, Баярхүү хоёр юунаас болсныг мэдэхгүй, маргаад байсан. Тэгээд би “боль” гээд салгах гэхэд Баярхүү “та байж бай” гээд намайг “уулзъя” гээд араас тэвэрсэн. Намайг эргээд харахад шүд рүү мөргөсөн. Миний шүд унасан ба эрүү рүү нэг удаа өшиглөсөн. Ингээд цагдаа дуудаад цагдаа нар ирээд Баярхүүг эрүүлжүүлэхэд хийсэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Баярхүү надаас уучлалт гуйж эмчилгээний зардалд 470 000 төгрөг өгсөн.

Надад эмчилгээ хийлгэсэн талаар баримт байхгүй. Надад дахин эмчилгээ хийлгэх мөнгө өгнө гэсэн.

Баярхүү бид хоёр хоорондоо тохиролцсон. Одоогоор надад 470 000 төгрөг бэлнээр өгсөн бөгөөд тохиролцсоны дагуу үлдэгдэл мөнгөө өгөхгүй байгаа. Уг тохиролцсон мөнгөө яаралтай авах хүсэлтэй байна гэжээ. (хэргийн 11-12, 13-15, 60 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Ч.Б мэдүүлэхдээ:

Баярхүү бид хоёр архи ууж байгаад юунаас болж маргаснаа сайн мэдэхгүй байна. Тэгээд Лэгдэнбат “маргалдахаа боль” гээд салгаад Лэгдэнбатыг Баярхүү сугадаад хамт алхаж байсан. Тэгээд Баярхүү гэнэт Лэгдэнбатын шүд рүү нь мөргөчихсөн. Бид согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэжээ. (хэргийн 16 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Э.М мэдүүлэхдээ:

2020 оны 3 дугаар сарын 30-нд Баярхүү, Лэгдэнбат, Баяраа, Азжаргал дөрөвтэй таараад нэг шил 0.75 литрийн архи уусан. Тэгээд Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 71 дүгээр байрны гадаа нэрмэл архи, айраг уусан. Тэр үед Баярхүү, Бат-Орших хоёр маргасан. Тэр хоёрыг Лэгдэнбат салгаж байсан. Би хувцас муухай болсон байсан тул нойтон сальфетка авах гээд Баяраатай хамт дэлгүүр явсан. Дэлгүүрээс эргээд ирэхэд Лэгдэнбат “Баярхүүд цохиулсан” гээд шүд нь хугарчихсан, Лэгдэнбат шүдээ барьчихсан зогсож байсан гэжээ. (хэргийн 17 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Н мэдүүлэхдээ:

2020 оны 3 дугаар сарын 30-нд Баярхүү, Лэгдэнбат, Баяраа, Бат-Орших, Мандуул нар хамт байхаар нь хараад яваад очсон. Тэгэхэд Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 71 дүгээр байрны гадаа юунаас болсон юм мэдэхгүй маргаад Бат-Орших Баярхүү хоёр зууралдаад газар унасан. Тэгээд Лэгдэн ах салгах гэхэд Баярхүү Лэгдэн ахыг хавираад газар унагаасан. Тэгээд би Мандуул, Баяраа хоёрыг сальфетка аваад ир гээд явуулсан. Баярхүү, Лэгдэн ахыг “хамт явъя” гээд сугадаад явж байгаад мөргөсөн. Тэгэхэд Лэгдэн ахын амнаас нь цус гараад шүд нь газар унасан. Цаашаа маргаан зодоон болоогүй, цагдаа нар ирээд Баярхүүг эрүүлжүүлнэ гээд аваад явсан гэжээ. (хэргийн 18 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Э.А мэдүүлэхдээ:

2020 оны 3 дугаар сарын 30-нд Баярхүү, Лэгдэнбат, Баяраа, Бат-Орших, Мандуул бид нар архи, айраг, нэрмэл архи зэргийг хувааж уусан. Номин сүүлд ирж хамт уусан. Тэгээд Бат-Орших, Баярхүү хоёр хоорондоо юунаас болсныг нь мэдэхгүй маргаад байсан. Тэднийг Лэгдэнбат салгасан бөгөөд тэр үед Баярхүү, Лэгдэнбатыг “хамт явъя” гээд сугадаад алхаж байгаад мөргөчихсөн. Гэтэл Лэгдэнбатын шүд нь хугараад унасан ба амнаас нь цус гараад байсан. Цаашаа маргаан зодоон болоогүй, цагдаа нар ирээд Баярхүүг эрүүлжүүлнэ гээд аваад явсан гэжээ. (хэргийн 19 дүгээр хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 4296 тоот дүгнэлтэд:

1. Д.Лын биед эрүүнд зөөлөн эдийн няцрал, нэг шүдний булгарал, нэг шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна гэжээ. (хэргийн 26-27 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

М.Б 2006 оны 8 дугаар сарын 04-ний Баянгол дүүргийн шүүхийн 206 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3, 146 дугаар зүйлийн 146.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 5 жил 7 сар хорих ялаар шийтгэж, Өршөөл үзүүлэх тухай 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Монгол Улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д зааснаар өршөөн хэлтрүүлсэн,

2007 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Баянгол дүүргийн шүүхийн 221 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 3 жил хорих ялаар,

2009 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 306 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 6 жил хорих ялаар,

2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийнхэргийн анхан шатны шүүхийн 487 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний 550 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн гэжээ. (хэргийн 45 дугаар хуудас)

                                               

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч М.Б нь 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 71 дүгээр байрны орчим хохирогч Д.Лыг мөргөж, эрүүнд зөөлөн эдийн няцрал, нэг шүдний булгарал, нэг шүдний сулрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Л, гэрч Э.М, Б.Н, Э.А нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 4296 дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас М.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирогч нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэнтэй холбоотой нотлох баримтыг гаргаагүй бөгөөд эмчилгээний зардал болох 470 000 төгрөгийг хүлээн авсан. Гомдол саналгүй гэж мэдүүлсэн тул М.Бг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, учруулсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.    

 

Шүүгдэгч нь М.Бд хохирогчид 470 000 төгрөг төлсөн, нэмж 1 000 000 төгрөгийг төлөхөө илэрхийлж байгааг дурдав.

 

М.Б Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 487 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний 550 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлжээ.

 

Энэ шийтгэх тогтоолоор М.Бд 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 487 дугаар шийтгэх тогтоолоор түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний 550 000 төгрөгөөр торгох ял, энэ тогтоолоор оногдуулсан 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 2-т зааснаар тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч М.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Бг 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 2-т заасныг журамлан шүүгдэгч М.Бд энэ тогтоолоор оногдуулсан 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 487 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний 550 000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар 550 000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг М.Бд даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д заааснаар М.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тус тус дурдсугай.

 

6. Шүүгдэгч М.Б нь хохирогчид 1 000 000 төгрөг төлөхөө илэрхийлсэн болохыг дурдсугай.

 

7. Хохирогч Д.Л нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой цаашид гарсан эмчилгээний зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, М.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.ОЮУН