Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 040

 

 

 

 

 

2018 оны 04 сарын 13 өдөр

 Дугаар  110/ШШ2018/0040

Баян-Өлгий аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

            Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Н сумын 7 дугаар багийн оршин суугч А нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Н сумын Засаг даргад  холбогдох,

            “Н сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 113 дугаар захирамжийг хүчингүй болгох” тухай шаардлага бүхий  захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Тилеуберди, хариуцагч Н сумын Засаг дарга К.Хуаныш, хариуцагчийн өмгөөлөгч Х.Тасхын, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабек  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Хойшыбай овогтой Алтангүл Н сумын Санхүүгийн албаны даргаар ажилладаг. Ажил үүргийн хуваарьд заасны дагуу тус сумын бүх байгууллагын санхүүд хяналт тавих үүрэгтэй бөгөөд энэ үүргийн дагуу тус сумын бүрэн дунд сургуулийн санхүү, төсөвт багтааж ажиллах тухай хэд хэдэн удаа шаардлага тавьсан. Мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд ажил үүргийн хуваарийн дагуу шаардлага тавьсан боловч тус сургуулийн захирал болон дарга нар намайг хүнд суртал гаргаж бидний ажилд саад учруулж байна гэснээр Баян-Өлгий аймгийн Н сумын Засаг дарга 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 113 тоот захирамж гарган Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2-т заасныг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон ахлах сургуулиас удаа дараа гомдол ирүүлснийг болон төрийн жинхэнэ албан хаагчийн ёс зүйн хэмжээг алдаж, ажил тасалж зөрчил гарган албан үүргээ биелүүлээгүй тул А.Алтынгүлд албан тушаалын цалингийн хэмжээг 1 сар хүртэл хугацаагаар 20 хувь хүртэл хувиар цалинг бууруулах сахилгын шийтгэл ногдуулан шийдвэр гаргасан юм.

Нэхэмжлэгч А би уг гаргасан шийдвэрийг эс зөвшөөрч байгаа бөгөөд Баян-Өлгий аймаг дахь төрийн албаны зөвлөлд энэ талаар мэдэгдсэн боловч тус салбар зөвлөлд хандсан тус салбар зөвлөлөөс хянан шалгах боломжгүй байгаа гэсэн хариуг А.Серикболат дарга 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гаргасан бөгөөд уг шийдвэрийг тухайн үед авах гэсэн боловч сумын Засаг дарга ажлаас чөлөөлөхгүй байсаар уг шийдвэрийг 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээж авсан юм.

Н сумын Засаг дарга 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 113 тоот “Төрийн жинхэнэ албан хаагчийн ёс зүйн хэмжээг алдаж ажил тасалж албан үүргээ биелүүлээгүй” гэж ямар нэгэн зөрчил гаргаагүй байхад арга хэмжээ авч Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуульд заасан төрийн албан хаагч албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлж, хөдөлмөрлөсний төлөө төрөөс цалин хөлсөө бууруулахгүй бүрэн авах эрхтэй гэснийг зөрчиж миний цалинг үндэслэлгүй  бууруулсан тул зөрчигдсөн эрхийг минь сэргээж уг гаргасан хууль бус актыг хүчингүй болгоно уу.

Миний бие санхүү, төсвийн талаарх ямар нэгэн хууль, тогтоомж болон тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журамд өөрчлөлт орсон тохиолдолд тухайн байгууллагын төсөв хариуцагч болон төсөв хариуцсан нягтлан бодогч нарт танилцуулж, зөвлөгөө өгөх ёстой. Үүний дагуу би тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Х.Дөрбетхан, бүрэн дунд сургуулийн захирал Ч.Рая нарт хуулийн дагуу ажиллах талаар ажиллахыг шаардсан боловч  удаа дараа давтсан учраас 2017 оны 09 дүгээр сараас эхлэн бүрэн дунд сургуулийн гүйлгээг удаашруулсан нь үнэн байна.

Учир нь, Улсын Их Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 29 тоот тогтоолд өөрчлөлт оруулж бүх төсөвт байгууллагуудын чөлөөлөгдсөн болон өвчтэй, ажлаас гарсан ажилтан, албан хаагчдын оронд нөхөн ажилтан авахгүй, цалинг хэвээр хадгалах, төсвийг хооронд нь гүйлгэж зарцуулахгүй байх, оновчтой ажиллах гэсэн агуулгатай байсан ба үүний дагуу би албан тоотоор шаардлага хүргүүлсэн боловч бүрэн дунд сургуулийн захирал нь 10 дугаар сарын цалингаас өр барагдуулна гэж бүх ажилчдын цалингаас 11 хувийг суутган авч ирээд тэр мөнгийг нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн байгаа.

Тийм учраас би тухайн сарын гүйлгээг хийх байж байгаад 4 хоногийн дараа хийсэн ба энэ талаарх нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байгаа. Тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Дөрбетханы өргөдөлтэй холбогдуулан тайлбар хэлэхэд, Х.Дөрбетханы шүүхийн шийдвэрийн дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсвөөс авах нөхөн олговрын мөнгөний хувьд 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр шүүхийн шийдвэр гарсан ба миний бие 02 дугаар сарын 10-ны өдөр шийдвэрийг хүлээж авсан. Тэгээд 3 хоногийн дотор гүйлгээ хийх боломжгүй учраас шүүхийн шийдвэрийн дагуу гүйлгээ хийнэ гэж төлбөрийн хүсэлтэд гарын үсэг зурж гүйлгээ хийгээгүй. Эхлээд цалин хөлсийг олгож, дараа нь гүйлгээ хийх болно гэдгээ хэлсэн.

Гэтэл н.Дөрбетхан болон нягтлан бодогч К.Жамалхан нар таарамж муутай байсан учраас  К.Жамалхан нь гарын үсэг зурахаас татгалзсан учраас бид нарт гүйлгээ хийх боломж гараагүй юм. Санхүү албанаас ямар нэгэн байгууллагад гүйлгээ хийхдээ эхлээд төсвийн захирагч, тооцоо хариуцсан нягтлан бодогч хоёрын тооцоо нийлсэн төлбөрийн хүсэлтэд нэг, хоёрдугаар гарын үсэг зурсан материалын дагуу төрийн сангийн гүйлгээнд шивэлт хийх ёстой. Дараа нь миний гарт ирснээр би хянан баталгаажуулалт хийдэг журамтай. Гэвч миний гарт гарын үсэг зурж, тооцоо нийлсэн материал ирээгүй учраас би гүйлгээ хийх боломжгүй болсон. Түүнийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга гүйлгээ хийгдээгүй гэж сумын Засаг даргад хүсэлт гаргасан байна.

Тийм учраас энэ асуудлыг харгалзан үзэхийг хүсэж байна. Сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 113 захирамжийг хууль бус гэж байгаа үндэслэл маань би цаашид цалингийн урамшуулал авахад хүндрэлтэй бөгөөд миний бие тухайн сард ажлаа бүрэн гүйцэтгэсэн учраас тухайн сарын цалин хөлсийг бүрэн хэмжээгээр авах эрхтэй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, төрийн албаны хаагчийн баталгаагаар хангагдах зэрэг аливаа асуудалд сахилгын шийтгэл саад болно гэж бодож байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Тилеубердээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сумын Засаг дарга шийдвэр гаргахдаа А нарын маргааныг тал бүрээс  авч үзэх ёстой байсан боловч зөвхөн нэг талыг баримталсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон гаргасан шийдвэрээсээ харагдаж байна. Мөн Засаг дарга уг шийдвэрийг гаргаснаар Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт тэгш байдал, хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн гэсэн зарчмыг алдагдуулсан байгаа. Хоёрдугаарт, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “... бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах ...” гэж заасныг мөн адил зөрчсөн гэж үзэж байна.

Нэхэмжлэгч Аээс ямар үндэслэлээр арга хэмжээ авах гэж байгаа талаар Засаг дарга тухайн үед өөрт нь тайлбарлаад өгсөн бол бид нар өнөөдөр хүртэл маргаж явахгүй байх боломж байсан. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлд хандсан боловч хариуцагч тус зөвлөлд ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй, нэхэмжлэгчийг ажлаас халсан үндэслэлийг тайлбарлаж өгөөгүй. Энэ нь тус аймаг дахь салбар зөвлөлийн дарга А.Серикболатын тайлбараар нотлогдож байгаа. Тэгээд хариуцагч болон түүний өмгөөлөгчийн нэхэмжлэлд холбогдуулан шүүхэд гаргасан тайлбараас бид нар нэхэмжлэгчид ямар үндэслэлээр хариуцлага тооцсоныг мэдсэн.

Дараагийн асуудал бол Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-д заасны дагуу оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах эрхээр хангаагүй. Оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах эрхээр хангаж 10 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанд Аийг оролцуулах бүрэн боломжтой байсан. Мөн Засгийн газрын 1995 оны 97 тоот тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан тушаалтанд сахилгын шийтгэл оногдуулах энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-ын 4 дэх хэсэгт “... сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтооно, энэ талаар зөрчил гарагчид урьдчилан танилцуулсан байна ...” Засаг дарга зөрчсөн гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгөхийг шүүхээс хүсэж байна гэв.

Хариуцагч Н сумын Засаг даргаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...энэ захирамж, шийдвэрийг гаргахад хурал хийгээгүй, намайг оролцуулаагүй, хууль бус шийдвэр, захирамж гаргасан гэж үзэж байна..., ....Засаг даргын хууль бус гаргасан захирамжийг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

1. Маргаан бүхий акт буюу сахилгын арга хэмжээ авах тухай захирамжийг гаргахад сумын Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн бөгөөд Засаг даргын зөвлөлийн хурлаар А.Алтынгүлд холбоотой асуудлыг хэлэлцэх болохыг А.Алтынгүлийн өөрт нь удаа дараа амаар болон утсаар мэдэгдсэн боловч хуралд оролцохоос татгалзаж ирээгүй болно.

2. Нэхэмжлэгчээс маргаан бүхий захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан хэдий ч уг шийдвэрийг хүчингүй болгуулах тухай үндэслэл, энэ нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн зөрчсөнийг нэхэмжлэлдээ тодорхойлоогүй байх тул нэхэмжлэгчээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг 52.2-т зааснаар нэхэмжлэлдээ тодорхой тусган ирүүлээгүй гэж үзэж байна.

Хуулийн 52.5-д “...энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараах зүйл хамаарна...”, 52.5.1-д “...захиргааны актыг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөнийг, түүнийг хэрхэн шийдвэрлүүлэх...” зэрэг нь хамаарах тул хуульд заасан журмаар нэхэмжлэл, түүний үндэслэлийг нэхэмжлэлдээ тодорхой тусгаж ирүүлээгүй байх тул нэхэмжлэгчийн энэхүү нэхэмжлэл нь хуульд заасан бүрдүүлбэрийг хангаагүй байжээ. Нэгэнт, уг нэхэмжлэлийг хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа хэдий ч хуулийн 52 дугаар зүйлийг үндэслэн нэхэмжлэлийг буцаах бүрэн боломжтой. Түүнчлэн, маргаан бүхий захирамж нь хууль бус болохыг нэхэмжлэгч нотолж чадаагүй.                                                                                                                    

3. Маргаан бүхий акт болох 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 113 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжид тусгагдсан А.Алтынгүлийн зөрчлүүд нь хөндлөнгийн дараах нотлох баримтуудаар тогтоогддог. Үүнд, Баян-Өлгий аймгийн Аудитын газрын дарга, Тэргүүлэх аудиторын албан бичиг, Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас удаа дараа ирүүлсэн гомдол, Сумын ахлах сургуулиас ирүүлсэн гомдол,  Н сумын иргэн Х.Даулетбекийн гомдол, мэдээлэл, Н сумын иргэн Е.Хундызын гомдол зэрэг баримтуудаар А.Алтынгүлийн гаргасан зөрчлүүд нотлогдож байгаа.

4. А.Алтынгүл нь 2017 оны 10 дугаар сард ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгээгүй бөгөөд тухайн сард 16 цагийн ажил тасалсан үзүүлэлттэй бүртгэгдсэн.

            Дээрх үндэслэл тус бүрээр А.Алтынгүлийн зөрчил тогтоогдсон байх тул түүнд албан тушаалын цалингийн хэмжээг 1 сар хүртэл хугацаагаар 20 хувь хүртэл бууруулан шийдвэрлэсэн.

            Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч А.Алтынгүл Төрийн албаны тухай хуулийн 4.2.1-д “...захирах, захирагдах...”, 13 дугаар зүйлийн 13.1.5-д “...төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх...” гэж заасныг тус тус зөрчсөн байх тул хуулийн 26.1.2-т зааснаар арга хэмжээ авахаас өөр аргагүй байдалд хүрсэн болохыг дурдаж байна.

Иймд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

Нэхэмжлэгч А бид хоёр дээр үеэс танил, нэг сумын иргэд, дээрээс нь ойрын хамаатнууд учраас бид хоёрын дунд ямар нэгэн хувийн өс хонзонгийн асуудал байхгүй. Миний бие ажлаа аваад удаагүй байхад бүрэн дунд сургуулийн захирал Ч.Рая олон Санхүүгийн албаны дарга А нарын хооронд байнга маргаан гардаг байсан. Сар болгон гүйлгээ хийгдэх үеэр хоорондоо маргалдаж байгаад гүйлгээ хийгддэг байсан. Тийм учраас миний бие даргын хувьд мөн хамаатан, хөршийн хувьд Аийг би өрөөндөө дуудаж энэ талаар ойлгуулан хэлсэн байгаа. Мөн сургуулийн захирал Ч.Раяг дуудаж та нар хоорондоо маргаж болохгүй, ийм байдлаар төрийн ажил явагдахгүй та хоёр бие биеэ ойлголцох хэрэгтэй гэдгийг түүнд бас л хэлсэн.

Тэгээд Ч.Рая захирал надад “... А хувийн өс хонзонгоо төрийн ажилд оролцуулдаг. ... А нь миний охин дүүг ажилд томилж өгөөрэй гэж надад хүсэлт тавьсан ба би түүний хүсэлтийг биелүүлэхээр болсон боловч амлалтаа биелүүлж чадаагүй учраас бид хоёрын хоорондоо ийм маргаан үүссэн ...” гэж хэлсэн байдаг. Дээрээс нь зөвхөн бүрэн дунд сургуулийн захирал бус манай сумд үйл ажиллагаа явуулдаг бүх сургуулийн захирлуудад ийм байдлаар хандсан байна. Мөн хэд хэдэн удаа иргэдээс Аийн талаар өргөдөл, гомдол ирж байсан. Сумын Засаг даргыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас сонгож, огцруулдаг бөгөөд тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 Тэргүүлэгчээс Аээс арга хэмжээ авч хариу ирүүлээрэй надад гэж 2 удаа албан даалгавар ирүүлсэн.

Мөн Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газраас танай сумын Санхүүгийн албаны дарга А 2016 оны эцсийн байдлаар ажлын тайлангаа тавих үед ажлын алдаа гаргасан нь тогтоогдсон учраас зохих арга хэмжээ авч тухайн жилийн 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хариу ирүүлээрэй гэсэн албан бичиг ирүүлсэн. Гэвч миний бие эдгээр эрх бүхий байгууллага, албан тушаалтнуудаас ирүүлсэн албан даалгавруудын дагуу Ад арга хэмжээ аваагүй, түүнийг харгалзан үзсэн. Гэтэл нэхэмжлэгч А нь хоёр хоног ажил тасалсан, ёс зүйн зөрчил гаргасан учраас арга хэмжээ авсан байгаа.

Тэгээд Ад утсаар болон фейсбуук хуудсаар харилцаж, та хоёр хоног ажлаас тасалсан ажил олгогчид мэдэгдэхгүйгээр дур мэдэн явсан гэдгийг хэлж байсан. Үүнийг нэхэмжлэгч өөрөө сайн мэдэж байгаа. Хоёр хоног ямар нэгэн шалтгаангүйгээр, ажил олгогчид мэдэгдээгүй ажил тасалсан ажилтанд ямар арга хэмжээ авдаг вэ гэдгийг хууль мэддэг хүнээс асууж ирээрэй гэж хэлж байсан. А бид хоёр ойрын хамаатан гэж би сая хэлсэн. Ямар төрлийн холбоотой вэ гэвэл, миний дүүгийн эхнэр нь Аийн төрсөн дүү нь байгаа. Тэр үед А нь миний дүүгийн фейсбуукээр харьцаж надад хариу өгч байсан. Төрийн байгууллагын ажил өглөө 8 цагаас эхэлдэг, А ер нь 10 гэж ажилдаа ирдэг хүн байгаа. Би ажил олгогчийн хувьд эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан, мөн нэхэмжлэгч Аийн хувийн байдлыг харж үзээд 1 сарын цалин хөлсийг 20 хувиар бууруулах арга хэмжээ авсан байгаа гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Х.Тасхынаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хэргийн оролцогчийн гаргасан тайлбараас үйл баримт тодорхой харагдаж байна. Маргаан бүхий актад нэхэмжлэгч ажил тасалсан, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон иргэдээс энэ талаар удаа дараа өргөдөл, гомдол ирүүлсэн, төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчсөн гэж үзэж тус сумын Засаг даргын Тамгын Газрын Санхүүгийн албаны дарга Ад  хариуцлага тооцсон байна. 2017 оны 10 дугаар сарын 17-18 өдрүүдэд ажил тасалсан гэдгийг нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрсөн, зайлшгүй шаардлагатай ажил гарсан учраас чөлөө өгөхийг хүсэж амаар мэдэгдсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар нотлогдохгүй байна.

Цагдаагийн байгууллагаас өгсөн албан шаардлага эсхүл мэдэгдлийг хавсарган чөлөө авах хүсэлтээ албан ёсоор бичгээр гаргасан тохиолдолд түүний тайлбар нотлогдох ёстой байсан. Хоёрдугаарт, Захиргааны ерөнхий хуульд зааснаар Засаг дарга сонсох ажиллагаа явуулах гэсэн боловч нэхэмжлэгч сонсох ажиллагаанд оролцохоос татгалзсан. Сонсох ажиллагааны талаар мэдэгдлийг сумын Засаг даргын нарийн бичиг Е.Хундыз нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр үйлдээд Засаг даргаар баталгаажуулан хүргүүлсэн байгаа. Мөн сонсох ажиллагааны талаар утсаар мэдэгдэж тэмдэглэл үйлдсэнийг нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрсөн учраас сонсох ажиллагаа явуулаагүй гэх нэхэмжлэгч талын тайлбар үүгээр няцаагдаж байна.

Дээрээс нь нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс бид нар ямар үндэслэлээр хариуцлага тооцсон талаар бид өнөөдөр хүртэл явахгүй байсан гэж тайлбарлаж байна. Үүнээс үзэхэд нэхэмжлэгчид тухайн үед гаргасан зөрчлийг мэдэгдсэн бол тэр хүн өөрөө гаргасан зөрчлийг ухамсарлаад маргахгүй байсан гэдэг тайлбар гаргаж байна гэж ойлгож байна. Оролцогчид хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тайлбар гаргаж мэтгэлцэх ёстой. Н сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн сахилгын шийтгэл оногдуулахыг үүрэг болгосон 42 тоот тогтоол, Е.Хундыз, Х.Даулетбек нарын гомдол зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан. Е.Хундыз нь зөрчил гаргасан гэдгийг цагдаагийн байгууллагаас шалган тогтоосон боловч төрийн албан хаагч нарын ийм байдлаар цагдаагийн байгууллагад очиж мэдүүлэг өгөөд, зөрчил гаргасан гаргаагүй гэж маргаж байгаа нь өөрөө төрийн жинхэнэ албан хаагчид байж боломгүй зүйл гэдгийг нэхэмжлэгч ухамсарлан ойлгох учиртай.

Мөн Чихтэйн бага сургууль болон Ховд бага сургуулийн захирлын өргөдөл, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол болон бусад иргэдээс өргөдөл ирүүлсэн байхад Ад хариуцлага тооцохоос өөр арга байгаагүй.  Хариуцагчаас би нэхэмжлэгчтэй төрөл садны холбоотой, хувийн зорилгоор хариуцлага тооцох сонирхол байхгүй гэж тайлбарласан. Миний харж байгаагаар энэ нь ажлаас халах хэмжээний зөрчил байсан ба цалин хөлс бууруулах арга хэмжээ авсанд нэхэмжлэгч баярлах ёстой гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн өнөөдөр хүртэл гаргасан зөрчлийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байгаа байдал нь үнэхээр төрийн албан хаагчийн ёс зүй, захирагдах, захирах зарчимд нийцэхгүй байна.

Мөн зөвхөн бичиг хэрэгт 16800 төгрөг зарцуулах эрх олгосон, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Х.Дөрбетхан, нягтлан бодогч К..Жамалхан нарын гарын үсэг зураагүй үйлдэл нь 01 дүгээр сараас 12 дугаар сар хүртэл үргэлжлэх үү, 3, 4, 5 дугаар саруудад огт гүйлгээ хийгдэхгүй байж байгаад 12 дугаар сард бүтнээр нь хийгдсэн үйлдэл нь нэхэмжлэгч төрийн байгууллагын үйл ажиллагааг алдагдуулж ирсэн нь тодорхой харагдаж байна. Тийм учраас сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй байна. Дээрээс нь 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр маргаан үүсгэж төрийн албан хаагчийн зүй бусаар харьцсан гэдэг үйлдэл нь үүгээрээ тогтоогддог. Нэхэмжлэгчийн ажил тасалсан зөрчлөөс авхуулаад бусад бүх зөрчил нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэсэн саналтай байна гэв.

 

                                                 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Аээс Н сумын Засаг даргад холбогдуулан  “Н сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 113 дугаар захирамжийг[1] хүчингүй болгуулах” тухай гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгт цугларсан нотлох баримт, хэргийн оролцогчдын тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлж дүгнэсний үндсэн дээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.   

Хариуцагч нь 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 113 дугаар захирамжаар сумын Засаг даргын Тамгын газрын Санхүү албаны дарга Аийн цалинг нэг сар хүртэл хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэлийг ногдуулахдаа   Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан “Нөхцөл байдлыг тогтоох”, 25 дугаар зүйлд заасан “Нотлох баримтыг цуглуулах”, 26 дугаар зүйлд заасан “ Оролцогчийг сонсох”,  түүнчлэн Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 129 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам”-ын 2.2, 2.5.2-д заасныг тус тус зөрчсөн, үүний улмаас нэхэмжлэгчийн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-т заасан “төрийн албан хаагчийн цалин хөлс ... авах” нэмэгдэл баталгаагаар хангагдах эрх, 28 дугаар зүйлд заасан “Төрийн албан хаагчид албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно” гэх цалин хөлсөө  авах эрх нь тус тус зөрчигдсөн гэж дүгнэлээ.

Хариуцагч сумын Засаг дарга нь сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэлээ “нэхэмжлэгчийн талаар Н сумын иргэн Х.Даулетбек болон  Е.Хундыз, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Ахлах сургууль зэрэг иргэд, байгууллагаас удаа дараа ирүүлсэн гомдол,  ажил тасалж, албан үүргээ биелүүлээгүй байдал зэргийг үндэслэн Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2-т заасныг баримтлан сахилгын шийтгэл ногдуулсан” гэж тайлбарласан.

Мөн шүүхэд нотлох баримтаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 42 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулахыг үүрэг болгох тухай “ тогтоол[2], Хурлын нарийн бичгийн дарга Х.Дөрветханы 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 22 дугаар “Хүсэлт тавих тухай” албан бичиг[3], Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 73 дугаар “Хариуцлага тооцохыг үүрэг болгох тухай” тогтоол[4], сумын Засаг даргын Тамгын газрын албан хаагчдын 2017 оны 10 дугаар сарын цагийн баланс, бүртгэл[5], Ш.Рая, Х.Авлаш, Е.Хундыз, Х.Даулетбек нарын гаргасан гомдлыг тус тус ирүүлжээ. 

Нэхэмжлэгч Аийн гаргасан гэх зөрчлүүд нь Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 5.1.2-т заасан “Хөдөлмөрийн хууль, байгууллагын дотоод журамд заасны дагуу ажлын цагийг бүрэн, үр бүтээлтэй ашиглах”, 5.3.1-т заасан “албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ иргэд, үйлчлүүлэгч, хамтран ажиллагсадтайгаа эелдэг, адил тэгш, хүлээцтэй хүндэтгэлтэй харилцаж, төрийн үйлчилгээг чирэгдэл, ялгаварлалгүйгээр хөнгөн шуурхай хүргэх” гэсэн ёс зүйн хэм хэмжээнд хамаарч байна.

“Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам”-ын  /цаашид журам гэх/ 1.2-т “төрийн байгууллага нь төрийн захиргааны албан хаагчийн  ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай  гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэхдээ ... энэхүү журмыг баримтална” гэж заасан.

Аийн талаар иргэд, байгууллагаас сумын Засаг даргад ирүүлсэн гомдлыг 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэр гаргасан нь журмын 2.2-т заасан “Ёс зүйн хороог ... Төрийн албаны салбар зөвлөлгүй төрийн байгууллагад томилох эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр 3-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэйгээр ... байгуулж, Ёс зүйн хорооны даргыг томилно”, мөн Ёс зүйн хорооны эрх, үүргийг заасан  2.5.2-т  “гомдол, мэдээлэлд холбогдох төрийн захиргааны албан хаагч болон түүний харьяалах төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан, гомдол, мэдээлэл гаргагчтай уулзаж, тэдний тайлбар, саналыг сонсох, холбогдох нотолгоо, материал, баримт бичгийг шаардан авах”, 2.5.4-т  “ гомдол, мэдээллийг шалгасан тухай дүнг хуралдаанаараа хэлэлцэж, гишүүдийн олонхийн саналаар дүгнэлт гаргах...” гэсэнтэй тус тус нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл,  захиргааны албан хаагчийн хувьд  ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэж иргэд, байгууллагаас ирүүлсэн  өргөдөл, гомдлыг шалган шийдвэрлэх  эрх хэмжээ нь сумын Засаг даргын дэргэдэх зөвлөлд бус, харин тухайн байгууллагын харьяа Ёс зүйн хороонд байх ба хэрэв Ёс зүйн хороо байхгүй тохиолдолд журмын 2.4-т зааснаар аймаг дах Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл бүхий төрийн байгууллагын Ёс зүйн хороо шалган тогтоож, дүгнэлт гаргах ёстой байжээ.

Түүнчлэн хариуцагч нь зөвхөн иргэд, байгууллагын гомдлыг үндэслэн шийдвэр гаргасан байх бөгөөд энэ нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан “... шударга ёс, ... тэгш байдлыг ... хангах, хууль дээлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн”, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т заасан “...шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох”, 24.2-т заасан “ ...бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.4-т заасан “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй...” гэснийг тус тус зөрчсөн гэж үзлээ.

Тодруулбал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Х.Дөрветханы хүсэлт,  иргэн Ш.Рая,  Х.Авлаш, Е.Хундыз, Х.Даулетбек нарын гомдолд тусгагдсан нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчлүүдийг болон  2017 оны 10 дугаар  сард 2 хоног хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэх зөрчлийг тус тус нотлох баримт цуглуулах замаар  бодит нөхцөл байдлыг шинжлэн судлах,  зөрчил бүрд нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа эсэхийг  тогтоох, нэхэмжлэгчийн оролцоог хангаж, түүнээс  санал, тайлбар гаргах боломжийг олгох зэрэг шалган тогтоох  ажиллагааг явуулахгүйгээр шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагч талаас Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу “сонсох ажиллагааг явуулсан боловч нэхэмжлэгч ирээгүй” гэж тайлбарлан шүүхэд 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр үйлдэгдсэн гэх “Сонсох ажиллагааны талаарх оролцогчдод мэдэгдэх хуудас”-ыг[6] нотлох баримтаар ирүүлсэн, уг мэдэгдэх хуудасны зорилго хэсэгт “иргэн Е.Хундыз, Х.Авлаш, Х.Даулетбек, Ш.Рая, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, хүсэлтийн талаарх асуудлыг хэлэлцэнэ...” гэж тусгажээ.

Сумын Засаг даргад иргэн Е.Хундыз, Х.Даулетбек нар нь 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гомдол гаргасан, уг гомдолд зөрчил гаргасан гэх огноо 2017 оны 10 дугаар сарын 14-ны өдөр  гэж тусгагдсан, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Х.Дөрбетханы хүргүүлсэн хүсэлт 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр бичигдсэн зэргээс дүгнэхэд зөрчил гаргаагүй үед буюу   2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөр бичигдсэн сонсох ажиллагааны мэдэгдэх хуудсыг  дараа нь нөхөж   бичсэн гэж үзэх үндэслэлтэй ба үүгээр сонсох ажиллагаа явуулсан гэж үзэх боломжгүй  байна.

Мөн хариуцагчаас шүүхэд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас удаа дараа Ад холбогдуулан гомдол гаргасан гэж тайлбарласан бөгөөд хэрэгт авагдсан Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 42 тогтоолыг үндэслэл болгож 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр  сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй, өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасан “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэснийг зөрчсөн гэж үзлээ.

Хариуцагчаас нэхэмжлэгчийг 2017 оны 10 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэсэн боловч тэрээр энэ өдрүүдэд иргэн Е.Хундызд зодуулсан үндэслэлээр цагдаагийн байгууллагад шалгагдаж, хохирогчоор тогтоогдон мэдүүлэг өгч, шинжилгээ хийлгэсэн зэрэг  нь   хэрэгт авагдсан мөрдөгчийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Хохирогчоор тогтоох тогтоол”[7], мэдүүлэг авсан тэмдэглэл[8], 2017 оны 10 дугаар сарын 18-ний өдрийн “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” тогтоолоор[9] тус тус тогтоогдож байгаа тул энэхүү үндэслэлээр нэг сарын цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь буруу болжээ.

Харин  тухайн өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ажиллах боломжгүй болсон талаар эрх бүхий албан тушаалтанд буюу сумын Засаг даргад журмын дагуу  албан ёсоор мэдэгдээгүй нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа мөн боловч түүний энэ зөрчилд   Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1 дэх хэсэгт заасан “...албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан ... дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна” гэсэн заалтад нийцүүлэн   хүндэтгэн үзэх шалтгаантай байсныг харгалзан үзэх нь зүйтэй байсан.

  Ш.Рая, Х.Авлаш, Е.Хундыз, Х.Даулетбек нарын гомдлын дагуу шалгагдсан Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Н сум дахь цагдаагийн тасгаас зөрчлийн  1713000137 дугаар хэрэг,  Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзсан материал зэргээс[10] үзэхэд  нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд дээрх байдлаар Н сумын Засаг даргын    2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 113 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамж нь хууль бус, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн  гэж үзээд хүчингүй болгож шийдвэрлэлээ. урлын тэргүүлэгчдийн хуралдааны тогтоол тогтоолоор

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.1,106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

                                                                        ТОГТООХ нь:

            1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 27 дугаар зүйлийн 27.1.1, 28 дугаар зүйлийн 28.1, Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26 дугаар зүйлийг  тус тус баримтлан нэхэмжлэгч Аийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Н сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” 113 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                           ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                  З.ГҮЛБАРША

 

 


[1] Хэргийн 3 дугаар хуудас

[2] Хэргийн 26 дугаар хуудас,

[3] Хэргийн 33 дугаар хуудас,

[4] Хэргийн 35 дугаар хуудас

[5] Хэргийн 27, 28 дугаар хуудас

[6] Хэргийн 182 дугаар хуудас

[7] Хэргийн 75 дугаар хуудас

[8] Хэргийн 76 дугаар хуудас,

[9] Хэргийн 84 дүгээр хуудас

[10] Хэргийн 68-109 дүгээр хуудас