Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 121

 

            Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

        Нэхэмжлэгч: Увс аймгийн Сагил сумын 3 дугаар багт оршин суух, 1966 онд төрсөн, 51 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОЭ66041601, Галзад овогт Ламын Шижээгийн,

         Нас тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Шижээ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

        Нэхэмжлэгч Л.Шижээ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь 1964 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Увс аймгийн Тэс сумын нутаг Жирээг гэдэг газар гэртээ төрсөн юм. Намайг төрсний дараа миний аав Лам цэргийн албанд явсан тул аавын төрсөн дүү Дамиран гэдэг хүн намайг улсын бүртгэлд бүртгүүлсэн гэж ээж маань надад ярьж байсан юм. Миний авга ах Дамиран гэдэг хүн намайг төрсний бүртгэлд бүртгүүлэхдээ 1964 онд төрсөн гэж бүртгүүлсэн боловч манайх 1979 онд Сагил сум руу шилжих үеэр миний төрсөн оныг тухайн үед Сагил сумын бүртгэлийн ажилтан андуурч 1966 онд төрснөөр бичсэн байсан гэж ээж хэлсэн. Мөн миний аавын нэрийг мөн Лам биш Лхам гэж буруу бичсэн байсан. Түүнээс хойш миний төрсөн он буруу буюу 1966 онд төрснөөр бүртгэгдэж явсаар өдий хүрлээ. Би өөрийн төрсөн оныг зөрүүтэй байгаа гэдгийг мэдсэн боловч насаа зөвтгүүлэхийн учир холбогдлыг төдийлөн ойлгодоггүй байсан. Ингээд одоогоос 3 жилийн өмнө буюу 2013 онд насаа зөвтгүүлэхээр холбогдох архив, улсын бүртгэлийн газарт хандсан боловч намайг 1964 онд төрсөн талаар ямар нэгэн бичиг баримт гарч ирээгүй бөгөөд 1964-1969 оны төрсний бүртгэлд бүртгэгдээгүй гэсэн лавлагааг гаргаж өгсөн. Одоо миний бүх бичиг баримт дээр намайг 1966 онд төрсөн гэсэн бүртгэл хийгдсэн тул би 51 настай болоод байна. Гэтэл миний бие нь 1964 оны 3 дугаар сарын 26-ны өдөр төрсөн бөгөөд одоо 53 настай, луу жилтэй гэж явдаг, харин 1966 он бол морь жил байсан байна. Миний тэтгэврийн нас ойртож байгаа тул насаа зөвтгүүлэх шаардлагатай болоод шүүхэд хандаж байна. Иймд намайг 1964 оны 3 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, одоо 53 настай болохыг тоггоож өгнө үү. Намайг 1964 онд төрсөн болохыг сайн мэдэх, нэг нутгийн иргэн Ж.Бужилдай, нэг ангийн найз А.Дулмаа, миний ээж Б.Цэвэгмэд нарыг гэрчээр асууж өгнө үү” гэв.

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Л.Шижээ нь 1964 оны 3 дугаар сарын 26-ны өдөр төрсөн болохоо тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. 

            Улсын бүртгэлийн хэлтсийн 2013 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 513 дугаар төрөлт бүртгэлгүй тухай лавлагаанд: “Увс аймгийн Тэс сумын 1964-1969 онуудын төрөлтийн бүртгэлийг шүүж үзэхэд Ламын Шижээгийн төрөлт нь бүртгэгдээгүй байна” гэжээ.

      Басангийн Цэгмэдийн 89130 дугаартай олон хүүхэдтэй эхийн тэтгэврийн дэвтрийн хуулбарт: “...Ламын Шижээ 1964 оны 3 дугаар сарын 26-ны өдөр төрсөн” гэжээ.

        Түүнчлэн Увс аймгийн Тэс сумын Хүн эмнэлгээс Ламын Шижээд 1981 оны 3 дугаар сарын 02-ны өдөр олгосон эрүүл мэндийн паспортад: “Төрсөн огноо: 1964 оны 3 дугаар сарын 14-ний өдөр” гэжээ.

       Мөн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Ж.Бужилдай, А.Дулмаа, Б.Цэвэгмэд нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Ж.Бужилдай “Л.Шижээгийн аав Лам ахынх манай хоёр Увс аймгийн Тэс сумын нутаг Жирээг гэх газарт айл саахалт амьдардаг байсан бөгөөд би Л.Шижээгийн хэдэн онд төрсөн талаар сайн мэдэж байна. Л.Шижээ нь 1964 онд төрсөн бөгөөд тухайн үед би 5 настай байсан. Л.Шижээгийн аав саяхан 3, 4 жилийн өмнө нас барсан бөгөөд нас барахынхаа өмнө ч гэсэн Л.Шижээг 1964 онд төрсөн талаар мөн хэлж байсан” гэх, гэрч А.Дулмаа “.Шижээ бид хоёр нэг нутаг усны, нэг ангийн найзууд юм. Л.Шижээ нь 1964 онд төрсөн бөгөөд би 1972 онд 10 настайдаа 1 дүгээр ангид орж байсан ба тухайн үед Л.Шижээ нь 8 настайдаа 1 дүгээр ангид орж суралцаж байсан. Манай ангийнхны ихэнх нь 1964 онд төрсөн байдаг. Л.Шижээ бид хоёр 7 дугаар анги хүртлээ хамт нэг ангид сурч байгаад Л.Шижээ 7 дугаар ангиасаа Сагил сум руу шилжсэн” гэх, гэрч Б.Цэвэгмэд “Миний охин Л.Шижээ нь 1964 оны хавар буюу 3 дугаар сарын 26-ны өдөр Тэс сумын нутаг Жирээг гэх газар төрсөн. Тухайн үед манайх Тэс сумын нутаг Жирээг гэх газарт хаваржиж байсан бөгөөд Л.Шижээ нь миний анхны хүүхэд байсан бөгөөд охин минь айлын том, доороо 6 дүүтэй. Би охиноо 1964 онд төрүүлсний дараа түүнийг 2, 3 сартай байх үед манай нөхөр Лам цэрэгт явсан бөгөөд би нөхрийнхөө дүү Дамиранд миний охиныг бүртгүүлээрэй гэж хэлээд явуулж байсан. Тухайн үед Дамиран охиныг минь 1964 онд төрсөн гэж зөв бүртгүүлсэн боловч манайх 1979 онд Сагил сум руу шилжих үед Сагил сумын Иргэний бүртгэлийн ажилтан нь охиныг минь 1966 онд төрсөн гэж буруу бүртгэсэн байсан. Түүнээс хойш охин минь 1966 онд төрсөн гэж буруу бүртгэлтэйгээр явдаг юм” гэх мэдүүлгүүдийг шүүхэд өгчээ.

       Нэхэмжлэгч Л.Шижээгийн төрөлт бүртгэгдээгүй бөгөөд түүний эх Б.Цэвэгмэдийн 89130 дугаартай олон хүүхэдтэй эхийн тэтгэврийн дэвтэрт түүнийг 1964 оны 3 дугаар сарын 14-ний өдөр төрсөн гэж, эрүүл мэндийн паспортад 1964 оны 3 дугаар сарын 26-ны өдөр төрсөн гэж өдрийн зөрүүтэй бичжээ.

        Гэвч нэхэмжлэгч нь 1964 оны 3 дугаар сарын 26-ны өдөр төрсөн болох нь түүний тайлбар болон гэрч Б.Цэвэгмэдийн мэдүүлгээр нотлогдож байна.

       Түүнчлэн нэхэмжлэгч Л.Шижээ нь 1964 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн болох нь Б.Цэгмэдийн 89130 дугаартай олон хүүхэдтэй эхийн тэтгэврийн дэвтрийн хуулбар, Увс аймгийн Тэс сумын Хүн эмнэлэгээс түүнд 1981 оны 3 дугаар сарын 02-ны өдөр олгосон эрүүл мэндийн паспорт, гэрч Ж.Бужилдай, А.Дулмаа, Б.Цэвэгмэд нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

        Иймд нэхэмжлэгч Галзад овогт Ламын Шижээг 1964 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн болохыг тогтоож шийдвэрлэв.

         Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Л.Шижээг улсын тэмдэгтийн хурамж 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг төлөхийг хэрэг хэрэг хянан шийдвэрлэх хүртэл хойшлуулсан ба нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулж төрийн сангийн 15000941 тоот дансанд оруулах нь зүйтэй байна.            

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.13 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Галзад овогт Ламын Шижээг 1964 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн болохыг тогтоосугай.  

        2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд  зааснаар нэхэмжлэгч Л.Шижээгээс улсын тэмдэгтийн хураамж 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.  

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ