Шүүх | Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
Хэргийн индекс | 152/2016/00075/И |
Дугаар | 131 |
Огноо | 2017-01-31 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 131
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Баруунтуруун сумын 1 дүгээр баг, 6-43 тоотод оршин суух, 1990 онд төрсөн, 27 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОА90031201, Тайж овогт Басанжавын Отгончимэгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8 дугаар баг, Айргийн 3-3 тоотод оршин суух, 1987 онд төрсөн, 30 настай, эрэгтэй, регистрийн дугаар ЗД87073011, Хэвтэй овогт Цэрэнхоролын Мөнхтүвшинд холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдээ өөрийн асрамжинд авах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болон хуваарьт хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Отгончимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Отгончимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1990 онд Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн. 1998-2008 онд тус сумын 10 жилийн дунд сургуулийг төгсөж, улмаар Ховд их сургуулийн Гадаад хэл, соёлын сургуулийн англи хэлний багшийн ангид элсэн суралцаж 2012 онд төгссөн. Сургуулиа төгсөж ирээд Увс аймгийн Баруунтуруун сумын Ахлах сургуульд англи хэлний багшаар 2012 оны 9 дүгээр сараас 2014 оны 6 дугаар сар хүртэл багшилсан. Миний бие 2012 оны 9 дүгээр сард Дундговь аймгийн харъяат Цэрэнхоролын Мөнхтүвшинтэй танилцаж, улмаар 2 жил гаруй хугацаанд үерхэж, Ц.Мөнхтүвшин нь Дундговь аймгаас Увс аймгийн Баруунтуруун сум хооронд ирж, явж байгаад 2014 оны 7 дугаар сард Ц.Мөнхтүвшингийн аав Цэрэнхорол ах дүүгийн хамт ирж, хадаг сүү тавьж, улмаар 2014 оны 10 дугаар сард Дундговь аймагт хуримаа хийж гэр бүл болж гэрлэлтээ бүртгүүлсэн. Бид гэр бүл болж бусдын адил эхэндээ сайхан амьдарч байв. Нөхөр маань тээвэрт 1-2 сараар явдаг гэртээ ирээд 5-7 хоноод буцдаг байсан. Бидний дундаас 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр охин М.Арвин төрсөн. Ц.Мөнхтүвшинтэй гэр бүл болохдоо миний бие өөрийн хэмжээнд том шийдвэр гаргаж аав, ээж, ах, эгч, найз нөхөд, нутаг ус ажил албаа орхиж, түүнд итгэн хүний ёсоор ханилж, Дундговь аймагт очсон. Гэтэл 2014 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 89167788 дугаараас Нанжидын Нямцэрэн гэдэг эмэгтэй залгаж, Мөнхтүвшин надтай амьдардаг, бид 2 хүүхэдтэй, хайргүй чамтай амьдрах их хэцүү байдаг юм шиг байна лээ гэж хэл амаар доромжилсон. Тухайн үед би балмагдаад юу гээд байгааг нь сайн ойлгохгүй утсаа тасалсан. Өмнө нь нэг эмэгтэй утсаар үе үе яриад байдаг байсан ба намайг хэн бэ гэж асуухаар мөнгө зээллэж авсан хүн байгаа юм, мөнгөө нэхэж байна гэх мэтээр аргалаад өнгөрөөдөг байсан. Дээрх эмэгтэй ярьсныг Ц.Мөнхтүвшингээс асуухад эхэндээ үгүй тийм юм байхгүй гэж булзааруулж байсан боловч ярьсан утасны дугаарыг үзүүлтэл хүлээн зөвшөөрч надтай танилцахаас өмнө хамтран амьдарч байсан, хүүхэдтэй гэдгээ хэлсэн. Үүнээс хойш бид хоёрын харьцаа хөндийрч, хадам аав Цэрэнхорол удаа дараа хэл үгээр дарамталж манайх аймгийн хэмжээнд эхний 5-6-аад ордог баян айл, нэг хүн чадаж байвал хэдэн эхнэртэй ч байсан болно, ойлгоод амьдарвал амьдар гэх мэтээр харьцах болсон. Ц.Мөнхтүвшин ч тийм утгатай үг хэлж, охин бид хоёрыг Дундговь аймагт амьдар, би ирж очин байя, байр, хашаагаа охиныхоо нэр дээр шилжүүлнэ гэх мэтээр харьцсан. Монгол Улсын Үндсэн хуульд заасан ёсоор эрэгтэй эмэгтэй хүмүүс нэг эхнэр, нэг нөхөртэй байна гэж заасан байдаг бөгөөд энэхүү гаргасан зан, үйлдэл нь цаашид тэсэх аргагүй охины минь ирээдүй хүмүүжилд сөргөөр нөлөөлнө гэж үзэж гэрлэлтээ цуцлуулахаар шийдэж байна. Бид хоёр ямар нэгэн байдлаар эвлэрэх боломжгүй бөгөөд Ц.Мөнхтүвшин нь Өмнөговь аймагт Н.Нямцэрэн гэх эмэгтэй хүүхдийн хамт амьдарч, миний бие төрсөн нутаг болох Увс аймгийн Баруунтуруун суманд 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр шилжиж ирсэн. Гэр бүлийн хамт өмчлөх дундын хөрөнгө болох хувийн сууц ажлын байрны зориулалт бүхий 200 м.кв талбайтай байр, гэр бүлийн хэрэгцээний 528 м.кв талбайтай газар, ӨМӨ63-10 улсын дугаар бүхий 100 тонны Норд бенз маркийн автомашин, Ц.Мөнхтүвшингийн нэр дээрх 408 толгой тэмээ зэрэг гэр бүлийн хамтран өмчлөх хөрөнгөтэй. Иймд эдгээр хөрөнгө нэг бүрийн үнийг тогтоолгож, хууль ёсны гэр бүлийн гишүүн охин М.Арвин болон эхнэр надад оногдох хэсгийг үнийн дүнгээр гаргуулж авахаар нэхэмжлэл гаргасан боловч Ц.Мөнхтүвшин бид хоёр эд хөрөнгийн маргаан дээрээ тохиролцсон тул одоо хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй. Харин 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотоос Увс аймгийн Улаангом суманд ирсэн онгоцны тийзний үнэ 296000 төгрөгийг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна. Иймд хуульд заасан журмын дагуу миний энэхүү байдлыг харгалзан үзэж, тухайн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.
Хариуцагч Ц.Мөнхтүвшин шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Баасанжав овогтой Отгончимэгтэй 2015 оны 4 дүгээр сард батлуулсан гэрлэлтийг цуцлуулахыг зөвшөөрч байна. Охин Арвинг эх Б.Отгончимэгнйи асрамжид үлдээхийг зөвшөөрч байна. М.Арвинд сар бүр 100.000-200.000 төгрөгийн тэтгэмж өгч байгаа. Цаашид ч хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. Мөн дундын эд хөрөнгийн хувьд Б.Отгончимэгтэй ярилцаж тохирсон бөгөөд эд хөрөнгийн маргаангүй” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Отгончимэг нь хариуцагч Ц.Мөнхтүвшинд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдээ өөрийн асрамжинд авах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болон хуваарьт хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Б.Отгончимэг, Ц.Мөнхтүвшин нар 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр гэр бүл болж, 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэн, тэдний дундаас 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр охин М.Арвин төрсөн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн болон төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбарууд, зохигчдын тайлбараар нотлогдож байна.
Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй зан харьцааны улмаас 2015 оны 6 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад гэрлэгчид эвлэрээгүй буюу гэр бүлээ үргэлжлүүлэх талаар хэн хэн нь санаачилга гаргаагүй, цаашид хамт амьдрах боломжгүй болох нь тэдний тайлбараар тогтоогдож байх тул Б.Отгончимэг, Ц.Мөнхтүвшин нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Гэрлэгчдийн 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр охин М.Арвинг зохигчдын санал болон бага насны хүүхэд зэргийг харгалзан эх Б.Отгончимэгийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар охин М.Арвинг 11 нас хүртэл нь хүүхдийн амьдарч байгаа тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, эцэг Ц.Мөнхтүвшингээр сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүх хүүхдийг эх Б.Отгончимэгийн асрамжид үлдээж шийдвэрлэж байгаа хэдий ч эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүрэг хэвээр хадгалагдаж, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд “Эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэж заасныг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хамтран өмчлөх дугдын эд хөрөнгийг үнэлж, хүүхэд болон өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай шаардлага гаргасан боловч шүүх хуралдаанд зохигчдын хооронд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэсэн тайлбар гаргасан тул тэднийг хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдах нь зүйтэй.
Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагчаас 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотоос Увс аймгийн Улаангом суманд ирсэн онгоцны тийзний үнэ 296000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба энэ шаардлага нь гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй холбогдож гарсан зардал биш, дундын эд хөрөнгийн маргаанд хамааралгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Мөнхтүвшингээс улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Отгончимэгт олгож, хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн тул 1 жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 28.281 /Увс аймагт амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээ нь 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар 164.800 төгрөг байх ба үүний 50 хувь буюу 82.400 төгрөгийг хариуцагч сар бүр нэхэмжлэгчид төлөх тул үүнийг 12 сараар тооцвол 988.800 төгрөг, үүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 28.281 төгрөг/ төгрөг гаргуулж улсын орлогод буюу Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй байна.
Хариуцагч Ц.Мөнхтүвшинд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч намайг эзгүйд шүүх хуралдааныг хийж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн тул түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан хэлэлцсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Тайж овогт Басанжавын Отгончимэг, Хэвтэй овогт Цэрэнхоролын Мөнхтүвшин нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Отгончимэгийн онгоцны тийзний үнэ 296000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн охин М.Арвинг эх Б.Отгончимэгийн асрамжид үлдээсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин М.Арвинг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Ц.Мөнхтүвшингээр тэжээн тэтгүүлсүгэй.
5. Зохигчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, мөн гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг тус тус дурдсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг ажлын гурван өдрийн дотор Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг даргын Тамгын газрын Иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Баясгаланд даалгасугай.
8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Мөнхтүвшингээс улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Отгончимэгт олгож, хариуцагчаас хүүхдийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 28.281 төгрөг гаргуулж улсын орлогод буюу Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ