Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 2020/ШЦТ/142

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Д.Ганчимэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор

Шүүгдэгч Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ....... овогт Б-д холбогдох эрүүгийн 2021001430102 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ....... оны ..... дугаар сарын ......-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, ................. тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн шүүхийн 2001 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 1 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 4-т зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

- Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2002 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 124 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 3, 123 дугаар зүйлийн 3, 131 дүгээр зүйлийн 2-т тус тус зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж, Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 28 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 02 хоногийн ялаас хугацааны өмнө тэнсэн сулласан,

- Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2004 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн А/65 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 7 сарын хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

- Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, ..... овогт Б. /РД: ............/

 

Шүүгдэгч Б нь 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 18 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Ялалтын 4-04Б тоотод оршин суух, Ц-н байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж, хар мөнгөн ээмэг 1 хос, шар өнгийн гоёлын зүүлт, мөнгөн аяга 1 ширхэг, эрдэнэт хивс, “Самсунг С-5” маркийн гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 508.000 төгрөгийн хохирол учруулсан,

- мөн 2020 оны 02 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Ялалтын 3-08 тоотод оршин суух Б-ны гэрийн цоожийг эвдэж, хууль бусаар нэвтрэн орж, 100.000 төгрөг, ЛД маркийн зурагт /удирдлага/, ДДИШ төхөөрөмж, цахилгаан тогоо, ширээний цаг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 440.000 төгрөгийн хохирол учруулсан,

- мөн 2020 оны 03 дугаар сарын 02-ны орой 21 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Ялалтын ******* тоотод оршин суух, У-н гэрийн цоожийг эвдэж, хууль бусаар нэвтрэн орж, угаалгын машин, аккумлятор, соёрхол нэртэй архи зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг завдаж, 620.000 төгрөгийн хохирол учруулсан,

- мөн 2020 оны 02 дугаар сарын 22-ноос 27-ны өдрийн хооронд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Ялалтын ******* тоотод оршин суух, Ш-н монгол гэрийн хаалгыг хөшиж, хууль бусаар нэвтрэн орж, оёдлын машин, 32 инчийн “Монел” маркийн зурагт, гэрийн зүүн хойд талд байсан угаалгын машин, цагаан өнгийн хөлдөөгч зэргийг, мөн уг хашаанд амьдардаг О-н байшингийн цонхыг хөшин хууль бусаар нэвтэрч 3х4 хэмжээтэй хивс 1 ширхэг, 2х3 хэмжээтэй хивс 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.060.000 төгрөгийн хохирол учруулсан,

- мөн 2020 оны 02 дугаар сарын 29-нөөс 2020 оны 03 дугаар сарын 01-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг, Хивсний ******* тоотод байрлах иргэн Х-н гэрийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, чемодан, хүүхдийн хувцас зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 193.000 төгрөгийн хохирол учруулсан,

- мөн 2020 оны 02 дугаар сарын 21-нээс 23-ны өдрийн хооронд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Ялалтын ******* тоотод оршин суух, Э-н байшингийн цонхыг хагалж, хууль бусаар нэвтрэн орж, JAV маркийн 32 инчийн зурагт, чонын арьс, хүүхдийн сурагч цүнх, үзэг балны сав, шугам, цацраг телевизийн хүлээн авагч, хүүхдийн цай хоолны аяга зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 360.000 төгрөгийн хохирол буюу нийт 3.181.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Би үйлдсэн гэмт хэргүүдээ хүлээн зөвшөөрч байна. Нэмж хэлэх зүйл байхгүй…гэв.

 

Хохирогч Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдөр буюу шинийн 1-нд ...18 цагийн орчимд Хэрлэн сумын 10 дугаар баг, Ялалтын 11 дүгээр эгнээнд байх хүргэн *******ынд очихоор гэрээсээ гарсан. Гарахдаа гэрээ ил зүүдэг цоожоор цоожлоод гарч явахдаа хашааныхаа хаалгыг хааж орхиод явсан. Манай хашаа хажуу тийшээ гүйдэг хаалгатай. Хүргэн *******ынд очоод тэндээ 1 цаг гаруй болоод такси аваад гэрийнхээ хашааны гадна буусан. Биднийг хашааны гадна ирэхэд хашааны хаалгыг дотор талаас нь төмөр утсаар хүлчихсэн байсан. ...байшингийнхаа үүдэнд ирэхэд байшинг түгждэг цоожийг хөшиж, цүүг махийлгаад орхисон, байшингийн хаалганы хажуу талын фанераар таглаж хадсан цонхыг цөмлөж онгойлгосон, уг цонхны доод хэсэгт төмөр хувин уруу харуулаад тавьсан байсан. ...Өөрийн алдсан эд зүйлээ бүрэн бүтэн хүлээж авсан тул ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /1-р хх-ийн 17-21 тал/

Хохирогч Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Хэрлэн сумын 10 дугаар баг, Ялалтын 3-08 тоотод ганцаараа амьдардаг бөгөөд 2019 оны сүүлээс Хэрлэн сумын 9 дүгээр баг, 11-18 тоотод хүргэн Содхүүгийн гэрт хүүхдүүдийг нь хараад амьдарч байгаа. Хэрлэн сумын 10 дугаар баг, Ялалтын 3-08 тоотод байх гэртээ хааяа эргэж тойрч очдог. Хамгийн сүүлд 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гэртээ очиход гэрт байсан зурагт, ДДИШ кабелийн телевизийн төхөөрөмж, зурагтын хажууд байсан шар өнгийн металл 6 ширхэг хундагатай гүц, цартай цуглуулга, гэрийн хойморт байх авдарт байсан шатар дотор хийсэн 100.000 төгрөг алга болсон байсан. ...Алдагдсан эд зүйлээ авсан гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /1-р хх-ийн 69-70, 72-73 тал/

 

Хохирогч У мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 14 цагийн үед нөхөр Баттүвшин, 3-н хүүхдийн хамт хүргэн Ц.******* тээврийн хэрэгсэлтэй хөдөө Булган сумын 2 дугаар баг, Баяннуур гэх газар руу аав Г.******* очоод нэг хоноод маргааш орой 21 цагийн үед манай дүү болох ******* утсаар холбогдож “эгчээ гэрийн тань хаалгыг хөшөөд хулгай орсон харин хулгайчийг нь бариад цагдаа аваад явчихсан” гэж хэлсэн. ...Манай гэрээс аккумлятор, угаалгын машин, 2 ширхэг хивс, 1 ширхэг ээмэг бөгжний хослол 2 жилийн өмнө 70.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Эдгээр зүйлүүдийг хулгайлж байгаад үйлдэл дээрээ баригдсан юм байна лээ. ...Өөрийн алдагдсан эд зүйлийг бүрэн бүтэн хүлээж авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй...” гэжээ. /1-р хх-ийн 107-111 тал/

 

Хохирогч Ш мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Хэрлэн сумын 10 дугаар баг, Ялалтын ******* тоотод нөхөр, хүүхдийн хамт амьдардаг. 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 10 цагийн үед нөхөр, хүүхдийн хамт Сэргэлэн сум руу хөдөө явсан. 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 12 цагийн орчимд гэртээ ирэхэд хулгай орсон байдалтай гэрийн хаалга онгорхой байхаар нь ортол гэрийн баруун хойд талд орны хажуу талд байсан оёдлын машин, 32 инчийн “Монел” маркийн зурагт, гэрийн зүүн хойд талд байсан угаалгын машин, цагаан өнгийн хөлдөөгч зэрэг эд зүйл алдагдсан байсан. Манай хашаанд гэрийн хойд талд дүү байшин эзгүй байсан ба баруун талын цонх нь онгорхой цонхны доор хоёр ширхэг аяны сандал, хөнжил гаргаж тавьсан байсан. ...Алдсан юмаа олсон тул одоо ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэжээ. /1-р хх-ийн 155-156 тал/

 

Хохирогч О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр би Сэргэлэн суманд ажил дээрээ байж байсан чинь эгч залгаад “манай гэр болон танай гэрт хулгай орсон байсан. Бид нар танай гэрт орж чадахгүй байна гэхдээ цонхоор нь хулгай орсон юм шиг байна” гэсэн. Тэгээд би эгчтэйгээ утсаар яриад юу юу байсан талаар хэлэхэд 2 ширхэг хивс байхгүй болсон байсан. ...Би өөрийн алдагдсан хивсээ бүрэн бүтэн хүлээж авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /1-р хх-ийн 157-158 тал/

 

Хохирогч Х мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай гэрт 2020 оны 02 дугаар сарын 29-нөөс 03 дугаар сарын 01-нд шилжих шөнө 11 дүгээр баг, Хивсний ******* тоот хашаанд байрлах Монгол гэрийн маань хаалганы цүүг нь эвдэж хулгай орсон байдалтай болохоор нь цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Гэрт орж эд зүйлсийг бүртгэж үзэхэд гэрийн урд талд байсан шуудай гурил, авдар дотор байсан түрийвч, чемоданд байсан хувцас зэрэг эд зүйлс байхгүй, гэр орныг маань тараасан байдалтай, цахилгааныг маань тасалсан байсан. ...2 чемодан, мөнгөн ээмэг бөгж, яагаан өнгийн түрүүвч, улаан өнгийн түрүүвч, хүүхдийн хувцаснуудыг бүрэн бүтэн хүлээж авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /1-р хх-ийн 200-203 тал/

 

Хохирогч Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би З. болон гурван хүүхдийн хамт Хэрлэн сумын 10 дугаар баг, Ялалтын ******* тоотод 2019 оны 05 дугаар сараас амьдарч байна. 2020 оны 01 дүгээр сарын сүүлээр Чойбалсан сумын нутаг “Мөнхөт” гэх газарт хадам аавындаа амьдарч байгаа...2020 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 15 цагийн орчимд манай гэрийн зүүн талын цонх буюу гал тогооны өрөөний цонхыг хагалж, хулгай орсон талаар нөхрийн дүү нөхөр т утсаар хэлсэн байсан. 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр гэртээ ирээд эд зүйлсээ бүртгэж үзэхэд хананд байсан 32 инчийн зурагт, чонын арьс, унтлагын өрөөний дулааны шугамнаас өлгөсөн байсан хүүхдийн сурагч цүнх, үзэг балны сав, хичээлийн шинэ дэвтрүүд, шугам, хүүхдийн цай хоолны аяга, цацраг кабелийн телевизийн хүлээн авагч станц зэрэг эд зүйлс алдагдсан байсан. ...Би өөрийн хулгайд алдсан чонын арьс, үнэгний арьсаар хийсэн малгай 2 ширхэг, хүүхдийн цүнх, зурагт зэрэг эд зүйлийг бүрэн бүтэн хүлээж авсан тул ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /2-р хх-ийн 19-22 тал/

 

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлүүд /1-р хх-ийн 2, 60, 100, 146, 184, 250 тал/

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 3-6, 61-65, 101-104, 147-150, 185-187 тал, 2-р хх-ийн 1-5 тал/

- Эд мөрийн баримт хураан авах тухай Прокурорын тогтоол /1-р хх-ийн 7 тал, 2-р хх-ийн 6 тал/

- Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 8-9, 86-89, 218-221 тал, 2-р хх-ийн 9-11 тал/

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 10-12, 132-134, 222-225 тал, 2-р хх-ийн 12-15 тал/

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 13-14, 71, 135, 151-152, 226 тал, 2-р хх-ийн 16 тал/

- Гэрч мэдүүлэг /1-р хх-ийн 23-24, 167-168, 209-210 тал, 2-р хх-ийн 26-27 тал/

- Гэрч Б.*******гийн мэдүүлэг /1-р хх-ийн 112-114 тал/

- Гэрч мэдүүлэг /1-р хх-ийн 115-117 тал/

- Гэрч З.ын мэдүүлэг /2-р хх-ийн 31-33 тал/

- Эд зүйлийн үнэлгээнүүд /1-р хх-ийн 30-31, 80-81, 125-127, 174-175, 211-217 тал, 2-р хх-ийн 43-45 тал/

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 48-52 тал/

- Э.Б-н гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 25-27, 76-78, 122-124, 169-171, 206-208 тал, 2-р хх-ийн 28-30 тал, 41-46, 83-85, 139-141, 187-189, 242-244 тал, 2-р хх-ийн 54-56 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч ..... овогт Б нь 2020 оны 02 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Ялалтын 3-08 тоотод оршин суух, хохирогч Б-ны гэрийн цоожийг эвдэж, хууль бусаар нэвтрэн орж, 100.000 төгрөг, “LD” маркийн зурагт /удирдлага/, ДДИШ төхөөрөмж, цахилгаан тогоо, ширээний цаг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 440.000 төгрөгийн хохирол учруулсан,

- мөн 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 18 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Ялалтын 4-04Б тоотод оршин суух, хохирогч Ц-н байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж, хар мөнгөн ээмэг 1 хос, шар өнгийн гоёлын зүүлт, мөнгөн аяга 1 ширхэг, эрдэнэт хивс, “Samsung s-5” маркийн гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 508.000 төгрөгийн хохирол учруулсан,

- мөн 2020 оны 02 дугаар сарын 21-нээс 23-ны өдрийн хооронд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Ялалтын ******* тоотод оршин суух, хохирогч Э-н байшингийн цонхыг хагалж, хууль бусаар нэвтрэн орж, “JAV” маркийн 32 инчийн зурагт, чонын арьс, хүүхдийн сурагч цүнх, үзэг балны сав, шугам, цацраг телевизийн хүлээн авагч, хүүхдийн цай хоолны аяга зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 360.000 төгрөгийн хохирол учруулсан,

- мөн 2020 оны 02 дугаар сарын 22-ноос 27-ны өдрийн хооронд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Ялалтын ******* тоотод оршин суух, хохирогч Ш-н монгол гэрийн хаалгыг хөшиж, хууль бусаар нэвтрэн орж, оёдлын машин, “Мonel” маркийн 32 инчийн зурагт, гэрийн зүүн хойд талд байсан угаалгын машин, цагаан өнгийн хөлдөөгч зэргийг, мөн уг хашаанд амьдардаг хохирогч О-н байшингийн цонхыг хөшин хууль бусаар нэвтэрч 3х4 хэмжээтэй хивс 1 ширхэг, 2х3 хэмжээтэй хивс 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.060.000 төгрөгийн хохирол учруулсан,

- мөн 2020 оны 02 дугаар сарын 29-нөөс 2020 оны 03 дугаар сарын 01-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг, Хивсний ******* тоотод байрлах хохирогч Х-н гэрийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, чемодан, хүүхдийн хувцас зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 193.000 төгрөгийн хохирол учруулсан,

- мөн 2020 оны 03 дугаар сарын 02-ны орой 21 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Ялалтын ******* тоотод оршин суух, хохирогч У-н гэрийн цоожийг эвдэж, хууль бусаар нэвтрэн орж, угаалгын машин, аккумлятор, “Соёрхол” нэртэй архи зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг завдаж, 620.000 төгрөгийн хохирол буюу нийт 3.181.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Б, Ц, Э, Ш, О, Х, У, гэрч Б.Амгалан-Эрдэнэ, Б.*******, З.Ганзориг, З.ын нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримт хураан авах тухай Прокурорын тогтоол, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлийн үнэлгээнүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 хэсэгт  “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан байх тул Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс шүүгдэгч Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус тус зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэх нь шударга ёсны зарчим нийцнэ гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон байх тул шүүгдэгч Б-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Б-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

 

Шүүгдэгч Б-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б-н үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ц-т 508.000 төгрөгийн, хохирогч Б-д 440.000 төгрөгийн, хохирогч У-д 620.000 төгрөгийн, хохирогч Ш-д 800.000 төгрөгийн, О-т 260.000 төгрөгийн, хохирогч Х-д 193.000 төгрөгийн, хохирогч Э-т 360.000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд хохирогч нар нь “алдагдсан эд зүйлээ буцааж авсан учир шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Б-н ................ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс шүүгдэгч Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус тус зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б-г 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б-д оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Б-н ................ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Л.БАТЖАРГАЛ