Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2021/0608

 

 

 

 

 

 

“Ч” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Долгорсүрэн, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.З, хариуцагч Т.Ц нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 606 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, “Ч” ХХК-ийн гомдолтой, Монголбанкны ахлах хянан шалгагч, улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 606 дугаар шийдвэрээр: “...Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 7, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.19, Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т тус тус заасныг баримтлан Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагчийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн0050206 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай “Ч” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...1. Зөрчлийн хэрэг нээх хугацааг хэтрүүлсэн тухай

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1-д “Дараахь тохиолдолд эрх бүхий албан тушаалтан прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулна” , 1.1-д “хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад энэ хуулиар шалган шийдвэрлэхээр харьяалуулсан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн”, 2-т “Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шалгаж, дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана”, 2.4-т “зөрчлийн хэрэг нээх” гэж тус тус заажээ.

Монгол банкны ерөнхийлөгчийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн хяналт шалгалтын удирдамжийн дагуу 2020 оны 10 дугаар сарын 5-ны өдрөөс 10 дугаар сарын 19-ний өдрийн хооронд “Ч” ХХК-д газар дээрх иж бүрэн шалгалтыг хийж Улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2020/051/006 дугаар улсын байцаагчийн актууд гарсан.

Энэхүү нөхцөл байдал нь эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцадаа зөрчлийн шинжтэй үйлдлийг 2020 оны 10 сарын 21-ний өдөр илрүүлсэн тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар 2020 оны 10 сарын 26-ны дотор зөрчлийн хэрэг нээх байтал 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр нээсэн. Гэтэл энэхүү нөхцөл байдлыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч улсын байцаагч зөрчлийг илрүүлснээр хойш “Ч” ХХК-ийн зүгээс зөрчлийг арилгаагүй тул 2021 оны 01 сарын 18-ны /Зөрчлийн хэрэг бүртгэлийн хэрэг бүртгэлтийн хэргийг 2021.01.22-ны өдөр нээсэн/ өдөр зөрчлийн хэргийг нээсэн нь зөв байна гэх байдлаар дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарласан.

Зөрчлийг шалган шийдвэрлэх тухай хуульд хэрэг бүртгэлтийн хэргийг нээх хугацааг хөдөлбөргүй зааж өгсөн бөгөөд энэхүү хугацааг зөрчлийг арилгах шаардлага өгсөн эсэхээс хамаарч сунгаж хойшлуулах зохицуулалтгүй боломжийн талаар тусгайлан эрх олгосон зохицуулалтгүй байхад энэ талаар анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн.

2. Зөрчлийн хэрэг бүртгэлийн хугацаа дууссан буюу зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Монгол банкны хянан шалгагч, улсын байцаагчийн зүгээс 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр зөрчлийн хэргийг нээж, 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр удирдах албан тушаалтнаар 14 хоног, 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр прокурорын тогтоолоор 30 хоногоор тус тус сунгаж хэрэг бүртгэлтийн хугацаа 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдөр дуусахаар заасан байхад зөрчлийн шийтгэврийг 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр ногдуулсан байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай 6.8 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг нийт 58 хоног байхаар зааж өгсөн. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан дараахь үндэслэл тогтоогдвол зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргана”, 1.4-т “зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан” гэж тус тус заасан байна.

Монгол банкны хянан шалгагч, улсын байцаагч 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр зөрчлийн хэрэг нээж, 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр шийтгэл ногдуулах хүртэл нийт 62 хоног болсон байх бөгөөд зөрчлийн хэрэг бүртгэлтийн 58 хоногийн хугацаа дууссан үед шийтгэл ногдуулсан байна. Энэ талаар гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүхэд тайлбар мэдүүлэгтээ дурдаж гомдлын үндэслэлээ тайлбарласан боловч анхан шатны шүүх үндэслэл бүхий тайлбар өгч хэргийг шийдвэрлээгүй болно.

Иймд Монгол банкны хянан шалгагч, улсын байцаагч хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан тул зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх байтал шийтгэл ногдуулж шийдвэрлэсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1.4-т заасныг зөрчсөн байна.

3. Холбогдогчийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хуульд заасан арга хэлбэрийг хэрэглээгүй тухайд

Монгол банкны Хяналт шалгалтын газрын захирлаас 2021 оны 01 сарын 29-ний өдрийн А-6/120 дугаар албан бичгээр зөрчлийн хэрэг нээсэн тухай мэдэгдээд, тайлбар мэдүүлэг өгөх, нотлох баримт гаргаж өгөх төлөөлөгчийг томилж ирүүлэхийг мэдэгдсэн. Энэхүү албан бичгээр тайлбар мэдүүлэг өгөх этгээдийг томилж ирүүлнэ үү гэсэн болохоос түүнээс тайлбар мэдүүлэг хэдэн сарын хэдний өдөр авах талаар мэдүүлэг авах тухай зааж өгөөгүй.

Гэтэл “Ч” ХХК-ийн зүгээс 2020 оны 11 сарын 03-ны өдрийн албан бичгээр тус банкны хуулийн хэлтсийн захирал Б.Т-ыг хууль ёсны төлөөлөгчөөр томилж хүргүүлсэн байдаг. Гэтэл эрх бүхий албан тушаалтан хууль ёсны төлөөлөгчөөс тайлбар мэдүүлгийг авахаар хэзээ ямар ажиллагаа хийсэн болох нь тодорхойгүй, хууль ёсны төлөөлөгчийг томилох эрх хэмжээгээ хэрэгжүүлээгүй байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт холбогдогчийг дуудах хуудсаар, эсвэл харилцаа холбооны хэрэгслээр дуудаж болохоор заасан байна. Эрх бүхий албан тушаалтны зүгээс дуудах хуудас үйлдсэн зүйл зөрчлийн хэрэгт байдаггүй бөгөөд харилцаа холбооны хэрэгсэл буюу утсаар дуудаад ирээгүй бол мөн зүйлийн 4.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэмдэглэл үйлдэх журамтай байна.

Гэтэл эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийн хэрэг үүсгэж буй талаар мэдэгдсэнээс бусдаар холбогдогчийг зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаанд оролцуулах тайлбар мэдүүлэг авах арга хэмжээг хангаж чадаагүй нь холбогдогчийн хуульд заасан эрх болох хэргийн материалтай танилцах, тайлбар мэдүүлэг гаргах өгөх зэрэг эрхүүдийг ноцтой зөрчсөн байна.

Дээрхээс үзэхэд зөрчил шалган шийдвэрлэх эрхтэй эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийн хэргийг хууль зөрчиж үүсгэсэн, холбогдогчийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүйгээрээ холбогдогчийн хуульд заасан эрхийг ноцтой зөрчсөн, мөн хэрэг бүртгэлийн хугацаа дууссан байхад зөрчилд шийтгэл ногдуулсан зэрэг зөрчил шалган шийдвэрлэх ажил  лагааны журмыг ноцтой зөрчсөн үйлдлүүд гаргасан байхад анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг үнэн бодитой дүгнэлгүй Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 606 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв үнэлж, хуульд нийцүүлэн шийдвэрлэсэн боловч шийдвэрийн Тогтоох хэсэгт хуулийн зүйл, заалтыг буруу бичсэн байх тул шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч “Ч” ХХК нь “Монголбанкны ахлах хянан шалгагч, улсын байцаагчийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 0050206 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн гомдол гаргасан байх ба дээрх маргаан бүхий шийтгэлийн хуудсаар “Ч” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 6-д заасан “Банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаагүй нь банканд бүтцийн өөрчлөлт хийх, эсхүл татан буулгах нөхцөл бүрдүүлээгүй гэх зөрчилд” тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т зааснаар “банк болон хуульд тусгайлан заасан этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих” чиг үүргийг Монголбанкинд олгосон бөгөөд уг хуулийн 25 дугаар зүйлийн 1-д “Монголбанкны хянан шалгагч банкны тухай хууль тогтоомж, төрийн мөнгөний бодлого болон Монголбанкны гаргасан дүрэм, журам, Монголбанкны Ерөнхийлөгчийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд банкнаас хэрхэн биелүүлж байгаад хяналт тавьж, шалгалт хийнэ...”, 2 дахь хэсгийн 5-д “...банк, түүний үйл ажиллагаатай холбогдсон хууль тогтоомжийг зөрчсөн гэм буруутай этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу захиргааны хариуцлага хүлээлгэх” гэж Монголбанкны хянан шалгагчийн эрх хэмжээг тодорхойлжээ.

Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 6-д “Банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаагүй нь банканд бүтцийн өөрчлөлт хийх, эсхүл татан буулгах нөхцөл бүрдүүлээгүй бол банкийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж, Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т “хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, өөрийн хөрөнгийн хүрэлцээ, активын эрсдэл, зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах сан, эх үүсвэрийн төвлөрөл, гадаад валютын болон бусад зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг Монголбанкнаас тогтоосон журам, шийдвэрийн дагуу биелүүлэх;”, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А-138 дугаар тушаалаар баталсан “Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журам”-ын 2.5-д “Банкны нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгө, эрсдэлээр жигнэсэн активын зохистой харьцааны доод хэмжээ 9 хувь, Өөрийн хөрөнгө, эрсдэлээр жигнэсэн активын зохистой харьцааны доод хэмжээ 12 хувь, Хөшүүргийн харьцааны доод хэмжээ 5 хувь байна” гэж тус тус заасан байна.

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр баталсан удирдамжийн дагуу Монголбанкны ахлах хянан шалгагч, улсын байцаагч Т.Цэдэндолгор нь Чингис хаан банкинд шалгалт хийж “Тус банк нь Банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаагүй үйлдэл нь Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т заасан хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, өөрийн хөрөнгийн хүрэлцээ, активын эрсдэл, зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах сан, эх үүсвэрийн төвлөрөл, гадаад валютын болон бусад зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаагүй зөрчил”-д шийтгэл ногдуулсан нь хууль зөрчөөгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Тодруулбал, Банкны удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны үндсэн зарчмыг тогтоох, банк болон банкны нэгдлийн үйл ажиллагаанд хяналт тавих, тэдгээрт албадлагын арга хэмжээ авахтай холбогдсон харилцааг тусгайлан зохицуулдаг Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлээр банкинд тавигдах шаардлагыг тогтоож өгсөн байх бөгөөд энэ тохиолдолд Чингис хаан банкны 1 дүгээр зэрэглэлийн болон нийт өөрийн хөрөнгийн хүрэлцээ шалгах өдрийн тохируулга хийсний дараах байдлаар тус бүр харгалзан -142.1 хувь болж Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангахгүй байгаа нь нарийвчилсан зохицуулалт агуулсан Банкны тухай хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.

Түүнчлэн, “Ч” ХХК-д банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангахгүй байгаа талаар дурдаж, зөрчлийг арилгах талаар мэдэгдсэн боловч банкнаас тодорхой арга хэмжээ аваагүйн дээр эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгахаас өмнө оролцогч, тэдгээрийн өмгөөлөгчийг зөрчлийн хэрэгтэй танилцах боломжоор хангасан ч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор эрхээ эдлээгүй байх тул Монголбанкны ахлах хянан шалгагч, улсын байцаагчийг буруутгах, түүний шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Өөрөөр хэлбэл, гомдол гаргагч нь “ямар зөрчил илрүүлсэн талаар холбогдогчид мэдэгдээгүй, ...хууль ёсны төлөөлөгчийг томилж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй” гэж маргаж байх боловч энэхүү үндэслэл нь дараах үйл баримтаар үгүйсгэгдэж байна.

Монголбанкны 2021 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн А-6/120 дугаар албан бичгээр “Ч” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ганзоригт хандаж зөрчлийн хэрэг нээж байгааг танилцуулж, уг зөрчлийн хэрэгт “Ч” ХХК-ийг төлөөлж мэдүүлэг, тайлбар өгөх, нотлох баримт гаргаж өгөх ажилтныг томилж ирүүлэхийг мэдэгдсэн гэж хариуцагч тайлбарласан бөгөөд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон хугацаанд холбогдогчийг төлөөлөх этгээдийг томилсон ч тухайн төлөөлөх этгээд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор ажилласан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул гомдол гаргагчид уул эрхийг эдлүүлээгүй гэж хариуцагчийг шууд буруутгах үндэслэлгүй.

Хэдийгээр эрх бүхий албан тушаалтан нь зөрчилд холбогдогчийн төлөөлөгчийг томилж, тайлбар, мэдүүлэг аваагүй, холбогдогчид эрх үүргийг нь танилцуулаагүй, түүнийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхээр хангаагүй, шийтгэлийн хуудсыг хууль ёсны төлөөлөгчөөр томилогдоогүй этгээдэд танилцуулсан зэрэг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан буруутай байх боловч тодорхой үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцсоныг мэдээгүй нь тухайн зөрчлийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг шийтгэл, албадлагын арга хэмжээ хэрэглэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

Мөн Чингис хаан банкны 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 13/1048 дугаар албан бичгээр улсын байцаагчийн актуудтай танилцан дээрх актад холбогдох тайлбар, нотлох баримт гаргаж өгөх итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилж, итгэмжлэл, хууль зүйн туслалцаа, үйлчилгээ үзүүлэх гэрээг Монголбанкны хяналт шалгалтын газарт хүргүүлсэн байх ба энэхүү үйл баримтыг тухайн үед нээгээгүй байсан зөрчлийн хэрэгт холбогдогчийн төлөөлөгчийг томилсон гэж үзэх үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд эрх бүхий албан тушаалтан нь 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 2101000008 дугаартай зөрчлийн хэрэг нээсэн, зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан нь 2021 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн 2101000008 дугаар тогтоолоор зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл 14 хоногоор сунгасан, улмаар Улсын ерөнхий прокурорын газрын прокурорын 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 3/01 дүгээр тогтоолоор уг зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдрийг дуустал 30 хоногоор тус тус сунгасан болох нь тогтоогдож байх ба энэхүү зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа нь 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдөр дууссанаас хойш 4 хоногийн дараа шийтгэлийн хуудас бичсэн нь буруу боловч энэ нь зөрчил үйлдсэнийг үгүйсгэж шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох хангалттай үндэслэл болохгүй.

Иймд маргаан бүхий актын улмаас гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байх тул гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 606 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “11.3 дугаар зүйлийн 7” гэснийг “11.3 дугаар зүйлийн 6”, “16.1.2” гэсний дараа “-т заасныг тус тус” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                        Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                                          Д.БААТАРХҮҮ