Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 279

 

 

          

 

 

2020        03         30                                      2020/ШЦТ/279

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжин,

Улсын яллагч Ш.Хосбаяр,

Шүүгдэгч П. М түүний өмгөөлөгч Д.Мөнх-Очир нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.М д холбогдох 2009 00435 0255 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 0 оны  0 дүгээр сарын 0-ны өдөр Булган аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-6, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Төв аймгийн Заамар сумын 0 дугаар баг, 0 дугаар гудамжны 0 тоотод оршин суух Ш овогт П М /РД  /,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга: Шүүгдэгч П. М нь Зөвлөлт холбоот улсын зэвсгийн үйлдвэрт байлдааны зориулалттай үйлдвэрлэсэн 7,62хх93 мм калибртай ган зүрэвчтэй ердийн сум 200 ширхэгийг 2019 оны 02 дугаар сард Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Өгөөмөр зах” орчмоос хууль бусаар бусдаас худалдан авч олж авсан бөгөөд өөрийн эзэмшлийн 7901 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлдээ хадгалан улмаар 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд байрлах Авилгатай тэмцэх газар худалдах зорилгоор тээвэрлэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч П. М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Мөнх-Очир шүүхийн хэлэлцүүлэгт “... Шүүгдэгч нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруу дээр маргах зүйлгүй. Хуульд заасан хэмжээнээс доогуур торгуулийн ял шийтгэж өгнө үү...” гэжээ.  

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч П. М гэрчээр мэдүүлэхдээ “... Би өөрийн фэйсбүүк хуудаснаас “Ангийн групп” гэх нэртэй пэйж хуудсанд сум зарна гэсэн утга бүхий зар байршуулсан байсан бөгөөд өнөөдөр үл таних хүн холбоо барьж сум авахаар болсон бөгөөд 13 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт уулзахаар болоод ирэхэд цагдаагийн албан хаагч намайг барьж авсан. Манай ах Б надад дээрх сумнуудыг өгөөд мөнгө болгоод өг гэж хэлэхээр нь зарах гэж байсан юм. Нэг сумыг 2500 төгрөгөөр зарж борлуулж байсан...” гэжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Б мэдүүлэхдээ “... Би өөрийн гэртээ сум хадгалж байгаагүй, мөн хамаатны дүү П.М од өгч байсан удаа байхгүй. М надруу яриад ахаа дүү нь сум зарах гэж байгаад баригдчихлаа та надад тус болооч, энэ сумнуудыг би таниас авсан гээд хэлчихлээ гэж хэлж байсан. М ын тухайд намайг харвалт өгөөд гэрт байхад байнга над дээр ирж надад тусалж байдаг хүүхэд байгаа юм. Дүү маань Нарантуул зах дээрээс сум аваад цагдаад баригдангуутаа намайг хурандаа цолтой байсан болохоор надад найдсан байх. Би тухайн сумнуудыг ангийн сум байх гэж бодоод цагдаа дээр очоод би хадгалж байгаад зараад өг гэж дүүдээ өгч явуулсан гэж худлаа хэлсэн. Би 2005 онд 2 ширхэг ангийн буутай байсан ба тухайн буугаар буудах гэж захаас сум авч байсан нь үнэн. Гэхдээ тухайн үед бүх сумаа ашигласан. П. М тухайн сумнуудыг Нарантуул захаас авсан гэж хэлсэн ба хэзээ, хэдэн төгрөгөөр, хэнээс авсныг нь би мэдэхгүй...” гэжээ.

Шүүгдэгч П. М мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлэхдээ “... Надад сонсгож байгаа зүйл ангийг би хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ өмнө нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө дээрх сумнуудыг Н. Б ахаас авсан гэж худал мэдүүлэг өгснийг залруулах нь зүйтэй гэж бодож байна. 2019 оны 12 дугаар сард шинэ жилийн баяр болохоос өмнө би хэрэгтэй зүйлсээ аваад Өгөөмөр захруу орж, сэлбэгийн үнэ сонирхох гээд зүүн тийш явж байхад сум зарж байсан нэг хүнтэй таарсан. Тэгээд тэр хүнээс үнийг нь асуухад 2000 гэсэн ба фэйсбүүкээр тиймэрхүү сумыг 2500 төгрөгөөр зарж байсныг харснаа гэнэт санасан. Тэгээд сэлбэг үзэх гэж байсны болиод өөрт байсан 400.000 төгрөгт тааруулан 200 ширхэг сум худалдан авч 2500 төгрөгөөр зарвал 500.000 төгрөг олох буюу 100.000 төгрөгийн ашигтай байх юм байна гэж бодсон. Ингээд 200 ширхэг сум аваад Төв аймагруу явсан ба өөрийнхөө машинд дээрх сумнуудыг хадгалж байсан. Үүний дараа би хэсэг хотод орж ирээгүй ба сум авах хүн ч хайж яваагүй. 2020 оны 01 дүгээр сарын 10-ны үеэр хотод орж ирсэн ба ингэхдээ нөгөө сумнуудаа зарах зорилгоор Фэйсбүүк группд сум зарна гэсэн нэртэй нийтлэл оруулсан. Нийтлэл оруулснаас хойш 2-3 хоногийн дараа нэг хүн надтай холбогдож тэр хүнтэй тухайн өдрийнхөө 13 цагийн үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр болох АТГ-н урд талд уулзахаар болсон. Тэгээд очиход цагдаагийн албан хаагч намайг барьж авсан. Надаас тухайн сумнуудыг хэрхэн олж авсан талаар асуухаар нь насаараа цагдаагийн байгууллагад ажилласан хурандаа цолтой ах Н. Б ахаас авсан гэж худлаа хэлээд орой нь Б ахын гэрт нь очиж тусламж хүссэн. Б ах надад хэлэхдээ ангийн бууны сум бол ах нь чамд тэр сумнуудыг чинь өгсөн гэж хэлье. Хориотой бууны сум байх юм бол болохгүй шдээ  гэж хэлж байсан. Би өөрөө сумны талаар ямар ч мэдлэггүй болохоор тухайн сумнуудыг ангийн сум л гэж бодож байсан...” гэжээ.

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Кримналисткийн шинжилгээний газрын Галт зэвсгийн шинжилгээний хэлтсийн 762 дугаартай дүгнэлтэд “... Шинжилгээнд ирүүлсэн 200 ширхэг сум нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд хуучнаар Зөвлөлт холбоот улсын зэвсгийн үйлдвэрт байлдааны зориулалттай үйлдвэрлэсэн 7,62хх93 мм калибртай ган зүрхэвчтэй ердийн сум 200 ширхэгийг ирүүлсэн байна. Шинжилгээнд ирүүлсэн сумнууд нь 7.62хх39 мм калибрын сумны байртай бүх буунуудаар буудлага үйлдэх боломжтой. Жишээ нь “АК-47, АКМ САЙГА-М3, Вепрь, Вепрь-КМ, CZ-527” зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

        Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.                

        Шүүгдэгч П. М нь Зөвлөлт холбоот улсын зэвсгийн үйлдвэрт байлдааны зориулалттай үйлдвэрлэсэн 7,62хх93 мм калибртай ган зүрэвчтэй ердийн сум 200 ширхэгийг 2019 оны 02 дугаар сард Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр “Өгөөмөр зах” орчмоос хууль бусаар бусдаас худалдан авч олж авсан бөгөөд өөрийн эзэмшлийн 79-01 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлдээ хадгалан улмаар 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд байрлах Авилгатай тэмцэх газар худалдах зорилгоор тээвэрлэсэн гэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

 

         Шүүгдэгч П. М нь шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм буруугийн талаар аливаа хэлбэрээр маргаагүй, нөгөөтэйгүүр түүнийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэх баримт хавтас хэрэгт авагдаагүй, прокуророос түүний гэм буруутай үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан төрөл хэмжээний дотор ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

             

        Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүхээс шүүгдэгч П.Мод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч П.М ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, өмгөөлөгчийн тайлбар зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.М д оногдуулсан торгуулийн ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулах нь зүйтэй.

Гурав. Бусад асуудлаар.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримтаар хураагдсан 198 ширхэг сумыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шийтгэх тогтоолын хувийн хамт Нийслэлийн цагдаагийн удирдах газар зохих журмын дагуу шилжүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овогт П М ыг байлдааны зориулалттай галт хэрэгслийг хууль бусаар олж авсан, тээвэрлэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.М д 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Мод оногдуулсан 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгийн торгуулийн ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П. М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Шүүгдэгч П. М нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 198 ширхэг сумыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шийтгэх тогтоолын хувийн хамт Нийслэлийн цагдаагийн удирдах газарт шилжүүлэхийг шүүгчийн туслах Т.Өлзийтүвшинд даалгаж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.М д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ,   ШҮҮГЧ                              Х.ИДЭР