Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 0309

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам, улсын яллагч М.Сансарсайхан, шүүгдэгч Ч.А, түүний өмгөөлөгч Б.Баттулга нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар мөн дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос У овгийн Ч.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 1908 04034 1211 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

У овгийн Ч.А, Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 18 настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл зургаа, эцэг, эх, дүү нарын хамт, Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хороо, Толгойтын *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар ***, урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 976 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж, хорих ялыг биечлэн эдлүүлэхийг нэг жилийн хугацаагаар хойшлуулсан.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар

Шүүгдэгч Ч.А нь 2019 оны 08 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, Орбитын *** тоот иргэн Т.Б-ийг гэртээ байх үед нь хашаандаа байрлуулсан байсан түүний эзэмшлийн *** улсын дугаартай “Toyota Pruis 20” маркийн тээврийн хэрэгслийг хулгайлах зорилгоор байшингийн онгорхой цонхны дотор тавцан дээр байсан түлхүүрийг хүн байнга амьдардаг орон байранд нэвтэрч хулгайлан тээврийн хэрэгслийг авч явж, бусдад 8,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2019 оны 07 дугаар сарын 28-аас 29-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын *** А тоотод оршин суух иргэн Д.Т-ын байнга амьдрах монгол гэрийн хаалгаар нэвтэрч, “Huawei y-5”, “Samsung S6" загварын хоёр ширхэг гар утас болон иргэний үнэмлэх хоёр ширхэг, банкны карт хоёр ширхэг, мөнгөн ээмэг, эмэгтэй хүний хэтэвч зэрэг эд зүйлстэй гар цүнх зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас иргэн Д.Т-д 829,000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2019 оны 09 дүгээр сарын 06-аас 07-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын *** тоот иргэн Б.Б-н хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрт хууль бусаар нэвтрэн бэлэн 157,850 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч У овгийн Ч.А нь:

- 2019 оны 08 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын *** тоот хашаанд байсан хохирогч Т.Б-ийн эзэмшлийн ***  улсын дугаартай “Toyota” загварын “Pruis 20” маркийн тээврийн хэрэгслийг хулгайлах зорилгоор хохирогчийн байнга амьдардаг байшингийн онгорхой цонхоор нэвтэрч, цонхны дотор тавцан дээр байсан машины түлхүүрийг авч, тээврийн хэрэгслийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хулгайлсны улмаас бусдад 8,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2019 оны 07 дугаар сарын 28-аас 29-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын *** А тоотод оршин суух хохирогч Д.Т-ын байнга амьдрах монгол гэрийн хаалгаар нэвтэрч, “Huawei y-5”, “Samsung S6" загварын хоёр ширхэг гар утас болон иргэний үнэмлэх хоёр ширхэг, банкны карт хоёр ширхэг, мөнгөн ээмэг, эмэгтэй хүний хэтэвч зэрэг эд зүйлстэй гар цүнх зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хулгайлсны улмаас бусдад 829,000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2019 оны 09 дүгээр сарын 06-аас 07-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын *** тоотод байх хохирогч Б.Б-н хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрт хууль бусаар нэвтэрч, бэлэн 157,850 төгрөгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хулгайлсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Ч.А-гийн шүүх хуралдаанд өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Гурван удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд зүйлс авснаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогч Т.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын *** тоотод амьдардаг ба өөрийн эзэмшлийн ***  улсын дугаартай "Toyota Prius 20" маркийн автомашинаа 2019 оны 08 дугаар сарын 04-ний орой 20 цаг 30 минутын үед урьдын адил хашаандаа тавьж цоожлоод гэртээ орж амрахдаа, том өрөөний урд цонхны тавцан дээр түлхүүрээ тавиад, гэрийнхээ хаалгыг түгжээд, түлхүүр тавьсан цонхны салхивч хэсгийг онгорхой орхисон. Маргааш өглөө нь 07 цагийн үед ажилдаа явах гээд машинаа харахад байхгүй байхаар нь цонхны тавцан дээр үлдээсэн байсан түлхүүрийг үзсэн чинь түлхүүр нь бас байхгүй байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Автомашинд ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй....” гэсэн мэдүүлэг (хх-ийн 25-26 дугаар хуудас);

3. Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 4-6 дугаар хуудас), mээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 14-16 дугаар хуудас);

4. “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн: “...хулгайд алдагдсан "Toyota Prius 20" маркийн тээврийн хэрэгслийг 8,000,000 төгрөгөөр үнэлсэн...” талаарх хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-ийн 36-38 дугаар хуудас), “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн: “...хулгайд алдагдсан "Toyota Prius 20" маркийн тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлыг 690,000 төгрөгөөр үнэлсэн…” талаарх хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-ийн 40-41 дүгээр хуудас);

5. Шүүгдэгч Ч.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 04-ний орой Нарангийн голийн хуучин эцэс рүү уруудаад явж байхад ертөнцийн зүгээр урагш харсан байдалтай модон хашаатай улаан өнгийн тоосгон нэг давхар байшин байсан ба уг байшингийн урд цэнхэр өнгийн *** улсын дугаартай "Toyota Prius 20" маркийн машин байсан. Намайг хашаа руу нь ороход уг байшингийн гэрэл унтраастай байсан. Тэгэхээр би цонхоор нь шагайхад цонхных нь тавцан дээр хар өнгийн түлхүүр байхаар нь аваад машиныг унаад 21 дүгээр хороолол С хорооллын хашаа руу ороод удалгүй буцаж гарах гэж байгаад замын цагдаад баригдсан. Би тухайн машиныг асаагаад хашаанаас нь гарахдаа хашааны хаалганы зүүн талын шонг мөргөчихсөн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 75-77 дугаар хуудас);

6. Хохирогч Д.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 28-ны орой гэртээ нөхөр У, бага охин 3 настай М нарын хамт гурвуулаа 22 цагийн үед амарсан. Шөнө 01 цагийн орчимд нөхөр халуураад байна гэхээр нь би босож эм өгчхөөд буцаад унтсан. Унтахдаа би өөрийнхөө Huawei маркийн гар утсыг хэвтэж байсан газрынхаа баруун талд, газар, шалан дээр тавиад манай нөхөр гар утсаа хэвтэж байсан газрынхаа зүүн талд тавьсан байсан. Бид унтахдаа хаалгаа түгжилгүй хаагаад унтсан. Шөнийн 02 цагийн үед хүн явах хөлийн чимээ сонсогдохоор нь нөхөр бид хоёр хоёулаа сэрсэн боловч дахин чимээ сонсогдохгүй болохоор нь буруу сонссон юм байлгүй гэж бодоод гэрийн хаалга руу харсан чинь хаалга онгойсон байхаар нь хаалгаа очиж хаасан. Манай гэрийн хаалгыг дэлгээд уячихсан байсан. Тэгэхээр нь нөхөр бид хоёр босоод гэрийн ойр хүн байгаа эсэхийг шалгахад юм мэдэгдээгүй ба буцаж гэртээ орж ирээд цаг харах гээд rap утсаа авах гэтэл миний гар утас байхгүй байхаар нь нөхрийг гар утсаа аваад цаг хараадах гэсэн чинь бас rap утас нь байхгүй болсон байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Цагдаа ирээд үзэхэд манай гэрээс нөхөр бид хоёрын rap утас, миний өөрийн цүнхтэй эд зүйл алга болсон байсан. Цагдаагийн машин дээшээ гарахгүй болохоор нь би очиж уулзчихаад буцаад өгсөөд явж байтал 16, 17 орчим насны залуу явж байсан. Би “үдэш орой хаагуур юу хийж яваа хүн бэ” гэж асуусан чинь тэр хүүхэд “эгчийнхээсээ гарч явна” гэсэн ба араас нэг цагдаа ирээд тэр хүүхдийг шалгаж үзэхэд миний алдсан гар утас халааснаас нь гарч ирсэн. Тэгээд манайхаас хулгай хийсэн хүүхэд мөн болохыг мэдээд цүнх болон манай нөхрийн гар утас хаана байгааг асуухад “гар утсыг би аваагүй, би нэг хүүхэдтэй хамт явсан, тэр хүүхэд авчихсан, цүнхийг нь би жалганд нуучихсан” гэж хэлсэн ба тэр газраа зааж өг гэхэд зааж өгч чадахгүй байна гэж хэлсэн. Тэгээд тэр хүүхдийг цагдаа дээр авчраад, би мэдүүлэг өгөөд, цагдаагаас өөрийн “Huawei” маркийн гар утсаа хүлээж авсан....” гэсэн мэдүүлэг (хх-ийн 97-98 дугаар хуудас);

7. “Тэнцвэр Эстимейт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 924 тоот: “...хулгайд алдагдсан эд зүйлсийг 829,000 төгрөгөөр үнэлсэн талаарх...” тайлан (хх-ийн 107-109 дүгээр хуудас), хулгайд алдагдсан гэх “Huawei” загварын rap утсыг Ч.А-гаас хураан авсныг хохирогчид хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл (хх-ийн 92 дугаар хуудас);

8. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 87-89 дүгээр хуудас), мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 130-132 дугаар хуудас);

9. Шүүгдэгч Ч.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 28-аас 29-нд шилжих шөнө 03 цагийн үед Нарангийн голын эцсээс дээш өгсөөд айл руу явж байсан чинь Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо Орбитын гудамжинд хашаа нь урдуураа задгай, хаалгагүй, хойгуураа хашаагүй, хашаандаа 3 гэртэй хашаа байсан ба уг гэрүүдийнх нь хамгийн зүүн талын гэрийн хаалга дэлгээстэй байхаар нь гэр рүү нь орсон. Ороход гэрт хүмүүс унтаж байсан ба газар, шалан дээр “Huawei" маркийн хар өнгийн гар утас байхаар нь аваад хажууд байсан эмэгтэй хүний гар цүнхийг бас аваад хашаанаас гараад цүнхийг нээж үзсэн чинь дотор нь ямар нэг эд зүйл байхгүй байхаар нь цүнхийг хашааны гадна хаяад, гар утсыг нь аваад цаашаа явсан. Тэгээд буцаад доош уруудаад явж байгаад шөнийн 04 цагийн үед гудамжинд цагдаад баригдсан. Би тухайн үед ганцаараа явсан, ганцаараа тэр айлаас хулгай хийсэн...” гэсэн мэдүүлэг (хх- ийн 119-120 дүгээр хуудас);

10. Хохирогч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын *** тоотод би эхнэрийн хамт оршин суудаг ба 2019 оны 09 дүгээр сарын 06-аас 07-нд шилжих шөнө 05 цагийн үед гэртээ эхнэрийн хамт унтаж байтал эхнэр Б “гэрт хүн яваад байна, гутлыг чинь аваад явчихлаа” гээд намайг сэрээсэн. Тэгэхээр нь би сандраад гэрт орж ирсэн хүний араас гүйсэн боловч гүйцээгүй. Гэртээ буцаж ирээд эхнэрээсээ асуухад “манай энэ хавиар яваад байдаг 18-23 насны А гэдэг хүүхэд манай гэрт орж ирсэн, царайг нь харсан” тухайгаа хэлсэн. Гэрийнхээ эд зүйлийг бүртгэж үзтэл эхнэр бид хоёрын унтаж байсан орны гудасны завсарт, миний түрийвчинд байсан 157,850 төгрөг алдагдсан байсан. Харин түрийвчийг нь аваагүй буцаагаад хийсэн байсан. Би унтахын өмнө түрийвчиндээ байсан эд зүйлийг цэгцлээд бүх мөнгөө тоолоод тавьсан болохоор яг хэдэн төгрөг байсныг сайн мэдэж байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 206-207, 208 дугаар хуудас);

11. Гэрч О.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нөхөр Б бид хоёр гэртээ унтаж байхад гялгар уутны чимээ гараад байхаар нь сэрээд хартал манай гэрт хар хантааз, улаан малгайтай цамц өмссөн, хар бараан өнгийн өмдтэй залуу хойшоо над руу нэг хараад гүйгээд гарах шиг болсон. Би нөхрөө сэрээгээд болсон явдлын талаар хэлтэл нөхөр босоод шууд араас нь хөөсөн. Би тэр хүний царайг сайн санаж байна. Манай тэр хавиар яваад байдаг А гэдэг хүүхэд мөн байсан. Би харвал танина ..." гэсэн мэдүүлэг (хх-ийн 161-162 дугаар хуудас);

12. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 150- 153 дугаар хуудас), гэрч О.Б-г оролцуулан таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл (хх-ийн 167-173 дугаар хуудас);

13. Шүүгдэгч Ч.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...би 2019 оны 09 дүгээр сарын 06-аас 07-нд шилжих шөнө гэр рүүгээ ганцаараа явж байгаад Сонгинохайрхан дүүргийн 01 дүгээр хороо, Толгойтын *** тоот улбар шар өнгийн хашаатай, машин болон явган хүн орж гардаг хаалга нь цэнхэр өнгөтэй хашаа онгорхой байхаар нь явж ороод хашааны баруун талд байх таван ханатай монгол гэрийн үүдийг нь татахад хаалга нь онгойсон. Тэгэхээр нь би хаалгаар шагайгаад харахад гэрийн баруун талд эрэгтэй, эмэгтэй хоёр хүн унтаж байгаа харагдсан. Би орны урд талд байсан бор арьсан түрийвчийг нээгээд харахад дотор нь мөнгө байхаар нь авсан. Тэгтэл гэрт унтаж байсан эмэгтэй “хөөш чи сэрээч” гэж орилохоор нь би гарч зугтаагаад гэртээ очиж мөнгийг тоолоход 158,850 төгрөг байсан. Тэгээд гэртээ унтаж байгаад 11 цагийн үед сэрээд дэлгүүрээс хоол хүнсний зүйл авч идчихээд найз М-д архи пиво авч өгөөд хамт уусан, үлдсэн мөнгөө найз М-д өрөндөө өгсөн. Тэгээд гэрийнхээ ойролцоо худаг дээр байж байтал мөнгөө хулгайд алдсан ах эгч хоёр намайг бариад цагдаагийн газарт хүргэж өгсөн. Би хэргийг ганцаараа үйлдсэн хэн нэгэнтэй бүлэглэн үйлдсэн зүйл байхгүй..." гэсэн мэдүүлэг (хх-ийн 207-209 дугаар хуудас);

14. Шүүгдэгч Ч.А-гийн төрсний бүртгэлийн лавлагаа (1хх-ийн 62 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас (1хх-ийн 53 дугаар хуудас), шийтгэх тогтоолын  хуулбарууд (1хх-ийн 49-52 дугаар хуудас);

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Ч.А-гийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас хохирогч Т.Б-ийн хулгайлагдсан эд зүйл болох “Toyota” загварын “Pruis-20” маркийн тээврийн хэрэгслийг 8,000,000 төгрөгөөр, уг тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийг 690,000 төгрөгөөр, хохирогч Д.Т-ын гэрээ алдагдсан эд зүйлсийг 829,000 төгрөгөөр үнэлсэн ба шүүх уг хөрөнгийн үнэлгээний тайланг нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзсэн, мөн хохирогч Б.Б-н гэрээс биет байдлаар 157,000 төгрөг алдагдсан байх тул гэмт хэргийн улмаас учирсан нийт хохирлын хэр хэмжээг бага хэмжээнээс дээш буюу 9,676,000 төгрөгөөр тогтоосон болно.

Шүүгдэгч Ч.А нь хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ Т.Б-ийн амьдардаг байшингийн цонхоор нэвтэрч, мөн Д.Т, Б.Б- нарын амьдардаг монгол гэрийн хаалгаар нэвтэрч буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болжээ.

Шүүгдэгч Ч.А-гийн үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн “гурван удаагийн үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч Ч.А-гийн гурван удаагийн хулгайлах үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцно.” гэж зааснаар нэг зүйлчлэгдэх бөгөөд мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна.” гэж зааснаар түүнд нэг ял оногдуулна.

Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Ч.А нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаан байхгүй тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ч.А-г “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Т.Б нь машинаа хүлээн авсан, нэхэмжлэх зүйлгүй талаар мөрдөн байцаалтын шатанд бичгээр хүсэлт гаргасан байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.А нь “би хохирогч Б-н 157,850 төгрөгийн хохирлыг Чинбат гэх Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн цагдаад хүлээлгэн өгсөн, цагдаа хохирогч Б-д өгсөн эсэхийг би мэдэхгүй байна” гэж мэдүүлсэн боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул хохирол нөхөн төлөгдөөгүй гэж үзэн шүүгдэгч Ч.А-гаас нийт 587,850 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Т-д 430,000 төгрөг, хохирогч Б.Б-д 157,850 төгрөг тус тус олгуулахаар тогтоолд дурдлаа.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:                        

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ч.Ад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ч.А-д 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 3.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Ч.А-гийн цагдан хоригдсон 234 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцуулах саналтай байна. Хохирлын хувьд хохирогч Д.Т-аас 430,000 төгрөг, хохирогч Б.Б-гаас 157,850 төгрөгийг тус тус нэхэмжилсэн бөгөөд хохирол нөхөн төлөгдөөгүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээний хувьд саналгүй...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч нь мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн тул гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр хэлэх зүйл байхгүй. Шүүгдэгч А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 дахин багасгаж 1 жил 3 сарын хугацаагаар тогтоож өгнө үү. Мөн өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар нэмж нэгтгэн нийт 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар тогтоож, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна. А нь хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрээгүй байсан гэдэг нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа...” гэв.

Шүүгдэгч Ч.А хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрээгүй байсан тул шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.6 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан хорих ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана гэж зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг хоёр дахин багасгах боломжтой гэж үзлээ.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насан хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасан тул арван долоон настай байх үедээ хулгайлах гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Ч.А-д энэ зүйл, хэсэг хамаарч байна. Мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно.” хэмээн сонгох хэм хэмжээ тогтоосон тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүх хуралдаан хийх үед арван найман насанд хүрсэн боловч хорин нэгэн насанд хүрээгүй байгаа шүүгдэгчийн хувьд наймдугаар бүлэгт заасан үндэслэл, журмыг шүүх өөрийн үзэмжээр хэрэглэнэ.

Иймд шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ч.А-д дөрвөн жилийн хугацаагаар хорих ял шийтгэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирлын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж дүгнээд, мөн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Ч.А-гийн эдлэх хорих ялыг хоёр дахин багасгаж хоёр жилийн хугацаагаар тогтоолоо.

Түүнчлэн, шүүгдэгч Ч.А Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 976 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, хорих ялыг нэг жилийн хугацаагаар хойшлуулсан байх үед санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас элээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж зааснаар түүний эдлээгүй үлдсэн нэг жилийн хугацаагаар хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялын хугацааг гурван жилээр тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ч.А нь арван найман насанд хүрээгүй байх үедээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнд оногдуулсан хорих ялыг хоёр дахин багасгасан хэдий ч тэрээр нэгэнт арван найман насанд хүрсэн байгаа учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А-гийн цагдан хоригдсон 183 (зуун наян гурав) хоногийг эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцлоо.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.А-гийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 37.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.У овгийн Ч.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ч.А-д дөрвөн жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан эдлэх хорих ялыг хоёр дахин багасгаж хоёр жилийн хугацаагаар тогтоосугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А-д энэ тогтоолоор оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 976 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан бөгөөд эдлээгүй байсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялын хугацааг гурван жилээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А-д оногдуулсан гурван жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А-гийн цагдан хоригдсон 183 (зуун наян гурав) хоногийг түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцсугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А-гаас нийт 587,850 (таван зуун наян долоон мянга найман зуун тавь) төгрөгийг гаргуулан хохирогч Д.Т-д 430,000 (дөрвөн зуун гучин мянга) төгрөг, хохирогч Б.Б-д 157,850 (нэг зуун тавин долоон мянга найман зуун тавь) төгрөг тус тус олгосугай.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.А-гийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Ч.А-д урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын Ч.А-д авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

ДАРГАЛАГЧ                                       Б.БАТАА