Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 0322

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр, улсын яллагч Д.Агар, шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч К.Манлай нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овгийн Б.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2003 00062 0081 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овгийн Б.О, Монгол Улсын иргэн, *** оны *** дүгээр сарын ***-ний өдөр Архангай аймгийнЭ суманд төрсөн, 50 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл долоо, нөхөр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.О нь согтуурсан үедээ 2020 оны 01 дүгээр сарын 10-ны 00 цаг 20 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэр “Буман өлзий” хорооллын баруун замд *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/  согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх; мөн дүрмийн 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас замаас гарч онхолдон зорчигч Б.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн, Н.Т-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэг холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Боржигон овгийн Б.О нь согтуурсан үедээ 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 00 цаг 20 минутын үед Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэр “Буман өлзий” хорооллын баруун замд *** улсын дугаартай “Toyota” маркийн “Prius 30” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно: согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэж, мөн дүрмийн 3.4-д “Жолооч дараах үүргийг хүлээнэ: ...хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэж, мөн дүрмийн 12.1-д “Жолооч ...замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас замаас гарч онхолдон зорчигч Б.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн, Н.Т-ын эрүүл мэндэд “...баруун гарын атгаал ясны хоёрлосон далд хугарал, зүүн шилбэнд няцарсан шарх...” бүхий хүндэвтэр хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Б.О-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, их харамсаж байна...” гэсэн мэдүүлэг;

2. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрын хэмжилтийн бүдүүвч (хх-ийн 03-10 дугаар хуудас), жолооч Б.О-ийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хх-ийн 09 дүгээр хуудас);

3. Хохирогч Н.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр өдөр 10 цагт Толгойтын “***” шатахуун түгээх станц дээр уулзаад Найрамдал зуслан руу салхинд гарах гээд О, Б нарын хамт хөдөлсөн. Найрамдал зуслан дээр 11 цагийн орчим очоод цай, хоол идээд гадуур жаахан яваад орой болсон. Бид гурав Найрамдалд байхдаа нийт 3 шил архи уусан. Орой 22 цагийн орчим Найрамдлаас хөдлөөд замдаа нэг амралтын газар орсон. Тэр амралтад галчаар нь гал түлүүлээд сууж байтал нөгөө 2 эмэгтэй гэрт орж ирээд ямар хүйтэн юм бэ хонохоо болъё гээд бид 3 хот руу хөдөлсөн. Хөдлөөд явж байгаад удаагүй нисэх шиг болоод машин замын хажуу руу унасан. Тухайн үед ухаан алдсан байсан. Машиныг О жолоодож явсан. Би хамгаалах бүс зүүгээгүй. Ослын улмаас миний баруун гар бугалга бяцарсан. Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 16- 17 дугаар хуудас);

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 1411 дугаартай: “...Н.Т-ын биед баруун гарын атгаал ясны хоёрлосон далд хугарал, зүүн шилбэнд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1- т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хх-ийн 75-74 дүгээр хуудас);

5. Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 92 дугаартай: “...Toyota Pruis маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б- овогтой О нь Замын хөдөлгөөний дүрмийн Гурав. Жолоочийн үүрэг 3.7. жолоочид дараах зүйлийг хориглоно а/…согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах сүх хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх: 12.1. “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хх-ийн 89-90 дүгээр хуудас);

Шүүгдэгч Б.О-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 97 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 94 дүгээр хуудас), жолоочийн үнэмлэх болон лавлагаа мэдээлэл (хх-ийн 93 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Н.Т-ын биед хүндэвтэр, Б.Б-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд гэмт хэргийн улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр, нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.

Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэдэгт авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.О-ийн үйлдэл нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Шүүгдэгч Б.О-ийн Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой буюу үүрэгтэй байсан боловч тэрээр мэдэлгүй үйлдсэний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг болгоомжгүй үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан” нөхцөл байдал нь үндсэн шинжийг, харин “энэ гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн” нөхцөл байдал нь хүндрүүлэх шинжийг тус тус хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Б.О нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөн түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаан байхгүй гээд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай мэтгэлцсэн болно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.О-ийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуурсан үедээ хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал нь гэмт хэргийн шинжид хамаарахгүй тул түүнийг хохирогч гэж үзэхгүй, харин иргэний нэхэмжлэгч гэж үзэх бөгөөд энэ үйлдлийг гэм буруутайд тооцохгүй.

Хохирогч Н.Т, иргэний нэхэмжлэгч Б.Б, Б.Б нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаарх баримтууд мөрдөн байцаалтын шатанд (хх-ийн 116-118 дугаар хуудас) авагдсан байх тул шүүгдэгч Б.О-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:                        

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч Б.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, түүний В ангиллын *** дугаартай жолоочийн үнэмлэхийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж цагдан хорих саналыг гаргаж байна. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч болон өмгөөлөгчийн хувьд гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй. Хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар тэнсэж өгнө үү. Нэмэгдэл ялын хувьд хэлэх тайлбар байхгүй. Шүүгдэгчийг тэнсэн харгалзаж байгаатай холбогдуулан согтууруулах ундааны зүйлийг 1 жилийн хугацаанд хэрэглэхгүй байх хязгаарлалт тогтоох арга хэмжээ авах саналыг шүүхэд гаргаж байна...” гэв.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх нэмэлт дүгнэлтдээ: “...Шүүгдэгч хувийн байдлын хувьд урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, мөн хохирогч нарт төлөх хохирол төлбөр байхгүй байх тул хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ авах боломжтой...” гэв.

Шүүгдэгч Б.О нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг заавал оногдуулна.

Анхан шатны шүүх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт, мөн улсын яллагчийн нэмэлт дүгнэлт, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын бичгээр гаргасан хүсэлтийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.О-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жил зургаан сарын хугацаагаар хасаж, түүнд хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь заалтад зааснаар “тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, болгоомжгүй гэм буруу болон шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ хэмээн дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...Тэнссэн хугацаанд ... хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна” гэж, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж тус тус заасан тул шүүгдэгч Б.О-т хүлээлгэсэн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг тогтоолоор сануулсан болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Боржигон овгийн Б.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг согтуурсан үедээ хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.О-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жил зургаан сарын хугацаагаар хасаж, түүнд хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.  

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Б.О-т мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь заалтад зааснаар “тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоосугай.

4.Шүүгдэгч Б.О-т шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, эсхүл тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хэрэгт үндсэн ял оногдуулахыг сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.О-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, түүний *** дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн Ерөнхий Газрын Лицензийн төвд шилжүүлсүгэй.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.О-т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

                                                ДАРГАЛАГЧ                           Б.БАТАА