| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2016/00881/И |
| Дугаар | 114 |
| Огноо | 2017-01-27 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 114
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Өндөрхангай сумын 5 дугаар баг, 4-9 тоотод оршин суух, 1987 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОН87111860, Засгууд овогт Отгонбаярын Энхсаруулын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан хөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанд холбогдох,
Жирэмсний болон амаржсаны тэтгэмж 2.424.603 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 09-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Энхсаруул, хариуцагч Хан хөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны дарга Б.Буянцог, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Энхсаруул шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Хан хөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанд байгалийн нөөцийн менежментийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Хамгаалалтын захиргааны Б-21 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Тухайн шийдвэр хууль бус байна гэж үзээд Увс аймаг дахь Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Улмаар Хан хөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны даргын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б-65 тоот тушаалаар ажилдаа эргэн орсон. Ажлаас чөлөөлөгдөх үед би жирэмсэн байсан. Жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ авах гээд Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хандахад нийгмийн даатгал 3 сар төлөгдөөгүй учир олгох боломжгүй, мөн жирэмсний амралт авч эмнэлгийн хуудас олгогдсоноос хойш 28 хоногийн дотор нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн тохиолдолд нийгмийн даатгалын сангаас жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгох ёстой байсан. Гэтэл ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй тохиолдолд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг ажил олгогч бүрэн хариуцах ёстой гэсэн хариу өгсөн. Иймд байгууллагаасаа гаргуулахаар даргадаа хэлэхэд манай байгууллагад өгөх боломж байхгүй төсөв байхгүй гэсэн хариу өгсөн учир шүүхэд хандаж байна. Тиймээс миний жирэмсний болон амаржсаны тэтгэмж болох 2.424.603 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53.743 төгрөг, нийт 2.478.346 төгрөгийг Хан хөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанаас гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч Б.Буянцог шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “О.Энхсаруулыг хамгаалалтын захиргаанд байгалийн нөөцийн асуудал хариуцсан дэс түшмэлийн ТЗ-5 ангиллын албан тушаалд төрийн жинхэнэ албан хаагч томилогдох хүртэл түр орлон гүйцэтгэгчээр ажиллуулж байсан болно. Увс аймгийн төрийн албаны салбар зөвлөл М.Ууганбаатарыг хамгаалалтын захиргааны байгалийн нөөцийн асуудал хариуцсан албан тушаалд томилуулах шийдвэр ирсний дагуу О.Энхсаруул ажлаас чөлөөлөгдсөн. О.Энхсаруулыг ажлаас чөлөөлсөн өдөр өөрийнх нь эзэмшиж байгаа ТЗ-2 ангиллын ажлыг санал болгосон боловч ажиллахгүй гэдгээ мэдэгдсэн. Энэ асуудлаар О.Энхсаруул Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхийн шийдвэрийн дагуу Хамгаалалтын захиргаа О.Энхсаруулд 3 сар 5 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин 1.867.360 төгрөг олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн. О.Энхсаруулын 2016 оны 12 дугаар сарын 08-ны нэхэмжлэл гаргах өдөр ажилгүй байсан хугацааны цалин олгогдосон ба нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй байсан болно. О.Энхсаруулын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн учраас нийгмийн даатгалын хэлтэст өргөдлөө гаргаад жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах боломжтой гэж үзэж байна. О.Энхсаруулыг ажлаас чөлөөлөгдөх үед жирэмсэн гэдгийг хамгаалалтын захиргаа мэдээгүй бөгөөд нийгмийн даатгалын шимтгэлийг бүрэн төлчихөөд дахин жирэмсний болон амражсаны тэтгэмж олгох хууль, эрх зүйн зохицуулалт байхгүй байна. Иймд О.Энхсаруулын жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг Нийгмийн даатгалын байгууллагаас гаргуулах нь хууль эрх зүйд нийцнэ гэж үзэж байна” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Энхсаруул нь хариуцагч Хан хөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанд холбогдуулан жирэмсний болон амаржсаны тэтгэмж 2.424.603 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Дэлхийн өв Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны даргын 2012 оны 10 сарын 01-ний өдрийн А-35 дугаар тушаалаар О.Энхсаруулыг Хан хөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны мэдэлд шилжиж байгаа гэсэн үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн ба нэхэмжэгч нь уг тушаалыг эс зөвшөөрч Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргажээ.
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 24 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч О.Энхсаруулын нэхэмжлэлийг хангаж, Хан хөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны даргын 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Б-21 дүгээр “Түр орлон гүйцэтгэгчийг албан тушаалаас чөлөөлөх тухай“ тушаал хууль бус болохыг тогтоон хүчингүйд тооцож, О.Энхсаруулыг Хан хөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны байгалийн нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоосон байна.
Уг шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч нь давж заалдах гомдол гаргасан боловч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 636 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсгүүдэд” гэснийг хасч өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Улмаар Хан хөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны даргын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б-65 дугаар тушаалаар ажилдаа томилогдсон байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 1-д “Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй” гэж, 24 дүгээр зүйлийн 4.1-д “...Жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах даатгуулагч эмнэлгийн хуудас авснаас хойш 4 долоо хоногийн дотор, хүндэтгэн үзэх шалтгаантай бол 6 сарын дотор” тэтгэвэр тогтоолгох өргөдөл, хуульд заасан холбогдох баримт бичгийг дээрх хугацаанд бүрдүүлж нийгмийн даатгалын байгууллагад өгөхөөр зохицуулжээ.
Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдөх үедээ жирэмсэн байсан бөгөөд О.Энхсаруулын жирэмсний амралт 2016 оны 8 дугаар сарын 15-наас эхэлж, 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр дуусах гэх жирэмсэн болон амаржсаны эмнэлгийн 0260743 дугаартай хуудас, жирэмсний амралт 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр эхэлж, 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр дуусах гэх жирэмсэн болон амаржсаны эмнэлгийн 0301837 дугаартай хуудсууд хэрэгт авагджээ.
О.Энхсаруул нь жирэмсний амралтаа 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн авсан боловч 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр охин Б.Энхчинг төрүүлж, дараагийн амралтаа 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн эдэлсэн байна.
Нэхэмжлэгч нь жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ гаргуулахаар тухайн үед Нийгмийн даатгалын байгуулагад хандахад “Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй” гэж заасан ба та сүүлийн 6 сард нь нийгмийн даатгалын шимтгэлийг тасралтгүй төлсөн гэх заалтыг хангаагүй учир тэтгэмж авах эрх үүсэхгүй байна гэсэн хариу өгчээ.
О.Энхсаруул нь шүүхийн шийдвэрээр албан тушаалдаа эгүүлэн томилогдсоны дараа байгууллагаараа нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлүүлж, дээрх зөрчлийг арилган Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хандахад “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 4.1-д заасан тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох өргөдөл гаргах, шийдвэрлэх хугацаны жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах даатгуулагч эмнэлгийн хуудас авснаас хойш 4 долоо хоногийн дотор бүрдүүлж өгнө” гэсэн заалтыг хангахгүй байгаа тул танд жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх үүсэхгүй байна гэсэн хариу өгсөн байна.
Ажил олгогч нь нэхэмжлэгч О.Энхсаруулыг хууль бусаар ажлаас чөлөөлснөөс түүний 2016 оноос 5 дугаар сараас хойшхи нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй болох нь Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 24 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 636 дугаар магадлалаар тогтоогдож байна.
Иймд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 4.1-д заасан хугацаа өнгөрсөн байх тул Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-д “Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө” гэж заасны дагуу хариуцагч Хан хөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанаас жирэмсний болон амаржсаны тэтгэмж 2.424.603 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Энхсаруулд олгож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар О.Энхсаруулын шүүхэд гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53.743 төгрөгийг төрийн сангийн 150000941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч Хан хөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанаас 2.424.603 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 53.743 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагч Хан хөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанаас жирэмсний болон амаржсаны тэтгэмж 2.424.603 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Энхсаруулд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсгүүдэд зааснаар энэхүү нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, нэхэмжлэгч О.Энхсаруулын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53.743 төгрөгийг төрийн сангийн 150000941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч Хан хөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанаас улсын тэмдэгтийн хураамж 53.743 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ