Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 128/2021/0357/З |
Дугаар | 221/МА2021/0551 |
Огноо | 2021-10-20 |
Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 221/МА2021/0551
“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Л, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, хариуцагч Зам тээврийн хөгжлийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, хариуцагч Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 543 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Зам тээврийн хөгжлийн яаманд тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Оюумаагийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 543 дугаар шийдвэрээр:
“...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 6-1/2431 тоот албан шийдвэрийг хүчингүй болгуулах “Х” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж,
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 47 дугаар зүйлийн 47.1, 55 дугаар зүйлийн 55.3-д заасныг үндэслэн нэхэмжлэлийн 2 дахь шаардлага болох гэрээний үнийг 7439456101 төгрөгөөр байгуулахыг хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яаманд даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б давж заалдах гомдолдоо:
“...“Х” ХХК нь Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 6-1/2431 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах, гэрээний үнийг 7,439,456,101 төгрөгөөр байгуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 543 дугаар шйидвэрээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 6-1/2431 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 47 дугаар зүйлийн 47.1, 55 дугаар зүйлийн 55.3-д заасныг үндэслэн нэхэмжлэлийн 2 дахь шаардлага болох гэрээний үнийг 7,439,456,101 төгрөгөөр байгуулахыг хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яаманд даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор тус тус шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд:
1. Эхний нэхэмжлэлийн шаардлагын хувьд анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн явдал нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Тендерт оролцогч нь захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус ажлын 5 өдрийн дотор гаргана” гэж зааснаар нэхэмжлэгч “Х” ХХК нь Сангийн яаманд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1-д заасны дагуу Зам тээврийн хөгжлийн яамнаас зарласан ЗТХЯ/202103006 дугаартай “Сумын төвийн бетон зам, 8.7 км /Хөвсгөл, Тариалан сум/ гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтанд хийсэн захиалагчийн талын шийдвэрт өөрчлөлт оруулж өгөхийг хүсч гомдол гаргасан боловч Сангийн яамнаас хүсэлтийг хангаж шийдвэрлэлгүй мен хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.2-т заасны дагуу хариу өгсөн байна. Нэхэмжлэгчээс Сангийн яамны хариуг хүлээн зөвшөөрөөгүй тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу шүүхэд гомдол гаргасан. Эндээс харахад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасны дагуу шүүхэд гомдол гаргасан гэж үзэхээр байна. Гэтэл анхан шатны шүүхээс “Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 6-1/2431 тоот шийдвэрийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн хүссэн эрх сэргэх үр дагаварт хүргэхгүй”, “Нөгөө талаар захиргааны хууль бус шийдвэрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүйтэй холбоотой үүссэн маргааныг хүлээн авч шийдвэрлэх бөгөөд тухайн маргааны хувьд гаргасан гомдлыг урьдчилан шийдвэрлэх замаар хариу хүргүүлсэнтэй холбоотой асуудлаар харьяалан шийдвэрлэх боломжгүй” гэж үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “Захиргааны шүүхийн харьяаллын бус:” гэж үзэж нэхэмжлэлийг авахаас хүлээн татгалзаж шийдвэрлэсэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйл, 13 дугаар зүйлийн 13.1-д заасныг тус тус зөрчсөн байна.
2. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн 2 дахь шаардлагын хувьд бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ “... нэхэмжлэгч компанийн тендерийн материалыг судлан, үнэлгээний хорооны хуралдаанаар хэлэлцүүлэн хорооны гишуудийн олонхын шийдвэрээр үнийн хөнгөлөлт тооцож, .... хуулийн холбогдох заалтуудыг зөрчөөгүй байхад цахим системд санал болгосон үнийн саналыг үгүйсгэн гэрээний үнийг 7 439 456 101 төгрөгөөр байгуулахыг захиалагчид даалгах хууль зүйн боломжгүй”, “Түүнчлэн тендерт оролцогчоос Үнэлгээний хорооны шийдвэртэй маргаагүй, хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д зааснаар захиалагч энэ хуулийг зөрчсөн талаар шийдвэр гараагүй байхад хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасан эрхийн хүрээнд хамгийн бага үнийн санал ирүүлсэн “Х” ХХК-тай 6,881,469,894 төгрөгөөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгож шийдвэрлэсэн захиалагчийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй” гэж үзсэн нь үндэслэлгүй, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн байна .
Тендерийн үнэлгээний хороо материалыг судлаж шийдвэрлэхдээ Тендерийн баримт бичгийн Тендерт оролцогчид өгөх зааварчилгааны 17 дугаар зүйлийн 17.5, 30 дугаар зүйлийн 30.3-д заасныг, мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасныг зөрчиж үнэлгээ тогтоосон байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй юм.
Дээрх үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 543 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг зөв үнэлсэн, шийдэл үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
1. Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 6-1/2431 албан бичгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
Захиргааны ерөнхий хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар захиргааны хэргийн шүүх захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилготой.
Нэхэмжлэгч “Х” ХХК нь Зам тээврийн хөгжлийн яамнаас зарласан ЗТХЯ/202103006 дугаартай “Сумын төвийн бетон авто зам, 8.7 км /Хөвсгөл, Тариалан сум/ гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтад оролцож хамгийн бага үнийн санал ирүүлсэн гүйцэтгэгчээр шалгарч гэрээ байгуулах эрх авсан боловч тендерийн үнийн саналыг 7,439,456,101 төгрөгөөр хүргүүлэхдээ дотоодын давуу эрхийн зөрүү тооцуулах 7.5 хувийг цахим системийн холбогдох талбарт буруу оруулж техникийн алдаа гаргасныг хариуцагч Үнэлгээний хороо залруулга хийлгүй тендерт санал хүргүүлсэн үнээс хасаж 6,881,496,894 төгрөгөөр гэрээ байгуулах эрх олгосныг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан, тус гомдлыг хянан үзээд хариу хүргүүлсэн Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 6-1/2431 албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэхгүй.
Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д “Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана.”, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “... захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, хуульд заасан хугацаанд захиалагч шийдвэр гаргаагүй, эсхүл гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус ажлын 5 өдрийн дотор гаргана” гэж, мөн зүйлийн 55.2-т “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага .. энэ хуулийн 55.1-д заасан гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэнэ...”, 56 дугаар зүйлийн 56.1-д “Гомдлыг энэ хуулийн 55.2-т заасан хугацаанд шийдвэрлээгүй, эсхүл гаргасан шийдвэрийг нь эс зөвшөөрвөл тендерт оролцогч нь шүүхэд гомдол гаргаж болно.” гэж тус тус зааснаар Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 6-1/2431 албан бичиг нь тендерт оролцогч захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар хандаж хариу авсан үйлдэл байна.
Иймд анхан шатны шүүх уг нэхэмжлэлийн шаардлагыг “...тухайн маргааны хувьд гаргасан гомдлыг урьдчилан шийдвэрлэх замаар хариу хүргүүлсэнтэй холбоотой асуудлаар харьяалан шийдвэрлэх боломжгүй” гэж дүгнэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Өөрөөр хэлбэл маргаан бүхий акт нь “тендерт оролцогчийн гомдлын дагуу хянаж хариу хүргүүлсэн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын албан бичиг нь Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг шууд үгүйсгэх хэмжээний шийдвэр биш...” гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байх бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан шинжийг бүрэн хангаагүй буюу шүүх хүчингүй болгосноор үүсэх эрх зүйн үр дагаваргүй гэж үзнэ.
2. Зам тээврийн яаманд холбогдуулан гаргасан гэрээний үнийг 7,439,456,101 /Долоон тэрбум дөрвөн зуун гучин есөн сая дөрвөн зуун тавин зургаан мянга нэг зуун нэг/ төгрөгөөр байгуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Энэхүү маргаан нь Зам тээврийн хөгжлийн яамнаас зарласан ЗТХЯ/202103006 дугаартай “Сумын төвийн бетон авто зам, 8.7 км /Хөвсгөл, Тариалан сум/ гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтад оролцож хамгийн бага үнийн санал ирүүлсэн гүйцэтгэгчээр шалгарч гэрээ байгуулах эрх авсан боловч тендерийн үнийн саналыг 7,439,456,101 төгрөгөөр хүргүүлэхдээ дотоодын давуу эрхийн зөрүү тооцуулах 7.5 хувийг цахим системийн холбогдох талбарт буруу оруулж техникийн алдаа гаргасан гэж маргасан.
Үүнд Сумын төвийн бетон авто зам, 8.7 км /Хөвсгөл, Тариалан сум/ барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаар тус тендерт ирүүлсэн тендерийн материалыг хянан хэлэлцээд тус тендерийн үнийн хөнгөлөлт ирүүлсэн байдлыг давуу тал болгон “...цахим тендерийн нээлтэд тендерийн үнэ болох 7,439,456,101.0 төгрөгөөс 557,959,207.0 төгрөгийн үнийн хөнгөлөлт тооцож, 6,881,469,894.0 төгрөгөөр гүйцэтгэх санал ирүүлсэн...” гээд хамгийн бага үнийн санал ирүүлсэн “Х” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэсэн буюу нэхэмжлэгчийн гаргасан алдаанд залруулга хийлгүй тендерт санал хүргүүлсэн 7,439,456,101 төгрөгийн үнээс 557,959,207 төгрөгийг хасаж 6,881,496,894 төгрөгөөр гэрээ байгуулах эрх олгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч 7,439,456,101 төгрөгийн үнээр гэрээ байгуулахыг даалгуулахаар маргаж байна.
Сангийн сайдын 2019 оны 255 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам”-ын 3.3.2-т “Тендерт оролцогч... өөрийн санал болгож буй үнэ, хүчинтэй хугацаа болон холбогдох бусад мэдээллийг системийн холбогдох талбарт бүрэн оруулах зэрэг хуулийн 53.5.4-д заасны дагуу мэргэжлийн байгууллагаас тогтоосон бусад аргачлал, зааврыг баримталж тендер илгээх”, 3.13-д “Тендерт оролцогчоос энэ журмын 3.3.2-т заасны дагуу илгээсэн тендерийн материалын агуулга нь системийн холбогдох талбарт оруулсан мэдээлэлтэй зөрвөл системийн талбарт бөглөсөн мэдээллийг баримтална.”, 7.2-т “Тендерт оролцогчийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн гарах аливаа хариуцлагыг тендерт ороолцогч өөрөө хариуцна.” гэж зааснаар тендерт оролцогч тендерийн материалд мэдүүлсэн үнийн саналаас холбогдох хариуцлагыг өөрөө хүлээхээр байна.
Мөн нэхэмжлэгчээс 7.5 хувь гэх тоог цахим системд буруу оруулж техникийн алдаа гарган бичсэн гэж тайлбарлах боловч санал болгосон 7,439,456,101 төгрөгийн үнийн дүнг 7.5 хувиар хөнгөлж тооцсон 6,881,496,894 төгрөг гэх үнийн дүнг холбогдох хүснэгтэд тооцоолон бичсэн байгаа нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...тендерт оролцогчид ил байдлаар харагдах боломжтой...” гэх тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.
Хэдийгээр нэхэмжлэгчээс давж заалдах гомдолдоо захиалагч нь Тендерийн баримт бичгийн Тендерт оролцогчид өгөх зааварчилгааны 17 дугаар зүйлийн 17.5-д “Тендерт оролцогч нь аливаа нөхцөлт бус үнийн хөнгөлөлт болон түүнийг хэрэглэх аргачлалыг тендерт ирүүлэх маягтад тусгасан байна”, 30 дугаар зүйлийн 30.3-д “Шаардлагад нийцсэн тендер нь тендерийн баримт бичигт тавигдсан нөхцөл шаардлага, ялангуяа тендерт оролцогчийн үйлдвэрлэлийн болон гэрээ хэрэгжүүлэх чадвар, техникийн тодорхойлолт, ажлын хэмжээг материаллаг зөрүүгүйгээр хангасан тендерийг хэлнэ. Дор дурдсан зүйлсийг материаллаг зөрүү гэж үзнэ:” гэж заасныг, мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д “бараа, ажил, үйлчилгээний хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд үзүүлэх сөрөг нөлөө” гэж заасныг хариуцагч зөрчсөн хэмээн тайлбарлаж байх боловч Тендерт оролцогчид өгөх зааварчилгаанд захиалагчаас тендерт засвар хийх талаар зохицуулсан бөгөөд энэ нь зөвхөн тендерийн арифметик алдааг шалгаж залруулах нөхцлийг дурджээ.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагадаа тайлбарлаж буй Үнэлгээний хороо нэхэмжлэгчийн буруу мэдүүлсэн үнийн дүнг зөвтгөн залруулж тендерт шалгаруулан гэрээ байгуулах эрх олгох боломжгүй бөгөөд давж заалдах гомдолд тайлбарлаж буй зохицуулалтууд нь энэ тохиолдолд хамааралгүй байх тул давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.
Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч “Х” ХХК-ийн тендерт хүргүүлсэн 6,881,496,894 төгрөгийн үнийн саналыг хамгийн бага үнийн санал гэж үзэж Сумын төвийн бетон авто зам, 8.7 км /Хөвсгөл, Тариалан сум/ барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерээр нэгэнт шалгаруулсан байхад тус үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгох ажиллагаа хийгдэлгүйгээр үнэлсэн үнийн дүнг хожим өсгөж, гэрээ байгуулах нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмуудыг хөндөх буруу үр дагавартай болохыг дурдах нь зүйтэй.
Иймд шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 543 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарласан гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Д.ОЮУМАА