Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 104

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,

         Нэхэмжлэгч: Увс аймгийн Зүүнхангай сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлтэй,

       Хариуцагч: Увс аймгийн Зүүнхангай сумын Хайрхан багт оршин суух, 1984 онд төрсөн, 32 настай, регистрийн дугаар ОЕ84071717, Дамдинсүрэнгийн Хуланшагай,

       Хариуцагч: Увс аймгийн Зүүнхангай сумын Хайрхан багт оршин суух, 1957 онд төрсөн, 59 настай, регистрийн дугаар ОЕ57051008, Ринчээгийн Гонгордорж нарт холбогдох,

        Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 2.595.163 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад, 

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч Зүүнхангай сумын Сум хөгжүүлэх сангийн зөвлөлийн дарга, Зүүнхангай сумын Засаг дарга Ж.Батбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагч нар нь 2013 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Сум хөгжүүлэх сангийн жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх хөнгөлөлттэй зээл 3.500.000 төгрөгийг жилийн 3% хүүтэй, 24 сарын хугацаатай төрийн сантай гэрээ хийж авсан билээ. Иргэн Д.Хуланшагай нь гэрээний 2.2, 2.3, 2.4, 2.11 дэх заалтуудыг зөрчсөн тул гэрээнд заасны дагуу үндсэн зээлийн үлдэгдэл, хүү, торгууль /алданги/ төлөх мэдэгдэл өгсөн. Зээлийн хугацаа хэтэрсэн бөгөөд бидний тавьсан шаардлагыг үл тоомсорлож байна. Иймд дээрх үндэслэл бүхий гэрээ, албан мэдэгдлийг биелүүлээгүй иргэн Дамдинсүрэн овогтой Хуланшагай, Ринчээ овогтой Гонгордорж нараас нийт 2.595.163 төгрөгийг гаргуулж төрийн сангийн 150655401 тоот дансанд хийлгэж, төрийг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

          Нэхэмжлэгч Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг дарга Ж.Батбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: “Иргэн Д.Хуланшагай, Р.Гонгордорж нар нь Сум хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл 2.452.898 төгрөг, хүү 142.268 төгрөг, нийт 2.595.163 төгрөгийг төлж барагдуулсан болно. Иймд тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэжээ.

        Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч Увс аймгийн Зүүнхангай сумын Сум хөгжүүлэх сан нь хариуцагч Д.Хуланшагай, Р.Гонгордорж нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 2.595.163 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

        Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Хуланшагай, Р.Гонгордорж нь нэхэмжлэгч Увс аймгийн Зүүнхангай сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 2.595.163 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байна. Иймд хариуцагч Д.Хуланшагай, Р.Гонгордорж нар нь нэхэмжлэгч Увс аймгийн Зүүнхангай  сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

      Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн Зүүнхангай  сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн ба хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлага 2.595.163 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 56.473 төгрөгийг тал хувиар бууруулан тооцож, хариуцагч Д.Хуланшагай, Р.Гонгордорж нараас 28.237 төгрөг гаргуулан төрийн санд оруулах нь зүйтэй. 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

       1. Нэхэмжлэгч Увс аймгийн Зүүнхангай сумын Сум хөгжүүлэх сангийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 2.595.163 /хоёр сая таван зуун ерэн таван мянга нэг зуун жаран гурав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Хуланшагай, Р.Гонгордорж нар биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

    2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн Зүүнхангай сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Хуланшагай, Р.Гонгордорж нараас улсын тэмдэгтийн хураамж 28.237 /хорин найман мянга хоёр зуун гучин долоо/ төгрөг гаргуулан төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулсугай.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                              Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ