| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2020/0154/э |
| Дугаар | 2020/ШЦТ/149 |
| Огноо | 2020-05-21 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 2020/ШЦТ/149
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч Д.Ганчимэг
Шүүгдэгч Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ...... овогт Б-өд холбогдох эрүүгийн 1921008480093 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны ..... дүгээр сарын ....-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, .... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тракторчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Баян-Уул сумын ............ багт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ..... овогт Б. /РД: ............../
Шүүгдэгч Б нь 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “*******” гэх газраас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн хөрөө болон “Исузу элф” маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан, зөвшөөрөлгүйгээр ойд 24 ширхэг хэрэглээний мод бэлтгэн тээвэрлэж, ойн экологид 322.920 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Манай аав надад газар авч өгөхөөр нь би 2014 онд хашаа байшин барьсан юм. Гэтэл тухайн газар нь өөр хүний эзэмшилд байсан гэдгийг 2019 онд мэдсэн. Ингээд би 2019 оны 08 дугаар сард байшингаа буулгаж газраа чөлөөлөх үед байшингийн маань ихэнх моднууд муудсан байсан. Би түлээний мод бэлтгэх зөвшөөрлийн бичигтэй мод бэлтгэж явах үед урт мод байхаар нь авсан...гэв.
Иргэний нэхэмжлэгч Г.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Дорнод аймгийн Баян-Уул сумын Засаг даргын тамгын газарт Байгаль орчны мэргэжилтний ажил эрхэлдэг. Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэжээ. /хх-ийн 24-25 тал/
Иргэний нэхэмжлэгч Б.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би ******* ДОР улсын дугаартай “Исузу Элф” маркийн тээврийн хэрэгслийг *******аас мал оролцуулаад нийт 4.000.000 төгрөгөөр авч байсан. Одоо жаахан эвдэрсэн байгаа. Тийм учраас 3.000.000 төгрөгөөр үнэлж байна. Хэрэгт холбогдуулж машин хураана гэвэл буруутай этгээдээс 3.000.000 төгрөгийг нэхэмжилнэ...” гэжээ. /хх-ийн 27-28 тал/
Гэрч Ц.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр нутгийн ах Б нь хамт модонд яваад өгөөч гэхээр нь явахаар болж Б ахын эзэмшлийнх байх “Исузу элф” маркийн ******* ДОР улсын дугаартай автомашинтай сумын төвөөс хойшоо 45 орчим километрт байх Баян-Уул сумын 6 дугаар баг “*******” гэх газраас унасан байсан “Нарс” нэртэй моднуудаас тайрч бэлтгээд 4 метр орчим урттай 24 ширхэг модыг машиндаа ачаад сумын төв орж байхад цагдаагийн алба хаагч шалгаж тээврийн хэрэгслийг маань журамласан. Би модны зөвшөөрөл авсан үгүйг мэдэхгүй. Надад түлээний модонд яваад өгөөч гэж гуйсан болохоор л хамт явсан...” гэжээ. /хх-ийн 30 тал/
Гэрч Р.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Баян-Уул сум дахь Сум дундын Цагдаагийн тасгаас хугацаа хэтэрсэн болон зөвшөөрөлгүй мод тээвэрлэсэн гэх 4 зөрчил өгсөн ба тэдний нэг нь Б байсан. ...зөрчлийг шалгахад Баян-Уул сумын 6 дугаар баг “*******” гэх газраас “Исузу” маркийн ******* ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй түлээний модны зөвшөөрөлтэй байж хэрэглээний мод бэлтгэсэн байсан. ...хууль бусаар бэлтгэсэн модыг Засаг даргын Тамгын газрын хашаанд буулгаж сум дундын ойн ангийн инженер *******өөр шалгуулж, экологи, эдийн засгийн үнэлгээг гаргуулсан. ...Бийн зааж өгсөн “*******” гэх газарт очиход мод бэлтгэсэн ул мөр байсан бөгөөд тухайн бэлтгэсэн гэх газрын ойр орчмоор үзлэг хийхэд ихэвчлэн хатсан босоо моднуудыг бэлтгэсэн зүйл харагдаж байсан...” гэжээ. /хх-ийн 31 тал/
Гэрч А.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Засаг даргын Тамгын газрын хашаанд бэлтгэсэн гэх моднууд байсан тул Р.*******, Бийн хамт очиж моднуудад хэмжилт хийж экологи, эдийн засгийн үнэлгээг гаргахад 24 ширхэг хуурай буюу ургах чадваргүй мод байсан ба хэмжээ нь 4.6 метр куб, ойн санд учирсан хохирол нь 322.920 төгрөг гэж гаргасан. ...ойн санд учирсан экологи, эдийн засгийн үнэлгээг гаргахдаа тухайн хууль бусаар бэлтгэсэн модыг өөрийн биеэр очиж модны урт, нарийн үзүүрийн диаметр зэргийг хэмжиж, холтос золмыг хуулж хуурай, нойтныг нь үзнэ. Хэрэв нойтон бол тухайн бэлтгэсэн газар нь очиж ургах чадвартай мод байсан үгүйг тогтоож мөнгөн үнэлгээг гаргаж өгдөг юм. Хэрэглээний мод гэдэг нь нарийн, бүдүүн нь хамаарахгүй 220 см-ээс дээш урттай модыг хэлнэ. Түлээний мод гэдэг нь 220 см хүртэлх урттай, нарийн үзүүрийн диаметр нь 8-12 см байх стандарт тавигддаг юм. Түлээний модны зөвшөөрөлтэй хэрэглээний мод бэлтгэж болохгүй. Энэ нь өөрөө хууль бусаар мод бэлтгэсэн болно. Яагаад гэвэл түлээний мод гэдэг нь унасан, хатсан, мод бэлтгэлийн үлдэгдэл, мөчир үзүүр буюу ойн цэвэрлэгээний ажлын бэлтгэсэн модыг хэлнэ...” гэжээ. /хх-ийн 32-33 тал/
- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8 тал/
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-11 тал/
- Эд хөрөнгө битүүмжлэх тухай Мөрдөгчийн тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 13-14 тал/
- Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 15, 19 тал/
- Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-18 тал/
- Эд мөрийн баримтаар тооцох тухай Мөрдөгчийн тогтоол /хх-ийн 20 тал/
- Сум дундын ойн ангийн инженер А.*******ийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Ойд учирсан хохирлын экологи, эдийн засгийн үнэлгээ 4,9*39000*1.8=322920 төгрөг” гэх дүгнэлт /хх-ийн 43-44 тал/
- “ISUZU ELF” маркийн ******* ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 56 тал/
- Баян-Уул сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Иргэдэд түлээний мод олгох тухай” А/99 тоот захирамжийн хуулбар /хх-ийн 67 тал/
- Мод бэлтгэх эрхийн бичиг /хх-ийн 71 тал/
- Б-ийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 29, 50-53 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Эд мөрийн баримтаар: Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн “Дружба” хөрөө 1 /нэг/ ширхэгийг шинжлэн судлав.
Шүүгдэгч .......... овогт Б нь 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “*******” гэх газраас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн хөрөө болон “ISUZU ELF” маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан, зөвшөөрөлгүйгээр ойд 24 ширхэг хэрэглээний мод бэлтгэн тээвэрлэж, ойн экологид 322.920 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Г.*******, Б.*******, гэрч Ц.*******, Р.*******, А.*******, Б.******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар тооцох тухай Мөрдөгчийн тогтоол, сум дундын ойн ангийн инженер А.*******ийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Ойд учирсан хохирлын экологи, эдийн засгийн үнэлгээ 4,9*39000*1.8=322920 төгрөг” гэх дүгнэлт, “ISUZU ELF” маркийн ******* ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Баян-Уул сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Иргэдэд түлээний мод олгох тухай” А/99 тоот захирамжийн хуулбар, мод бэлтгэх эрхийн бичиг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б-өд холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б-ийг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Б-ийг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.
Шүүгдэгч Б-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б нь зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсний улмаас ойн экологид 322.920 төгрөгийн хохирол учирсан нь хавтас хэрэгт авагдсан Сум дундын ойн ангийн инженер А.*******ийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Ойд учирсан хохирлын экологи, эдийн засгийн үнэлгээ 4,9*39000*1.8=322920 төгрөг” гэх дүгнэлт /хх-ийн 43-44 тал/-ээр тогтоогдож байх бөгөөд уг хохирлыг нөхөн төлөөгүй байх тул шүүгдэгч Бөөс 322.920 төгрөгийг гаргуулж, Дорнод аймгийн Баян-Уул сумын байгаль хамгаалах санд олгох нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Б-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “ISUZU ELF” маркийн ******* ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Б.******* болох нь түүний мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “...Би ******* ДОР улсын дугаартай “Исузу Элф” маркийн тээврийн хэрэгслийг *******аас мал оролцуулаад нийт 4.000.000 төгрөгөөр авч байсан. ...Хэрэгт холбогдуулж машин хураана гэвэл буруутай этгээдээс 3.000.000 төгрөгийг нэхэмжилнэ...” /хх-ийн 27-28 тал/ гэх, гэрч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Анх ******* ДОР улсын дугааратй “Исузу элф” маркийн тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийнх байсан. ...Одоо 67-9 улсын дугаартай “Исузу элф” маркийн тээврийн хэрэгсэл Б.******* гэдэг хүний эзэмшилд байгаа. Би *******д зарсан машиныхаа мөнгийг бүрэн бүтэн авсан. Гэрчилгээг нь өнөөдрийг хүртэл солиулж амжаагүй явна...” /хх-ийн 38-39 тал/ гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул уг тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигч Б.*******д буцаан олгох нь зүйтэй байна. Уг тээврийн хэрэгслийг Дорнод аймгийн Баян-Уул сумын эд зүйлийн үнэлгээний комисс 3000.000 төгрөгөөр үнэлсэн болох нь хэрэгт авагдсан эд зүйлийн үнэлгээгээр тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б-өөс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 3000.000 төгрөгийг гаргуулж, гэмт хэргийн улмаас ойн экологид учруулсан 322.920 төгрөгийг нөхөн төлүүлэх нь зүйтэй ба хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлбэл зохино.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн “Дружба” хөрөө, 24 ширхэг мод зэргийг хурааж улсын орлого болгох, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Б-ийн .............. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ...... овогт Б-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “ISUZU ELF” маркийн ******* ДОР улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн мөрдөгчийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийн эзэмшигч Б.*******д буцаан олгож, шүүгдэгч Б-өөс уг тээврийн хэрэгслийн үнэ болох 3.000.000 /гурван сая/ төгрөгийг гаргуулж, гэмт хэргийн улмаас ойн экологид учруулсан хохирол 322.920 төгрөгийг нөхөн төлүүлж Дорнод аймгийн Баян-Уул сумын байгаль хамгаалах санд оруулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлсүгэй.
5. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн “Дружба” хөрөө, 24 ширхэг мод зэргийг хурааж улсын орлого болгож, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Б-ийн ............... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б-өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ