Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 461

 

 Л.Уранбайгалийн нэхэмжлэлтэй,

  иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,         

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2016/01549 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Л.Уранбайгалийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ болон анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 10/373 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунцэцэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч Л.Уранбайгалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Базаррагчаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2208 дугаар захирамжаар ”Этернопикко” ХХК, Өмнийн гурван говь ХХК-иудаас 1 089 172 950 төгрөг гаргуулж Хас банкинд олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч Н.Уранчимэгийн 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 3/30075 тоот мэдэгдлээр нэхэмжлэгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнийн 70% болох 112 000 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулах гэж байгааг 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр шуудангаас мэдэгдэл хүлээн авснаар мэдсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт дуудлага худалдаагаар худалдах эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоох.. гэж заасныг зөрчиж Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Өнөр хороолол, 2 дугаар байрны 176 тоот орон сууцны үнийн санал авалгүй үнэлгээ хийсэн байна.

Шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч болон өмчлөгчөөс үнийн санал авахдаа хэлсэн үнээс нь 70% бууруулна гэдгийг хэлээгүй. Шийдвэр гүйцэтгэх албаны энэ үйлдэл хууль бус бөгөөд мэдэгдлийг шууданд хийж үнэлгээний талаар болон дуудлага худалдааны талаар боломжит хугацаанд мэдэгдээгүй, 9 дүгээр сарын 30-ны өдөр болох худалдааг 9 дүгээр сарын 27-ны өдөр гэрт нь хүргэн өгсөн бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар дуудлага худалдаа явуулах тухай мэдэгдлийг Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт хүргүүлээгүй, дуудлага худалдаа явуулах тухай зарыг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр 14 хоногийн өмнө зарлаагүй тул үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ болон анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 10/373 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Одоо үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 10/373 тоот тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2208 дугаартай захирамжаар “Этернопикко” ХХК, “Өмнийн гурван говь” ХХК-иудаас 1 089 172 950 төгрөг гаргуулж Хас банкинд олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч “Этернопикко” ХХК, “Өмнийн гурван говь” ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Л.Уранбайгалийн өмчлөлийн Сонгонохайрхан дүүргийн 12 дугаар хороо 2 дугаар байрны 176 тоот орон сууцыг 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр битүүмжилж, 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хураасан. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2015 оны 9 дүгээр сарын 07, 10 дугаар сарын 16-ны өдөр өмчлөгч Л.Уранбайгаль, төлбөр төлөгч “Этернопикко” ХХК, “Өмнийн гурван говь” ХХК-д үнийн санал авах мэдэгдлийг хүргүүлэхэд өмчлөгч болон төлбөр төлөгч нар үнийн саналаа тус бүр 160 000 000 төгрөг гэж ирүүлсэн. Энэ үнийг төлбөр авагч зөвшөөрсөн тул барьцаа хөрөнгийг үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нарын харилцан тохиролцож тогтоосон үнэ 160 000 000 төгрөгийн 70%-иар тооцон 112 000 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоож анхны албадан дуудлага худалдаанд оруулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт заасны дагуу тогтоолыг 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүргүүлсэн. Дуудлага худалдаанаас 14 хоногийн өмнө Үндэсний шуудан сонинд зарлуулсан. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 10/373 тоот тогтоол нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч Л.Уранбайгалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Базаррагчаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2208 дугаартай захирамжийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад гаргасан 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 10/373 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах тухай Л.Уранбайгалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Базаррагчаагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж,  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хүртэл хугацаанд Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 06072 дугаар шүүгчийн захирамж хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Базаррагчаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2208 дугаар  шүүгчийн захирамжаар “Этернопикко” ХХК, “Өмнийн гурван говь” ХХК-иас 1 089 172 950 төгрөг гаргуулж, Хас банкинд олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр авагчийн хүсэлтээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа дараах ажиллагааг хууль бусаар явуулсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дугаар зүйлийн 34.3, Улсын дээд шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 43 дугаар тогтоолыг 4-т заасны дагуу гуравдагч этгээдийн эрх хөндөгдсөн тул дараах гомдлыг гаргаж байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч Б.Ариунцэцэг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж, ахлах шийдвэр гүйцэтгэгч Н.Уранчимэг 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 3/30075 тоот мэдэгдэлээр үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу хөндлөнгийн байгууллагаар үнэлгээ тогтоолгон 70 хувь болох 112 000 000 төгрөгөөр Л.Уранбайгалийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Өнөр хороолол, 2 дугаар байрны 176 тоот орон сууцыг анхны албадан дуудлага худалдаанд оруулах талаар мэдэгдлийг 2016 оны 9 дугаар сарын 28-ны өдөр шуудангаас хүлээн авсан. Гэтэл Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг зөрчиж, Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Өнөр хороолол, 2 дугаар байрны 176 тоот орон сууцыг үнийн санал авалгүй үнэлгээ хийлгэсэн болохыг мэдсэн. Шийдвэр гүйцэтгэх албаны энэ үйлдэл хууль бус бөгөөд мэдэгдлийг шууданд хийж, үнэлгээ гарсан болон дуудлага худалдааны талаар боломжит хугацаанд мэдэгдээгүй нь хууль бус болжээ.

...Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйл 34.3. 34.4 дэх хэсэгт заасны дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Л.Уранбайгалийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Өнөр хороолол, 2 дугаар байрны 176 тоот орон сууцыг хөндлөнгийн байгууллагаар хийлгэсэн үнэлгээ, 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 10 цагт анхны албадан дуудлага худалдаанд оруулах 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 10/373 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

          Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Л.Уранбайгаль нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ болон анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 10/373 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж маргажээ.

Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2208 дугаар захирамжаар Хас банкны нэхэмжлэлтэй, хариуцагч “Этернопикко”, “Өмнийн гурван говь” ХХК-иас 628 006,03 ам.доллар гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нь төлбөрийг 2013 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаар заасан хугацаанд төлбөрийг төлж, барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Уг захирамжид зааснаар хариуцагч нь шүүгчийн захирамжийг эс биелүүлбэл барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Кристал таун, Их Монгол улсын гудамж 801 дүгээр байрны 1107 тоот, улсын бүртгэлийн Ү-2204031205 дугаарт бүртгэгдсэн орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 2-176 тоот, улсын бүртгэлийн Ү-2201002983 дугаарт бүртгэгдсэн байр, Өмнөговь аймгийн Ханбогд сум, Цагаан хаданд байрлалтай ГД:0209073 дугаар бүртгэлтэй, 10га газар, Өмнөговь аймгийн Ханбогд сум, Цагаан хаданд байрлалтай ГД:0230889 дугаар бүртгэлтэй 10га газрын үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэсэн байна /хх-9-10/.

Шүүгчийн дээрх захирамжийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 15/38 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 2 дугаар байрны 176 тоот, засвар хийсэн, улсын бүртгэлийн Ү-2201002983 дугаарт бүртгэгдсэн, 4 өрөө орон сууцыг 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 150/15 дугаар тогтоолоор битүүмжилж, мөн оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 150/16 дугаар тогтоолоор хураан авчээ /хх-29, 31, 35/.

Дээрх үл хөдлөх хөрөнгийн дуудлага худалдаанд санал болгох үнийн саналыг авах талаар хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 3/28832 дугаар, 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 3/30611 дүгээр, 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 3/36064 дугаар мэдэгдлээр төлбөр төлөгч Л.Уранбайгальд /хх-44, 52-53/, 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 3/28836 дугаар, 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 3/30609 дүгээр мэдэгдлээр “Өмнийн гурван говь” ХХК-д /хх-45, 54/ мэдэгдсэн бөгөөд төлбөр төлөгч Л.Уранбайгаль, “Өмнийн гурван говь” ХХК-ийн төлөөлөгч Б.Дашдаваа нар 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 4 өрөө орон сууцыг 160 000 000 төгрөгөөр тус тус үнэлж буй саналаа ирүүлж /хх-55-56/, төлбөр авагч Хас банк ХХК нь 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 3а/1172 дугаар албан бичгээр 4 өрөө орон сууцыг 160 000 000 төгрөгөөр үнэлсэн, уг үнээр анхны албадан дуудлага худалдаанд оруулах саналаа ирүүлсэн байна /хх-57/.

Мөн хариуцагч нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар орон сууцны үнийг дээрх үнэлгээний 70 хувиар тооцож, 112 000 000 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон, төлбөр төлөгч нарт мэдэгдэл хүргүүлэн, тэмдэглэл үйлдсэн /хх-58-61/ байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй юм.

Үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 10/373 дугаар тогтоолоор анхны албадан дуудлага худалдааг 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 10 цагт явуулахаар мөн оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 3/30074 дүгээр мэдэгдлээр 6/135 дугаар тогтоол гаргаж, энэ тухай мэдэгдлийг төлбөр төлөгчид 9 дүгээр сарын 27-ны өдөр мэдэгдсэн байна /хх-86-87/.

Хариуцагчийн явуулсан дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах, хураахдаа түүний чанар, хэрэгцээ, элэгдлийн байдал болон төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө”, 37.2.2 дахь хэсэгт “төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу тохиролцоогүй бол үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ” гэж заасан журмыг зөрчөөгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Мөн хариуцагч байгууллага нь 2016 оны 10 дугаарсарын 28-ны өдрийн 10 цагт 2 дахь албадан дуудлага худалдааг зарласан бөгөөд 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 3/33099 дүгээр мэдэгдлээр төлбөр төлөгч Л.Уранбайгальд мэдэгдсэн байх тул анхны албадан дуудлага худалдааг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж,  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2016/01549 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

          

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           ШҮҮГЧИД                                         Ц.ИЧИНХОРЛОО   

                                                                                                                       Д.БАЙГАЛМАА