Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 118

 

          Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

         Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, 9-10 тоотод оршин суух, 1962 онд төрсөн, 55 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОЭ62022072, Шаавай овогт Эрдэнийн Цэндсүрэнгийн,

      Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Цэндсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

      Нэхэмжлэгч Э.Цэндсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 1981 оноос эхлэн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт монтёроор ажиллаж эхэлсэн. Ингээд 1982 оны 6 дугаар сарын 10-наас 1985 оны 7 дугаар сар хүртэл цэргийн алба хаасан. Цэргийн албаа хааж ирээд 1985 оны 9 дүгээр сарын 16-наас Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт үргэлжлүүлэн монтёроор ажиллах болсон. 1995 онд Эрчим хүчний нэгдсэн үйлдвэр бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орж Баруун бүсийн эрчим хүчний систем болоход монтёр, борлуулалтын байцаагчаар ажиллах болсон. Дараа нь 1997 онд Баруун бүсийн эрчим хүчний систем нь Цахилгаан шугам сүлжээний газар болоход мөн л монтёр, борлуулалтын байцаагчаар 2000 оныг дуустал ажиллаад борлуулалтын байцаагчаар ажилласан. 2005 онд Цахилгаан шугам сүлжээний  газар нь Цахилгаан түгээх сүлжээ ХХК болоход борлуулалтын байцаагчаар ажиллаж байгаад 2008 оны 9 дүгээр сарын 28-наас 2009 оныг дуустал зуухны машинистаар ажиллаж байгаад 2010 оноос авлага барагдуулагчаар ажиллах болсон. Би тус компанид 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл ажилласан. Миний 1995 онд нээлгэсэн нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхдээ борлуулалтын байцаагч гэж буруу тэмдэглэснээс болж “хүнд нөхцөлөөр” тэтгэвэрт гарах боломжгүй болоод байна. Надтай хамт ажиллаж байсан монтёрууд бүгд хүнд нөхцлөөр тэтгэвэрт гарсан. Иймд монтёр, борлуулалтын байцаагчаар ажиллаж байснаа тогтоолгох шаардлагатай болсон. Миний бие нь 1995 оноос 2000 оны хооронд тус байгууллагад ажиллаж байх хугацаандаа борлуулалтын байцаагч, монтёроо давхар хийгээд явдаг байсан. Айл өрхийн цахилгааныг бичээд, хугацаандаа тогны төлбөрөө төлөөгүй айл өрх, аж ахуйн нэгжүүдийн тогийг таслаад, засвар үйлчилгээг нь хийдэг байсан. Иймд намайг 1981 оны 9 дүгээр сарын 01-нээс 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт монтёроор, Баруун бүсийн эрчим хүчний систем болон Цахилгаан шугам сүлжээний газарт монтёр, борлуулалтын байцаагчаар, Цахилгаан түгээх сүлжээ ХХК-д борлуулалтын байцаагч, зуухны машинист, авлага барагдуулагчаар ажиллаж байсныг тус тус сэргээн тогтоож өгнө үү. Намайг монтёроор ажиллаж байсныг гэрчлэх тэр үед надтай хамт ажиллаж байсан, одоо ч ажиллаж байгаа Ж.Баяннамсрай, Г.Заяабаяр нарыг гэрчээр асууж өгнө үү” гэв.

           Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч Э.Цэндсүрэн нь 1981 оны 9 дүгээр сарын 01-нээс 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл Эрчим хүчний нэгдсэн үйлдвэр, Баруун бүсийн эрчим хүчний систем, Цахилгаан шугам сүлжээний газар, Цахилгаан түгээх сүлжээ ХХК-д монтёр, борлуулалтын байцаагч, зуухны машинист, авлага барагдуулагчаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.

         Э.Цэндсүрэнд 1981 оны 6 дугаар сарын 27-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: “1981 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Увс аймгийн Эрчим хүчний үйлдвэрт монтёроор авч ажиллуулав, 1982 оны 6 дугаар сарын 10-ны өдөр цэргийн албанд явах болсон тул үүрэгт ажлаас нь чөлөөлөв, 1985 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Увс аймгийн Эрчим хүчний үйлдвэрт монтёроор авч ажиллуулав, 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр энэ хөдөлмөрийн дэвтрээр ажилласан хугацааг 509870 тоот цэргийн батлахыг үндэслэн бүгд 15 жил 2 сараар тооцов” гэжээ.

        Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 1995 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Э.Цэндсүрэнд олгосон 282067 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарт: “1995 оны 1 дүгээр сараас 2004 оныг дуустал сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, төлсөн шимтгэл бичигдсэн бөгөөд 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр Баруун бүсийн эрчим хүчний системд цахилгаан, борлуулалтын байцаагчаар, 1997 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Баруун бүсийн эрчим хүчний системд борлуулалтын байцаагчаар, 1997 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Улаангом сумын Цахилгаан шугам сүлжээний газарт байцаагчаар” гэжээ.

        Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2005 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Э.Цэндсүрэнд олгосон 634110 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарт: “2005 оны 1 дүгээр сараас 2010 оныг дуустал сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, төлсөн шимтгэл бичигдсэн бөгөөд 2005 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр Баруун бүсийн эрчим хүчний системд цахилгаан эрчим хүчний борлуулалтын байцаагчаар, 2008 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Цахилгаан түгээх сүлжээ ХХК-д зуухны машинистаар шилжүүлэн ажиллуулав” гэжээ.

           Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2011 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Э.Цэндсүрэнд олгосон 000127726 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарт: “2011 оны 1 дүгээр сараас 2014 оны 5 дугаар сарыг дуустал сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, төлсөн шимтгэл бичигдсэн бөгөөд 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Цахилгаан түгээх сүлжээ ХХК-ийн авлага барагдуулагчийн ажлаас чөлөөлөв” гэжээ.

         Увс аймгийн Цахилгаан түгээх сүлжээ ХХК-ийн захирлын 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 45 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалд: “...Ноцтой зөрчил гаргасан тул авлага барагдуулагч Эрдэнэ овогтой Цэндсүрэний хөдөлмөрийн гэрээг 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, ажлаас нь чөлөөлсүгэй” гэжээ.

         Увс аймгийн Цахилгаан түгээх сүлжээ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаар тодорхойлолтод: “Эрдэнэ овогтой Цэндсүрэн нь 1981 оны 9 дүгээр сарын 01-нээс 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хугацаанд манай компанид аж ахуйн нэгж хариуцсан монтёр, авлага барагдуулагчаар ажиллаж байсан нь үнэн болно” гэжээ.

        Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Ж.Баяннамсрай, Г.Заяабаяр нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Ж.Баяннамсрай “Миний бие нь 1989 оноос одоог хүртэл Эрчим хүчний нэгдсэн үйлдвэр буюу одоогийн Увс аймгийн Цахилгаан түгээх Сүлжээ ХХК-д дизельчин, гагнуурчин, монтёроор ажиллаж байна. Намайг тус байгууллагад анх дизельчнээр ажилд ороход Э.Цэндсүрэн нь монтёроор ажиллаж байсан. 1990 онд манай байгууллагын 3 байцаагч өндөр насны тэтгэвэрт гарахад Э.Цэндсүрэн нь монтёр, байцаагчаар ажиллах болсон. Э.Цэндсүрэн нь аж ахуй нэгж хариуцдаг монтёр, байцаагч байсан ба цаг хугацаанд нь тогны төлбөрөө төлөөгүй аж ахуй нэгж байгууллагын тогийг таслалт хийж, төлбөрөө төлсөн тохиолдолд тогийг буцаан залгаж хэвийн байдалд нь оруулан ажилладаг байсан. Э.Цэндсүрэн ажиллаж байх хугацаандаа 2008-2009 оны хооронд уурын зуухны машинистаар 1 жил ажиллаад, бусад хугацаанд нь тасралтгүй монтёр, байцаагчаар ажиллаж байсан. Э.Цэндсүрэн нь тус байгууллагад 2014 он хүртэл ажилласан болно. Тухайн үед Эрчим хүчний нэгдсэн үйлдвэр буюу одоогийн Увс аймгийн Цахилгаан түгээх Сүлжээ ХХК-ийн даргаар Дашдаваа, Цэвээнравдан, Наранчанга, Эрдэнэбаатар, Цэцэгмаа гэх хүмүүс ажиллаж байсан” гэж, гэрч Г.Заяабаяр “Миний бие нь 2004 оноос 2017 он  хооронд Увс аймгийн Цахилгаан түгээх Сүлжээ ХХК-д борлуулалтын инженер, ерөнхий инженерээр ажиллаж байна. Э.Цэндсүрэн нь намайг тус байгууллагад ажиллах үед монтёроор ажиллаж байсан бөгөөд шонгийн модон дээр авирч цахилгааны кабель шугам буулгах, засвар хийх зэрэг ажлуудыг хийдэг байсан. Э.Цэндсүрэн нь 2014 онд ажлаас чөлөөлөгдөж байсан. Тухайн үед Увс аймгийн Цахилгаан түгээх Сүлжээ ХХК-ийн даргаар Цэвээнравдан, Наранчанга, Эрдэнэбаатар, Цэцэгмаа гэх хүн ажиллаж байсан” гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбар болон нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарууд хэрэгт авагджээ.

       Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 1995 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Э.Цэндсүрэнд олгосон 282067 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарт түүнийг Баруун бүсийн эрчим хүчний систем болон Улаангом сумын Цахилгаан шугам сүлжээний газарт байцаагч, борлуултын байцаагчаар ажиллаж байсан талаарх бичилт хийгджээ.

     Гэвч нэхэмжлэгч нь 1995 оноос 2000 оныг дуустал монтёр, борлуулалтын байцаагчаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Цахилгаан түгээх сүлжээ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаар тодорхойлолт, гэрч Ж.Баяннамсрайгийн “Э.Цэндсүрэн нь аж ахуй нэгж хариуцдаг монтёр, байцаагч байсан ба цаг хугацаанд нь тогны төлбөрөө төлөөгүй аж ахуй нэгж байгууллагын тогийг таслалт хийж, төлбөрөө төлсөн тохиолдолд тогийг буцаан залгаж хэвийн байдалд нь оруулан ажилладаг байсан” гэх мэдүүлгээр нотлогдож байна.

        Түүнчлэн нэхэмжлэгч Э.Цэндсүрэн нь 1981 оны 9 дүгээр сарын 01-нээс 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 1981 оны 9 дүгээр сарын 01-нээс 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл Эрчим хүчний нэгдсэн үйлдвэр, Баруун бүсийн эрчим хүчний систем, Цахилгаан шугам сүлжээний газар, Цахилгаан түгээх сүлжээ ХХК-д монтёр, борлуулалтын байцаагч, зуухны машинист, авлага барагдуулагчаар ажиллаж байсан болох нь 1981 оны 6 дугаар сарын 27-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 1995 оны 2 дугаар сарын 20-ны өдөр олгосон 282067 дугаар, 2005 оны 6 дугаар сарын 27-ны өдөр олгосон 634110 дугаар, 2011 оны 2 дугаар сарын 16-ны өдөр олгосон 000127726 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарууд, Увс аймгийн Цахилгаан түгээх сүлжээ ХХК-ийн захирлын 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 45 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Увс аймгийн Цахилгаан түгээх сүлжээ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаар тодорхойлолт, гэрч Ж.Баяннамсрай, Г.Заяабаяр нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. 

         Иймд нэхэмжлэгч Э.Цэндсүрэнгийн хүсэлтийг хангаж, түүний Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт 1981 оны 9 дүгээр сарын 01-нээс 1982 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл, 1985 оны 9 дүгээр сарын 16-наас 1994 оныг дуустал монтёроор 10 жил 23 хоног, Баруун бүсийн эрчим хүчний системд 1995 оноос 1997 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл монтёр, борлуулалтын байцаагчаар 2 жил 3 сар, Цахилгаан шугам сүлжээний газарт 1997 оны 4 дүгээр сарын 01-нээс 2000 оныг дуустал монтёр, борлуулалтын байцаагчаар 3 жил 8 сар 29 хоног, 2001 оноос 2005 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл борлуулалтын байцаагчаар 4 жил, Цахилгаан түгээх сүлжээ ХХК-д 2005 оны 1 дүгээр сарын 01-нээс 2008 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл борлуултын байцаагчаар 3 жил 8 сар 26 хоног, 2008 оны 9 дүгээр сарын 26-наас 2009 оныг дуустал зуухны машинистаар 1 жил 3 сар 4 хоног, 2010 оноос 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл авлага барагдуулагчаар 4 жил 4 сар 27 хоног, нийт  29 жил 5 сар 19 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

            Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна. 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Шаавай овогт Эрдэнийн Цэндсүрэнгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт 1981 оны 9 дүгээр сарын 01-нээс 1982 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл, 1985 оны 9 дүгээр сарын 16-наас 1994 оныг дуустал монтёроор 10 /арав/ жил 23 /хорин гурав/ хоног, Баруун бүсийн эрчим хүчний системд 1995 оноос 1997 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл монтёр, борлуулалтын байцаагчаар 2 /хоёр/ жил 3 /гурав/ сар, Цахилгаан шугам сүлжээний газарт 1997 оны 4 дүгээр сарын 01-нээс 2000 оныг дуустал монтёр, борлуулалтын байцаагчаар 3 /гурав/ жил 8 /найм/ сар 29 /хорин ес/ хоног, 2001 оноос 2005 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл борлуулалтын байцаагчаар 4 /дөрөв/ жил, Цахилгаан түгээх сүлжээ ХХК-д 2005 оны 1 дүгээр сарын 01-нээс 2008 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл борлуултын байцаагчаар 3 /гурав/ жил 8 /найм/ сар 26 /хорин зургаа/ хоног, 2008 оны 9 дүгээр сарын 26-наас 2009 оныг дуустал зуухны машинистаар 1 /нэг/ жил 3 /гурав/ сар 4 дөрөв/ хоног, 2010 оноос 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл авлага барагдуулагчаар 4 /дөрөв/ жил 4 /дөрөв/ сар 27 /хорин долоо/ хоног, нийт  29 /хорин ес/ жил 5 /тав/ сар 19 /арван ес/ хоног ажиллаж байсан байдлыг тогтоосугай.          

        2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд  зааснаар нэхэмжлэгч Э.Цэндсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.   

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ