Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 08

 


Б.Батсайханд холбогдох хэргийн талаар


Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүГч Б.Намхайдорж, ерөнхий шүүгч Ш.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Б.Батнасан
Шүүгдэгч Б.Батсайхан
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болормаа
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинтөр нарыг оролцуулан;
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 17 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болормаагийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Батсайханд холбогдох 201707000171 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ш.Баттогтох илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, халх, Архангай аймгийн Цэцэрлэг сумын харьяат, 1991 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, ам бүл 7, аав ээж, дүү нарын хамт, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 9-р хороо Шархад, 8 гудамж 167 тоотод оршин суух, урд нь ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, УК91012933 регистрийн дугаартай, Халзан дамба овогт Батбаатар Батсайхан нь
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт 2016 оны 10 дугаар сард тархины хавдар өвчтэй иргэн У.Атартунгалагт эмчилгээний зардлын хандивын тоглолт зохион байгуулж өгнө гэж хуурч мэхлэн 150.000 төгрөг болон 200.000 төгрөгний үнэлгээтэй 2 ширхэг гар утсыг залилж авсан, Алтай телевизийн захирал Э.Болормаагаас 40.000 төгрөгийг залилж авсан, хавдартай хүнд тусалж тоглолт хийх гэж байна гэж телевизийн нэвтрүүлэг, сурталчилгаа хийлгэж 421.000 төгрөгийг төлөөгүй, компьютерийн үйлчилгээ эрхэлдэг иргэн А.Эрдэнэсүрэнгээр 800 ширхэг билет хэвлүүлж төлбөр болох 60.000 төгрөгийг төлөөгүй, "Бумбат" цайны газрын тогооч Ө.Цэндээг хуурч мэхлэн 102.300 төгрөгийн хохирол учруулсан, Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрт 2016 оны 11 дүгээр сард элэгний хатуурал, хавдар өвчтэй Б.Ариунбулгад эмчилгээний зардлын хандивын тоглолт зохион байгуулж өгнө гэж хуурч мэхлэн түүний ээж З.Жавзангаас 237.000 төгрөгийг залилж авсан, Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасагт дээрх эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр түүнд авсан Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвөөс гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчин мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн. Баянхонгор аймаг дахь Б.Должинсүрэнгийн эзэмшлийн "Жаргалант" буудалд 2016 оны 09 дүгээр сард байрлах хугацаандаа 00-ийн угаалтуур эд зүйлийг эвдэж үрэгдүүлсэн, мөн Б.Должинсүрэгийн эзэмшлийн "Дулаан
Богд" дэлгүүрээс ЗО.ОООтөгрөг бэлнээр, 200.000 төгрөгний эд зүйлийг залилан мэхлэж, итгэл эвдэх аргаар авсан, мөн хохирогч Базаррагчаагийн Алтангэрэлээс ХААН банкны дансаар дамжуулан 2016.09.21-нд 35.000 төгрөг, 30.000 төгрөг, 2016.09.22-нд 200.000 төгрөг, 2016.10.07-нд 60.000 төгрөг, 280.000 төгрөг, бэлнээр 60.000 төгрөг нийт 665.000 төгрөг залилан мэхлэж авсан, Баянхонгор аймаг дахь Гонгандан дэдлин хийдийн нягтлан бодогч П.Алтансүхээс 125.000 төгрөгийг тус тус авч хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх: Шүүгдэгч Халзан дамба овогтой Батбаатарын Батсайханыг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийг давтан үйлдэх, мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батсайханы эд хөрөнгийг хураахгүйгээр 4 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Батсайханд Эрүүгийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсзгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялын заримыг буюу 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж, биечлэн эдлэх ялыг 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял тогтоож, Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Батсайханд оногдуулсан 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхийг дурдаж, Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Батсайханы цагдан хоригдсон 67 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 608 ширхэг тоглолтын тасалбарыг устгаж, СД 1 ширхэг, Хаан банкны виза карт 2 ширхэг, Хаан банкны дансны хуулга 3 хуудас зэргийг хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргахыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэпг зааснаар ялтан Б.Батсайханаас 350.000 төгрөг гаргуулж хохирогч У.Атартунгалагт, 461.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Э.Болормаад, 237.000 төгрөг гаргуулж хохирогч З.Жавзанд, 665.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Алтангэрэлд, 320.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Должинсүрэнд, 125.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч П.Алтансүхэд тус тус олгохыг дурдаж, Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, ялтнаас гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Эрдэнэсүрэн 60.000 төгрөг, Ө.Цэндээ 102.300 төгрөгийг тус тус нэхэмжлэхгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн    өмгөөлөгч    Б.Болормаа    давж    заалдах    гомдолдоо: Монголын хуульчдын холбооны гишүүн, 0851 шүүхэд төлөөлөх эрхийн дугаартай Хууль зүйн туслалцааны төвийн ахлах улсын өмгөөлөгч Б. Болормаа би Говь-Алтай аймгийн анхан шатны шүүхийн 2017 оны 04-р сарын 17-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолд дараах гомдолыг гаргаж байна.
Шүүгдэгч Б. Батсайхан нь аав ээж дүү нарын хамт ам бүл 7-уулаа амьдардаг. Гэр бүл нь өрхийн амьжиргааны баталгаажих төвшингийн доогуур орлоготой нэн ядуу өрхөд хамаардаг. Аав ээж нь ямар нэгэн ажил хөдөлмөр эрхлэдэггүй. Гэвч хохирогч нарын хохирлыг төлөх тал дээр санал санаачилга гаргаж хохирлыг төлж байгаа.
Б.Батсайханд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 4 жил 6 сарын хорих ялыг оногдуулсан нь түүнд болон түүний ар гэр аав ээж дүү нарт нь үнэхээр хүнд тусч байна.
Учир нь тэрээр анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдож үйлдсэн хэргээ үнэн зөвөөр хүлээн мэдүүлж, ийм хэрэг хийсэндээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал, түүний хувийн байдал зэргийг нь харгалзан оногдуулсан хорих ялыг хөнгөлж тухайн зүйл хэсэгт заасан хамгийн доод хэмжээгээр ял оногдуулж, хорих ялын хугацааг багасгаж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.

Прокурор Б.Батнасан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б.Батсайханы тухайд эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд хэрэгжүүлэх нь зүйтэй, шинээр мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулиар мөрдөн байцаалтаас зайлсхийсэн Б.Батсайханы үйлдэл нь гэмт хэрэгт тооцогдохг/й болсон.
ТОДОРХОЙЛОХ нь:
Анхан шатны шүүх Халзан дамба овогтой Батбаатарын Батсайханыг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийг давтан үйлдэх, мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батсайханы эд хөрөнгийг хураахгүйгээр 4 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Батсайханд Эрүүгийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялын заримыг буюу 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж, биечлэн эдлэх ялыг 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял тогтоож, Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Батсайханд оногдуулсан 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхийг дурдаж шийдвэрлэжээ.
Өмгөөлөгч Б.Болормаагийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлын дагуу давж заалдах шатны хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Б.Батсайханд оногдуулсан хорих ялыг 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн 30.1 дүгээр зүйлд зааснаар уг хууль 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон байх тул 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1. Үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ. " гэж заасны дагуу ялтны эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2015 оны шинэчилсэн Эрүүгийн хуулийн дагуу Б.Батсайханд холбогдох мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн үйлдэл, холбогдлийг хэрэгсэхгүй болгож, залилах гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх үндэслэлтэй байна.
Б.Батсайханы /2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр/ гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж, мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийж, гэм буруутайд тооцогдсон үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийг 21.11 дүгээр зүйлд " Баривчлагдсан, цагдан хоригдсон яллагдагч, зорчих эрхийг хязгаарлах, хорих ял шийтгүүлсэн ялтан оргон зайлсан бол " эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заагдсан байх тул Б.Батсайханы 2002 оны Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн үйлдэл 2015 оны шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцогдохгүй болсон байх тул уг үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 2002 оны Эрүүгийн хуульд зааснаар Б.Батсайханы 2016 оны 10 дугаар сараас 2016 оны 12 дугаар сарын 07-ны хооронд бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийг давтан үйлдсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар Б.Батсайханы эд хөрөнгийг хураахгүйгээр 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн үйлдэл нь 2015 оны шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 буюу Залилах гэмт хэрэг нь давтан үйлдэх гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалгүй болсон тул зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, 2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар Б.Батсайханыг бусдыг залилсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар 2 жил 1 сар 2 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Зүйлчлэлийг өөрчилөн ял хөнгөрүүлэн оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.6 гэмт хэргийг давтан үйлдсэн, хохирогчдийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдал нь ял хүндрүүлэх нөхцөл болсон болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 17 дугаар шийтгэх тогтоолын:
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг:
" Шүүгдэгч Халзан дамба овогтой Батбаатарын Батсайханыг бусдыг залилсан гэм буруутайд тооцсугай." гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтыг:
"Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар Б.Батсайханд 2002 оны Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар Говь-Алтай аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосугай." гэж,
тогтоох хэсгийн 3 дахь заалтыг:
" 2015 оны Шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Батсайханыг 2 жил 1 сар 2 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй." гэж,
тогтоох хэсгийн 4 дэх заалтыг:
" Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Батсайханд оногдуулсан 2 жил 1 сар 2 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй." гэж тус, тус өөрчилж шийтгэх тогтоолын бусад зүйл заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл тэдэнд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргаж, прокурор эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.


 
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               Ж.БАТТОГТОХ
                  ШҮҮГЧИД               Б.НАМХАЙДОРЖ
                                          Ш.БАТТОГТОХ