Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 0335

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр, улсын яллагч Х.Онолт, хохирогч О.Д, шүүгдэгч А.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар мөн дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Г овгийн А-ийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 03865 0158 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Г овгийн А.М, Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр Булган аймгийн Д суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэн буудагч, кабелийн засварчин, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл дөрөв, эхнэр, хоёр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хороо, М *** дүгээр гудамжны *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд:

- Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар хоёр жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар хянан харгалзсан.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгаснаар:

Шүүгдэгч А.М нь 2019 оны 07 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 03 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, *** тоотод байрлах нийтийн байранд иргэн О.Д-тэй “ажлын хөлс өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар толгой руу нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Г овгийн А-ийн М- нь 2019 оны 07 дугаар сарын 20-оос 21-нд шилжих шөнө 03 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, *** тоотод байрлах нийтийн байранд хохирогч О.Д-тэй “...ажлын хөлс өгсөнгүй” гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар толгой руу нь гараараа цохиж, бие махбодод нь “...тархи доргилт, хамар ясны хугарал, баруун хөмсөгний язарсан шарх, хамрын нурууны шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний дотор булан, баруун гарын эрхий хурууны цус хуралт, цээжний шарх, зүүн хөхний зулгарал, дээд уруулын шарх, зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч А.М-ын шүүх хуралдаанд өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогч О.Д-гийн шүүх хуралдаанд өгсөн: “...Намайг шөнө унтаж байхад М 30,000 төгрөг нэхэж манай гэрийн хаалгыг нүдсэн. Хаалга онгойлгож өгтөл миний үснээс чирээд коридорт ноцолдсон, миний хөмсгийг яз цохичихсон. Манай авгай болон хажуу талын айлын залуу гарч ирж салгасан. Тухайн үед үүрийн 05 цаг болж байсан. Тэгээд түргэн дуудаад, гэмтлийн эмнэлэг явсан. Би хөмсгөндөө 3 оёдол тавиулсан, эм тариа авсан, гэхдээ баримт байхгүй. Цаашид хамраа тэгшлүүлэхэд 500,000 төгрөгийн хохирол нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг;

3. Хохирогч О Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2019 оны 07 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө гэртээ эхнэрийн хамт унтаж байхад 03 цагийн үед М манай хаалгыг нүдээд “мөнгө өгнө гэсэн яасан бэ, яг одоо өгөөдөх” гээд орилоод байсан. Би эхэндээ хаалгаа нээхгүй байж байгаад хаалга өшиглөөд байхаар нь босоод нээтэл М намайг үгийн зөрүүгүй үсдэж аваад тонгорч унагаагаад, миний дээр гараад нүдээд, биеэс хазаад, цохиод байсан. Манай эхнэр Ж М-ыг татаж салгаад, намайг гэрт оруулж хаалга түгжээд цагдаад дуудлага өгсөн. Удалгүй цагдааг ирэхэд М зугтаад явсан байсан бөгөөд надаас 30,000 төгрөг нэхэж зодсон…” гэсэн мэдүүлэг (хх-ийн 17 дугаар хуудас);

- Хохирогч О.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...М- надаас ажлын хөлс, мөнгө нэхэж, надтай хэрүүл хийж намайг зодсон. Манай амьдарч байсан нийтийн байрны хаалга эвдэрсэн зүйл байхгүй, би одоо тэр нийтийн байранд амьдрахгүй байгаа..." гэсэн мэдүүлэг (хх-ийн 19 дүгээр хуудас);

4. Иргэн О.Д-гээс 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдөр гаргасан гэмт хэргийн талаарх: “...2019 оны 07 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 03 цагийн үед бусдад зодуулсан...” гэсэн гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хх-ийн 8 дугаар хуудас), хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 10-12 дугаар хуудас);

5. Гэрч Ц.Ж-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...шөнө 03 цагийн үед нөхөр Д-гийн хамт унтаж байхад нэг хүн хаалга нүдээд “М- байна, хаалгаа нээ, Д- чи миний мөнгийг өгөөч, чи өгнө гэсэн яасан бэ” гээд байсан. Өдөр нь М эхнэртэйгээ муудалцаад ирлээ гээд манайд ирээд хоол унд идэж байгаад явсан юм. Би Д-д хаалгаа битгий нээ гэж хэлсэн….Би сандраад яваад очиход М- Д-г газар унагаагаад дээр нь гарчихсан үснээс нь зулгаагаад толгой, нүүр лүү нь цохиж байсан. Би М-ын үс барьсан гарыг нь тавиулах гээд дийлэхгүй байхад Д- “Ж энэ намайг хазаад байна” гэж хэлээд орилоод байсан. Тэр хоёр нэлээн удаан ноцолдсон. Би салгах гээд дийлэхгүй байж байгаад арай гэж салгаад Д-г гэртээ оруулаад хаалгаа түгжихэд М орилж хашхираад хэл амаар доромжлоод байсан..." гэсэн мэдүүлэг (хх-ийн 21-22 дугаар хуудас);

6. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 8972 дугаартай: “…О.Д-гийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, баруун хөмсөгний язарсан шарх, хамрын нурууны шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний дотор булан, баруун гарын эрхий хурууны цус хуралт, цээжний шарх, зүүн хөхний зулгарал, дээд уруулын шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хх-ийн 30 дугаар хуудас);

7.Шүүгдэгч А.М-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 54 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 64 дүгээр хуудас), шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 66-71 дүгээр хуудас);

8. Шүүгдэгч А.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...би Д-д хандаж “чи надад ажлын хөлс өгсөнгүй, ажлын хөлсөө авъя” гэж хэлэхэд Д “чи юу хийсэн гэж надаас мөнгө нэхээд байгаа юм бэ” гэж хэлээд намайг гэрээсээ хөөгөөд гаргасан. Би хаалгаа нээгээч гээд орилоод зогсож байхад Д хаалгаа нээгээд зайл гэж хэлээд миний цээж рүү гараараа цохиод түлхсэн. Би зөрүүлээд нүүр лүү нь цохиод бид хоёр барьцалдаж аваад байрны коридорт зодолдсон. Д хөл алдаад газар унахаар нь би дээр нь гарч байгаад нүүр лүү нь 2-3 удаа цохисон. Тэр үед Ж миний үснээс татаад намайг салгахаар нь тэндээс гарч яваад айлд очиж хоносон. Тухайн үед миний биед учирсан бэртэл гэмтэл байхгүй, би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 47 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч О.Д-гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.

Шүүгдэгч А.М-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч О.Д-гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч А.М-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч О.Д-гийн эмчилгээ, хохирлын талаарх баримт хэрэгт авагдаагүй байх ба хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт “цаашид хамраа тэгшлүүлэхэд шаардлагатай байгаа тул 500,000 төгрөгийг нэхэмжилж байна” гэж мэдүүлсэн боловч энэ талаарх нотлох баримтыг гаргаж өгөөгүй тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байна. Иймд хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч А.М-ад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...шүүгдэгч А.М-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, шүүгдэгчийн цагдан хоригдсон 15 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 120 цагаар тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд заасны дагуу түүний эдлэх ялд оруулан тооцуулах, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг тус тус гаргаж байна. Эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй...” гэв.

Шүүх үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирлын хэр хэмжээ, хохирол төлбөр төлөгдөөгүй байгааг тал бүрээс нь харгалзан шүүх улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-ад долоон зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх зорилгод бүрэн нийцнэ гэж дүгнэлээ. 

Шүүгдэгч А.М- нь 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 30-ны өдрийг хүртэл сэжигтнээр 48 цаг баривчлагдсан, 3 дугаар сарын 19-ний өдрөөс шүүгчийн захирамжаар 13 хоног цагдан хоригдсон байх бөгөөд энэ хэрэгт нийт 15 (арван тав) хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас 15х8=120 цагийг хасаж, биечлэн эдлэх ялын хугацааг 600 (зургаан зуу) цагаар тогтоов.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.М-ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.

Шүүгдэгч А.М-ад хохироос өөр төрлийн ял оногдуулсан тул түүнд урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авч, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Г овгийн А.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-д долоон зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.Шүүгдэгч А.М-д нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-ын цагдан хоригдсон 15 (арван тав) хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлаар тооцон хасаж, биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хугацааг зургаан зуун цагаар тогтоосугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч О.Д нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг заасугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.М-ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч А.М-д урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

8.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч А.М-д авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                                       Б.БАТАА