Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 465

 

 

 

 

 

 

 

 

   2020           5           07                                    465           

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: С.Хонгорзул, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Марал,

хохирогч: Т.Э,

шүүгдэгч: С.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол  дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Бт холбогдох эрүүгийн 2005003680191 дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Увс аймгийн Зүүнхангай суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Гялбаа” авто угаалгын газарт угаагч ажилтай, 900 000 төгрөгийн цалинтай, ам бүл 1, Увс аймгийн Зүүнхангай сумын 2 дугаар баг, “Баянгол” гэх газарт оршин суух бүртгэлтэй боловч, одоо Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан  шатны нэгдүгээр шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 728 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, , С.Б.

 

Шүүгдэгч С.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 12 цаг 50 минутын үед Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Голден” барьцаалан зээлдүүлэх газраас иргэн Т.Эн гээгдүүлсэн бичиг баримтыг ашиглаж, түүний барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалсан АМD А-5 загварын зөөврийн комьпютерийг “манай найз охины зөөврийн комьпютер байгаа юм” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан иргэн Б.Цоос 390 000 төгрөгийн үнэ бүхий зөөврийн комьпютерийг залилан авч хохирол учруулсан,

Мөн 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Ц.Бод “манай найз охины барьцаанд тавьсан зөөврийн комьпютерийг ломбарднаас чөлөөлж 180 000 төгрөгөөр худалдан аваач гэж” итгүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Голден” нэртэй барьцаалан зээлдүүлэх газраас Т.Эн өмчлөлийн  АМD А-5 загварын зөөврийн комьпютерийг чөлөөлүүлэн авч улмаар уг комьпютерийг Ц.Бод өгөлгүй 150 000 төгрөгийг залилан авч хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-С.Б мэдүүлэхдээ:

Тухайн үед миний түрээслэж байгаа байрны түрээсийн хугацаа болоод мөнгөний хэрэгцээ гараад байсан бөгөөд ажил хийдэг боловч цалин буугаагүй байсан. Уг нь би хохирогчийн эд зүйлийг ломбардаас аваад өгнө гэж бодож байсан боловч боломж гараагүй. Дараа нь согтуу байхдаа тавьсан болохоор хаана, ямар ломбардад тавьснаа санахгүй байгаа. Эгч маань хохирол төлөөрэй гээд 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 390 000 төгрөг шилжүүлсэн. Гэхдээ 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс цагдан хоригдсон болохоор хохирогчид тэр мөнгийг өгч чадаагүй. Мөн 130 000 төгрөгийг хохирогч Ц.Бод өгөх дутуу байгаа. Харин хохирогчийн бичиг баримтыг Ардын хоршооны урд талын буудлын зарын цэгт өгөх гээд очсон боловч хаалттай байхаар нь цонхон дээр нь үлдээгээд явсан. Хохирогчийн хохирлыг өнөөдөр өгөх боломжгүй байгаа тул 7 хоногийн дараа төлөх хүсэлтэй байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу, дахин ийм хэрэг үйлдэхгүй гэв

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-Т.Э мэдүүлэхдээ:

Би 2020 оны 01 дүгээр сарын 10-ны орой бичиг баримтаа алдсан, 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 12 цагийн үед 8820-той дугаараас над руу залгаад танай нөхөр чинь нөүтбүүкээ авах гээд мөнгө нь дутсан гээд үлдээгээд явсан гэж хэлэхээр нь би цагдаад өргөдөл бичиж өгсөн. Миний нөүтбүүкийг 390 000 төгрөгөөр үнэлсэн байсан. С.Бийн эгч нь над руу залгаад “мөнгө шилжүүлье, дансаа өгөөч” гэж хэлж байсан. Гэхдээ би уг мөнгийг авахгүй нөүтбүүкээ авна. С.Б нь согтуу үедээ над руу орой үдшийн цагаар утсаар залгаж “янхан, гичий” гэж элдвээр харааж дарамталж байсан гэв.  

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Ц.Б мэдүүлэхдээ:

2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 12 цагийн үед комьпютер ланд дээр ажилтай байхад нэг үл таних залуу орж ирээд зөөврийн комьпютер ломбарданд тавьсан байгаа, чөлөөлж өгөөд хэдэн төгрөг нэмж өгөөд авчих, манай найз охины зөөврийн комьпютер байгаа юм гэсэн. Тэгээд би хамт яваад үзье гээд бид хоёр явсан. Очиход АМD А-5 загварын зөөврийн комьпютер байсан. Би ломбардын хүнд 130 000 төгрөг өгч уг нөүтбүүкийг авсан. Комьпютерийн эзэн гэх Батпүрэв нь надад нэмээд 50 000 төгрөг өгчих гэхээр нь бид хоёр ломбардаас гараад Гандангийн хойд автобусны буудалд байрлах АТМ руу явсан. Батпүрэв нь машинд үлдээд би мөнгө авах гээд АТМ руу яваад мөнгөө авж, ирэхэд Батпүрэв байхгүй байсан тул буцаж ломбардад очоод найз охин гэж хэлж байсан Энхманлайн дугаарыг асууж ярихад Батпүрэв гэх залууг худлаа хэлж байсныг мэдээд Энхманлай бид хоёр цагдаа дээр очиж өргөдөл өгсөн гэжээ. (хэргийн 12-14 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Б.Ц мэдүүлэхдээ:

2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 12 цаг 50 минут орчимд 2 залуу орж ирээд зөөврийн комьпютер авах гэсэн юм, хамт явж байгаа залуудаа зарна гэсэн. Нэг залуу нь “миний зөөврийн комьпютер биш, манай найз охины зөөврийн комьпютер байгаа юм” гээд “авъя” гэхэд нь би ломбардад тавьсан хүний бичиг баримтыг асуухад өөрийн бичиг баримттай хамт анх ломбардтай байгуулсан гэрээ болон ломбардад тавьсан хүний бичиг баримттай цуг наад гаргаж өгч үзүүлсэн. Би “ломбардын гэрээн дээр байгаа дугаар руу ярья” гэхэд тус эрэгтэй “утас нь холбогдохгүй байгаа, сүлжээгүй газар байгаа” гэж хэлсэн болохоор нь би залгалгүйгээр бичиг баримтыг нь үзээд тус барьцаанд тавьсан зөөврийн комьпютерийг өгч явуулсан. Манай байгууллагаас уг зөөврийн комьпютерийг 130 000 төгрөгөөр чөлөөлж авсан. Манай дотоод журамд эд зүйлээ барьцаанд тавьсан хүн өөрөө ирж авах боломжгүй, бичиг баримтаа гээгдүүлсэн тохиолдолд 1 цагийн дотор мэдэгдэх ёстой байдаг. Хохирогч эмэгтэй манай байгууллагад хандаагүй, хэдэн өдөр болсон байна лээ. Мөн манай байгууллага нь эд зүйлээ барьцаанд тавьсан хүнээс өөр хүн ирж тус эд зүйлийг авахаар ирэхэд барьцаанд тавьсан гэрээ болон бичиг баримт, өөрийн бичиг баримттай ирээд гэрээн дээр байгаа дугаар руу залгаж асууснаар өгөх журамтай гэжээ. (хэргийн 18-19 дүгээр хуудас)

     

“Голден” барьцаалан зээлдүүлэх газрын камерийн бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн тэмдэглэлд:

Хяналтын камер нь Голден барьцаалан зээлдүүлэх газрын үүдээр ороод ертөнцийн зүгээр зүүн дээд буланд дээрээс харсан байрлалтай байв. 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 12:48:59 секундэд саарал цамцтай, хар хөх өнгийн куртиктэй, малгай нь шар үстэй, хар саарал өнгийн женсэн өмдтэй, шар гуталтай /С.Б/, хөх цамцтай, хар саарал өнгийн малгайтай куртиктэй, цэнхэр жинсэн өмдтэй, хар гуталтай /Ц.Б/ нар орж ирж 12:49:06 секундэд Батпүрэв нь бичиг баримтыг ломбардын хүнд гарган өгч ярилцаж, 12:50:12 секундэд Ц.Б нь мөнгө гаргаж тоолон өгч, 12:52:10 секундэд хар цүнхтэй зөөврийн комьпютерийг шалган авч хоорондоо ярилцаж байгаад 12:58:55 секундэд буцааж цүнхэнд хийгээд 12:59:09 секундэд гарч явж байна гэжээ. (хэргийн 23 дугаар хуудас)

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд:

Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандалгын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 390 000 төгрөгөөр үнэлэв гэжээ. (хэргийн 25-26 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

С.Б нь Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан  шатны нэгдүгээр шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 728 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан гэжээ. (хэргийн 34 дүгээр хуудас)

 

                                                ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч С.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 12 цаг 50 минутын үед Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Голден” барьцаалан зээлдүүлэх газраас хохирогч Т.Эн гээгдүүлсэн бичиг баримтыг ашиглаж, түүний барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалсан “АМD А-5” загварын зөөврийн комьпютерийг “манай найз охины зөөврийн комьпютер байгаа юм” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилан авч, хохирогч Т.Эд 390 000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хохирогч Ц.Бод “манай найз охины барьцаанд тавьсан зөөврийн комьпютерийг ломбардаас чөлөөлж, 180 000 төгрөгөөр худалдан аваач гэж” итгүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Голден” нэртэй барьцаалан зээлдүүлэх газраас Т.Эн өмчлөлийн  “АМD А-5” загварын зөөврийн комьпютерийг чөлөөлүүлэн авч, улмаар уг комьпютерийг хохирогч Ц.Бод өгөлгүй 130 000 төгрөгийг залилан авч хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Т.Э, Б.Ц, Ц.Б нарын мэдүүлэг, “Голден” барьцаалан зээлдүүлэх газрын камерийн бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн тэмдэглэл, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан дэлгэрэнгүй хуулга зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.Бийн гэмт  үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг бусдыг хуурч, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1-д гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ гэж хуульчилжээ.

 

Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл эрүүгийн 2005003680191 дугаар хэрэгт хохирогчоор тогтоогдсон Б.Ц нь “АМD А-5” загварын нөүтбүүкийн хууль ёсны өмчлөгч биш, түүнчлэн тус гэмт хэргийн улмаас түүнд хохирол учраагүй тул түүнийг хохирогч гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Хохирогч Т.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс 390 000 төгрөг авахгүй, комьпютерээ биет байдлаар нь авна гэж байх боловч, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд “АМD А-5” загварын нөүтбүүкийг 390 000 төгрөгөөр үнэлсэн тул шүүгдэгчээс 390 000 төгрөг гаргуулан хохирогч Т.Эд,

шүүгдэгч С.Б нь хохирогч Ц.Бод учирсан хохирол болох 130 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлөхөө илэрхийлж байх тул 130 000 төгрөг гаргуулан хохирогч Ц.Бод тус тус олгохоор шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгч С.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 800 000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн тул түүний 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 9 хоногийн нэг хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар 15 нэгжтэй тэнцэх хэмжээний 15 000 төгрөгөөр тооцож, 135 000 төгрөгийг 800 000 төгрөгөөр торгох ялаас хасах нь зүйтэй. 

Түүнчлэн хэрэгт “Голден” барьцаалан зээлдүүлэх газрын камерийн бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл байх боловч тус бичлэгийг эд мөрийн баримтаар ирүүлээгүй болохыг дурдав.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, С.Б өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

            1. Шүүгдэгч С.Бийг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Бийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний 800 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар 800 000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг С.Бт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар С.Бт оногдуулсан 800 000 төгрөгөөр торгох ялаас энэ хэрэгт цагдан хоригдсон 9 /ес/ хоногийн нэг хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний 15 000 төгрөгөөр тооцож, 135 000 төгрөгийг хасаж тооцсугай. 

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар С.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдсугай.  

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч 9 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар С.Бээс

390 000 төгрөг гаргуулж, хохирогч Т.Эд,

130 000 төгрөг гаргуулан хохирогч Ц.Бод тус тус олгосугай.

 

            8. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Бт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН