| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2020/0422/Э |
| Дугаар | 435 |
| Огноо | 2020-05-11 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Д.Даваадорж |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 435
2020 5 11 2020/ШЦТ/435
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Нэргүй,
улсын яллагч Д.Даваадорж,
шүүгдэгч П.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт П.Б-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2009002330181 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 6 дугаар сарын 16-нд Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сантехникийн инженер мэргэжилтэй, ам бүл 3, эцэг, эхийн хамт тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй,
2009 оны 7 дугаар сарын 28-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 11 сарын хугацаагаар хорих ялаар,
2015 оны 3 дугаар сарын 12-нд Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1.152.000 төгрөгөөр торгох ялаар,
2016 оны 3 дугаар сарын 15-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,
2016 оны 10 дугаар сарын 10-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар,
2020 оны 02 дугаар сарын 07-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хорих ялаар тус тус шийтгүүлсэн, П.Б /регистрийн дугаар /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч П.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Чин овоо" ХХК-ийн барилгын материалын дэлгүүрээс өөрийгөө "Радиус" ХХК-ийн ажилтан хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон танилцуулж 1.000.000 төгрөгийн үнэ бүхий пресс багажийг нэхэмжлэл бичүүлэн шилжүүлэн авч залилсан,
2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа 100 айл худалдааны төвийн лангууны түрээслэгч Г.Номин-Эрдэнэд өөрийгөө "Радиус" ХХК-ийн ажилтан хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон танилцуулж 159.500 төгрөгийн үнэ бүхий цохилттой дриллыг нэхэмжлэл бичүүлэн шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
шүүгдэгч П.Б шүүх хуралдаанд “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв,
түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…Надад залилан хийх зорилго бол байгаагүй. Би сантехникийн халтуурын ажил сайтаас олоод хийх гэхэд надад багаж байгаагүй юм. Тэгээд би 100 айл ороод барилгын материалын 2 дэлгүүрээс өмнө нь ажиллаж байсан "Радиус" компанийн нэрийг барьж пресс багаж, дрилл зэргийг нэхэмжлэл бичүүлж авсан юм. Тэгээд багажаа аваад очсон чинь хийлгэхээ больчихсон байсан. Тэгээд тухайн үед би өөрөө зээлтэй байсан болохоор багажуудыг 150.000 төгрөгийн барьцаанд тавиад зээлээ өгчихсөн юм…” гэсэн мэдүүлэг /хх-3-4/,
Хохирогч Б.Будсүрэнгийн “…2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр манай ажил дээр нэг үл таних 25-30 орчим насны эрэгтэй хүн орж ирээд сангийн пресс багаж үзэж харж сонирхож байгаад авахаар болсон бөгөөд төлбөрөө яаж төлөх талаар асуутал “"Радиус" компанийн ажилтан байна. Манай компанийн нэр дээр нэхэмжлэх бичээд өгчих. Тэгээд дансаар чинь явуулчихъя” гэж хэлсэн юм. "Радиус" компани нь манай "Чин овоо" компанитай харьцаж үйлчлүүлдэг, урьд өмнө нэхэмжлэхээр бараа материал аваад дараа нь дансаар төлчихдөг байсан болохоор би тэр эрэгтэйд итгээд 1.0 сая төгрөгийн үнэ бүхий багаж хэрэгслээ түүнд өгөөд мөн нэхэмжлэх цаас бөглөөд нөгөө залуугаар гарын үсэг зуруулаад нэг хувийг өөртөө авч нөгөөг нь түүнд өгөөд явуулсан юм. Тэр залуу нэхэмжлэх цаасны хүлээн авсан гарын үсэг зураг хэсэг дээр өөрийгөө Гантулга гэж бичсэн байсан. Надад бол өөрийгөө танилцуулаагүй. Мөн компаний бичиг баримт гэх зүйл үзүүлээгүй, би ч түүний "Радиус" компанийн ажилтан мөн биш эсэхийг шалгаагүй…” гэсэн мэдүүлэг /хх-25-26/,
Хохирогч Г.Номин-Эрдэнийн “...2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 13:00 цагаас 14:00 цагийн үед манай лангуун дээр 30 гаруй насны эрүүндээ сахалтай хар бараан царайтай нэг эрэгтэй хүн хүрч ирээд танайх компаниар нэхэмжлэх бичээд бараа зарах уу гэхээр нь би тэр хүнд боломжгүй яг мөнгө төгрөгөө өгөх нь баталгаатай юм уу гэж хэлтэл тэр хүн тиймээ баталгаатай мөнгө төгрөгөө өгөх болно, би хүн луйвардчихаар царай зүстэй хүн байна уу гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би бас итгэж болохоор хүн шиг санагдсан бөгөөд тэх хүн утсаар ярьж ярьж байснаа таслаад надад цохилттой дрилл баттерэй дрилл хоёр хэрэгтэй байна гэж хэлэхээр нь би түүнд арай ч 2 ширхэг багажийг нэхэмжлэхээр өгч чадахгүй ээ гэж хэлсэн. ...Би тэр хүнд нэхэмжлэл бичих цаасыг бөглөөд компанийнх нь нэрийг асуутал "Радиус" гэх компани гэж надад хэлсэн. Тэгээд би нэхэмжлэх дээрээ "Радиус" гэх компанийнх нь нэрийг асуутал "Радиус" гэх компани нэр дээр 2025е кен маркийн 3 үйлдэлтэй улаан өнгийн цохилттой дриллыг 159.500 төгрөг
гэж бичээд 1 хувийг тэр хүнд өгөөд мөн цоо шинэ цохилттой дриллээ өгөөд тэр хүний 88607873 гэсэн дугаартай утсыг тэмдэглэж аваад явуулсан. ...наад хүн чинь сая 2020 оноос өмнө манай компанид ажиллаж байгаад халагдсан хүн байна, саяхан танай байгууллагын хажууханд байдаг өөр нэг барилгын газраас 1 сая төгрөгний барааг бас манай компаний нэрийг барьж худлаа хэлж аваад залилсан гэж надад хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-31-32/,
Иргэний нэхэмжлэгч Б.Баярбатын "...2020 оны 01 дүгээр сарын 08-ны 13:45 минутын үед улаан өнгийн хайрцагтай хагас цохилттой дрилл 50.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Тэгээд дрилл тавихдаа миний багаж би барилгын ажил хийдэг, барилга мөнгөө өгөхгүй байна, хоолны мөнгөнд тавина гэж хэлээд надад иргэний үнэмлэхээ үзүүлж барьцаанд тавиад 7 хоногийн дараа авна гэж хэлсэн. Барьцаанд тавьсан 50.000 төгрөгийг барагдуулчихвал гомдол санал алга байна..." гэх мэдүүлэг /хх-39/,
Иргэний нэхэмжлэгч А.Бямбажавын "...манай компанийн багаж саяхан нэг сая төгрөгөөр авсан итгэхгүй бол баримтыг нь хар, чамд 100.000 төгрөгөөр барьцаанд тавья найдвартай авна гэж хэлээд өөрийн иргэний үнэмлэхээ үзүүлээд авсан..." гэх мэдүүлэг /хх-36-37/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-51/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-57/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-47-48/, Хувийн байдлыг тогтоосон баримт /хх-45-46/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-82-86/ зэргийг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч П.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Чин овоо" ХХК-ны барилгын материалын дэлгүүрээс өөрийгөө "Радиус" ХХК-ны ажилтан хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон танилцуулж 1.000.000 төгрөгний үнэ бүхий пресс багажийг нэхэмжлэл бичүүлэн шилжүүлэн авсан,
2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа 100 айл худалдааны төвийн лангууны түрээслэгч Г.Номин-Эрдэнэд өөрийгөө "Радиус" ХХК-ны ажилтан хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон танилцуулж 159.500 төгрөгний үнэ бүхий цохилттой дриллыг нэхэмжлэл бичүүлэн шилжүүлэн авсан болох нь дээр дурьдсан хохирогч Б.Будсүрэн, Г.Номин-Эрдэнэ нарын мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Б.Баярбат, А.Бямбажав нарын мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, шүүгдэгч П.Бгийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон.
Шүүгдэгч П.Бгийн дээрх өөрийгөө "Радиус" ХХК-ийн ажилтан хэмээн танилцуулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өмчлөгчийн эд хөрөнгийг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Будсүрэн, Г.Номин-Эрдэнэ нь эд зүйлээ биед байдлаар буцаан авсан байх тул шүүгдэгч П.Б нь хохирогч нарт төлөх төлбөргүй байна.
Харин тэрээр хохирогч нараас авсан эд зүйлээ иргэний нэхэмжлэгч Б.Баярбат 50.000 төгрөгийн, А.Бямбажавд 100.000 төгрөгийн барьцаанд тавьсан байх тул шүүгдэгч П.Бгээс 150.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Баярбатад 50.000 төгрөг, А.Бямбажавд 100.000 төгрөгийг тус тус олгов.
Шүүгдэгч П.Бгийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдсонгүй.
Харин шүүгдэгч П.Б нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 126 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр болжээ.
Шүүгдэгч П.Бгийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Чин овоо" ХХК-ны барилгын материалын дэлгүүрээс өөрийгөө "Радиус" ХХК-ийн ажилтан хэмээн танилцуулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 1.000.000 төгрөгийн үнэ бүхий пресс багажийг нэхэмжлэл бичүүлэн шилжүүлэн авсан, 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа 100 айл худалдааны төвийн лангууны түрээслэгч Г.Номин-Эрдэнэд өөрийгөө "Радиус" ХХК-ны ажилтан хэмээн танилцуулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 159.500 төгрөгийн үнэ бүхий цохилттой дриллыг нэхэмжлэл бичүүлэн шилжүүлэн авсан үйлдэл нь шүүхээр ял шийтгүүлсний дараа илэрсэн боловч энэ гэмт хэргийг өмнөх ял шийтгүүлсэн гэмт хэргүүдтэй нэгтгэн шалгахад гэмт хэргийн зүйлчлэл өөрчлөгдөхгүй бөгөөд шүүгдэгчид хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмын дагуу нэгтгэж шийдвэрлэх боломжтой байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг тогтоож шийдвэрлэв.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бгийн энэ хэрэгт цагдан хоригдсон 40 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцов.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч П.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож өмчлөгчийн эд хөрөнгийг авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тус ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасаар шүүгдэгч П.Б-г 10 /арав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 10 /арав/ сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 126 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 6 /зургаан/ сар, 6 /зургаан/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийт ялыг 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сар 6 /зургаан/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бд оногдуулсан 1 жил 4 сар 6 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бгийн цагдан хоригдсон 40 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6.Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч П.Бгээс 150.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Баярбат /РД:/-д 50.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч А.Бямбажав /РД: /-т 100.000 төгрөгийг тус тус олгосугай.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч П.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР