Шүүх | Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
Хэргийн индекс | 152/2017/00097/И |
Дугаар | 124 |
Огноо | 2017-01-31 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 124
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 1 дүгээр багт оршин суух, 1967 онд төрсөн, 50 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОЗ67011401, Галзад овогт Баатарын Олонхүүгийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нацагдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Олонхүү шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нацагдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1967 онд төрсөн, 50 настай. Би Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд бага наснаасаа эхлэн мал маллаж аав ээжтэйгээ хамт амьдарч байгаад 1986 онд айл гэр болж одоог хүртэл мал маллаж байна. Одоо тэтгэвэрт гарах нас болж тэтгэврийн бичиг баримтаа бүрдүүлэхэд миний хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу, алдаатай бөгөөд нэгдэл тарсан тул дахин бичилт хийлгэх боломжгүй учир шүүхэд хандаж байна. Иймд Наранбулаг сумын Пионер нэгдэлд 1982 оны 7 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд, мөн 1991-1992 онд Алдар ХК-д тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг минь сэргээн тогтоож өгнө үү. Надтай хамт ажиллаж байсан Е.Цэвэлмаа, З.Норов нарыг гэрчээр асууж өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Олонхүү нь 1982 оны 7 дугаар сараас 1992 оныг дуустал Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэл болон Алдар ХК-д малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.
Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгч Баатарын Олонхүүгийн 1983 оны 7 дугаар сараас 1990 оныг дуустал Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэл малчнаар ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.
Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдлээс Б.Олонхүүд 1991 оны 3 дугаар сарын 26-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: “1991 оноос 1992 оныг дуустал ажилласан хоног, цаг, цалин хөлс бичигджээ”.
Түүнчлэн Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2017 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 05 дугаар шимтгэл төлөлтийн лавлагаанд: “Алдар ХК нь 1991-1992 онд Увс аймгийн Наранбулаг суманд үйл ажиллагаа явуулж цалин ба түүнтэй адилтгах орлогоосоо хуулийн хувь хэмжээгээр шимтгэл төлж байсан нь үнэн болно” гэжээ.
Наранбулаг сумын Намын үүр, Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн зөвлөл, Хувьсгалт залуучуудын эвлэлийн үүр, Пионер нэгдлийн зөвлөлөөс Б.Олонхүүг шагнаж байсан баярын бичгийн хуулбар хэрэгт авагдсан байна.
Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Е.Цэвэлмаа, З.Норов нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Е.Цэвэлмаа “Миний бие 1971 оноос 1992 оны хооронд Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Намайг ажиллаж байхад Б.Олонхүү нь 1982 оноос 1990 оныг дуустал Наранбулаг сумын Пионер нэгдэлд малчнаар ажиллаж байсан бөгөөд Б.Олонхүү нь голдуу бог мал малладаг байсан. Б.Олонхүү нь Алдар ХК-д 1991-1992 оны хооронд үргэлжлүүлэн малчнаар ажилласан болно. Наранбулаг сумын Пионер нэгдлийн даргаар Цэвээн, Доржсүрэн, Орших гэх хүмүүс ажиллаж байсан” гэж, гэрч З.Норов “Миний бие 1970 оноос 1990 оны хооронд Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Намайг ажиллаж байхад Б.Олонхүү нь 1982 оноос 1990 оныг дуустал Наранбулаг сумын Пионер нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Б.Олонхүү нь 1991-1992 оны хооронд Алдар ХК-д үргэлжлүүлэн малчнаар ажиллаж байсан” гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбар болон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 171 дүгээр шийдвэрийн хуулбарууд хэрэгт авагджээ.
Нэхэмжлэгч Б.Олонхүү нь 1982 оны 7 дугаар сараас 1992 оныг дуустал Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэл болон Алдар ХК-д малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдлээс 1991 оны 3 дугаар сарын 26-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2017 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 05 дугаар шимтгэл төлөлтийн лавлагаа, Наранбулаг сумын Намын үүр, Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн зөвлөл, Хувьсгалт залуучуудын эвлэлийн үүр, Пионер нэгдлийн зөвлөлөөс түүнийг шагнаж байсан баярын бичиг, гэрч Е.Цэвэлмаа, З.Норов нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Б.Олонхүүгийн хүсэлтийг хангаж, түүний 1982 оны 7 дугаар сараас 1992 оныг дуустал Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэл болон Алдар ХК-д малчнаар 10 жил 6 сар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Галзад овогт Баатарын Олонхүүгийн 1982 оны 7 дугаар сараас 1992 оныг дуустал Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэл болон Алдар ХК-д малчнаар 10 /арав/ жил 6 /зургаа/ сар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Б.Олонхүүгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ