| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2016/0336/И |
| Дугаар | 67 |
| Огноо | 2017-02-08 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 67
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж,
Нэхэмжлэгч: Капитал банкны Замын-Үүд салбарын /РД: 2556375, УБД: 9016001017/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг, Амарын гудамж 2-12 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Данхар овогт Отгонцэндийн Саруул /РД: ЧА83101319/
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг, Амарын гудамж 1-10 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Данхар овогт Отгонцэндийн Цэцэгсүрэн /РД: ЧА79111601/ нарт холбогдох
Зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 26.521.531 төгрөг 05 мөнгийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхмөрөн, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.Отгонцэцэг, хариуцагч О.Саруул, О.Цэцэгсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч байгууллага шүүхэд гаргасан болон шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ: Капитал банк нь иргэн Отгонцэндийн Саруул, Отгонцэндийн Цэцэгсүрэн нартай 2014 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ЗГ-580 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 20.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 2.20 хувь, жилийн 26.4 хувийн хүүтэйгээр олгосон. Тус зээлийн гэрээний үүргийн баталгаа болгож Дорноговь аймаг Замын-Үүд сум 3-р баг Амарын 1-10 тоот хаягт байрлах 60 мкв талбай, эрхийн улсын бүтгэлийн Ү-0714002241 дугаартай хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах нэгж талбарын 100501353 дугаартай, 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй 500м2 талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, FAW маркийн 47-57 ДГО улсын дугаартай тусгай зориулалтын чирэгч, LHY маркийн 96-90 БЧ улсын дугаартай, чиргүүл, Дорноговь аймаг Замын-Үүд сум 3-р баг, Амарын 2-12 тоот хаягт байрлах нэгж талбарын 100502796 дугаартай, 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй 500м2 талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар зэргийг барьцаалсан. Зээлдэгч нар нь өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлээс 2.544.931,54 төгрөг, зээлийн хүү 3.568.858,25 төгрөг төлсөн бөгөөд 2015 оны 06 сарын 29-ний өдрөөс хойш зээлийн төлөлт хийгээгүйн улмаас үндсэн зээлийн үлдэгдэл 17.455.068,46 төгрөг, зээлийн хүү 8.473.486,20 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5.92.976,84 төгрөг нийт 26.521.531,5 төгрөгийн төлөлт хийгдээгүй байна. Иймээс хариуцагч нарын олж буй болон барьцаа хөрөнгөнөөс дээрх мөнгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч О.Цэцэгсүрэн, О.Саруул нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Капитал банкны салбараас 2014 онд 20.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай зээлсэн. 2015 оноос эхлэн эдийн засгийн хямралын улмаас ачаа тээвэр багасаж мөн 2015 оны 01 сард БНХАУ-ын Эрээн хотод зам тээврийн осолд орж БНХАУ-ын иргэн нас барснаас болж 80.000.000 төгрөгийн төлбөр төлснөөс болоод банкны төлбөрөө төлж чадаагүй өнөөдрийг хүрсэн. Өнөөдрийн байдлаар 26.000.000 төгрөгийг бэлнээр төлөх боломжгүй байгаа тул Капитал банкны зүгээс график гаргаж хугацааг сунгаж өгөх боломжтой бол бид сар тутамд зээлийн төлбөрөө хугацаа алдалгүй төлөх болно. 2016 оноос бетонон хашаа үйлдвэрлэх бизнес эрхэлж эхэлсэн тул шинээр төлбөр төлөх графикийн дагуу зээлээ хугацаанд нь бүрэн төлж барагдуулах боломжтой гэжээ.
Хариуцагч О.Саруул шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Капитал банкнаас зээл авч төлөлт хийгээгүй нь үнэн. Зээлийн хувьд хүүг бууруулах тал байх болов уу л гэж бодож байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.
Хариуцагч О.Цэцэгсүрэн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Зээлийн гэрээний графикт өөрчлөлт оруулах хүсэлт гаргасан боловч хуримтлагдсан хүү 8 сая төгрөгийг төл гэсэн уг төлбөрийг төлж чадаагүй учир банктай тохиролцоонд хүрээгүй юм. Байшин барьж байгаа уг байшинг зараад банкны өрийг төлнө гэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 26.521.531 төгрөг 05 мөнгийг хариуцагч О.Цэцэгсүрэн, О.Саруул нарын барьцааны эд хөрөнгөөр хангуулж, гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Хариуцагч О.Цэцэгсүрэн, О.Саруул нар нь 2014 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Капитал банктай 580 тоот зээлийн болон зээлийн барьцааны гэрээг тус тус байгуулан 20.000.000 төгрөгийн зээлийг жилийн 26,4 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлж авсан байх ба зохигч нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээ байгууллагдсан байх тул нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч О.Цэцэгсүрэн, О.Саруул нараас зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна.
Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 26.521.531 төгрөг 05 мөнгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байгаа боловч, зээлийн гэрээний бүтэцэд өөрчлөлт оруулж, графикийн хугацааг сунгасан гэрээний үүргийг биелүүлнэ гэж шүүх хуралдаанд тайлбарласныг нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч зөвшөөрөхгүй байгааг тайлбарлаж байгаа болно.
Зохигчид буюу гэрээний талууд нь зээлийн гэрээнд харилцан хүсэл зоригоо илэрхийлж гэрээг байгуулсан байх ба “гэрээний 3.10-д талууд зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлтийн хуваарийг гэрээний хавсралт 1-д харилцан тохиролцож, баталгаажуулсан бөгөөд зээлдэгч нь хуваарийн дагуу тухай бүр төлөх үүрэг хүлээнэ” гэсэн байна. Гэтэл хариуцагч О.Цэцэгсүрэн, О.Саруул нар нь 580 тоот зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийг зөрчин 2015 оны 06 сарын 29-ний өдрөөс хойш эргэн төлөлт хийгээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч нар нь зээлийн гэрээний барьцаанд Дорноговь аймгийн Замын-Үүд сум 3-р баг Амарын 1-10 тоот хаягт байрлах 60 мкв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-0714002241 дугаартай хувийн сууц, мөн хаягт байрлах талбарын 100501353 дугаартай, 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй 500 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, FAW маркийн 47-57 ДГО улсын дугаартай арал FWNFULB94AA10378 дугаартай чирэгч, LHY маркийн 96-90 БЧ улсын дугаартай арал LMA93VGP140005393 чиргүүл, Дорноговь аймгийн Замын-Үүд сум 3-р баг Амарын 2-12 тоот хаягт байрлах нэгж талбарын 100502796 дугаартай, 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй 500 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар зэргийг тавьсан нь барьцааны 580 дугаартай зээлийн гэрээгээр тогтоогдож байна. Уг гэрээний 2.6-д зааснаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг дээрх барьцааны эд хөрөнгийг худалдан борлуулах замаар хангуулах тухай талууд харилцан тохиролцож гэрээг байгуулжээ. Барьцааны зүйл болох хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийг хангах тал дээр талууд маргаагүй болохыг дурдах нь зүйтэй юм.
Иймд хариуцагч О.Цэцэгсүрэн, О.Саруул нарын барьцааны эд хөрөнгийг худалдан борлуулах замаар зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 26.521.531 төгрөг 05 мөнгийг гаргуулж Капитал банкинд олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч О.Цэцэгсүрэн, О.Саруул нарын Дорноговь аймгийн Замын-Үүд сум 3-р баг Амарын 1-10 тоот хаягт байрлах 60 мкв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-0714002241 дугаартай хувийн сууц, мөн хаягт байрлах талбарын 100501353 дугаартай, 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй 500 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, FAW маркийн 47-57 ДГО улсын дугаартай арал FWNFULB94AA10378 дугаартай чирэгч, LHY маркийн 96-90 БЧ улсын дугаартай арал LMA93VGP140005393 чиргүүл, Дорноговь аймгийн Замын-Үүд сум 3-р баг Амарын 2-12 тоот хаягт байрлах нэгж талбарын 100502796 дугаартай, 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй 500 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар зэргийг худалдан борлуулах замаар зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 26.521.531 төгрөг 05 мөнгийг гаргуулж нэхэмжлэгч Капитал банкинд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 290.558 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 290.558 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь мөн хуулийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг мөн хуулийн 119.4-т заасан 14 хоногийн дотор гардан аваагй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6. Энэхүү шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Э.БОЛОРМАА