Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 191

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж, шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийж,

Нэхэмжлэгч: Б овогтой Н.Э,

Хариуцагч:  Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга,

Гуравдагч этгээд: Б овогтой Д.О,

Нэхэмжлэлийн шаардлага: Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 72 дугаар тогтоолын Д.О-г Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсүгэй гэсэн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т, гуравдагч этгээд Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие Н.Э нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 45 дугаар тушаалаар зарласан Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч-ийн сонгон шалгаруулалтад оролцож нэрээ дэвшүүлсэн.

Би Шүүхийн ерөнхий зөвлөлийн Мэргэшлийн хороо болон бусад холбогдох газруудаас авсан шалгалтад цаг хугацаанд нь оролцож улмаар тухайн албан тушаалд анх орж шалгалт өгсөн иргэдээс  ганцаараа тэнцсэн. Энэ албан тушаалд нөөцөөс 2 иргэн нэр дэвшсэн байдаг.

Шүүхийн Мэргэшлийн хорооноос авсан суурь шалгалтад нийлбэр оноогоор 61.07 оноо авч тэнцсэн бөгөөд дараагийн шалгалт болох Шүүхийн ерөнхий зөвлөлийн ярилцлагын шалгалтад орж 70 оноо авсан талаар албан ёсоор надад Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдэгдсэн.

Мөн Хуульчдын холбооны зөвлөлийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 22 дугаар хурлын тогтоолоор Мэргэшил, ур чадвар, нэр хүндийн хувьд анхан ...шатны шүүхийн шүүгчээр ажиллах шаардлагыг хангана гэсэн тогтоолыг гаргаж баталгаажуулснаар миний бие тухайн шүүгчийн албан тушаалд сонгогдох бодит боломж бүрдсэн.

Гэтэл Шүүхийн ерөнхий зөвлөл нь 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хуралдаж 72 дугаар тогтоол гаргахдаа Д.О-г Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлжээ.

Энэ тогтоол гарснаар миний Үндсэн хуульд заасан эрх зөрчигдөж Монгол Улсын Ерөнхийлөгчөөс баталсан шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалт, ил тод байх, нээлттэй байх, шударга ёсыг эрхэмлэх, хууль дээдлэх зарчим алдагдсан гэж үзэж байна.

Сонгон шалгаруулалтад би өөрийнхөө авсан оноог мэдэж байгаа хэдий ч нөөцөөс нэр дэвшсэн 2 иргэнийг ямар шалгуураар, ямар үзүүлэлтээр надаас илүү гарсан, Шүүхийн ерөнхий зөвлөл хуралдахдаа шууд шалгалтад орж тэнцсэн надад болон нөөцөөс нэр дэвшиж өрсөлдсөн 2 өрсөлдөгчөөсөө ямар оноо дутуу авсан, тухайн оноог хэрхэн яаж мэдэж болох нөхцөл байдал хаалттай байсан.

Шүүхийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2, Шүүхийн Мэргэшлийн хорооны үнэлгээ болон энэ хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-д заасан  Хуульчдын холбооны дүгнэлтийн хамт шүүгчийн албан тушаалд томилуулах нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтыг үнэлгээний дүнгээр эрэмбэлж гаргана гэж хууль тогтоогчоос Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгасан.

Энэ эрэмбэлж гаргасан дүнгийн жагсаалт ил тод, тухайн албан тушаалд өрсөлдөж байгаа иргэдэд нээлттэй байх ёстой байтал надад одоог хүртэл энэ байдал нээлттэй байж чадаагүй.

Иймд Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 72 дугаар тогтоолын Д.О-г Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсүгэй гэсэн холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2017 оны 45 дугаар тушаалаар Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд сонгон шалгаруулалт зарласан. Нэхэмжлэгч Н.Э тус сонгон шалгаруулалтад нэрээ дэвшүүлж, шүүхийн Мэргэшлийн хорооны шалгалтад тэнцэж, улмаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн ярилцлагад орсон байна. Нэхэмжлэгчийн нэрээ дэвшүүлсэн сул орон тоонд нөөцөөс Ж.Д /Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх/, Д.О /Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх/ нар тус тус нэр дэвшсэн.

Монгол Улсын Үндсэн хуулийн дөчин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Шүүхийн ерөнхий зөвлөл ... хуульчдаас шүүгчийг шилж олох, ... үүргийг биелүүлнэ", Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т Шүүхийн ерөнхий зөвлөл нь энэ хуулийн 13.1-д заасан дүгнэлт, Шүүхийн мэргэшлийн хорооны үнэлгээ болон энэ хуулийн 12.2-т заасан Хуульчдын холбооны дүгнэлтийн хамт шүүгчийн албан тушаалд томилуулах нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтыг үнэлгээний дүнгээр эрэмбэлж гарган, илээр санал хураан олонхийн санал авсан хүний нэрийг ажлын таван өдрийн дотор Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ" гэж заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл хуралдаанаараа нэр дэвшигч бүр дээр санал хураалт явуулж, олонхийн санал авсан нэр дэвшигчийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн. Онооны эрэмбийн хувьд Ж.Д, Н.Э, Д.О гэсэн дарааллаар санал хураалт явуулж, олонхийн санал авсан Д.О нэрийг өргөн мэдүүлсэн байдаг.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ... би өөрийн авсан оноог мэдэж байгаа ч надтай өрсөлдсөн хоёр өрсөлдөгчөөсөө ямар оноо дутуу авсан, тухайн оноог хэрхэн яаж мэдэж болох нөхцөл байдал хаалттай байсан" гэжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 18 дугаар зарлигийн хавсралтаар батлагдсан Шүүгчийг сонгон шалгаруулах журам-ын 10.2-т Мэргэшлийн хороо нэр дэвшигч тус бүрийг энэ журмын 10.1 дэх хэсэгт заасны дагуу дүгнэн үнэлгээг нэр дэвшигч тус бүрт цахим хэлбэрээр танилцуулна гэсний дагуу оролцогч тус бүрд оноог танилцуулдаг.

Шүүхийн захиргааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д энэ хуулийн 23.6.1-д заасан үнэлгээ хоёр жилийн хугацаанд хүчинтэй байна. гэсэн зохицуулалтын дагуу шалгалтад тэнцсэн нэр дэвшигчдэд боломж олгож нөөцөөс нэр дэвшүүлдэг. Нэхэмжлэгч Шүүхийн мэргэшлийн хорооны шалгалтад тэнцсэнээр 2 жилийн хугацаанд нөөцөд бүртгэгдэн ижил шатны шүүхэд нэрээ дэвшүүлэх боломжтой байна.

Монгол Улсын Үндсэн хууль болон Шүүхийн захиргааны тухай хуульд заасан хуульчдаас шүүгчийг шилж олох нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэн эрх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасныг удирдлага болгон нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Гуравдагч этгээд Д.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Д.О миний бие Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2017 оны 45 дугаар тушаалаар зарласан Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад нөөцөөс нэр дэвшсэн. Миний нөөцөөс нэр дэвших эрхийг Шүүхийн захиргааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 -д Энэ хуулийн 23.6.1-д заасан үнэлгээ хоёр жилийн хугацаанд хүчинтэй байна гэж зааж хуулиар баталгаажуулж өгсөн. Иймд миний бие хуулиар олгосон эрхийн дагуу хуулинд заасан хугацаанд нөөцөөс нэр дэвшиж Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн олонхийн санал авч дэмжигдсэн.

Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт: Шүүхийн ерөнхий зөвлөл ... хуульчдаас шүүгчийг шилж олох ... үүргийг биелүүлнэ, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13-р зүйлийн 13.2-т Шүүхийн ерөнхий зөвлөл нь энэ хуулийн 13.1-д заасан дүгнэлт, Шүүхийн мэргэшлийн хорооны үнэлгээ болон энэ хуулийн 12.2-д заасан Хуульчдын холбооны дүгнэлтийн хамт шүүгчийн албан тушаалд томилуулах нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтыг үнэлгээний дүнгээр эрэмбэлж гарган, илээр санал хураан олонхийн санал авсан хүний нэрийг ажлын 5 өдрийн дотор Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ гэж заасан. Энэ нь Шүүхийн Мэргэшлийн хорооны үнэлгээ, Хуульчдын холбооны дүгнэлт, ярилцлагын дүгнэлт зэргийг харгалзан нэр дэвшигчдээс хүмүүжил, зан байдал, төлөвшил, биеэ авч яваа байдал, ёс зүй, ёс суртахууны хувьд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдэд илүү итгэл үнэмшил төрүүлсэн нэр дэвшигчийг өргөн мэдүүлэх эрхийг Шүүхийн ерөнхий зөвлөлд олгосон хуулийн зохицуулалт юм. Миний бие шалгалт, ярилцлагын үнэлгээнээс гадна хүмүүжил, зан байдал, төлөвшил, биеэ авч яваа байдал, бусдад өөрийгөө ойлгуулж байгаа байдал, ёс зүй, ёс суртахууны хувьд бусад нэр дэвшигчдээс илүү байж, илүү итгэл үнэмшлийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдэд төрүүлсэн учир намайг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн олонхи нь дэмжиж Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн гэж бодож байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2017 оны 72 дугаар тогтоол гарснаар миний үндсэн хуульд заасан Ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрх зөрчигдсөн гэжээ.

Зөвхөн шүүгчийн сонгон шалгаруулалт ч биш бүхий л байгууллагын ажилтнаа сонгон шалгаруулах шалгалтад болзол шаардлага хангаж, итгэл үнэмшил төрүүлсэн нь сонгогддог. Энэ нь сонгогдоогүй үлдсэн бусад хүмүүсийн ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг зөрчиж байгаа хэрэг биш бөгөөд харин ч Шүүхийн захиргааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д Энэ хуулийн 23.6.1- д заасан үнэлгээ хоёр жилийн хугацаанд хүчинтэй байна гэж зааж шүүгчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүст нөөцөд бүртгэгдэн 2 жилийн хугацаанд ижил шатны шүүхэд шалгалтгүйгээр нэрээ дэвшүүлж өрсөлдөх боломжийг олгосон.

Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Энэ шалгалтыг өгөхдөө би ажил амьдралаа зохиосон байдал, суурьшин ажиллаж байгаа байдал, Баянхонгор аймагт ажиллаж амьдрах гэсэн хүсэл зориг ... зэрэг нөхцөл байдлыг харгалзан тухайн тушаалаар зарласан өөр шүүгчийн орон тоонд биш зөвхөн энэ орон тоонд өрсөлдөж тэнцсэн. Шүүхийн ерөнхий зөвлөл тогтоол гаргахдаа тухайн ажлын байран дээр хэн анх өрсөлдөж байгаа, хэн нь энэ ажлын байран дээр зорьж шалгалт өгсөн ... гэсэн агуулгыг авч үзэлгүйгээр нөөцөөс нэрээ өгсөн иргэнийг тухайн шүүхийн шүүгчид томилуулах санал өргөн мэдүүлсэн нь шударга ёсны зарчмыг зөрчсөн гэжээ.

Гэтэл тухайн орон нутагт ажил амьдралаа зохиож суурьшин, олон жил ажиллаж байгаа хүнийг тухайн газарт нь шүүгчээр ажиллуулах нь харин ч зохимжтой биш бөгөөд тухайн орон нутагт суурьшин олон жил ажилласан хүн аав ээж, ах дүү, төрөл садан, танил найз нөхдийн нөлөөнд автаж хэргийг үнэн зөв, шударгаар шийдвэрлэхэд хүндрэл учирч байдаг тул Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчийг нэг газар удаан ажиллаж найз нөхөд, төрөл төрөгсдийн нөлөөнд автахаас сэргийлж байнга шүүгчийг шилжүүлэн томилж өөр орон нутагт сэлгэн ажиллуулах бодлогыг барьж байдаг. Нэхэмжлэгчийн хувьд Баянхонгор аймагт нотариатч, өмгөөлөгч зэрэг ажлыг олон жил хашиж ажиллаж амьдарч байгаа тул харин ч тухайн аймагтаа шүүгчээр томилогдон ажиллах нь хэргийг үнэ зөв, шударгаар шийдвэрлэхэд хүндрэлтэй байх бодит нөхцөл байдал байгааг харгалзан үзсэн байх талтай.

Миний бие 2009 онд Нотариатчийн сонгон шалгаруулалтад орж тэнцэн өнөөдрийг хүртэл нотариатчаар ажиллаж байгаа бөгөөд нэхэмжлэгч Н.Э нь мөн 2009 онд нотариатын эрх авч бид 2009-2014 оныг хүртэл нэг байгууллагад хамт ажиллаж байсан найз нөхөд юм. Гэвч Н.Э нь нэг нөхрийгөө Шүүгчийн сонгон шалгаруулалтад тэнцэн дэмжигдсэнд гомдон шүүхээр заргалдаж байгаа нь хувь хүнийхээ хувьд, хүн чанарын хувьд энэ хүн ямар хүн бэ? гэдгийг тодорхой харуулж байгаа хэрэг юм.

Монгол Улсын Үндсэн хууль болон Шүүхийн Захиргааны тухай хуульд заасан хуульчдаас шүүгчийг шилж олох нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэн эрх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасныг удирдлага болгон нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Э Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 72 дугаар тогтоолын Д.О-г Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсүгэй гэсэн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үндэслэн дараах нөхцөл байдлууд тогтоогдсон тул нэхэмжлэгч Н.Э-н шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргын 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 45 дугаар тушаалаар Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд сонгон шалгаруулалт зарласнаар нэхэмжлэгч Н.Э тус сонгон шалгаруулалтад нэрээ дэвшүүлж, шүүхийн Мэргэшлийн хорооны 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 18 дугаар тогтоолоор шалгалтад 61,07 оноогоор үнэлэгдэж, улмаар Шүүхийн Ерөнхий зөвлөлийн ярилцлагад орсон байна.

Уг сонгон шалгаруулалтад өмнө нь шалгалтанд тэнцэж нөөцөд бүртгэгдсэн Ж.Д /66,39 оноо/, Д.О /61,0 оноо/ нар өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлсэн нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байгаа бөгөөд энэ нь Шүүхийн захиргааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д Энэ хуулийн 23.6.1-д шүүгчид ... нэр дэвшигчээс Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4-7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэх талаар өгсөн үнэлгээ хоёр жилийн хугацаанд хүчинтэй байна гэсэн хуулийн зохицуулалттай нийцэж байна.

2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Шүүхийн Ерөнхий зөвлөлийн хуралдаан Зөвлөлийн дарга, гишүүдийн 100 хувийн ирцтэйгээр хуралдаж, товлогдсон асуудлыг хэлэлцсэний дотор Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигч Ж.Д /дэмжсэн 0,татгалзсан 5/, Н.Э /дэмжсэн 2, татгалзсан 3/, Д.О /дэмжсэн 3, татгалзсан 2/ нарын асуудлыг хэлэлцэж, олонхийн санал авсан нэр дэвшигч Д.О-г уг сул орон тоонд нэр дэвшүүлэхээр Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг дэмжсэн нь хуралдааны тэмдэглэл, үнэлгээний жагсаалтаар нотлогдож, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2013 оны 03 дугаар тогтоолоор баталсан Шүүхийн Ерөнхий зөвлөлийн хуралдааны дэг-ийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Хуралдаанаас гарах шийдвэрийг ... гүйцэтгэх нарийн бичгийн даргаар хянуулж, Зөвлөлийн дарга гарын үсэг зурж албажуулна гэсэн заалтын дагуу баталгаажсан байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Шүүхийн ерөнхий зөвлөл ... гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, ... үүргийг биелүүлнэ", Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т ... энэ хуулийн 13.1-д заасан дүгнэлт, Шүүхийн мэргэшлийн хорооны үнэлгээ болон энэ хуулийн 12.2-т заасан Хуульчдын холбооны дүгнэлтийн хамт шүүгчийн албан тушаалд томилуулах нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтыг үнэлгээний дүнгээр эрэмбэлж гарган, илээр санал хураан олонхийн санал авсан хүний нэрийг ажлын таван өдрийн дотор Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ" гэж тус тус зааснаас үзэхэд Шүүхийн мэргэшлийн хорооны үнэлгээ буюу сонгон шалгаруулалтын шалгалтын оноо дангаараа нэр дэвшигчийг сонгох үндэслэл болохгүй гэдгийг тодорхой харуулж байна.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 18 дугаар зарлигийн хавсралтаар батлагдсан Шүүгчийг сонгон шалгаруулах журам-ын 1.3-т Сонгон шалгаруулалт нь Шүүхийн мэргэшлийн хороо /цаашид Мэргэшлийн хороо гэх/-ны үнэлгээ, Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Монголын хуульчдын холбооны дүгнэлт, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх санал хураалтаас бүрдэнэ гэж заасан.

Шүүхийн Ерөнхий зөвлөл нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан ... гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Шүүхийн захиргааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан бие даасан, хараат бус байх зарчмыг хэрэгжүүлэн хуралдаанаараа нэр дэвшигч бүр дээр санал хураалт явуулж, бүхий л шаардлагын хүрээнд хэлэлцэж байгаа нь хуульчдаас шүүгчийг сонгон шалгаруулах, олох ажиллагааг үе шаттай хэрэгжүүлж байгаа хууль ёсны дагуух өөрийн эрх хэмжээний хүрээнд хийгдсэн үйлдэл болжээ.

Өөрөөр хэлбэл, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд хуралдаанд нэг саналын эрхтэй оролцох бөгөөд Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2013 оны 03 дугаар тогтоолоор баталсан Шүүхийн Ерөнхий зөвлөлийн хуралдааны дэг-ийн 2.11-д зааснаар нэр дэвшигч нарын материалтай урьдчилан бүрэн танилцаж, өөрийн дотоод итгэлээр саналаа илээр өгдөг байна.

Үүний зэрэгцээ нэхэмжлэгч Н.Э Миний бие Баянхонгор аймагт ажиллаж амьдрах нөхцөл бүрдсэн ... бөгөөд Үндсэн хуулинд заасан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг зөрчсөн гэсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарлаж байгааг шүүх хүлээж авах боломжгүй.

Монгол Улс 1959 оны 5 дугаар сарын 10-ны өдөр соёрхон баталсан Алагчилахгүй /ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлт/ тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын тухай 111 дүгээр конвенцийн 1 дүгээр зүйлийн 2-т "тодорхой ажлын онцлогтой холбоотой тавигдах шаардлагад үндэслэн ялгаварлах, хавчин гадуурхах, эсхүл давуу байдал олгох үйлдлийг “алагчилах” хэмээх ойлголтод хамааруулахгүй гэж заасан. Мөн Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 29 дүгээр зүйлийн 2-т "хүн бүр эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ гагцхүү бусдын эрх, эрх чөлөөг зохих ёсоор хүлээн зөвшөөрч хүндлэх мөн ардчилсан нийгмийн ёс суртахууны шударга шаардлагыг хангах үүднээс хуульчлан тогтоосноос өөр хязгаарлалтад өртөгдөх ёсгүй" гэсэн байна.

Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2013 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 2 дугаар дүгнэлтийн Үндэслэл хэсгийн 1-д 1.Төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлдэг шүүгч, прокурор, Авлигатай тэмцэх газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан, түүнчлэн шүүх бүрэлдэхүүнд орж хэрэг, маргааныг хамтын зарчмаар шийдвэрлэхэд оролцох иргэдийн төлөөлөгч, мөн хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хүмүүсийн албан тушаалын болон ажил, мэргэжлийн онцлог, хэрэгжүүлэх чиг үүргийг харгалзан ардчилсан нийгмийн ёс суртахууны шударга шаардлагыг хангахад чиглэгдсэн тусгай шаардлага, шалгуурыг тэдэнд тавьж холбогдох хуулиудад бэхжүүлсэн нь хууль тогтоогчийн бүрэн эрхэд хамаарч байна гэж заасныг дурдах нь зүйтэй.

Шүүхийн захиргааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д Энэ хуулийн 23.6.1-д заасан үнэлгээ хоёр жилийн хугацаанд хүчинтэй байна гэж зааж шүүгчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүст нөөцөд бүртгэгдэн 2 жилийн хугацаанд ижил шатны аль ч шүүхэд шалгалтгүйгээр нэрээ дэвшүүлж өрсөлдөх боломж нээлттэй юм.

Мөн нэхэмжлэгч нэр дэвшигч Д.О-г Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 72 дугаар тогтоолоор Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах санал хүргэгдэх үед нөөцөд байх 2 жилийн хугацаа дууссан байсан гэсэн байна. Зөвлөлийн даргын 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 45 дугаар тушаалаар тус шүүхийн шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласнаар нэр дэвшигчдийн материалыг 2017оны 5 дугаар сарын 08-12-ны өдрүүдэд Шүүхийн мэргэшлийн хорооны Ажлын алба хүлээж авсан бөгөөд тухайн үед Д.О нөөцөд байх 2 жилийн хугацаа дуусаагүй болох нь Шүүхийн мэргэшлийн хорооны 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 08 дугаар тогтоолоор нотлогдоно.

Нэхэмжлэгч Н.Э нэхэмжлэлийн шаардлагадаа шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалт, ил тод байх, нээлттэй байх, шударга ёсыг эрхэмлэх, хууль дээдлэх зарчим алдагдсан... нөөцөөс нэр дэвшиж өрсөлдсөн 2 өрсөлдөгчөөсөө ямар оноо дутуу авсан, тухайн оноог хэрхэн яаж мэдэж болох нөхцөл байдал хаалттай байсан гэснийг судлан үзэхэд уг асуудал Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 18 дугаар зарлигийн хавсралтаар батлагдсан Шүүгчийг сонгон шалгаруулах журам-ын 10.2-т Мэргэшлийн хороо нэр дэвшигч тус бүрийг энэ журмын 10.1 дэх хэсэгт заасны дагуу дүгнэн үнэлгээг нэр дэвшигч тус бүрт цахим хэлбэрээр танилцуулна гэсэн заалтаар зохицуулагдаж, нэр дэвшигч нарын шалгалт, ярилцлагад орох хуваарь тухай бүр хариуцагч байгууллагын цахим хуудсанд тавигдаж, нийтэд мэдээлэгдэж байсан ба Шүүхийн Ерөнхий зөвлөлийн хуралдааны дэг-ийн 2.4-д зааснаар Шүүхийн Ерөнхий зөвлөлийн хуралдааныг Зөвлөлийн даргын 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 106 дугаар тушаалаар товлон хуралдуулжээ.

Иймд нэхэмжлэгч Н.Э Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 72 дугаар тогтоолын Д.О-г Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсүгэй гэсэн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Үндсэн хуулийн дөчин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, Шүүхийн захиргааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Э Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 72 дугаар тогтоолын Д.О-г Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсүгэй гэсэн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ОЮУМАА