Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 044

 

            Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Цсумын 1 дүгээр багийн оршин суугч Т нэхэмжлэлтэй,

            Гуравдагч этгээд: Цсумын 1 дүгээр багийн оршин суугч С бие даасан шаардлагатай,

            Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Цсумын Засаг дарга, тус сумын Засаг даргын Тамгын газрын газрын даамал нарт холбогдох,

            2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн огноотой “Ст олгогдсон 000683173 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийн шаардлагатай, мөн “иргэн Ст тус сумын “Салхитын салаа” /Желди аша/ хэмээх газраас хаваржааны зориулалттай 700 м.кв талбайтай газрыг эзэмшүүлэх захирамж гаргахыг сумын Засаг даргад даалгах тухай” бие даасан шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Зулкаш, хариуцагч Цсумын Засаг дарга М, хариуцагч Цсумын Засаг даргын Тамгын газрын газрын даамал Н, гуравдагч этгээд С, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Х.Тасхын, орчуулагч Т.Маншүк,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Айдынгүл нар оролцов.

                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Таас  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагатай холбогдуулан шүүхэд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Т миний бие Цсумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр болох Салхитын салааны “Орта аша” гэх газрыг хууль ёсоор эзэмшиж, мал аж ахуй эрхэлдэг малчин өрх билээ. Гэтэл миний эзэмшил бэлчээр нутагт Ариний Сонгыбек гэдэг айл бууц, олон тооны малаар орж ирж бэлчээрийг талхалж сүйтгэж байна. Энэ асуудлын талаар сум орон нутагт гомдлоо илэрхийлж, сумын Засаг даргад хандсан чинь тус Цсумын Засаг даргын Тамгын газрын газрын даамал ажилтай Н нь 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Ст газар эзэмших эрхийн 00063173 тоот гэрчилгээ олгосныг 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр багийн Засаг дарга Ш.Зардыханаас олж мэдээд хуулбарлан авч шүүхэд хуулийн хугацаанд нэхэмжлэл гаргаж байгаа юм.

Энэ асуудлыг Ты миний гомдлын дагуу Засаг дарга М шалгахад сумын Засаг дарга 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр захирамж гаргаагүй болох нь тогтоогдсон. Мөн Ст олгосон газар эзэмших эрхийн 000683173 тоот гэрчилгээнд Засаг даргын захирамжийн дугаар бичигдээгүй байгаа болно. Тэгэхээр тухайн үед сумын Засаг дарга М нь энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлээрэй гэж зөвлөсөн учир шүүхэд хандаж байгаа болно. Ст Цсумын 1 дүгээр багийн Салхитын салаа “Желди аша” гэх газраас хаваржааны зориулалттай газар эзэмшүүлсэн тухай 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 000683173 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ бичиж олгосон нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасан “...газар эзэмшүүлэх тухай Засаг дарга шийдвэр гаргана...” гэж заасан заалт, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3-д заасныг зөрчиж Засаг даргын шийдвэргүйгээр газар эзэмшүүлсэн зэрэг нийтийн эрх зүйн харилцааг зөрчжээ.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Ст олгогдсон Газар эзэмших эрхийн 000683173 тоот гэрчилгээг хүчингүйд тооцож өгнө үү.

Гуравдагч этгээд шүүхэд бие даасан шаардлага гаргасан байх ба  энэ нь үндэслэлгүй юм. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-д зааснаар “...хүсэлт гаргасан газрын байршил нь  аймаг, нийслэл, сум дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна...” гэж заасан. Тэгвэл маргаан бүхий Цсумын 1 дүгээр багийн нутаг Салхитын салааны “Желди аша” гэх газраас 2017 оны сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэнд эзэмшүүлэхээр заагдаагүй байхад Ст газар эзэмшүүлэх гэрчилгээ олгосон нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-д заасныг зөрчсөн байна.

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д зааснаар “...иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу Засаг дарга газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргана...” гэж, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “...энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгож, улсын бүртгэлд бүртгэнэ...” гэж заасан. Хуулийн энэхүү зохицуулалтаар сумын Засаг даргын газар эзэмшүүлэх тухай шийдвэрийн үндсэн дээр газар эзэмшүүлэх гэрчилгээ олгох юм. Түүнээс биш гэрчилгээ олгосны дараа газар эзэмшүүлэх шийдвэр гаргах талаар зохицуулалт байхгүй.

Газар эзэмших, ашиглах талаарх иргэн С болон Цсумын Засаг дарга нарын хооронд газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгах тухай маргаан гарч бие даасан шаардлага гаргасныг шүүх шийдвэрлэх маргаан биш гэж үзэж байна. Учир нь, Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д “иргэн болон Засаг даргын хооронд үүссэн маргааныг тухайн Засаг даргын дээд шатны Засаг дарга шийдвэрлэнэ...” гэж заасан байна. Тийм учраас гуравдагч этгээдийн бие даасан шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэх маргааны харьяалалд хамаарахгүй байна.

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлд зааснаар газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг зохих журмын дагуу Засаг дарга гаргадаг тул Засаг дарга шийдвэр гаргаагүй байхад газрын даамал газар эзэмших эрхийн 000683137 тоот гэрчилгээ олгосон нь холбогдох хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл байна.

Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-д зааснаар өвөлжөө, хаваржааны газрыг шийдвэрлэхэд бэлчээрийн тухай асуудал хамт цогц байдлаар шийдвэрлэгдэх тул багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлэх учиртай юм. Энэ байдал мөн зөрчигдсөн байна.

Иймд гуравдагч этгээд Сийн бие даасан шаардлага нь хуульд нийцэхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчээс  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би худал зүйл хэлээгүй бүгд үнэн, энэ талаар Х.Сонгыбек өөрөө мэдэж байгаа. Миний бие хашаа, хороогоо зарснаас болоод дүү бид хоёрын хооронд маргаан үүссэн. Анх худалдахдаа дээвэртэй байшин хашаа, хороо байгаа гэж хэлсэн. Гэхдээ тийм биш, бид нарын мал бэлчээдэг газар байсан. Уг газарт өвлийн улиралд мал өвөлжих боломжгүй газар байгаа. Харин Ст газар эзэмшүүлсэн гэрчилгээ буруу бичигдсэн, сумын Засаг даргын захирамж гараагүй, С, Н нарын хооронд бичигдсэн гэрчилгээ гэдгийг би урьд нь хэлсэн байгаа гэв.

Хариуцагч Цсумын газрын даамал Нээс шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Цсумын Засаг даргын Тамгын газрын газрын даамал Н миний бие тус сумын 1 дүгээр багийн иргэн Арин овогтой Сонгыбекийн өргөдлийг 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээж авсан. Өргөдлийн бүртгэлийн хяналтын хэсэгт сумын Засаг дарга М “маргаангүй бол шийдвэрлэе” гэсэн цохилтоор явуулсан. Тухайн үед С газрын гэрчилгээ олгох үед Засаг даргын Тамгын газрын бичээч Б.Латизагаас захирамжийн дугаар авч тэр дугаарын дагуу гэрчилгээ олгодог. Учир нь хөдөөгийн малчин иргэд өдөр болгон ирж чадахгүй байдаг ба бичээчийн завтай байдлаас шалтгаалан тухайн өдөртөө багтаан захирамж гаргахгүй байх тохиолдол гардаг. Ст захирамж гардуулах үед 2 иргэний өргөдлийг Засаг даргад танилцуулан Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/35 тоот захирамжид оруулахаар бичээчид өгсөн боловч захирамжийн хавсралтад оруулаагүй байна. Тухайн үед үүнийг анзаараагүй байсан. 000683173 дугаартай гэрчилгээг 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Салхитын салаа “Желди аша”-гийн эхэнд байгаа хаваржаандаа олгосон бөгөөд уг хаваржааг 2002 онд нэхэмжлэгч Ты төрсөн аав нь  болох Х.Арин барьсан юм. Сийн аав болох Х.Арин амьд байх үедээ ийм маргаан гараагүй болно.

Маргаан үүссэн шалтгаан нэхэмжлэгч Т нь Дунд салаа “Орта аша” гэх газарт байгаа өвөлжөөг тус сумын 1 дүгээр багийн иргэд К.Болатбек, К.Талгатбек нарт худалдахаар болж тохиролцож “Орта аша”-гийн өвөлжөө, “Желди аша”-гийн эх энэ бүх газар миний бэлчээр гэж 24,000,000 төгрөгөөр үнэлж зарсан. К.Болатбек, К.Талгатбек нар нь энэ өвөлжөөг бэлчээрийн төлөө авсан юм, өөр авах юм байхгүй, бид энэ хүний зааж өгсөн газраар малаа бэлчээнэ гэж уг газрыг хорьж эхэлснээр маргаан үүссэн. Ингэж бэлчээрийг өөрийнх болгож зарна гэдэг нь Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1 дэх заалтыг зөрчиж байна. Иймд нэхэмжлэгч Ты тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Иргэн С олгогдсон газрын гэрчилгээ нь өвөлжөөний зориулалттай биш хаваржааны зориулалттай байсан. Энэ нь нэхэмжлэгч Ты газарт ямар нэгэн байдлаар давхцаагүй учраас маргаан гаргах шаардлагагүй юм. Хоёр хашааны хоорондох зай нь 2,3 км зайтай байгаа. Сумын Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 35 дугаар захирамжид иргэн С болон Хосай Жанарбекийн нэрийг хамтад оруулахаар бичээчид өгсөн боловч оруулаагүй юм байна. Тухайн үед би үүнийг анзаараагүй байсан. Маргаан гарсан өдөр захирамжийг би өөрөө шүүж үзэхэд, Сийн нэрийг оруулаагүй байсныг мэдсэн. Тийм учраас үүнийг би бичээчийн алдаа гэж үзэж байгаа бөгөөд сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/35 гэдэг захирамжаас хоёр хувь ирүүлсэн байна. Нэг нь 10 иргэнд, нөгөө нь 11 иргэнд гээд хоёр алдаа захирамж гаргасныг тухайн үед анзаараагүй болно гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Зулкашаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт “...Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байна ...” гэж тусгасан бөгөөд энэхүү газрыг хэний ямар шийдвэрээр эзэмшүүлэх вэ гэдэг асуудал аяндаа тулгарна. Мөн Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт “...энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана ...” гэж заасан байна.

Тэгэхээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болгож байгаа иргэн Аринийн Сонгыбект газар эзэмших эрхийн 00683173 тоот гэрчилгээгээр Цсумын 1 дүгээр багийн нутаг “Салхитын салаа” гэдэг газраас эзэмшүүлсэн газарт 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн захирамжийг үндэслээд дугаар бүхий 0,07 га газрыг 30 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн гэж газрын даамал гэрчилгээ олгосон боловч тухайн гэрчилгээнд бичигдсэн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр ямар нэгэн газар эзэмшүүлэх талаар захирамж сумын Засаг даргаас гаргаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Харин 2017 оны 06 дугаар сарын 31-ний өдрийн А/35 захирамжаар 11 иргэнд 7700 м.кв газар эзэмшүүлсэн боловч уг гэрчилгээнд энэ хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа Ст ямар нэгэн газар эзэмшүүлсэн талаар тусгаагүй байна. Тэгэхээр Газрын тухай хуулийн 34 дүгээр  зүйлийн 34.1 дэх хэсэгт “...Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ ...” гэж заасан байдаг.

Гэвч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад Ст газар эзэмшүүлсэн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 00683173 тоот гэрчилгээ сумын Засаг даргын захирамжгүйгээр шууд бичигдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна. Засаг дарга иргэн Ст газар эзэмшүүлэх талаар ямар нэгэн эрхийн акт гаргаагүй гэж хэлж байна. Энэ нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, газрын даамал эрх хэмжээг хэтрүүлэн хэрэглэж өөртэй олгогдоогүй эрх эдэлж сумын Засаг даргын захирамж гараагүй байхад иргэн Ст газар эзэмшүүлэх гэрчилгээ бичиж өгсөн байна. Мөн газрын даамал нь энэхүү үйлдлээр Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасныг давхар зөрчсөн гэж үзэж байна.

Гуравдагч этгээд Ст эзэмшүүлсэн “Салхитын салаа” гэх газрыг хаваржааны зориулалтаар эзэмшүүлсэн боловч уг газар нь Цсумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй байгаа. Энэ нь Цсумын 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөөр батлагдан тогтоогдож байна. Тус сумын 1 дүгээр багаас 3500 м.кв газрыг иргэдэд эзэмшүүлэхээр газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан боловч хариуцагч буюу сумын газрын даамлын тайлбарлаж байгаагаар сумын төвд байгаа иргэдэд эзэмшүүлэхээр тусгасан газар байгаа, өөр хаваржаа, өвөлжөөний зориулалтаар газар эзэмшүүлэхээр тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулаагүй гэдгийг өөрөө хүлээн зөвшөөрч байна.

Газрыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулах эсэх асуудлын хувьд Газрын тухай хуулиар тодорхой зохицуулсан байгаа. Өөрөөр хэлбэл, Газрын тухай хуулийн 25 дугаар зүйлд газар зохион байгуулалтын үндсэн баримт бичгүүд, тэдгээрт тавигдах шаардлага талаар зохицуулсан байх бөгөөд улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэл, сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө зэрэг нь түүнд хамаарах юм.

Энэхүү газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд зааснаар аливаа газрыг эзэмшүүлэх тухай асуудлыг төлөвлөгөөнд тусгахаас биш өвөлжөө, хаваржаа, зуслангийн газар нутгийг эзэмшүүлэхдээ газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгахгүй байж болно гэсэн ойлголт байхгүй. Харин газар зохион байгуулалтын төлөвлөгөөг тухайн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шийдвэрлэж байгаа ба энэ нь сумын Засаг дарга болон газрын даамлын шийдвэрлэх эрх хэмжээний асуудал биш юм. Ийм учраас газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй байж гэрчилгээ бичиж өгсөн явдал нь ноцтой зөрчил гэж үзэж байна. Үүнийг Захиргааны ерөнхий хуульд заасан хууль бус захиргааны акт гэж үзэхээр байна. Энэхүү маргаан нь нэхэмжлэгч Т хашаа, хороогоо бусдад худалдсан учраас үүссэн гэж талууд тайлбарлаж байгаа боловч өнөөдрийн шүүх хуралдаанаар бэлчээрийн асуудлыг шийдвэрлэхгүй.

Учир нь, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.10-д “... Бэлчээр ашиглах асуудлаар гарсан аливаа маргааныг багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж зохицуулна. Эс тохиролцсон тохиолдолд сумын Засаг дарга шийдвэрлэнэ ...” гэжээ. Энэхүү маргаан нь бэлчээрийн бүстэй холбоотой байвал үүнийг шүүх хуралдаанаар шийдвэрлэх маргаан биш, энэ нь сумын Засаг даргын шийдвэрлэх маргаан учраас өнөөдрийн шүүх хуралдаанд энэ асуудлыг хөндөх шаардлага байхгүй болно. Газрын тухай хуулийн 33.3 дүгээр зүйлийн холбогдох заалтуудыг зөрчиж гарсан, захирамж гараагүй байхад газар эзэмшүүлэх гэрчилгээ бичиж олгосон газрын даамлын буруутай үйлдэл нь өөрөө хууль бус учраас нэхэмжлэгч Ты нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх нь зүйтэй байна. Харин газар эзэмшүүлэх бэлчээрийн маргаантай асуудлыг тухайн сум, орон нутаг өөрсдөө эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх асуудлыг гэдгийг хэлэх нь зүйтэй байна гэв.

Гуравдагч этгээд Сээс  шүүхэд гаргасан тайлбар болон бие даасан шаардлагадаа:  

Цсумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр болох Салхитын салаа “Желди аша” хэмээх газарт 2002 оноос эхлэн манай аав Х.Арин байшин барьж, олон жил хаваржааны зориулалтаар ашиглаж ирсэн газар билээ. Энэ талаар нутгийн ард иргэд бүгд мэдэж байгаа болно.

Тэрээр, манай аав тус маргаан бүхий газрыг олон жил эзэмшиж ирсэн хэдий ч хууль ёсоор эзэмшүүлсэн тухайн шатны Засаг даргын шийдвэр гараагүй байсан учраас уг хаваржааны газрыг миний бие хууль ёсоор эзэмшилдээ авахаар сумын Засаг даргад тухайн газрыг хаваржааны зориулалттай газар эзэмшүүлэхийг хүсэж Газрын тухай хуульд заасан бичиг баримтуудыг бүрдүүлж өгснөөр надад гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 000683137 дугаар бүхий гэрчилгээ олгож, газрын даамал Нтэй “Газар эзэмшүүлэх гэрээ” байгуулсан.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудтай танилцахад, С миний өргөдлийг сумын Засаг даргад танилцуулсан байх ба сумын Засаг даргаас “маргаангүй бол шийдвэрлэе” гэжээ. Энэ тохиолдолд сумын ЗДТГ-ын бичээч Б.Латизагийн буруутай ажиллагааны улмаас захирамж гараагүй явдалд иргэн намайг буруутгаж болохгүй.

Ер нь бол маргаан гарсан шалтгааны хувьд дурдвал, нэхэмжлэгч Т нь өвөлжөөгөө бусдад буюу К.Болатбек, К.Талгатбек нарт худалдахдаа манай хаваржааг өөрийнх нь газар, энэ бүх газар миний бэлчээр хэмээн үзүүлсэн байдаг. Түүний энэ үйлдэл нь Газрын тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчиж байгаа хэлбэр мөн бөгөөд хуулиараа бол газар худалдах эрхгүй. Нөгөөтээгүүр, нэхэмжлэгч Т нь өөрийнхөө газрыг бусдад худалдсан бол /эзэмшил газраа бусдад шилжүүлсэн гэрээтэй бол/ шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд бөгөөд энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдвол түүний нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэсэн саналтай байна

 Түүнчлэн, анх газрын асуудлын талаар маргаан үүсэх явцад тус багийн Засаг дарга маргаан бүхий газрын орчим дахь Ты хөрш айлуудын иргэдийг цуглуулж маргааныг шийдвэрлэсэн бөгөөд энэ үед С би хууль ёсны дагуу газар эзэмшдэг болохыг Тд мэдэгдэж байсан тул нэхэмжлэгч А.Талапхан нь хэрэв тухайн үед эрх ашиг маань зөрчигдсөн гэж үзвэл шүүхэд 30 хоногийн дотор хандах ёстой байсан боловч хандаагүй, өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэхээр байна.

Хэрвээ Т бэлчээр ашиглах талаар хөрш зэргэлдээ оршдог малчидтай маргалдаж байгаа бол эхлээд тус багийн иргэдийн Нийтийн Хуралд өргөдлөө гарган зохих журмын дагуу шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байгаа.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “...газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ...”, 27.3-т “...нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна...”, 27.4-т “...хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно...” гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн дагуу нэхэмжлэгч Тд Цсумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр болох Салхитын салаа “Желди аша” хэмээх газрыг хаваржаа, өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлсэн шийдвэр байхгүй, газар эзэмших эрхийн гэрчилгээгүй, газар эзэмших эрхийн гэрээгүй байх тул түүний хууль ёсны эрх ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх боломжгүй.

Нэмж хэлэхэд, иргэн С би аливаа нэг албан тушаалтны буруутай үйл ажиллагаа, ажил үүргийн харилцаанаас болж хохирох ёсгүй бөгөөд сумын Засаг даргын шийдвэр гараагүй явдалд би буруугүй.

Миний бие Цсумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших Салхитын салаа “Желди аша” хэмээх газрыг хууль ёсоор эзэмшилдээ авахаар тус сумын Засаг даргад тухайн газрыг хаваржааны зориулалттай эзэмших тухай хүсэлтийг Газрын тухай хуульд заасан бичиг баримтуудыг бүрдүүлж өгснөөр надад Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 000683137 дугаар бүхий гэрчилгээ олгож, газрын даамал Нтэй “Газар эзэмшүүлэх гэрээ” байгуулсан. Тухайн үед сумын Засаг даргын захирамж гарсан гэж ойлгосон.

Гэтэл Таас тус шүүхэд, сумын ЗДТГ-ын газрын даамалд холбогдуулан гаргасан “Газар эзэмших эрхийн 2017 оны 3 дугаар сарын 23-нд Ст олгогдсон 000683173 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд би уг хэрэгт гуравдагч этгээдээр оролцох болсон.

Улмаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудтай танилцахад, С миний өргөдлийг газрын даамал Н сумын Засаг даргад танилцуулсан бөгөөд сумын Засаг даргаас “маргаангүй бол шийдвэрлэе” гэж зөвшөөрсөн боловч тухайн үед Газар эзэмшүүлэх тухай захирамж сумын ЗДТГ-ын бичээч Б.Латизагийн буруутай ажиллагааны улмаас гараагүй нь тогтоогдсон.

Иргэн С надад Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 000683137 дугаар бүхий гэрчилгээ олгосон. Мөн газрын даамал Нтэй “Газар эзэмшүүлэх гэрээ” байгуулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул сумын Засаг даргаас надад газар эзэмшүүлэх тухай шийдвэр хууль ёсоор гарах ёстой гэж үзэж байна. Тиймээс сумын Засаг даргаас С надад газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргахыг даалгаж өгнө үү хэмээн бие даасан шаардлага гаргаж байна гэжээ.

             Гуравдагч этгээдээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн С олгогдсон газрын гэрчилгээ нь өвөлжөөний зориулалттай биш хаваржааны зориулалттай байсан. Энэ нь нэхэмжлэгч Ты газарт ямар нэгэн байдлаар давхцаагүй учраас маргаан гаргах шаардлагагүй юм. Хоёр хашааны хоорондох зай нь 2,3 км зайтай байгаа. Сумын Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 35 дугаар захирамжид иргэн С болон Хосай Жанарбекийн нэрийг хамтад оруулахаар бичээчид өгсөн боловч оруулаагүй юм байна. Тухайн үед би үүнийг анзаараагүй байсан. Маргаан гарсан өдөр захирамжийг би өөрөө шүүж үзэхэд, Сийн нэрийг оруулаагүй байсныг мэдсэн. Тийм учраас үүнийг би бичээчийн алдаа гэж үзэж байгаа бөгөөд сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/35 гэдэг захирамжаас хоёр хувь ирүүлсэн байна. Нэг нь 10 иргэнд, нөгөө нь 11 иргэнд гээд хоёр алдаа захирамж гаргасныг тухайн үед анзаараагүй болно гэв.

Хариуцагч Цсумын Засаг дарга Мээс  шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаанд нэмж тайлбарлахад:

Засаг дарга миний бие 2016 онд ажил авснаас хойш сумын бэлчээрийн даац хэтэрсэн, бэлчээртэй холбоотой маргаан хэрэг зөрчил ихтэй байсныг таслан зогсоох зорилгоор багийн иргэдийн Нийтийн Хурлаар бүх малчдад анхааруулж шинээр өвөлжөө, хаваржаа барих зориулалтаар эзэмшлийн гэрчилгээ олгоогүй бөгөөд үр дүнд бэлчээрийн маргаан, хэрэг зөрчил тодорхой хувиар буурсан болно. Харин хуучин баригдсан эзэмшиж байгаа өвөлжөө хаваржаанд хөрш айлуудтай бэлчээрийн маргаангүй малчдад газрыг гэрчилгээг хүндэтгэлтэй хандаж олгож байгаа. Иргэн Арины Сонгыбекийн “Желди аша” хэмээх газарт хаваржааны зориулалтаар газар эзэмших тухай гаргасан өргөдлийг газрын даамал Нт маргаантай эсэхийг судлан үзэхээр хандсан байтал Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт “...энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон улсын бүртгэлд бүртгэнэ...” гэсэн заалтыг зөрчин олгосноос болж энэ маргаан үүссэн байдаг.

Газар эзэмшүүлэхээр зөвшөөрсөн иргэдэд газрын даамал Н захирамжийг хавсралтын хамт төлөвлөж, Засаг даргаар хянуулаад бичээч Б.Латизад шивүүлж Засаг дарга гарын үсэг зурснаар захирамж эцэслэн гарах хэвшилтэй. Шууд олгохоор шийдвэрлэсэн хүмүүсийн өргөдөлд “газрын гэрчилгээ олгож тусалъя” гэсэн тэмдэглэгээ үйлддэг. Ст 00833173 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ чинь ямар ч эрх зүйн акт шийдвэр гаргаагүй хүчингүй гэрчилгээ гэдгийг удаа дараа анхааруулсан, газрын даамал Нээс захирамж гараагүй байхад яагаад гэрчилгээ олгосон талаар асуухад “...та А/35 дугаар захирамж гаргасан” гэж 1 дүгээр багийн иргэн А.Талапхан, Б.Латиза бид гурав сууж байхад авч ирж үзүүлээд хэсэг хугацааны дараа би өөрөө авъя гэж захирамжийг хавсралтын хамт аваад явсан.

Уг А/35 тоот захирамжийн архивд байгаа хувийг шалгаж үзэхэд 11 иргэнд гарч 11 дүгээрт байсан Хосайн Жанарбекийн нэрийг хасаж Ариний Сонгыбекийг оруулсан хуурамч захирамж байсныг хамт байсан хүмүүс гэрчилнэ. Сийн хүсэлт гаргаж буй газар нь сумын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө болон тухайн жилийн төлөвлөгөөнд ороогүй байна. Хүндэтгэлтэй хандаж олгоё гэхээр хөрш айлуудтай бэлчээрийн маргаантай байгаа учир шаардлагыг биелүүлэх боломжгүй гэж үзлээ.  Газрын тухай хуулиар тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орсон, эсхүл багийн иргэдийн Нийтийн Хурлын шийдвэр гарсан хүмүүстэй бид нар захирамж гаргаад эзэмшлийн гэрчилгээ олгодог.

Заримдаа хуучин баригдсан өвөлжөө, хаваржааны зориулалттай хашаа, хороонд бэлчээр хамт эзэмшдэг хөрш айлуудынхаа хүмүүстэй  маргаангүй байгаа тохиолдолд хуралдаан хийж хэсэгчлэн гэрчилгээ олгож байгаа асуудал бий. Сийн хувьд ерөөсөө хөрш айлууд болох Т, н.Атейхан нартай маргаангүй бол газар эзэмшүүлэх захирамж гаргахад татгалзах зүйл байхгүй. Харин одоо маргаантай байгаа учраас газар эзэмшүүлэх боломжгүй байна гэв.

              Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Х.Тасхынаас  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Хэргийн үйл баримт нь хэргийн оролцогч нарын гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр хангалттай ойлгогдохоор хэмжээнд байна. Нэхэмжлэл гаргаж байгаа нэхэмжлэгчийн ямар эрх ашиг нь хэрхэн зөрчигдсөн бэ гэдэг асуудал туйлын тодорхой байх ёстой. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь хэсэгт нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан бол түүнийг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар зохицуулсан байх бөгөөд миний хувьд нэхэмжлэгч Т нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж байна.

Учир нь, нэхэмжлэгч Т нь “Салхитын салаа” болон “Дунд салаа” гэдэг газрыг тус тусдаа эзэмшдэг гэж өөр хэлсэн ба хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд ч тус тусдаа газар эзэмшиж байгаа нь харагдаж байна. Газрын тухай хуульд зааснаар иргэний эзэмшиж байгаа газартай бусдад давхцаж газар эзэмшүүлсэн тохиолдолд газар эзэмшигчийн эрх ашиг хөндөгдсөн гэж үзээд давхацсан газрыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргах ёстой байсан. Гэтэл нэхэмжлэгч Ты ямар нэгэн эрх ашиг нь зөрчигдөөгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн өөрийн тайлбараар хангалттай нотлогдож байна.

Түүнчлэн сумын Засаг даргын татгалзаж байгаа татгалзлын хэлбэр нь 3 төрөлтэй гэж ойлгож байна. Нэгдүгээрт, тухайн газар нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, хоёрдугаарт, уг газар нь маргаантай, гуравдугаарт, бэлчээрийн газар учраас газар эзэмшүүлэх захирамж гаргаагүй гэж тайлбарлаж байна.

Цсумын 1 дүгээр баг нь “Шарговь” баг гэж явдаг ба 5 иргэнд 3500 м.кв газрыг эзэмшүүлэхээр тусгагдсан байна. “Шарговь” багаас иргэдэд газар эзэмшүүлэхээр газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан байвал иргэнд эзэмшүүлэх гэж байгаа газар нь бусдын газартай давхцаж байгаа эсэхийг газрын даамал судлан үзээд ямар нэгэн давхцал байхгүй бол тухайн газрыг иргэнд нь эзэмшүүлэх нь сумын Засаг даргын үүрэг юм.

Хоёрдугаарт, Засаг даргын зүгээс уг газар нь маргаантай байсан учраас гуравдагч этгээдэд эзэмшүүлэх боломжгүй гэдэг байдлаар тайлбарлаж байна. Гуравдагч этгээд Сийн “Желди аша” гэдэг газрыг эзэмшүүлэхээр гаргасан өргөдөл нь маргаангүй бол шийдвэрлэе гэж байгаа. Тэгэхээр маргаангүй шийдвэрлэе гэсэн үгийн утга, агуулгаас харахад, тухайн газар нь маргаантай байсан гэдгийг мэдээгүй, мэдэх боломж ч байхгүй. Харин тухайн газар нь маргаантай эсэхийг газрын даамал мэдэж байгаа бөгөөд газрын даамлын хувьд бэлчээрийн газрыг намаржаа, хаваржааны зориулалтаар ашиглуулахаар шийдвэр гаргах гэж байгаа биш, хаваржааны зориулалтаар 700 м.кв газрыг эзэмшүүлэхийн тулд тухайн газар нь хэн нэгний газартай давхацсан уу, үгүй үү гэдгийг хянаж үзээд газар эзэмшүүлэх захирамжийн төслийг боловсруулах чиг үүрэгтэй байдаг.

 Газрын даамал сая хөдөөгийн иргэдийг чирэгдүүлэх байх үүднээс гэрчилгээг нь бичээд бичээчийн ачаалалтай байдлаас хамаараад захирамж гаргадаг гэсэн тайлбар хэлсэн. Энэ нь байж болох зүйл гэж үзэж байгаа. Хуулиар тэгж зохицуулсан болохоос биш газрын даамлын хөдөөгийн иргэдийг чирэгдүүлэхгүйгээр гэрчилгээг нь бичиж өгөөд захирамжийг дараа нь гаргадаг гэдэг нь зөв гэж ойлгож байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлэх талаар хуулиар зохицуулсан, С нь ганц бие учраас гэр бүлд тооцогдохгүй гэдэг байдлаар тайлбарлаж байна. Гэр бүлийн тухай хуульд зааснаар гэр бүл гэдэг нь эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг хэлнэ гэж заажээ.

 Сийн хувьд өөрийн эцэг, эхийн гэрлэлтийн үндсэн дээр бий болсон тэдний гэр бүлийн гишүүн учраас гуравдагч этгээд гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрх нь нээлттэй байна. Тийм учраас нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн энэ талаар тайлбар нь үндэслэл муутай болсон гэж ойлгож байна. Сумын Засаг дарга эхлээд нэхэмжлэгч Тд хаваржааны зориулалтаар газар эзэмшүүлсэн байх бөгөөд “Шарговь” багаас 5 иргэнд газар эзэмшүүлэхээр болсон 2017 онд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр нь байна. Гэхдээ тухайн газрыг нэхэмжлэгч бэлчээрийн зориулалтаар аваагүй, гуравдагч этгээд Ст ч гэсэн тухайн газрыг бэлчээрийн зориулалтаар эзэмших гэсэн хүсэл зориг байгаагүй юм байна.

Тэгэхээр сумын Засаг даргын эдгээр иргэдийн нэгэнд нь газар олгоод нөгөөд нь олгохгүй байгаа асуудал нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “... газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах ...” гэснийг зөрчсөн үйлдэл байна. Тус сумын 1 дүгээр багийн Засаг дарга Ш.Зарыххан нь гэрчийн мэдүүлэг өгөхдөө Т нь “Дунд салаа” гэдэг газрыг эзэмшдэг, С нь “Желди аша” гэх газрыг эзэмшдэг ба уг газрын хоорондох зай нь 3 км гэж хэлсэн. Мөн энэ нь үзлэгийн тэмдэглэлээр 3,6 км зайтай болох нь нотлогдсон байгаа.  Харин нэхэмжлэгч бэлчээрийн зориулалтаар хэдэн км газрыг ашиглаж байгаа вэ, бэлчээрийн асуудлыг сумын Засаг дарга шийдвэрлэх эрх хэмжээтэй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн өнөөдрийн шүүх хуралдаанаар бэлчээрийн асуудал яригдахгүй гэх тайлбар үндэслэлтэй гэж үзэж би хувьдаа дэмжиж байна. Тухайн газарт ямар хүмүүс амьдарч байгаа эсэхийг 1 дүгээр багийн Засаг дарга, тус багийн иргэд ямар хэмжээтэй газар эзэмшиж байгааг газрын даамал мэдэж байгаа.

Гэвч гуравдагч этгээд Сийн эцэг талийгаач н.Арин гэдэг хүн маргаан бүхий газрыг 2002 оноос хойш эзэмшиж ашиглаж байсан байна. Тэгэхээр анхнаасаа тухайн газрыг эзэмшиж байсан гэдэг утгаар гуравдагч этгээд давуу эрхээр эзэмших эрхтэй байна. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “...Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно ...” заасан учраас нэхэмжлэгч Т нь маргаан бүхий газрыг эзэмших эрхгүй этгээд гэдгийг хэлье. Мөн Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт “... Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна ...” гэж зохицуулсан бөгөөд Ст эзэмшүүлсэн газар нь ямар нэгэн байдлаар бусдын газартай давхцаагүй, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газар байх тул сумын Засаг даргад ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилгүй бол иргэнд Ст тухайн газрыг эзэмшүүлэх бүрэн эрхтэй, мөн түүнд газар эзэмшүүлэх үүрэгтэй гэж үзэж байна.

 Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.10-т “... Бэлчээр ашиглах асуудлаар гарсан аливаа маргааныг багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж зохицуулна. Эс тохиролцсон тохиолдолд сумын Засаг дарга шийдвэрлэнэ ...” гэжээ. Миний бие ямар учраас нотлох баримт судлуулах шатанд багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны тэмдэглэлийг уншуулсан бэ гэвэл энэ асуудлыг ерөнхийдөө багийн иргэдийн Нийтийн Хурлаар зохицуулсан асуудал харагдаж байгаа бөгөөд Сийн гэрчилгээг тодорхойлж шийдвэр гаргаж болно гэсэн байна. Ст газар эзэмшүүлсэн захирамж гараагүй шалтгааны талаар газрын даамал хангалттай тайлбарласан учраас энэ асуудлаар нэмж тайлбар хэлэх шаардлагагүй гэж үзэж байна.

 Ер нь газар эзэмшүүлэхдээ шударга, тэгш байдлыг хангаж ажиллах ёстой, нэг талыг барьж болохгүй гэдгийг түрүү нь би хэлсэн байгаа. Тийм учраас нэхэмжлэгч Т нь нэхэмжлэл гаргах эрхгүй гэдэг утгаар болон маргаан бүхий газар түүний газартай давхцаагүй гэдэг байдлаар, бэлчээр ашиглах ямар нэгэн эрхийн акт гараагүй гэдэг байдлаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох саналтай.

Харин тухайн маргаан бүхий газрыг эзэмших шийдвэр гаргуулах бие даасан шаардлагын хувьд Сийн газар нь хэн нэгний газартай давхцаагүй, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан “Желди-аша” гэдэг газрыг эзэмшилдээ авмаар байна гэж холбогдох баримтыг бүрдүүлж өгсөн учраас сумын Засаг дарга заавал шийдвэр гаргах үүрэг хүлээх ёстой гэсэн байр суурьтай байгаа гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг болон хэргийн оролцогчдын тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч Таас гаргасан  “Ст олгогдсон 000683173 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд Сээс гаргасан  “Цсумын  “Салхитын салаа” хэмээх газраас хаваржааны зориулалттай 700 м.кв талбайтай “Газар эзэмшүүлэх тухай” захирамж гаргахыг сумын Засаг даргад даалгах тухай” бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

  1. Нэхэмжлэгч Ты нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэлийн тухайд:

Гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс нэхэмжлэгч Тыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар “...нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд”  гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна. Учир нь,

Нэхэмжлэгч Т нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ  ““Салхитын салаа” гэх газраас гуравдагч этгээд Ст газар эзэмших эрхийн гэрчилгээгээр  олгогдсон газар миний эзэмшил бэлчээр газар” гэж тодорхойлон өөрийн субьектив эрхтэй холбогдуулан нэхэмжлэл гаргасан.

Түүнчлэн,  нэхэмжлэгчид гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар 2009 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 0261363 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр[1] эзэмшүүлсэн “Дунд салаа” хэмээх газарт байрших байшин, хашаа хороог иргэн К.Болатбект худалдсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон боловч  газар эзэмших эрхийн гэрчилгээг эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр хууль ёсоор иргэн К.Болатбект шилжүүлээгүй  нь гэрч К.Болатбекийн мэдүүлгээр[2] батлагдаж байгаа тул нэхэмжлэгчийн газар эзэмших эрх нь хэвээр, уул эрхтэй холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй  гэж шүүхээс үзсэн болно.

Нэхэмжлэгчээс  шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар хангах боломжгүй байна.

1. Нэхэмжлэгч Тд Цсумын 1 дүгээр багт байршилтай “Дунд салаа” /Орта аша/ нэртэй газраас 700 м2 газрыг Цсумын Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 71 дүгээр захирамжийн дагуу гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн нь хэрэгт авагдсан газар эзэмших эрхийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

2. Гуравдагч этгээд Ст Цсумын мөн 1 дүгээр баг буюу “Шар говь” багийн нутаг дэвсгэрийн “Салхит салаа” /Желди аша/ гэх газраас 700 м2 газрыг 30 жилийн хугацаатайгаар гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 000683173 дугаартай гэрчилгээгээр[3]  “хаваржааны зориулалт”-аар  2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр газар эзэмшүүлжээ.

3. Маргаан бүхий газар буюу гуравдагч этгээд Ст эзэмшүүлсэн газраас нэхэмжлэгч Ты эзэмшил  бүхий  газар хооронд   3 км 600 м-ийн зайтай болох нь шүүхээс хийсэн  үзлэгийн тэмдэглэлээр, кадастрын зураг, фото зургаар[4] тус тус тогтоогдож байгаа ба  маргаан бүхий газар нь нэхэмжлэгчийн хууль ёсны эзэмшлийн газартай  давхцаагүй гэж дүгнэлээ.

4.  Маргааны үйл баримтаас үзэхэд  нэхэмжлэгч Т нь эзэмшил бүхий газар болон байшин, хашаа, хороогоо иргэн К.Болатбект худалдсанаас К.Болатбекийн  бэлчээр ашиглах асуудлаас болж энэхүү маргаан гарсан болох нь  гэрч 1 дүгээр багийн Засаг дарга Ш.Зарыкхан, гэрч К.Болатбек нарын мэдүүлгээр[5] тус тус тогтоогдсон.

5. Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-дах хэсэгт “Зуслан намаржаа болон отрын бэлчээрийг баг, хот айлаар хуваарилж нийтээр ашиглана. Тухайн бэлчээрийн гарц, иргэдийн саналыг харгалзан өвөлжөө, хаваржааны бэлчээрийг малаас чөлөөлөх, мал оруулах хугацааг сум, дүүргийн Засаг дарга тогтоож, баг, хорооны Засаг дарга, иргэд мөрдөж хэрэгжүүлнэ. Өвөлжөө, хаваржааны тодорхой нутаг бэлчээрийг талхлагдахаас хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор тухайн бүс нутгийн онцлог, бэлчээр ашиглаж ирсэн газрын даац, чадавхийг харгалзан, багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сумын Засаг дарга малчдад болзол, гэрээний дагуу хэсэг бүлгээр ашиглуулж болно”, 52.10 дах хэсэгт “...Бэлчээр ашиглах асуудлаар гарсан аливаа маргааныг багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж зохицуулна. Эс тохиролцсон тохиолдолд сумын Засаг дарга шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилжээ.

Бэлчээр ашиглалтаас  үүссэн энэхүү маргааныг 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр  1 дүгээр багийн иргэдийн хэсэгчилсэн хуралдаанаар хэлэлцэж бэлчээрийг хамтран ашиглахаар шийдвэрлэж, Сийг  малаа өөрийнх нь  эзэмшлийн хашаа, хорооноос дээшээ бэлчээхээр, Ты хашаа, хорооны чиглэл буюу доошоо малаа бэлчээхгүй байхаар тогтож,  үүнийг зөвшөөрч нэхэмжлэгч Т, гуравдагч этгээд  С, бусад иргэд гарын үсэг зурсан нь хэрэгт авагдсан хуралдааны тэмдэглэлээр[6] батлагдаж байна.  

Багийн иргэдийн хуралдаанаар ийнхүү шийдвэрлэсэн шийдвэрийг эс тохиролцсон тохиолдолд нэхэмжлэгч хуулийн дээрх заалтаар   бэлчээр ашиглах асуудлын талаар  сумын Засаг даргад хандаж шийдвэрлүүлэх ёстой байжээ.

6. Хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дах хэсэгт “газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг, 3.1.4 дэх хэсэгт “ газар ашиглах” гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг гаргаж хэрэглэхийг” тус тус заасан.

Хуулийн дээрх заалтуудаас үзэхэд гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлэх, бэлчээрийн зориулалтаар газар ашиглуулах нь өөр өөр ойлголт бөгөөд гуравдагч этгээд Ст маргаан бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээгээр гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлсэн нь нэхэмжлэгчийн бэлчээрийг хуульд заасан журмын дагуу ашиглах эрхийг хөндсөн гэж үзэхээргүй  байна.

Тодруулбал, сумын Засаг даргын шийдвэргүйгээр иргэн Ст газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ олгосон сумын газрын даамал А.Нурбекийн үйлдэл нь хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасан ”Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал ... тухайн иргэнтэй .... газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэснийг зөрчсөн  боловч үүний улмаас нэхэмжлэгч Ты газар эзэмших, бэлчээр ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөгүй тул Ст олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

  1. Гуравдагч этгээд Сээс гаргасан  “Газар эзэмшүүлэх захирамж гаргахыг сумын Засаг даргад даалгах тухай” бие даасан шаардлагыг хангасан үндэслэлийн тухайд :

1. Сийн эзэмшилд олгосон маргаан бүхий газарт   өвлийн байшин баригдсан,   хашаа татагдсан болох нь шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургаар тогтоогдсон ба өвлийн байшинг 2002 онд түүний эцэг барьсан нь, жил болгон уг байшинд хаварждаг байсан нь,  ямар нэгэн маргаан гардаггүй байсан нь тус тус   нэхэмжлэгч Ты шүүх хуралдаанд өгсөн тайлбар, мөн тухайн багийн  Засаг дарга Ш.Зарыкханы 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн тодорхойлолтоор[7]  батлагдаж байна.  

2. Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Газрыг Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн ... энэ хуулийн дагуу эзэмшиж, ашиглана”, 29 дүгээр зүйлийн  29.1 дэх хэсэгт “Иргэн гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байна” гэж тус тус заажээ.

Гуравдагч этгээдийн хүсэлт гаргасан газрыг түүний эцэг олон жил дараалан хаваржааны зориулалтаар эзэмшиж байсан боловч хуульд заасан журмын дагуу эрх бүхий албан тушаалтнаас шийдвэр гарч, газар эзэмших эрхийн эрхийн гэрчилгээ олгогдоогүй тул анхнаасаа хууль ёсоор эзэмшсэн   гэж үзэх боломжгүй  байна.

Харин түүний хүү гуравдагч этгээд С нь  Монгол Улсын иргэний хувьд   нэг удаа үнэ төлбөргүйгээр гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших хуульд заасан эрхийнхээ дагуу   2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Цсумын Засаг даргад маргаан бүхий газрыг хууль ёсоор эзэмшүүлэх тухай хүсэлтийг[8] гаргаж, уг хүсэлтэд газрын байршлыг заасан нь хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасан “газар эзэмших хүсэлт гаргагч нь зөвхөн Монгол Улсын иргэн ... байна”, 31.3-дах хэсэгт заасан “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна” гэсэн шаардлагуудыг хангасан гэж үзэхээр байна.

3. Хариуцагч сумын Засаг дарга нь сумын 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд хүсэлт гаргасан газрыг иргэдэд эзэмшүүлэх талаар тусгаагүй, уг газар маргаантай тул шийдвэр гаргах боломжгүй  гэж тайлбарлаж татгалзлаа илэрхийлсэн.

Гэхдээ бодит байдалд маргаан бүхий  газрыг гуравдагч этгээдийн эцэг болон гуравдагч этгээд  2002 оноос хойш 15 жил эзэмшиж ирсэн, тодорхой хөрөнгө гаргаж хашаа, хороо,  өвлийн сууц барьсан, урьд өмнө  уг газрын талаар хэн нэгнээс  маргаан гаргаж байгаагүй, нэхэмжлэгч Т нь бэлчээр ашиглалтын  асуудлаар маргаан гаргасан байхад  гуравдагч этгээдийн  гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхтэй нь холбогдуулан  “маргаантай” гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

5. Гуравдагч этгээд газар эзэмшүүлэх тухай хүсэлтээ сумын Засаг даргад 2017 оны 03 дугаар сарын 13-ний өдөр  гаргасан, сумын Засаг дарга сумын газрын даамалд “маргаангүй бол шийдвэрлэе” гэсэн цохолтыг 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хийж,104 дугаартай бүртгэл хяналтын картаар[9] газрын даамалд уг хүсэлтийг хүргүүлсэн, газрын даамал газар эзэмших эрхийн гэрчилгээг 2017 оны 03 дугаар сарын 23-ний өдөр олгосон нь хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон.

Харин бэлчээрийн маргаан нь 2017 оны 9 дүгээр сард нэхэмжлэгч Т нь  байшин, хашаа, хороогоо  К.Болатбект худалдсан үеэс хойш гарсан гэж үзэхээр байгаа ба анх хүсэлт гаргасан үед уг газрыг маргаантай   байсан гэж үзэх боломжгүй,  сумын Засаг даргаас тухайн үед захирамж гаргах бүрэн боломжтой байсан, үүнд гуравдагч этгээдийн буруутгах боломжгүй, харин эрх бүхий албан тушаалтнуудын буруутай үйл ажиллагаанаас үүдэн  тухайн үед захирамж гараагүй болохыг  дурдах нь зүйтэй байна.

Иймээс газар эзэмшүүлэх шийдвэр гаргах талаар хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт тус тус  заасан эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргахгүй байгаа  Цсумын Засаг даргын  эс үйлдэхүй нь хууль бус,  үүний улмаас гуравдагч этгээдийн  газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөхөд хүрч байна гэж дүгнэлээ

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,  106.3.4, 106.3.12, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 21 дүгээр зүйлийн 21.4.3, 27 дугаар зүйлийн 27.3, 29 дүгээр зүйлийн 29.1, 33 дугаар зүйлийн 33.1.1,31.3,  32 дугаар зүйлийн 32.1,  52.2, 52.10-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ты тус шүүхэд гаргасан “Ст олгогдсон 000683173 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд Сээс гаргасан бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж,  Цсумын  “Салхитын салаа” хэмээх газраас Ст  0,07 га газрыг  эзэмшүүлэх захирамж гаргахыг сумын Засаг даргад даалгасугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн болон гуравдагч этгээдийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөг тус бүрийг  улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч  сумын Засаг даргаас  70200 төгрөгийг гаргуулан гуравдагч этгээд Ст  олгосугай.

             3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар энэхүү шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор захиргааны хэргийн  давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар  гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               З.ГҮЛБАРША

 


[1] Хэргийн 5 дугаар хуудас

[2] Хэргийн 70 дугаар хуудас

[3] Хэргийн 87 дугаар хуудас

[4] Хэргийн 71-76 дугаар хуудас

[5] Хэргийн 67-70 дугаар хуудас

[6] Хэргийн 20-25 дугаар хуудас

[7] Хэргийн 17 дугаар хуудас

[8] Хэргийн 17 дугаар хуудасны ар тал

[9] Хэргийн 16 дугаар хуудас