Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 122

 

        Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

        Нэхэмжлэгч: Увс аймгийн Өндөрхангай сумын 2 дугаар багт оршин суух, 1965 онд төрсөн, 52 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОК65082901, Пүрэвжав овогт Баржавын Алтанцэцэгийн,

      Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

      Нэхэмжлэгч Б.Алтанцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1965 онд төрсөн. Би 1981 оноос малчин болж аав, ээжийн хамт Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдэлд мал маллаж эхэлсэн ба 1991 оныг дуустал тус нэгдэлд тасралтгүй мал малласан. Би тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтрээ гээж үрэгдүүлсэн. Мөн Шинэ зам нэгдэлд анх ажилд орсон болон ажлаас гарсан тушаалаа хайсан боловч олдохгүй байна. Тухайн үед ажиллаж байхдаа авч байсан цалингийн цэсээ Аймгийн архиваас шүүлгэхэд цалин авч байсан баримт нь олдсон. Одоо өндөр насны тэтгэвэрт орох нас болж тэтгэврээ тогтоолгох гэсэн боловч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай гэсэн тул танай шүүхэд хандаж байна. Иймд миний 1981 оноос 1991 оныг дуустал хугацаанд Өндөрхангай сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү. Мөн надтай хамт ажиллаж байсан Н.Очирбат, С.Бямбабаатар нарыг гэрчээр асууж өгнө үү” гэв.

           Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч Б.Алтанцэцэг нь 1981 оноос 1991 оныг дуустал Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.

         Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгч Баржавын Алтанцэцэгийн 1981 оны 7 дугаар сараас 1991 оныг дуустал Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.

       Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч С.Бямбабаатар, Н.Очирбат нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч С.Бямбабаатар “Миний бие нь 1988 оноос 1989 он хүртэл Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдлийн Батсайхан бригадад хүний бага эмчээр, 1993-1995 он хүртэл Увс аймгийн Өндөрхангай сумын Хүлэг компанид борлуулагчаар ажиллаж байсан. Намайг нэгдэлд ажиллаж эхлэхэд Б.Алтанцэцэг нь  тус бригадад малчнаар ажиллаж байсан бөгөөд намайг 1989 онд нэгдлээс гарах үед Б.Алтанцэцэг нь нэгдэлдээ малчнаар ажиллаад үлдсэн. Б.Алтанцэцэг нь голдуу бог мал буюу хонь малладаг байсан. Тухайн үед тус нэгдлийн даргаар Цэрэннадмид, Сүхбаатар, Баянбилэг гэх хүмүүс ажиллаж байсан” гэж, гэрч Н.Очирбат “Миний бие нь 1982 оноос 1992 он хүртэл Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Намайг нэгдэлд ажиллаж эхлэхэд Б.Алтанцэцэг нь  тус нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Б.Алтанцэцэг нь голдуу бог мал буюу хонь малладаг байсан бөгөөд 1991 оныг дуустал тус нэгдэлд малчнаар ажилласан  болно” гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбар болон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 583 дугаар шийдвэрийн хуулбарууд хэрэгт авагджээ.

       Нэхэмжлэгч Б.Гэрэлцэцэг нь 1981 оны 7 дугаар сараас 1991 оныг дуустал Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн цалингийн тодорхойлолт, гэрч С.Бямбабаатар, Н.Очирбат нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. 

      Иймд нэхэмжлэгч Б.Гэрэлцэцэгийн хүсэлтийг хангаж, түүний 1981 оны 7 дугаар сараас 1991 оныг дуустал Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдэлд малчнаар 10 жил 6 сар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

      Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна. 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

       1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Пүрэвжав овогт Баржавын Алтанцэцэгийн 1981 оны 7 дугаар сараас 1991 оныг дуустал Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдэлд малчнаар 10 /арав/ жил 6 /зургаа/ сар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.               

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд  зааснаар нэхэмжлэгч Б.Алтанцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ