Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 467

 

 

 

 

 

 

 

 

      2020           5            07                                     467    

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: О.Бямбасүрэн, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхцэцэг,

шүүгдэгч: Ц.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол  дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Мад холбогдох эрүүгийн 2005 0094 40489 дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1993 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, кузов засварчин мэргэжилтэй, “Монгол” кузов засварын газарт засварчин ажилтай, сард 500 000-600 000 төгрөгийн цалинтай, ам бүл 6, ах, дүү нарын хамт, Ц.М.

 

Шүүгдэгч Ц.М нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 05 цагийн үед Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 11 дүгээр байрны В1 давхарын 6 тоот өрөөнд иргэн Т.Отгон-Эрдэнийг “хаалгаар гаргахгүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар алгадаж, газарт унагаан хоолойг нь боох зэргээр зодож, эрүүл мэндэд нь “дух, шанаа, хүзүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Ц.М мэдүүлэхдээ:

Улсын яллагчийн уншиж сонсгосон яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн биед учирсан гэмтлийг би учруулсан. Хохирогчоос уучлалт гуйж, “хохирол төлье” гэхэд “3 000 000 төгрөг авна, түүнээс бага мөнгө авахгүй” гэсэн. Би сард 500 000 төгрөгийн цалинтай. Надаас баримтаар хохирол нэхэмжлээгүй боловч би сайн дураараа 500 000 төгрөгийг төлнө. Хойшид дахин гэмт хэрэгт холбогдохгүй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.  

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Т.О мэдүүлэхдээ:

2020 оны 02 дугаар сарын 24-ны орой манай найз залуу Бат-Эрдэнэ намайг “хаана байгаа юм, уулзъя, хүрээд ирээч” гэсэн. Би гэрээсээ гараад 3, 4 дүгээр хорооллын эцсийн буудал дээр очиж, Бат-Эрдэнэ тэндээс намайг тосож авсан. Бат-Эрдэнэ бид хоёр түүний найзын гэр гэх Баянгол дүүргийн 13 дугаар хороо, хорооллын эцсийн “Е Март” дэлгүүрийн хашууд байрлах 11 дүгээр байрны подвальд очсон. Тэнд Бат-Эрдэний найз Мөөгий гэх залуу байсан. Намайг очих үед Бат-Эрдэнэ, Мөөгий хоёр архи, пиво уугаад сууж байсан. Тэгээд орой 11 цагийн үед тухайн байрны харуул гэх залууг оруулж ирээд юм ярьж сууж байгаад харуул залууг “архи уу” гэсэн чинь “үгүй, архи уухгүй” гэж хэлээд гарсан. Тэгээд Мөөгий гэх залуу архи авах гэж гарч яваад архи аваагүй орж ирээд нэг найзыгаа дуудсан бөгөөд найз нь удахгүй орж ирсэн. Тэгээд манай найз залуу Бат-Эрдэнэ сүүлд ирсэн найзтайгаа хамт архи авахаар Мөөгийгөөр дэлгүүр заалгаж гарч яваад буцаад “чиний зааж өгсөн дэлгүүр чинь биш байна” гэж орж ирсэн. Мөөгий, Бат-Эрдэнэ тэр хоёрт “буруу очсон байна” гэж дахин зааж өгөөд архи авахаар тэр хоёр дахиад явсан. Бат-Эрдэнийг найзтайгаа гарч явсны дараа Мөөгий гэх залуу бид хоёр үлдсэн. Тэгээд би утсаа цэнэглээд, орон дээр нь нүүрээ будаад сууж байсан чинь Мөөгий ирээд миний хөмсөг будаж байсан харандааг “наадах чинь юу юм бэ, би ч бас будаж үзье” гэж хэлээд миний гуяанд хүрсэн. Би тэр үед Мөөгийг “чи яагаад байгаа юм бэ, холдооч” гэж хэлээд орон дээрээс босоод цүнхээ аваад хаалга руу яваад гарах гэсэн чинь намайг гарахгүй хаалга хааж зогсоод байсан. Тэгэхээр нь би цүнхээ газарт тавиад Мөөгийг түлхээд “холд, би гарах гэж байна” гэж хэлсэн чинь “чи хаачих гээд байгаа юм, чамайг гаргахгүй” гэж хэлсэн. Би Мөөгийд “тэгвэл би цагдаа дуудлаа шүү” гээд цэнэглэж байсан утас руугаа явсан чинь Мөөгий гэрэл унтраагаад, намайг алгадаж газарт унагаж, миний дээрээс сууж хоолойг боосон. Би тэр үед Мөөгийгийн гарыг түлхэж болиулаад “намайг зүгээр явуулчих” гэж гуйсан чинь дахиад миний хоолойг боосон. Тэр үед Бат-Эрдэнэ хаалга тогшиж, намайг боохоо больж боссон. Тэгээд би бас босоод “намайг зүгээр явуулчих тэхүү” гэсэн чинь Мөөгий намайг жорлонгийн хаалганы урд дахин нэг удаа алгадаж, хаалгаа онгойлгосон. Хаалгаа онгойлгосон чинь гаднаас Бат-Эрдэнэ найзтайгаа хамт орж ирээд намайг тэвч, “яасан, юу болсон юм бэ” гэж асуусан тэр үед би Бат-Эрдэнийг түлхэж “чи ингэх гэж намайг дуудсан юм уу” гэж хэлсэн чинь “юу яриад байгаа юм бэ, би юу ч мэдэхгүй” гэж хэлсэн. Тэгээд “алив, эндээс гаръя” гэж хэлээд би өөрийнхөө утснаас гэр лүүгээ залгах гэсэн чинь Бат-Эрдэнэ миний утсыг авч таслаад “битгий гэр лүүгээ залга, би ч гэсэн асуудалд орно” гэж хэлээд “хоёулаа эндээс гаръя, би чамайг хүргээд өгье” гэж хэлээд Бат-Эрдэнэ бид хоёр сүүлд ирсэн найзтай нь хамт гарч явсан. Гадаа гараад Бат- Эрдэнийн найз нь таксинд сууж яваад Бат-Эрдэнэ намайг “тайвшир, хоёулаа ярилцъя” гээд хорооллын эцсээс 25 дугаар эмийн сан хүртэл бид хоёр алхаж явж байгаад зам дагуу байрны орцонд орж юм ярьсан. Бат-Эрдэнэ намайг “чи битгий цагдаад хэлээ, би бас цагдаа дээр жаахан асуудалтай байгаа” гэж хэлсэн. Тэгээд орцноос 06 цаг өнгөрч байх үед гарч такси бариад Бат-Эрдэнэ бид хоёр манай гэрийн үүднээс салсан. Тэгээд би гэртээ орж унтаад өглөө боссон чинь ээж миний нүүр хүзүүг хараад “юу болсон юм, үнэнээ хэл” гээд би ээждээ үнэнээ хэлээд, цагдаагийн байгууллагад хандах болсон. Би Мөнхбат гэх залууг танихгүй, тэр өдөр л танилцсан. Намайг ямар шалтгааны улмаас зодох болсон талаар нь би сайн мэдэхгүй байна. Ямар нэг өр авалга, өш хонзон байхгүй гэжээ. (хэргийн 9-12 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Д.Д мэдүүлэхдээ:

Миний охин Т.Отгон-Эрдэнийн сэтгэл санаа тогтворгүй, заримдаа огцом орилж, ууртай, урьд байснаасаа өөр хүүхэд болчихоод байна. Эрүүл мэндийн хувьд тухайн үедээ хүзүү хэсэг нь боолгосны улмаас улайсан, баруун талын хацар хавдсан, духан дээр нь халцарсан байсан. Одоогийн байдлаар шарх бүрэн эдгэрч хүзүүний хэсэгт сорви үлдсэн байгаа. Эмчилгээг гэрээрээ хийлгэсэн бөгөөд “хоолой өвдөөд байна” гэхээр нь өвчин намдаах эм авч уулгасан. Сэтгэл санаа нь тогтворгүй байгаа учир Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн эмчид үзүүлсэн. Тухайн эмч нь дүүргийн эмнэлэгтээ үзүүл гэсэн тул дүүргийн эмнэлэгтээ үзүүлсэн. Сэтгэцийн эмч нэг сар уух эм бичиж өгсөн. Т.Отгон-Эрдэнийн эмчилгээний зардалд одоогийн байдлаар хэдэн төгрөгийн зардал гарсан болохыг сайн санахгүй байна. Эмчилгээг өрхийн эмнэлэгт үнэ төлбөргүй үзүүлж байгаа. Нэг удаа 10 000 төгрөгөөр өвчин намдаах эм, лаа авсан. Өөр эмчилгээний зардал гэхээр зүйл байхгүй гэжээ. (хэргийн 19-20 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Ц.Б мэдүүлэхдээ:

...би 00 ороод эргэж гарч ирэхэд Мөөгий, Баярчулуунтай фэйсбүүкээр видео каллоор дуудаж байсан. Тэгсэн чинь Баярчулуун “яваад очъё” гэж хэлсэн. Ингээд Баярчулуун 03 цагийн үед ирсэн ба Отгон-Эрдэнэ бид хоёр хэвтэж байсан. Тэгсэн чинь тэр хоёр бид хоёрыг “босоод ир” гээд байхаар нь босоод очсон чинь “уух юм байхгүй байна шүү дээ, ойрхон шагийн юм байгаа, яваад ирье” гээд Мөөгий Баярчулуунтай ярилцаж байгаад Баярчулуун “тэгье” гэсэн. Тэгээд Мөөгий “Бат-Эрдэнэ, Баярчулуун та хоёр яваад ир, гурвуулаа юм ярьж сууя” гээд байсан бөгөөд “Тэргүүн төвөөс архи аваад ир, гараад байгаа” гэхээр нь Баярчулуун бид хоёр гараад байхгүй болохоор нь эргээд ороод ирсэн чинь Мөөгий Тэргүүн биш Тэнүүн ч гэлүү нэг нэр хэлсэн. Баярчулуун бид хоёр буцаж гарсан ба гарахдаа би Отгон-Эрдэнэд “чам руу Мөөгий ойртох юм бол зүгээр хашгираарай, шууд гараад ирээрэй” гэж хэлсэн. Тэгээд гараад дэлгүүр байхгүй болохоор нь удалгүй орж ирсэн ба орж ирэхэд Отгон-Эрдэнэ хашгирахаар нь Баярчулуун бид хоёр орох гэхэд хаалга онгойхгүй байсан тул хаалгыг нь нүдсэн чинь хаалга онгойсон. Бид хоёрыг ороход Мөөгий буйдан дээр суусан, Отгон-Эрдэнэ хажууд нь уйлчихсан, хүзүү нь улайсан байдалтай Отгон-Эрдэнэ “наадах чинь намайг боогоод байна” гэж хэлээд “ээжээ” гээд хашгираад байсан. Тэгэхээр нь би цүнх юмыг нь аваад Отгон-Эрдэнийг гэрт нь хүргэж өгсөн. Гэрт нь хүргэж өгөхөд 06 цаг болж байсан. Мөөгий 5-6 лаад пиво, би 3 лааз пиво, тэгээд нэг шил 0.33 билүү, 0.55 билүү санахгүй байна, Эва нэртэй архи хувааж уусан. Отгон-Эрдэнэ 1 лааз пиво л уусан байх. Мөөгий бид хоёр нэг их согтолттой байгаагүй гэжээ. (хэргийн 19-20 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Э.Б мэдүүлэхдээ:

Би Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 11 дүгээр нийтийн байрны 2 тоотыг хөлслөн суудаг юм. Шөнө унтаж байтал тамхи үнэртээд байхаар нь сэрсэн. Тэгээд хэвтэж байхад гадна хаалга нүдэж байгаад онгойлгож орж ирээд 6 тоотын хаалгыг “Мөөгий хаалгаа онгойлгооч” гээд орилоод байсан. Тэгэж байгаад удалгүй нэг охин “аллаа” гээд 1-2 удаа орилсон. Тэгэхээр нь би жижүүр рүү залгаж, хүмүүс шуугилдаад байна гэж залгасан. Тэр охин үүдэнд уйлж байгаад гараад явсан. Цааш юу болсныг мэдэхгүй гэжээ. (хэргийн 25 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 3019 тоот дүгнэлтэд:

1. Т.Отгон-Эдэнийн биед дух, шанаа, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэжээ. (хэргийн 29 дүгээр хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Ц.М ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 44 дүгээр хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

Шүүгдэгч Ц.М нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 05 цагийн үед Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 11 дүгээр байрны В1 давхарын 6 тоот өрөөнд хохирогч Т.Отгон-Эрдэнийг гэрээсээ гаргахгүй, маргалдан зодож, эрүүл мэндэд нь дух, шанаа, хүзүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Т.О, гэрч Д.Д, Ц.Б, Э.Б нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 3019 тоот дүгнэлт, гэрэл зураг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Ц.Мын холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирогч нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэнтэй холбоотой нотлох баримтыг гаргаагүй боловч шүүгдэгч нь хохирогчид 500 000 төгрөгийг сайн дураараа төлөхөө илэрхийлж байна.

 

           Хохирогч Т.О нь өөрт учирсан хохирлыг эмчлүүлэхтэй холбоотой цаашид гарсан эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

            1. Шүүгдэгч Ц.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Мыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1 000 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг Ц.Мад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ц.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Ц.М цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүгдэгч нь хохирогчид 500 000 төгрөг төлөхөө илэрхийлсэн болохыг дурдсугай.

 

7. Хохирогч Т.О нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой цаашид гарсан эмчилгээний зардлыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

           

            8. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Мад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН