Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 123

 

        Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 17-17 тоотод оршин суух, 1961 онд төрсөн, 56 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОЭ61122701, Байлзуур овогт Дамчаагийн Мядагмаагийн,

       Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Мядагмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

        Нэхэмжлэгч Д.Мядагмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь 1961 онд төрсөн, 56 настай. Би анх 1983 оноос Увс аймгийн Улаангом сумын Худалдаа бэлтгэлийн трестийн 3 дугаар гуанзанд угаагчаар ажилд орж 1989 оныг дуустал ажилласан. Одоо тэтгэврийн нас болсон тул бичиг баримтаа бүрдүүлэхэд 1983 оны 1 дүгээр сард ажилд орсон болон 1989 оны 12 дугаар сард ажлаас гарсан тушаал болон хөдөлмөрийн дэвтэр байхгүй тул шүүхэд хандаж байна. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү. Надтай хамт ажиллаж байсан Н.Дэнсмаа, Ю.Даваажав нарыг гэрчээр асууж өгнө үү” гэв.

     Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч Д.Мядагмаа нь 1983 оноос 1989 оныг дуустал Увс аймгийн Улаангом сумын Худалдаа бэлтгэлийн трестэд угаагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.

      Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгч Дамчаагийн Мядагмаагийн 1983 оноос 1989 оныг дуустал Увс аймгийн Улаангом сумын Худалдаа бэлтгэлийн трестэд угаагчаар ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.

     Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Ю.Даваажав, Н.Дэнсмаа нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Ю.Даваажав “Миний бие нь 1974 оноос 1993 он хүртэл Улаангом хотын Худалдаа бэлтгэлийн трестэд гуанзны үйлчлэгч, кассчнаар ажиллаж байсан. Намайг тус газарт ажиллаж байхад Д.Мядагмаа нь 1983 оноос эхлэн Улаангом хотын Худалдаа бэлтгэлийн трестийн 3 дугаар гуанзанд угаагчаар ажиллаж эхэлсэн бөгөөд 1989 оныг дуустал ажилласан болно. Д.Мядагмаа нь гуанзны аяга таваг угааж, бэлэн болгодог байсан. Тухайн үед Улаангом хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргаар Довдон, орлогч даргаар Цэвээнжав гэх хүмүүс ажиллаж байсан” гэж, гэрч Н.Дэнсмаа Миний бие нь 1981 оноос 1993 он хүртэл Улаангом хотын Худалдаа бэлтгэлийн трестийн гутлын дэлгүүрийн хянагч худалдагчаар ажиллаж байсан. Тухайн үед Улаангом хотын Худалдаа бэлтгэлийн трест нь дотроо дэлгүүр, нийтийн хоол гэсэн 2 хэсэгтэй байсан ба намайг кассчин буфетны хэсэгт ажиллаж байхад Д.Мядагмаа нь 1983 оноос эхлэн Улаангом хотын Худалдаа бэлтгэлийн трестийн 3 дугаар гуанзанд угаагч, бэлтгэгчээр ажиллаж эхэлсэн бөгөөд 1989 оныг дуустал ажилласан болно. Тухайн үед Улаангом хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргаар Довдон, орлогч даргаар Цэвээнжав гэх хүмүүс ажиллаж байсан” гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагджээ.

      Нэхэмжлэгч Д.Мядагмаа нь 1983 оноос 1989 оныг дуустал Увс аймгийн Улаангом сумын Худалдаа бэлтгэлийн трестэд угаагчаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн цалингийн тодорхойлолт, гэрч Ю.Даваажав, Н.Дэнсмаа нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. 

    Иймд нэхэмжлэгч Д.Мядагмаагийн хүсэлтийг хангаж, түүний 1983 оноос 1989 оныг дуустал Увс аймгийн Улаангом сумын Худалдаа бэлтгэлийн трестэд угаагчаар 7 жил ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

     Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна. 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Байлзуур овогт Дамчаагийн Мядагмаагийн 1983 оноос 1989 оныг дуустал Увс аймгийн Улаангом сумын Худалдаа бэлтгэлийн трестэд угаагчаар 7 /долоо/ жил ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

        2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд  зааснаар нэхэмжлэгч Д.Мядагмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ