Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 225

 

 

  

 

 

 

 

 

 

 2020       03           17                                    2020/ШЦТ/225    

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,

нарийн бичгийн дарга: Г.Энхжин,

улсын яллагч: Б.Мөнгөншагай,

Шүүгдэгч С. Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С ийн Баярцогт холбогдох эрүүгийн 2009 00263 0248 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 09-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 0 оны 0 дугаар сарын 0-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 0 настай эрэгтэй, дээд боловсролтой, программист мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5 эхнэр 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо 0 тоотод оршин суудаг, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, Б овогт С ийн Б /РД: /,

 

Яллагдагч С. Б нь 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Компьютер молл худалдааны төвийн 9 давхарын 9007б тоотод байрлах өөрийн ажлын байранд хохирогч Г. С ыг“Нөхрөө бусадтай хардаж ажил дээр хэрүүл маргаан хийлээ” гэх шалтгаанаар зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдэснээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С. Б мэдүүлэхдээ: “... Хэрэг болох өдөр манай эхнэрийн утасруу нэг эмэгтэй утсаар залгасан байсан. Тухайн залгасан хүнийг би бодохдоо манай байгууллагад санхүүгийн мэргэжилтнээр ажилладаг хүн байх гэж бодсон. Ингээд эхнэр ажил дээр ирээд хогийн шүүр бариад намайг цохисон. Манай найз эхнэрийн хөдөлгөөнийг хорьж хажуунаас эхнэрийг барьж байсан. Би эхнэрийн нүүр хэсэгт 2-3 удаа цохисон. Тэгээд буйдан дээр хөдөлгөөнийг хориод байж байсан. Ингээд цагдаа дуудсан...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Г. С мөрдөн шалгах ажиллагааны явцад “... Өнгөрсөн зун манай нөхөр нэг янхан хүүхнийг ажилд аваад тэрэнтэйгээ уулзаад байсан. Нэг өдөр тэр хүүхэн надруу залгаад “танай нөхөр чинь надад сайн, би одоо жирэмсэн” гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөхөрлүүгээ залгаж хэлтэл тийм зүйл байхгүй наадах чинь ажлаасаа халагдсандаа өширхөөд тэгэж хэлсэн байх гэсэн. Тэгээд нөхөртэйгээ ярьж байхад намайг хэл амаар доромжлоод байхаар нь би ажил дээр нь очоод ярилцья гэж хэлсэн. Тэгээд би ажил дээр нь очоод ууралтал ажил дээр ирж томорлоо гээд миний хоолойг боогоод нүүр болон духруу гараараа 3 удаа цохиж энэ гэмтлийг учруулсан. Нөхөртэй минь хамт байсан У гэх залуу миний хөлөн дээр гарч суугаад хөл хөхрүүлсэн бөгөөд миний эрхий хурууг мушгисан...” гэх мэдүүлэг /хх-ийн 6/-р тал,

Шүүгдэгч С. Б мөрдөн шалгах ажиллагааны явцад “... 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ажил дээрээ байж байсан чинь манай эхнэр ирээд мэргэжлийн 2 номоор намайг цохьсон. Тэгэхээр нь би гарыг нь барьж аваад суулгаад хамт байсан У гэх залууг цагдаа дуудаарай гэж хэлсэн. Гэтэл миний өөдөөс орилж байгаад миний толгойруу 2-3 удаа цохьсон. Тэгэхээр нь миний уур хүрээд шанаа хэсэгрүү нь 2-3 удаа цохьсон. Тэгээд Ууганбаяр босч ирээд манай эхнэрийг үстээд өрөөнөөс чирч гаргасан....” гэх мэдүүлэг /хх-ийн 9/-р тал,

            Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №922 дугаартай “... Г.С ын биед зүүн нүдний зовхи, зүүн хацранд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүү баруун гарын бугалга, баруун гуя, духанд цус хуралт, шилбэнд цус хуралт, тархи доргилт” гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн гэмтлүүд нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Харин зүүн гуя, шилбэнд цус хуралт, зүүн гарын эрхий хурууны 2-р үений зөөлөн эдийн няцрал гэмтэл нь тухайн хэрэг гарахаас 7-с дээш хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй…” гэх дүгнэлт /хх-ийн 13-14/-р тал зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэм буруугийн талаар.  

Яллагдагч С. Б нь  2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Компьютер молл худалдааны төвийн 9 давхарын 9007б тоотод байрлах өөрийн ажлын байранд хохирогч Г. С ыг“Нөхрөө бусадтай хардаж ажил дээр хэрүүл маргаан хийлээ” гэх шалтгаанаар зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын тайлбар зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.

Прокуророос шүүгдэгч С. Б ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С. Б нь өөрийн гэм буруугийн талаар маргаагүйн дээр түүнийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй талаар баримт хавтас хэрэгт авагдаагүй, хэдийгээр шүүгдэгчийн зүгээс “... тухайн гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн...” гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн байх боловч шүүгдэгч нь өөрийн үйлдлийн улмаас бусдад шууд хор хохирол учрах боломжтойг мэдэж байсан ч хүсч үйлдсэн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд, дээрх үндэслэлээр шүүгдэгч С.Б гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар

 

Шүүхээс шүүгдэгч С. Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “... гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн”...хуульд заасан төрөл хэмжээний дотор ял шийтгэл оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Улсын яллагчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаарх саналдаа “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С. Б д 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах...” санал гаргаж, шүүгдэгчийн зүгээс хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн.

Шүүх гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан, улсын яллагч болон шүүгдэгчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч С. Б д500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С. Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарлах нь зүйтэй.

Түүнчлэн хохирогч Г. С нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй талаараа мөрдөн шалгах ажиллагааны явцад бичгээр хүсэлт гаргасан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Гурав. Бусад асуудлаар

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.   

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г. С болон шүүгдэгч С. Б нарын зүгээс хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх бөгөөд прокуророос тухайн хүсэлтийнг хүлээж авсан, эсхүл хүлээн авахаас татгалзсан талаараа албан ёсоор ямар нэгэн хариу өгөөгүй байгааг буруутган тэмдэглэж байна.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б овогт С ийн Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С. Б д 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С. Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэгүй бол оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С. Б нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С. Б давсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                                               

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Х.ИДЭР