Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 1072

 

 

 

 

 

 

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж

нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,

улсын яллагч Ц.Гантулгабат,

хохирогч З.Соёлбаатар, түүний өмгөөлөгч Г.Бат-Отгон,   

шүүгдэгч Э.У, түүний өмгөөлөгч О.Сайнгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт Э.Уд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706 00658 0152 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Э.У, 1984 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Мэргэн арцат” ХХК-д менежер ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхийн хамт, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 10-1-27 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар, 

 

Шүүгдэгч Э.У нь 2017 оны 01 дүгээр сард Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн С.Ичинноровын худалдан авсан 92а байрны 705 тоот 61 м/кв байрыг “...манай агч авах гэж байгаад гадаад явсан байр” хэмээн хуурч мэхлэн бусдад худалдахаар тохирч, улмаар “орон сууцны барилга захиалгын гэрээ байгуулахдаа өөрийн нөхөр, иргэн Ж.Бямбажаргалын гарын үсгийг дуурайлган зурж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хуурамч бичиг баримт ашиглах залилах гэмт хэрэг үйлдсэний улмаас иргэн З.Соёлбаатарт нийт 55.000.000 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Э.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2015 оны хавар Батноров гэдэг хүнээс 10.000 доллар 5000, 5000 доллараар хувааж аваад 2500 долларыг өгөөд 7500 доллар үлдээд сар болгон 10 хувийн хүүтэй хүүгээ өгөх ёстой байсныг өгч чадаагүй. Тэр нь явсаар байгаад Батноров зээлийн нийт төлбөр 63.000.000 төгрөг болсон байна гээд өдөр болгон над руу яриад дарамтлаад байдаг. Тэгээд янз бүрээр мессеж бичээд айсандаа өөрийнхөө нөхрийн барьсан барилгаас 1 байрыг өгье гээд Батноровт хэлсэн. Батноров болохоор Соёлбаатарыг авч ирээд энэ хүн байр авах гэж байгаа юмаа бэлэн 55 сая төгрөгтэй юм байна гээд Соёлбаатарт байрыг өгсөн. Энэ байр нь манай эгчийн байр байсан. Манай нөхөр ээжийн дүү хоёрын хоорондын яриатай байр байсан. Тэрийг нь би яах ч аргагүй айсандаа ийм зүйл хийсэн. 55.000.000 төгрөгийг Соёлбаатарын эхнэр Намжил, Батноров руу шилжүүлсэн. Би 55.000.000 төгрөг аваагүй. Батноров болон надаас болж Соёлбаатар нь хохирсон нь үнэн” гэв.

Шүүгдэгч Э.У гэм буруугийн шүүх хуралдаанаар хохирол төлбөр төлөхөөр завсарлага авах хугацаа хүссэн ба уг хугацаанд тэрээр хохирогч З.Соёлбаатарт нийт 55 сая төгрөгийг төлж барагдуулсан гэв.

Хохирогч З.Соёлбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Батноров гэдэг хүний нөхөртэй хамт ажилладаг байсан. Батноров гэдэг хүнийг танихгүй. Тэгээд ажил дээрээ байр авах талаар ярьсан чинь Батноровын нөхөр нь танилцуулаад Утай очиж уулзахад Батноровтой мөнгөө өгөөд гэрээ хийе гэсэн. Утай дараа нь гэрээ хийсэн. Анх Батноровоос мөнгө зээлсэн энэ хүний мөнгийг төлөөд өгчих гэж ярьж байсан болохоос биш би 13.000.000 төгрөг шүү гэсэн зүйл яриагүй. Бас 106.000.000 төгрөгийн байр шүү чи 60.000.000 төгрөгөөр аваарай гэж ярьж байгаагүй. Тухайн үед тэгээд би 60.000.000 төгрөгөөр авч байсан. Өрийн асуудалтай байсныг мэдсэн бол авахгүй байсан. Намайг Иргэний хэргийн шүүхэд Соёлбаатарыг байрнаас гаргаж өгнө үү гэж өгсөн байсан. Иргэний хэргийн шүүх дууссаны дараа өмгөөлөгч нь надад 25.000.000 төгрөг аваад зайл гэж хэлсэн. Би 55.000.000 төгрөг нэхэмжилж байна” гэв.

Хохирогч З.Соёлбаатар нь хохирол төлбөр төлөхөөр шүүгдэгч Э.У нь завсарлага авсан хугацаандаа миний хохирол төлбөр болох нийт 55 сая төгрөгийг төлж барагдуулсан. Шүүгдэгч нь бага насны хоёр хүүхэдтэй харгалзаж шүүх хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.

Хохирогч З.Соёлбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 оны 1 дүгэр сарын дундуур ажлын газрын ах Нямдорж намайг байр хайж байгаа талаар мэдээд “манай эхнэрээс мөнгө зээлсэн У гэж хүн байгаа тэр хүн эхнэр бид хоёрт зээлсэн мөнгөнийхөө оронд байр өгнө гээд байгаа юм чи тэр байрыг очиж үзээч” гэхээр нь Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 92А байранд ирж, “7 давхарт 705 тоотыг үзээд оръё” гээд орохоор болсон чинь Уа гэж байрны захирлын эхнэртэй тохиролцоод 50.000.000 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Уагийн өмнөөс Батноровт өгсөн. Тэгээд 2017 оны 04 дүгээр сарын эхээр үлдэгдэл 5.000.000 төгрөгийг өгсөн. 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр байрандаа орсон. 2017 оны 4 дүгээр сарын дундуур манай гэрт үл таних 3 эмэгтэй хүн хаалга тогшиж орж ирснээ “танайх түрээслэгч үү, бид нар энэ байрны эзэд байгаа юмаа. Та нар хэзээ гарах вэ гэхээр нь “та хэд ороод ир” гээд гэртээ оруулаад суулгаж байгаад байраа яаж авсан, Утай хийсэн гэрээгээ үзүүлсэн чинь “Уа ямар балай юм хийдэг юм бэ, бид нар эгч нар нь байгаа юмаа” гээд гараад явсан. 7 хоногийн дараа Уагийн ээж гээд нэг эмэгтэй орж ирээд “та нар яахаараа энэ байранд байдаг юм. Гуйлгачин минь гар, зайл” гээд нэг хэлээр доромжилсон... хэрүүл хийх болгонд Уагийн утас руу байнга залгана, мессеж бичнэ ямар ч хариу өгөхгүй өөр хүний утсаар залгаад ярихаар “Соёлоо уучлаарай, би шийдэж чадахааргүй болсон” гээд утсаа салгачихсан. Уагийн нөхөр Бямбажаргалд гэрээгээ үзүүлэхээр “наад гэрээнд чинь би гарын үсэг зураагүй, хуурамч гэрээ байна. Уянгыг шүүхэд өгч, шүүх цагдаагаар нь шийдүүл” гэж хэлсэн...гэрээний загварыг У өөрөө имэйл хаягаар явуулсан. Ингээд тэр загварыг принтерлэж гаргаад Утай ярьсан чинь “наад гэрээгээ аваад хүрээд ир” гэхээр нь Багшийн дээдийн ард байрлах Уянгын гэрт яваад очсон чинь Уа хаалгаа онгойлгоод “нөхөр гараад явчихлаа. Чи очоод юмаа хийж бай, би араас чинь гарын үсгийг нь зуруулаад тамгыг нь даруулаад яваад очъё” гэж хэлсэн. Ингээд У орой гэрээн дээр гарын үсэг зуруулаад, тамга даруулчихсан ирсэн. Ингээд би гэрээний захиалагч тал дээр эхнэрийгээ зуруулсан бөгөөд манай найз Болд-Эрдэнэ гэрээн дээр гарын үсэг зурах үед хамт байж байсан. Нөхөр нь бол “миний гарын үсэг биш” гэж байна лээ....хамгийн эхэлж 47.000.000 төгрөг 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 10 дугаар хорооллын Хаан банкны АТМ-нээс Батноровын данс руу 47.000.000 төгрөг эхэлж хийсэн. Ингээд хэд хоногийн дараа машинаа барьцаалаад 3.000.000 төгрөгийг Батноров руу шилжүүлсэн. 2 сар гарангийн дараа барьцаалсан машинаа зараад 5.000.000 төгрөг мөн Батноровын данс руу шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 127/,

Гэрч Б.Нанжид мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...У гэх эмэгтэйтэй цуг 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 92А байранд байх тоотуудад орж үзээд 66 м/кв хэмжээтэй, 907 дугаарын байрыг авахаар тохиролцсон боловч маргааш нь У гэх эмэгтэй над руу яриад “тухайн байрыг 2 хүн барьсан учраас манай нөхөр Бямбажаргалтай хамт барьсан гэх Наранбат гэх хүн нь хямдхан зарах гэхээр уурлаад байна, манай нөхрийн байруудаас үзэх үү” гээд “манай эгч авах гэж байгаад гадаад явсан, 3 өрөө бүх цонх нь наран талдаа тийм байр байна. Та хоёр энэ байрыг үзээч” гэхээр нь тухайн байрыг нь Батноров, Нямдорж, У, Соёлбаатар бид 5 очиж үзээд ярилцсан. У нь “Та хоёр Батноровын данс руу 60.000.000 төгрөг хийчих” гэсэн. “Би Батноров эгчээс мөнгө зээлээд хүү нь өсөөд 60.000.000 төгрөг болсон. Тэрийг нь эхний ээлжинд төлчихөөд Батноровтой гэрээ хийгээд аваад ир. Тэгэхээр нь би байр худалдах, худадан авах гэрээгээ хийе, байрны ордер Голомт банкнаас чөлөөлөгдөөд гарна” гэсэн. Тэгээд тухайн өдрийн орой Батноровт 50.000.000 төгрөгөө 10 дугаар хорооллын Хаан банкны АТМ-ээс шилжүүлсэн. 2017 оны 04 дүгээр сарын дундуур У манай гэрт ирээд “маргааш манай эгч нар ирэх юм. Та хоёр энэ байраа түрээсэлж байгаа гээд хэлчих тэх үү”, манай ээжийн дүү байгаа юм. Би мөнгийг нь удахгүй өгөх юм гэж хэлсэн. Тэгээд маргааш нь 2 эмэгтэй, 1 эрэгтэй хүн манай гэрт орж ирээд “та нар энэ байрыг түрээсэлж байгаа юу” гэхээр нь манай нөхөр бид хоёр “энэ байрыг 60.000.000 төгрөгөөр худалдаж авсан” гээд гэрээгээ үзүүлсэн. Тэгээд “удахгүй энэ байрны ордер гарна, тэгээд манай эзэмшлийн байр болно” гэсэн чинь нэг эмэгтэй нь “манайх энэ байрыг худалдаж авах гээд байрны мөнгөний урьдчилгаа 30 хувийг өгсөн байгаа, Уа ямар балай юм хийдэг юм бэ, ээж нөхөр, хоёртой нь ярихаас” гээд гараад явсан....” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 33-35/,

Гэрч Э.Болд-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 оны эхээр манай найз Соёлбаатар “Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх 92А байранд байр авч байгаа, чи ирээд үзээд өг” гэхээр нь очсон чинь 7 давхарт 705 дугаартай байрыг авч байгаа гээд надад үзүүлсэн. Соёлбаатар “байрны гадна байр зарж байгаа хүн гэрээ хийхээр ирсэн байна, гараад уулзъя” гээд гарсан чинь хар өнгийн машинтай, тайрмал үстэй эмэгтэй хүн байсан. Тэгээд машин дотор нь Соёлбаатар, Нанжид бид 3 сууж байгаад хоорондоо “байр худалдах, худалдан авах гэрээ” хийсэн. Соёлбаатар “ордерыг нь яах юм” гэсэн чинь Соёлбаатарт “ордер тун удахгүй гарна” гэж хэлж байсан. Тэгээд гэрээгээ хийгээд бид нар машинаас нь буусан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 37/,

Гэрч Ц.Батноров мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Соёлбаатар гэдэг хүн надаас байр авахаар болсон, байрны төлбөрөөс нь таниас авсан мөнгөө өгнө” гээд намайг дуудсан. Тэгээд би нөхөртэйгөө яваад очсон чинь У цагдаагийн газрын баруун талд байдаг байранд ирсэн. Тэгээд Соёлбаатарыг надад “байрныхаа мөнгийг өгөөд баримт бичүүлж аваарай” эгж У надад хэлсэн. Тэгээд эхний ээлжинд надад 50.000.000 төгрөгийг миний дансанд Соёлбаатар гэдэг залуу шилжүүлсэн...дараа нь 5.000.000 төгрөгийг мөн адил шилжүүлсэн. Би Уас нийт 60.000.000 төгрөг авах ёстой байсан...тухайн байрны ордерыг Соёлбаатарт 2 сарын дараа өгнө гэж хоорондоо ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 39-40/,

Гэрч Д.Наранбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...У бол тухайн барилгад ямар ч хамаагүй бөгөөд ямар нэгэн албан тушаал хашиж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 43/,

Гэрч С.Ичинноров мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2015 оны 12 дугаар сарын 27-нны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 92А байрны 705 тоот, 60 м/кв байрыг хүргэн Бямбажаргалаас худалдаж авахаар тохирч гэрээ байгуулсан. Тухайн байрыг Бямбажаргал 1 хүнтэй нийлж барьсан гэсэн бөгөөд Бямбажаргалын өмчлөлд байсан тул тус байрыг 90.000.000 төгрөгөөр худалдаж авахаар гэрээ байгуулсан. Гэрээнийхээ дагуу мөнгөө өгөөд дууссан. Байр 2017 онд ашиглалтанд ороод 705 тоотын түлхүүрээ авчихсан байсан бөгөөд дотор нь засвар хийх байсан болохоор байрандаа орохгүй яваад байсан юмаа. У “Грандкиаро” ХХК-д ажиллаад байдаггүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 52/,

Иргэн Э.У мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...У миний бие Батноровоос бэлнээр мөнгө авсан. Бичгээр гэрээ тухайн үед байгуулаагүй. Тухайн үед мөнгийг шууд эргүүлэн өгөх санхүүгийн хувьд боломжгүй байсан. Тухайн үед 2 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй мөнгө зээлж авсан мөнгөнөөсөө шууд урьдчилаад төлсөн. 50.000.000 төгрөг төлж байсныг өөрийн биеэр хараагүй ээ. Тийм төлсөн банкны баримт ч хараагүй. Ер нь энэ асуудлыг шийдвэрлэхэд Соёлбаатарын өгсөн гэж байгаа 50.000.000 төгрөгийг тал талын Батноров бид хоёр төлж, дээрх орон сууцыг Ичинноровт өгөх, эсхүл Соёлбаатар нь байрны үлдэгдэл 40.000.000 төгрөгийг манай гэр бүлд төлж энэ асуудал дуусгавар болох учиртай. Миний бие яагаад байрыг хямд үнээр Соёлбаатарт шилжүүлсэн учраа өмнө тайлбартаа дэлгэрэнгүй тайлбарласан болно. Дээрх байрны гол хохирогч нь миний гэр бүл, төрөл садангийн хүн болж, Соёлбаатар Батноров гэж хүмүүст 90.000.000 төгрөгний үнэ бүхий орон сууцыг 50.000.000 төгрөгөөр өгч, завшуулсан байна. Миний хувьд тухайн үед хүүгийн хүү гэж дарамтлуулж айж сандарч гэрээг байгуулсан боловч эцэст нь би өөрөө завшуулсан байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 48/,

Яллагдагч Э.У мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...тогтоолтой танилцлаа. Тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би өөрийн өмгөөлөгч Мөнхдаваагийн хамт мэдүүлэг өгнө. Би өмнө нь болсон бүх зүйлийг гэрчээр өгсөн мэдүүлэгтээ ярьсан байгаа. Анх мөнгө авсан Батноровын хамгийн бага дүү Отгонноров нь Баянзүрх дүүргийн прокурорын газарт прокурор юм бага гэдгийг мэдлээ. Тиймээс Баянзүрх дүүргийн прокурорын газарт энэ хэргийг хянуулмааргүй байна. Ашиг сонирхлын зөрчил үүсч болзошгүй байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 133/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №6429 дугаартай дүгнэлт:

1. Шинжилгээнд ирүүлсэн 29 дугаартай, орон сууцны барилга захиалгын гэрээ гэх дахь шинжилж буй гарын үсэг болон харьцуулах загвараар ирүүлсэн Ж.Бямбажаргал, Б.Нанжид, З.Соёлбаатар, Э.У нарын гэх гарын үсгийн загварууд нь адилтгалын шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилж буй дээрх гарын үсэг нь Э.Уянгын нөхөр Ж.Бямбажаргалын гарын үсгийг харж байгаад дуурайлган зурсан гэх гарын үсгийн туршилтын загваруудтай тохирч байна. Шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Ж.Бямбажаргал, Б.Нанжид, З.Соёлбаатар, Э.У нарын гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй байна. гэх дүгнэлт /1хх-ийн 90/,

Иргэн Нанжидийн эзэмшлийн 5721399622 дугаарын данснаас 5034080538 дугаарын данс руу мөнгө шилжүүлэн өгсөн баримт /1хх-ийн 69-71/, иргэн Нанжидтай байгуулсан “Орон сууцны барилга захиалгын гэрээ” /1хх-ийн 95-96/, орон сууцны барилга захиалгын гэрээ /1хх-ийн 13, 15/, гар утсанд ирсэн мессежүүд /1хх-ийн 24/, прокурорын тогтоол /1хх-ийн 130/, яллагдагчид яллах дүгнэлтийн хувийг гардуулсан тэмдэглэл /1хх-ийн 168/, БЗД-ийн прокурорын газрын албан тоот /1хх-ийн 169/, архивын баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 137/, гомдлын хариу /1хх-ийн 171/, БЗД-ийн прокурорын газарт гаргасан хүсэлт /1хх-ийн 173/, БЗД-ийн ерөнхий шүүгчийн захирамж /1хх-ийн 174/, шүүх хуралдааны хурлын тэмдэглэл /1хх-ийн 187-189/, Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 114/, мөрдөн шалгах ажиллагаануудтай холбоотой баримтууд /1хх-ийн 1-125/, иргэний хэрэг үүсгэх тухайн шүүгчийн захирамж /1хх-ийн 53/,   урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /1хх-ийн 58/, иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-ийн 59/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /1хх-ийн 60/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 416 дугаартай магадлалд зааснаар прокурор нь шүүх хуралдаанд ямар нэгэн гэрч, ...шинжээч оролцуулах хүсэлт гаргаагүй ба анхан шатны шүүх хэргийг хөндлөнгийн байр суурьнаас шийдвэрлэх үүднээс өөрийн санаачилгаар хэргийн ямар нэгэн өөр оролцогч шүүх хуралдаанд оруулаагүй болохыг дурьдав.

Шүүгдэгч Э.У нь 2017 оны 01 дүгээр сард Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн С.Ичинноровын худалдан авсан 92а байрны 705 тоот 61 м/кв байрыг “...манай агч авах гэж байгаад гадаад явсан байр” хэмээн хуурч мэхлэн бусдад худалдахаар тохирч, улмаар “орон сууцны барилга захиалгын гэрээ байгуулахдаа өөрийн нөхөр, иргэн Ж.Бямбажаргалын гарын үсгийг дуурайлган зурж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хуурамч бичиг баримт ашиглах залилах гэмт хэрэг үйлдсэний улмаас иргэн З.Соёлбаатарт нийт 55.000.000 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан болох нь

Хохирогч З.Соёлбаатарын: “...2017 оны 1 дүгэр сарын дундуур ажлын газрын ах Нямдорж намайг байр хайж байгаа талаар мэдээд “манай эхнэрээс мөнгө зээлсэн У гэж хүн байгаа тэр хүн эхнэр бид хоёрт зээлсэн мөнгөнийхөө оронд байр өгнө гээд байгаа юм чи тэр байрыг очиж үзээч” гэхээр нь Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 92А байранд ирж, “7 давхарт 705 тоотыг үзээд оръё” гээд орохоор болсон чинь Уа гэж байрны захирлын эхнэртэй тохиролцоод 50.000.000 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Уагийн өмнөөс Батноровт өгсөн. Тэгээд 2017 оны 04 дүгээр сарын эхээр үлдэгдэл 5.000.000 төгрөгийг өгсөн. 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр байрандаа орсон. ...Уагийн утас руу байнга залгана, мессеж бичнэ ямар ч хариу өгөхгүй өөр хүний утсаар залгаад ярихаар “Соёлоо уучлаарай, би шийдэж чадахааргүй болсон” гээд утсаа салгачихсан. Уагийн нөхөр Бямбажаргалд гэрээгээ үзүүлэхээр “наад гэрээнд чинь би гарын үсэг зураагүй, хуурамч гэрээ байна. Уянгыг шүүхэд өгч, шүүх цагдаагаар нь шийдүүл” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Нанжидын: “...У гэх эмэгтэйтэй цуг 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 92А байранд байх тоотуудад орж үзээд 66 м/кв хэмжээтэй, 907 дугаарын байрыг авахаар тохиролцсон боловч маргааш нь У гэх эмэгтэй над руу яриад “тухайн байрыг 2 хүн барьсан учраас манай нөхөр Бямбажаргалтай хамт барьсан гэх Наранбат гэх хүн нь хямдхан зарах гэхээр уурлаад байна, манай нөхрийн байруудаас үзэх үү” гээд “манай эгч авах гэж байгаад гадаад явсан, 3 өрөө бүх цонх нь наран талдаа тийм байр байна. Та хоёр энэ байрыг үзээч” гэхээр нь тухайн байрыг нь Батноров, Нямдорж, У, Соёлбаатар бид 5 очиж үзээд ярилцсан. У нь “Та хоёр Батноровын данс руу 60.000.000 төгрөг хийчих” гэсэн. “Би Батноров эгчээс мөнгө зээлээд хүү нь өсөөд 60.000.000 төгрөг болсон. Тэрийг нь эхний ээлжинд төлчихөөд Батноровтой гэрээ хийгээд аваад ир. Тэгэхээр нь би байр худалдах, худадан авах гэрээгээ хийе, байрны ордер Голомт банкнаас чөлөөлөгдөөд гарна” гэсэн. Тэгээд тухайн өдрийн орой Батноровт 50.000.000 төгрөгөө 10 дугаар хорооллын Хаан банкны АТМ-ээс шилжүүлсэн.” гэсэн мэдүүлэг,

Гэрч Ц.Батноровын: “...Соёлбаатар гэдэг хүн надаас байр авахаар болсон, байрны төлбөрөөс нь таниас авсан мөнгөө өгнө” гээд намайг дуудсан. Тэгээд би нөхөртэйгөө яваад очсон чинь У цагдаагийн газрын баруун талд байдаг байранд ирсэн. Тэгээд Соёлбаатарыг надад “байрныхаа мөнгийг өгөөд баримт бичүүлж аваарай” эгж У надад хэлсэн. Тэгээд эхний ээлжинд надад 50.000.000 төгрөгийг миний дансанд Соёлбаатар гэдэг залуу шилжүүлсэн...дараа нь 5.000.000 төгрөгийг мөн адил шилжүүлсэн. Би Уас нийт 60.000.000 төгрөг авах ёстой байсан...тухайн байрны ордерыг Соёлбаатарт 2 сарын дараа өгнө гэж хоорондоо ярьж байсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Д.Наранбатын: “...У бол тухайн барилгад ямар ч хамаагүй бөгөөд ямар нэгэн албан тушаал хашиж байгаагүй...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, үнэлгээний тайлан, гэрч нарын мэдүүлэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.У нь 2017 оны 01 дүгээр сард гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар гэм буруутайд тооцсон нь түүний эрх зүйн байдлыг дордуулаагүй гэж үзсэн болно.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Шүүгдэгч Э.Уд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Э.Уянгыг бусдыг хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүх гэм буруугийн шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон нийт 55.000.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Э.Уас гаргуулж хохирогч З.Соёлбаатарт олгохоор шийдвэрлэсэн ба шүүгдэгч нь хохирол төлбөрийг төлөхөөр хуульд заасан завсарлага авах хүсэлт гаргасан ба шүүх хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд завсарлуулсан болно.

Шүүгдэгч Э.У нь хохирол нөхөн төлөхөөр завсарлага авсан хугацаанд хохирогч З.Соёлбаатарт нийт 55.000.000 төгрөгийг нөхөн төлсөн болох нь банкны төлбөр төлсөн хоёр хуудас баримт болон хохирогч З.Соёлбаатар нарын мэдүүлгээр нотлогдсон тул шүүх шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдав.

Шүүгдэгч Э.У нь хохирол төлбөрийг нөхөн төлсөн нь хуульд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч Э.Уянгын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, түүний хувийн байдал, хохирол төлбөрийг сайн дураар нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан торгох ял оногдуулж торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүгдэгч Э.Уянгын хувийн байдал, бага насны хүүхэдтай, цалин орлого зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан торгуулын ялыг хуульд заасны дагуу 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Э.Уыг бусдыг хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-зааснаар Э.Уянгыг 10.000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 (арван сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Э.Уд шүүхээс оногдуулсан торгуулын ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Э.У нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Э.У нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид 55.000.000 /тавин таван сая/ төгрөгийг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Э.Уд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

              

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР