Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 460

 

     “Бишрэлт инженеринг энд констракшн” ХХК-ийн

     нэхэмжлэлтэй, иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,          

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/00094 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Бишрэлт инженеринг энд констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Т.Одмаад холбогдох

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 3 759 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дүүрэнбилэг

Хариуцагч Т.Одмаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч “Бишрэлт инженеринг энд констракшн” ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дүүрэнбилэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Капитал сити реалтор” ХХК нь Т.Одмаатай 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 04 тоот түрээсийн гэрээ байгуулан Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Цагдаагийн гудамж, Ботаник хаягт байрлах “Веллмарт” худалдааны төвийн 3 давхарын үйлчилгээний зааланд 01 тоот 16 м.кв талбайтай үйлчилгээний талбайг төрөл бүрийн хувцас борлуулах зориулалтаар, сарын 340 000 төгрөгөөр түрээслэхээр харилцан тохиролцсон. Түрээслэгч Т.Одмаа нь түрээсийн гэрээний 6.3.1-т заасныг удаа дараа зөрчин, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс төлөгдөөгүй түрээсийн төлбөрийн үлдэгдэл 2 506 000 төгрөг, гэрээний 7.2 болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлд зааснаар алданги 1 253 000 төгрөг нийт 3 759 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Одмаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Түрээсийн төлбөрийн эхний 3 сарыг хөнгөлж туслаагүй, зөвхөн 20 хувийг хассан, барьцаа 320 000 төгрөгийг төлбөрийн үлдэгдэлд оролцуулаагүй. Миний зүгээс 130 000 төгрөг төлбөр төлсөн кассын орлогын баримтуудыг төлбөрийн үлдэгдлээс хасч тооцоогүй. Дээрх үндэслэлээр 1 100 000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. “Бишрэлт инженеринг энд констракшн” ХХК нь гэрээний хугацаанд үйлчилгээний шаардлага зохих ёсоор хангаагүй бөгөөд 2015 оны 02 дугаар сард биднээс шалтгаалахгүй татан буугдсаныг анхаарч үзнэ үү. Мөн зарах бараанд хязгаар тавьж байсан. Түрээсийн гэрээг 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл хийсэн гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтыг баримтлан хариуцагч Т.Одмаагаас 3 309 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Бишрэлт инженеринг энд констракшн” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 450 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,  

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч “Бишрэлт инженеринг энд констракшн” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 11 сарын 22-ны өдөр урьдчилан төлсөн 74 095 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн, дутуу төлсөн 999 төгрөгийг нэхэмжлэгч “Бишрэлт инженеринг энд констракшн” ХХК-иас гаргуулан улсын төсвийн орлогод оруулж, хариуцагч Т.Одмаагаас 67 894 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Бишрэлт инженеринг энд констракшн” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хариуцагчийн 2014 оны 10 дугаар сарын 21, 2014 оны 11 дүгээр сарын 03, 11-ний өдрүүдэд төлсөн нийт 130 000 төгрөг болон барьцаанд төлсөн 320 000 төгрөгийг үндсэн төлбөрөөс бус алдангиас тооцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан заалтыг буруу хэрэглэсэн. Миний ажилгүй, орлогогүй байгааг харгалзан Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар анзын хэмжээг 500 000 төгрөгөөр багасгаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “Бишрэлт инженеринг энд констракшн” ХХК нь хариуцагч Т.Одмаад холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 3 759 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хариуцагч 1 100 000 төгрөгийг зөвшөөрч үлдэх хэсгийг төлөхгүй гэж маргажээ.

“Капитал Сити Реалтор” ХХК болон Т.Одмаа нарын хооронд байгуулагдсан 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №04 тоот түрээсийн гэрээгээр /хх-7-9/  Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Цагдаагийн гудамж, Ботаник хаягт байрлах Веллмарт худалдааны төвийн 3 давхрын үйлчилгээний заалны 01 дугаартай 16 м.кв талбайг 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл хугацаатай, түрээсийн төлбөрт сар бүр 320 000 төгрөгөөс гадна уг байрны ашиглалт, үйл ажиллагааны зардалд сар бүр 20 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон, мөн “Капитал Сити Реалтор” ХХК нь 2014 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр оноосон нэрээ “Бишрэлт инженеринг энд констракшн” ХХК болгон өөрчилсөн үйл баримтын талаар талууд маргаагүй /хх-7-9, 11/ байна.

Түрээсийн гэрээ нь бичгээр байгуулах Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан шаардлага хангасан байх тул хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй.

Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний төлөгдөөгүй буюу түрээсийн үлдэгдэл төлбөр 2014 оны 10 дугаар сарын 01-ний байдлаар 2 506 000 төгрөгийн тооцоо байгаа талаар нэхэмжлэгч баримт гаргаж /хх-13/ өгснийг хэргийн нотлох баримтаар үнэлэх боломжтой бөгөөд уг баримтыг хариуцагч няцаан маргаагүй.

Анхан шатны шүүх түрээсийн гэрээний дагуу тооцоолол гаргахдаа үлдэгдэл төлбөр болох 2 506 000 төгрөгөөс Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт заасны дагуу төлөгдсөн 320 000 төгрөгийг гэрээний үүргээс хасч тооцох байсан бөгөөд энэ тохиолдолд хариуцагчийн хувьд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-т зааснаар хугацаандаа биелүүлээгүй үлдэгдэл 2 186 000 төгрөгөөс хууль болон гэрээнд заасны дагуу алданги тооцоход уг төлөгдөөгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байгаа учир Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу 1 093 000 төгрөгийн алданги төлөхийг шаардах эрх нэхэмжлэгчид үүсчээ.

Иймд хариуцагч нь түрээсийн үлдэгдэл төлбөр 2 186 000 төгрөг, алданги 1 093 000 төгрөг нийт 3 279 000 төгрөг төлөх үүрэгтэйгээс түрээсийн байрнаас гарсан өдрөөс хойш төлөгдсөн 130 000 төгрөг хасч, 3 149 000 төгрөгийг төлөх үндэслэлтэй гэж үзнэ /хх-28/.

Хариуцагч нь ажилгүй, орлогогүй байдлыг харгалзан Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасны дагуу алдангийн хэмжээг 500 000 төгрөгөөр багасгуулахаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд ийм нөхцөл байдал үүссэн нь хэргийн баримтаар тогтоогдоогүй, тул алданги хасах тухай хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/00094 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...3 309 000” гэснийг “...3 149 000...” гэж, “...450 000...” гэснийг “... 610 000...” гэж, 2 дахь заалтад “...67 894...” гэснийг “...65 334...” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Т.Одмаагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67 894 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                                  ШҮҮГЧИД                                        Ц.ИЧИНХОРЛОО   

                                                                                                                             Д.БАЙГАЛМАА