Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 394

 

Т.Энхтөрийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,         

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2016/01345 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Т.Энхтөрийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох          

Үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Т.Энхтөр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 1303 дугаар шийдвэрээр Төмөрбаатарын Энхтөр, Хуягийн Энхтайван нараас 54 669 150 төгрөг гаргуулж Н.Мандаад олгохоор шийдвэрлэжээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөрт хураан авсан барьцаа хөрөнгө болох төлбөр төлөгч Т.Энхтөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, ШЗ 5 дугаар байрны 22 тоот 2 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасны дагуу талууд харилцан тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээчийн тогтоосон үнэ 71 250 000 төгрөгөөр үнэлэгдсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэл нь манай барьцааны эд хөрөнгө /2000 онд ашиглалтанд орсон 12 давхар бүрэн цутгамал орон сууц/-ийг үнэлэхдээ 9 давхар орон сууц болгож өөрчилсөн. Хуучны 9 давхар угсармал орон сууцны жишиг үнээр үнэлсэн. Уг байр зах зээлд 95 саяаас 88 сая төгрөгийн хооронд байна. Иймд дээрх үнэлгээг хүчингүй болгож хуулийн дагуу шийдэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Алтанзул шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 1303 дугаар шийдвэрийн дагуу төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэлийг удаа дараа өгсөн боловч төлбөр төлөөгүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, ШЗ 5 дугаар байрны 22 тоот 57 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд зааснаар 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 130/05 дугаарын тогтоолоор битүүмжилж, 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 512 дугаар тогтоолоор хураан авсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоохоор төлбөр төлөгч Т.Энхтөрөөс үнийн санал авахад 142 500 000 төгрөгөөр үнэлсэн ба уг үнэлгээг төлбөр авагч Н.Мандаа зөвшөөрсөн. Төлбөр төлөгч Х.Энхтайванд удаа дараа үнийн санал өгөх мэдэгдэлийг өгсөн боловч үнийн санал өгөөгүй ба шинжээч томилж үнэлгээ тогтоолгох хүсэлтэй байгаагаа мэдэгдэж, талууд үнийг харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлд зааснаар хөндлөнгийн шинжээч томилон үнэлгээ хийлгэхэд 71 250 000 төгрөгөөр тогтоосон. Үнэлгээг 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 3/28471 тоот мэдэгдлээр Х.Энхтайванд, 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 3/28470 тоот мэдэгдлээр Т.Энхтөрд, 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 3/28646 тоот мэдэгдлээр Н.Мандаад тус тус мэдэгдэж, үнэлгээний тайланг танилцуулж, 2016 оны 9 дүгээр сарын өдрийн 10 цагт үнэлэгдсэн үнийн 70 хувиар анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон дуудлага худалдаанд оруулахаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар үл эд хөрөнгийн үнэлгээний дүгнэлтийг шинжээч хариуцах тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Т.Энхтөрийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний барьцааны эд хөрөнгө 2000 онд ашиглалтанд орсон 12 давхар бүрэн цутгамал 57 м.кв 2 өрөө байрыг 9 давхар орон сууц болгон өөрчилж үнэлгээг бууруулан 71 250 000 төгрөгөөр тооцож үнэлсэн, үнэлгээг угсармал цутгамал, хуучин, шинэ байрны зөрүү ялгааг гаргаж нотлоогүй, баримт хангалттай бус байхад миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, миний гомдлыг хангаагүй гэж үзэж байна. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг зохицуулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байгааг давж заалдах шатны шүүх зөвтгөн өөрчлөх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч С.Энхтөр нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ. 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2016/01303 дугаар шийдвэрээр Т.Энхтөр, Х.Энхтайван нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 54 240 000 төгрөг гаргуулж Н.Мандаад олгохоор шийдвэрлэжээ /хх-26-27/.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай №16270658 дугаар тогтоолоор, төлбөр төлөгч Т.Энхтөр, Х.Энхтайван нарт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн явуулж, шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 130/05 дугаар тогтоолоор төлбөр төлөгч Т.Энхтөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, ШЗ 5 дугаар байрны 22 тоотод байрлах, 57 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг битүүмжилж, мөн оны 5 дугаар сарын 10-ны өдөр хураан авсан байна /хх-12, 18/.

Маргаан бүхий орон сууцыг төлбөр төлөгч Т.Энхтөр дангаараа өмчилдөг болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0284235 дугаартай 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн гэрчилгээгээр нотлогдсон /хх-32/.

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь дээрх үл хөдлөх хөрөнгийн санал болгох үнийн саналыг авах талаар төлбөр төлөгч Х.Энхтайванд 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр мэдэгдэж тэмдэглэл үйлдэн, 2016 оны 8 дугаар сарын 10, 26-ны өдрийн 3/025363, 3/27184, 3/27182, 3/27183 дугаар мэдэгдлээр мэдэгдэхэд үнийн санал гаргаагүй тул 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 135 дугаар тогтоолоор “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилсны дагуу, шинжээч нь 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн үнэлгээний тайлангаар тус орон сууцыг 71 250 000 төгрөгөөр үнэлжээ /хх-58, 59/.

Төлбөр төлөгч Т.Энхтөрөөс  Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд гаргасан үнийн санал /хх-57/ хэрэгт авагдсан байх боловч хариуцагч тал үл хөдлөх хөрөнгийн санал болгох үнийн санал авах талаар нэхэмжлэгчид хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн гэж үзэх боломжгүй юм.

Үл хөдлөх хөрөнгийн санал болгох үнийн саналыг авах талаар төлбөр төлөгч Т.Энхтөрд мэдэгдээгүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах, хураахдаа түүний чанар, хэрэгцээ, элэгдлийн байдал болон төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгчид 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хөндлөнгийн шинжээчийн тогтоосон, орон сууцны үнийг 70 хувиар тооцон, анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг 49 875 000 төгрөгөөр тогтоож мэдэгдснээс хойш төлбөр төлөгч Т.Энхтөр 7 хоногийн дотор уг эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо шүүхэд гаргасан нь хуульд нийцжээ.

Шинжээчээр томилогдсон “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2 шинжээч нь 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр маргаж буй орон сууцны үнэлгээг ирүүлсэн байх боловч  хариуцагч нь “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилохдоо орон сууцны үнэлгээ хийсэн 2 шинжээчийн нэг болох А.Оюунд шинжээчийн эрх, үүргийг тайлбарлаагүй нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-т  заасныг зөрчжээ. 

Хариуцагч байгуулллага нь шинжээч томилохдоо хуульд заасан журмыг зөрчсөн, улмаар уг шинжээчийн дүгнэлтийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааныхаа үндэслэл болгосон нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийнн 38.5 дахь хэсэгт заасанд нийцэхгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2016/01345 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн “3/28470, 3/28471 дүгээр тогтоолыг хүчингүй болгосугай” гэж,

    2 дахь заалтад “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Энхтөрд олгосугай” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Энхтөрөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ц.ИЧИНХОРЛОО    

                                                             ШҮҮГЧИД                                        Г.ДАВААДОРЖ

                                                                                                                        Д.БАЙГАЛМАА