| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувьтөгөлдөрийн Идэр |
| Хэргийн индекс | 185/2020/0279/Э |
| Дугаар | 274 |
| Огноо | 2020-03-30 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Н.Түвшинбаяр |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 274
2020 03 30 2020/ШЦТ/274
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Энхжин,
Улсын яллагч Н.Түвшинбаяр,
Шүүгдэгч С. Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С. Д д холбогдох эрүүгийн 2009 00688 0422 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,0 оны 0 дүгээр сарын 0-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 57 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ам бүл 5, ээж дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаа 0тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, Х овогт С Д /РД:,
Холбогдсон хэргийн талаар:/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч С. Д нь 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Наран төвд Б.С ийн 100.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Жи-7 маркийн гар утсыг “утсаар чинь нэг яриад өгье” гэж хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч С. Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Өөрийн гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байна, нэмж хэлэх тайлбар байхгүй...” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалхад шүүгдэгч С. Д нь залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.С ийн “... 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд байрлах “Наран” төвд ажлаа хийж байхад гаднаас үл таних 60 орчим насны хүн утсаараа яриулаач гэж надаас гуйсан. Тэгээд би утсаа өгчихөөд хамт ажилладаг хүн юм асуухаар нь хэлж өгчихөөд нэг юм хураачихаад ирсэн чинь нөгөө хүн гараад явчихсан байсан. Араас нь гараад хартал байхгүй хаашаа явсныг нь мэдэхгүй болохоор цагдаагийн байгууллагад хандсан. Миний гар утас Самсунг Жи-7 загварын гар утас байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/-р тал,
Гэрч С.М мөрдөн шалгах ажиллагааны явцад “... 0 дугаар миний нэр дээрх бүртгэлтэй дугаар байгаа юм. Манай хүү 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хөдөөнөөс гэртээ ирээд би хүүхдүүдтэйгээ цай уугаад сууж байтал манай гэрт цагдаа ирээд надад нэг зураг үзүүлээд “энэ хүнийг таних уу хүний утас аваад явсан байна” гэж хэлсэн. Тэгтэл манай хүү яанаа би худалдагчийн утсаар ярьж байгаад газар унагаагаад дэлгэцийг нь хагалчихсан бөгөөд дэлгэцийг нь янзлуулаад буцаагаад өгнө гэж бодож байгаад тэр чигээр нь аваад явчихсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/-р тал,
Шүүгдэгч С. Д мөрдөн шалгах ажиллагааны явцад “... Би Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Наран төв гэсэн дэлгүүрт 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр ороод дэлгүүрийн хүний утсыг гуйж ээж М тай ярих гэсэн боловч манай ээж утсаа аваагүй. Тэгээд дэлгүүрийн урд манай хуурай дүү Н хүрээд ирэхээр нь би одоохон гэж хэлээд эргэж харахдаа дэлгүүрийн худалдагчийн утсыг газар унагаагаад дэлгэцийг нь хагалсан. Тэгээд тэр өдөр би хөдөө явах байсан болохоор хөдөөнөөс хүрч ирээд янзлуулж өгнө гэж бодоод тэр чигтээ яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14/-р тал,
Дамно хөрөнгө үнэлгээний компаний эд хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 20-21/-р тал,
Эд зүйл хүлээлгэн өгч хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 27-28/-р тал,
Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 25-26/-р тал зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.
Шүүгдэгч С. Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн шүүгдэгч, гэрч, хохирогч нарын дээрх мэдүүлэг болон хэрэгт цугларсан болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.
Прокуророос шүүгдэгч С. Д д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.
Түүнчлэн шүүгдэгч С. Д нь гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан бодит хохирлыг биет байдлаар хохирогчид буцаан олгосон, үйлдсэн гэмт хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрч, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргаж, хуульд заасан төрөл хэмжээний дотор ял тохиролцсон болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.
Иймд, шүүгдэгч С.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан төрөл хэмжээний дотор ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч С. Д нь хохирогчид учирсан хохирлыг биет байдлаар буцаан олгосон /хх-ийн 27-28/-р тал, байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн яллагдагч, гэрч, хохирогчийн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан улсын яллагчийн дүгнэлт, шүүгдэгчийн тайлбар, зэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж үзээд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай прокурорын саналыг хүлээн авах нь хууль зүйн хувьд үндэслэлтэй гэж дүгнэн, прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч С. Д д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах боломжтой гэж үзэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.
Гурав. Бусад асуудлаар.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сд-1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар хэрэгт хавсаргаж, шүүгдэгч С.Д нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт С .Д ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д ийг 500.000 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч С. Д нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сд-1 ширхэгийг хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С. Д д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С. Д д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ИДЭР