| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувьтөгөлдөрийн Идэр |
| Хэргийн индекс | 185/2019/0773/Э |
| Дугаар | 260 |
| Огноо | 2020-03-26 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 260
2020 03 26 2020/ШЦТ/260
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Энхжин,
Улсын яллагч Б.Мөнгөншагай,
Хохирогч Э.Ж
Шүүгдэгч Э. Б, түүний өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э. Б д холбогдох эрүүгийн 1809 03348 0633 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 0 оны 0 дүгээр сарын 0-ны өдөр Төв аймгийн Угтаалцайдам суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум, 15 дугаар баг, Мангирт 0 дугаар хэсэг, 0 дугаар гудамжны 0 тоотод оршин суух, урьд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 1100 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Х овгийн Э. Б /РД: /,
Холбогдсон хэргийн талаар:/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Э. Б нь хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж иргэн Э.Жамболдыг хуурч, түүний эзэмшлийн 0 улсын дугаартай Тоёта Аурис маркийн автомашиныг 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Кэйш стандарт” ХХК-нд барьцаалж, 2 600 000 /Хоёр сая зургаан зуун мянга/ төгрөгийг авч залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянавал:
Хохирогч Э. Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Би өөрийн Аурис машиныг барьцаанд тавьж 3.000.000 төгрөгийг зээлж Бд өгсөн. Үүнээс би хүнд тус болж байгаа юм чинь гээд 400.000 төгрөгийг авсан. Уг мөнгийг Б нь зээл авахуулсан урамшуулалд өгсөн гэж ойлгож байна. Би тэдний дэлгүүрт 100.000 төгрөгийн өртэй байсан хэдий ч Бд 1 ууц аваачиж өгсөн үүгээр 100.000 төгрөгийн өрөө дарсан. Миний машин 9.500.000 төгрөгөөр үнэлэгдсэн. “Кэйш стандарт” банк бус санхүүгийн байгууллагаас надад 1.000.000 төгрөгийг өгсөн тул одоо 8.500.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.
Шүүгдэгч Э. Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Э. Ж ийнзөвшөөрснөөр түүний машиныг “Кэйш стандарт” компанид барьцаанд тавиулж 3.000.000 төгрөгийг авсан. Уг мөнгөнөөс 400.000 төгрөгийг Э. Жавсан. Мөн тэрээр манай дэлгүүрт 300.000 төгрөгийн өртэй байсан тул уг мөнгийг зээлнээс хассан. Иймд би түүнээс зээлсэн мөнгөнөөс 2.300.000 төгрөгийг авсан ...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Залилах гэмт хэргийн шинж нь “бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах” гэж заасан. Энэ нь өөрт нь тухайн боломж бололцоо байхгүй байгааг мэдсээр байж зориуд үйлдэгдэх гэмт хэрэг юм. Гэтэл Б нь дэлгүүрийг түрээслээд ажиллуулдаг цаашлаад худалдаж авах зорилготой байсан. Уг зорилгоо биелүүлэхийн тулд банкнаас зээл авсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд тухайн зээл бүтэхгүй болсон гэдгийг хэзээ мэдснийг тогтоох шаардлагатай. Банкны эдийн засагч 26-ны өдөр мэдэгдсэн гэх боловч Б нь 30-ний өдөр мэдэгдсэн гээд маргаантай асуудал гарч байна. Хавтаст хэрэгт авагдсан утасны билл нь 22-ны өдрөөс 26-ны өдрийн хоорондох байх боловч бусад утасны биллээр тогтоох боломжтой. Хохирогч нь тухайн дэлгүүрийг Бгийнх гэж ойлгосон гэж мэдүүлдэг. Шүүгдэгч нь өөрийн нөхцөл байдлыг хуурамчаар үйлдсэн эсэх, мөн дэлгүүрийг худалдаж авах боломжтой байсан эсэхийг тогтоох хэрэгтэй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар Б нь бөөний төвөөс 1.000.000 төгрөгийн худалдан авалт хийсэн нь банкны дансны хуулгаар харагдаж байгаа. Гэтэл үүнийг нарийн тогтоож ямар ямар худалдан авалт хийсэн болохыг бөөний төвийн ажилтнаас тодруулах шаардлагатай. Шүүгдэгч нь хохирогчоос бараа материал авах зорилгоор мөнгө зээлсэн. Үүнийг биелүүлж бараа материал татах үйл ажиллагааг хийсэн. Мөн хохирогчид эхний сарын зээлийг өгч байсан зэргээс харахад залилангийн гэмт хэргийн шинж харагдахгүй байна. Иймд банкны эдийн засагч хэзээ зээл бүтэхгүй талаар мэдэгдснийг тодруулах шаардлагатай байна. Мөн хохирогч нь 1.400.000 төгрөгийг авсан гэдгийг тодруулах хэрэгтэй. Хохирогчийн машиныг барьцаанд тавьсан барьцааны гэрээ хийгдээгүй байхад банк бус санхүүгийн байгууллага нь тухайн машиныг зарсан бол уг банк бус санхүүгийн байгууллагыг иргэний хариуцагчаар татах нь зүйтэй. Учир нь хохирлын хувьд зөрүү гарч байна. Иймд хэргийг прокурорт буцааж өгнө үү...” гэв.
Нэг. Гэм буруугийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалхад шүүгдэгч Э. Б нь залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Э. Ж ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр миний Аурис автомашиныг манай хуурай эгч Э овогтой Б Кэйш стандарт ХХК-ийн ломбарданд 3 000 000 төгрөгөөр тавиад бэлэн мөнгийг нь надаас авсан. Намайг сайн таньдаг хуурай эгч болохоор би тэр хүнд итгээд мөнгө өгсөн. Тэгээд 4 сар хүртэл хүүгээ төлөөд яваад байсан би 4 сарын эхээр хээрийн сургалтад яваад ирсэн чинь нүүгээд явсан хүүгээ төлөөгүй байсан. Тэгээд утасны дугаар луу нь залгахаар утсаа авахгүй байхаар нь би Дарханд очоод уулзсан чинь би мөнгийг чинь өгнөө би бас нэр хүндтэй хүн, эгчдээ 14 хоног өгчих, тэгээд төлнө гэхээр нь итгээд орхисон чинь утсаа авахгүй бас таг болсон. Тэгэхлээр нь 7 сард наадмын өмнө очиж уулзсан чинь мөн адил эгч нь өгнөө гэсэн. Тэгээд байж баигаад 8 сарын эхээр очиж уулзсан чинь дугаарыг нь өөр танихгүй хүн аваад Солонгос явсан гээд байсан. ...Би зүгээр таньдаг хуурай эгч дүү байсан. Манай гэрийн тэнд дэлгүүр ажиллуулдаг байсан. Тэгэхээр нь би дэлгүүртэй гэж бодоод зээлсэн чинь түрээсийн дэлгүүр байсан. Тэгээд нүүгээд явсан байсан...” гэх мэдүүлэг, /хх-24-26, 128/
Гэрч Д.Б ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... Б түүнтэй ярилцаад машин тэргээ барьцаалаад зээл аваад өгөөч гэж хэлж гуйхад Ж зөвшөөрөөд Б, Ж хоёр Улаанбаатар хотод цугтаа ирээд Банк бус санхүүгиин байгууллагаас автомашин барьцаалж 3 000 000 төгрөгийн зээл авсан...” гэх мэдүүлэг, /хх-29, 121/
Гэрч Б.Ч ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн“...Манай гэр бүлийн хүн болох Э. Ж нь өөрийн эзэмшлийн 0 улсын дугаартай автомашиныг надад хэлэлгүйгээр Э Б гэх эмэгтэйтэй ярьж тохироод Кэйш стандарт банк бус санхүүгиин байгууллагын барьцаанд тавьж 3 000 000 төгрөгийн зээлийг авч Э. Б д уг мөнгийг өгсөн байсан. Энэ талаар би тухайн үед мэдээгүй баисан бөгөөд сүүлд 2018 оны 04 сарын орчимд Кэйш стандарт банк бус санхүүгийн байгууллагаас манай нөхөр Э. Жруу яриад зээлийн мөнгөө төлөхгүй бол автомашиныг зээлийн төлбөрт хураан авах шаардлагатай байна гэж хэлэх үед нь нөхрөөсөө дээрх болсон асуудлыг сонсож мэдсэн юм аа. Э.Ж оос Э. Б нь уг ажиллуулж байгаа хүнсний дэлгүүрээ худалдаж авах гэж байна аа, эгч дээ мөнгө олж өгөөч, эсхүл машинаа барьцаанд тавиад мөнгө зээлээд өгөөч баталгаатаи 1 сарын дотор авсан зээлийг нь төлөөд өгнө гэж хэлээд гуйгаад байсан баидаг юм байна билээ. Тэгэхлээр нь Ж надад хэлж ярилгүйгээр өөрийнхөө машиныг барьцаалаад зээл өвөөд өгчихсөн байгаа юм...” гэх мэдүүлэг, /хх-31-32/
Гэрч С.Г ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн“...2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Э.Ж , Э. Б гэх хүмүүс нь Тоёта Аурис 0 улсын дугаартай 2007 онд үйлдвэрлэгдсэн 2016 оны 10 сарын 17-ны өдөр Монгол Улсад импортлогдож орж ирсэн автомашиныг барьцаалан зээл авах хүсэлтэй байгаа талаараа хэлж манаи байгууллагад хандаж ирсэн байдаг юм аа. Тухайн үед би автомашиныг үнэлж үнэлгээ тогтоохын тулд үнэгүй.мн, унаа.мн гэсэн сайтуудад орж үзээд ойролцоогоор 9 000 000 орчим төгрөгийн үнэ ханштай баисан учир би Э. Ж ийнавтомашиныг зах зээлийн үнэлгээгээр^ тооцон үниин дүнгиин 30 хувьтай тэнцэх хэмжээнд нь зээл олгох боломжтой байна, та нар 3 000 000 төгрөг л зээлж авна гэвэл би зээлийг олгож өгнө гэдгийг хэлсэн байдаг юм. Тэгээд Э.Жанболд, Э. Б нар хоорондоо ярилцаж зөвшилцөөд 6 сарын хугацаанд сарын 7 хувийн хүүтэйгээр тооцож 3 000 000 төгрөгийг авахаар болж автомашиныг Кэйш сатандарт ХХК-ийн нэр дээр шилжүүлж унаж явах нөхцөлтэйгөөр зээлииг авсан юм. Гэвч зээл авсан цаг хугацаанаас хойш 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүү төлөлт 260 000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 210 000 төгрөгийн төлөлт тус тус төлснөөс өөр ямар нэгэн мөнгө төгрөг төлөөгүи баидаг юм зээлийг төлөхгүй болохоор нь бид гэрээнд заасны дагуу машиныг авч ирж өгөхийг шаардахад хэсэг хугацааны дараа буюу 2018 оны 08 сарын орчимд Э Жамболд нь машиныг авч ирж манай байгууллагад өгсөн бөгөөд бид уг автомашиныг бусдад үнэ тохирч худалдаалан зээлийн төлбөрииг хаасан. Э. Б, Э. Ж нарын автомашин барьцаалан авсан мөнгө нь хүү, алдангийн хамтаар нийт 5 606 000 төгрөг болсон бөгөөд бид Э. Ж ийнбарьцаанд тавьсан Тоёта Аурис маркийн 0улсын дугаартаи автомашиныг 7 000 000 төгрөгөөр худалдаж авто машины эзэмшигч Э.Жанболдод машины унийн зөрүү болох 1 400 000 төгрөгийг өгсөн юм...” гэх мэдүүлэг, /хх-30, 141/
Шүүгдэгч Э. Б мөрдөн шалгах ажиллагааны явцад “... Би Жанболдтой тохиролцон түүний эзэмшлийн тээврийн хэрэгслийг 3 сая төгрөгөөр банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавиад өөрт нь 400.000 төгрөгийг өгсөн. Мөн Автомашины даатгал номер солиулахад 100.000 төгрөгийг гаргасан. Ингээд дээрхээс үлдсэн мөнгийг нь би өөрөө авч ашигласан. Би Налайх дүүрэгт дэлгүүр түрээслэн ажиллуулдаг байсан ба Ж оос авсан мөнгөөрөө дэлгүүртээ бараа татсан. Э.Ж оос авсан мөнгөө ямар нэгэн байдлаар төлж барагдуулан гэж бодож байгаа...” гэх мэдүүлэг, /41, 142-143/
Хэрэглээний зээлийн гэрээ, /хх-34-38/, хохирогч Э. Ж ийн Хаан банкны 5075493139 тоот дансны хуулга /хх-131-135/, “Дамно” ХХК-ийн 2019.06.26-ны өдрийн үнэлгээний тайлан /хх-46-47/, “Кэйш стандарт” ХХК-ийн захирал С.Галмандах, Э. Б нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний хуулбар /хх-5-8/, зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгээр шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдэрлэхэд хангалттай, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, дээрх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан байна.
Түүнчлэн хэрэгт цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдсон, хэдийгээр шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс дээрх үйлдэл нь иргэний эрх зүйн маргаан гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.
Өөрөөр хэлбэл шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э. Б нь “...Надад анхнаасаа залилах ямар ч сэдэл байгаагүй, банкнаас зээл гарахаар дэлгүүрээ худалдаж аваад зээлээ төлөх байсан, би Э.Жанболдоос тухайн мөнгийг зээлж авсан...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт “...Хохирогчоос зээлж авсан мөнгөний зарцуулалтыг шалгах, банкнаас зээл бүтэхгүй талаар шүүгдэгчид хэзээ мэдэгдсэн, мөн банк бус санхүүгийн байгууллагыг иргэний хариуцагчаар татаж, хохирлыг зөрүүг арилгуулах шаардлагатай талаар тус тус дурдсан нь дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Үүнд:
Гэрч М.Мөнхсайхан мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... Зээл судлах боломжгүй буюу Э. Бд зээл олгох боломжгүй талаар 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр өөрийн утаснаас Э. Б гийн 0 дугаарын утасруу залгаж хэлсэн...” талаар,
Мөн шүүгдэгч Э. Б нь 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хохирогч Э. Ж ийнэзэмшлийн “Toyota Auris” маркийн тээврийн хэрэгслийг “дэлгүүртээ өргөтгөл хийх гэж байгаа” гэх нэрэн доор барьцаалан зээлдүүлж 3.000.000 төгрөгийг авсан гэх үйл баримт тогтоогдсон.
Дээрх үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Э. Б нь:
1. Хаан банкнаас Э. Бд зээл олгохоос татгалзсан байхад бодит байдлыг нуух замаар, эргэн төлөх боломжгүй гэдгээ мэдсээр байж /тодорхой эрхэлсэн ажилгүй/ хохирогчийн эд зүйлийг барьцаалан зээл авсан,
2. Бусдын эзэмшлийн обьектийг өөрийн эзэмшлийн мэтээр тайлбарлаж хохирогчид итгэл төрүүлэн, урьдын харилцааны явцад бие болсон итгэлийг нь урвуулан ашиглаж залилах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Түүнчлэн шүүгдэгчийн өмгөөлөгч зүгээс зээлийн зарцуулалтыг шалгах шаардлагатай гэх санал гаргасан бөгөөд хохирогчийн тээврийн хэрэгслийг барьцаанд тавиулах үед шүүгдэгч нь хохирогчоос бодит байдлыг нуусан болох нь тодорхой харагдаж байх тул тодруулах шаардлагагүй гэж үзэв.
Мөн банкнаас зээл бүтэхгүй талаар Э. Б д хэзээ мэдэгдсэн бэ гэдгийг тогтоох шаардлагатай талаар дурдсан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн зээлийг гардан авч судалсан эдийн засагч М.Мөнхсайханыг гэрчээр 2 ч удаа байцаахад 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр мэдэгдсэн талаар тайлбарласан байгаа тул шүүх хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгийг эргэлзээгүй үнэн зөвд тооцож үнэлсэн болно.
Түүнчлэн хохирогч Э. Жнь шүүгдэгч Э. Б гээс хохирлоо барагдуулах зорилгоор хэд хэдэн удаа холбогдох оролдлого хийхэд “...утсаа авахгүй байх, ямар нэгэн байдлаар хохирогчтой уулзахаас санаатайгаар зайлсхийх, мөнгийг нь өгнө гэж итгэл төрүүлэх, түүнчлэн өөрийн утсыг хөндлөнгийн хэн нэгнээр авхуулж Солонгос явсан гэж хэлүүлсэн...” зэрэг үйл баримтууд тогтоогдож байх бөгөөд дээрхээс харахад Э. Б нь анхнаасаа хохирогчийн мөнгийг өгөх санаа, бодолгүй байсан болох нь тогтоогдсон байна.
Иймд, шүүгдэгч Э. Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирогч Э. Жнь гэм хорын хохиролд шүүгдэгчээс нийт 8.500.000 төгрөг нэхэмжилж байгаа талаараа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлжээ.
Хөрөнгө үнэлгээний “Дамно” ХХК-ийн үнэлгээгээр хохирогч Э. Ж ийнэзэмшлийн “Toyota Auris” маркийн тээврийн хэрэгслийг 9.500.000 төгрөгөөр үнэлсэн /хх-49/, 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Э. Б д дээрх үнэлгээний тогтоолыг танилцуулж, гарын үсэг зуруулахад ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй болох нь тогтоогдож байна.
Иймд, шүүхээс хохирогч Э.Жанболдод нийт 9.500.000 төгрөгийн бодит хохирол учирсан тооцож, “Кейш стандарт” ХХК-с тээврийн хэрэгслийг худалдан борлуулсны зөрүү болгож өгсөн 1.000.000 төгрөгийг болон анх зээл авсныхаа дараа зээл авч өгсний хөлсөнд Э. Б гээс авсан 400.000 төгрөгийг хасч үлдэх 8.100.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Э.Жанболдод олгох нь зүйтэй гэж үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч саналдаа “... Шүүгдэгч Э. Б д 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх...” саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч “... Э. Б нь бага насны 3 хүүхэдтэй тул хуульд заасан хамгийн бага хэмжээгээр нийтэд тустай ажил шийтгэж өгнө үү...” гэх саналыг,
Шүүгдэгч Э. Б нь эрүүгийн хариуцлагын талаар ямар нэгэн санал гаргаагүй болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, ар гэрийн нөхцөл байдал, /бага насны 3 хүүхэдтэй/ эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.
Түүнчлэн шүүгдэгч Э. Б нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас ноцтойгоор зайлсхийсэн тохиолдолд шүүх прокурорын саналыг үндэслэн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.
Гурав. Бусад асуудлын талаар
Шүүгдэгч Э. Б нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Э. Бг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э. Бд 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э. Б д шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Э. Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас ноцтойгоор зайлсхийсэн тохиолдолд шүүх прокурорын дүгнэлтийг үндэслэн эдлээгүй үлдсэн ялын 8 цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон шүүгдэгч Э. Б гээс нийт 8.100.000 /найман сая нэг зуун мянга/-н төгрөгийг гаргуулж, хохирогч Э.Жанболдод олгосугай.
6. Шүүгдэгч Э. Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Э. Б гээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оюунболдод хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э. Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ИДЭР