Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 0336

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, М.Мөнхбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр, улсын яллагч М.Сүхчулуун, иргэдийн төлөөлөгч Л.Оюунгэрэл, хохирогч О.Б, шүүгдэгч С.Э, түүний өмгөөлөгч Ч.Отгонбаатар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар мөн дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Х овгийн С.Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх заалт, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 03762 1514 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Х овгийн С.Э, Монгол Улсын иргэн, *** оны *** дүгээр сарын ***-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засалч мэргэжилтэй, “***” хотхонд засварчин ажилтай, Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар

1. Шүүгдэгч С.Э- 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, ***оршин суух Э.П-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж 290,000 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

-2019 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо,  Зээлийн *** тоотод оршин суух О.Б-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд вакум цонхоор нь нэвтэрч, 3,410,000 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

-2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Одонтын *** тоотод оршин суух Ц.А-гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, 825,000 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

-2019 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Хайрхан *** тоотод байх Х.Б-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, 447,000 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

-2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн *** дугаар тоотод байх Б.Л-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, 420,000 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

-2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Арцатын *** тоотод байх Ц.У-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд ханыг нь эвдлэн хууль бусаар нэвтэрч, 450,000 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, мөн тоотод байх У.Х-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд ханыг нь эвдлэн хууль бусаар нэвтэрч, 610,000 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, мөн тоотод байх Ш.Д-гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хана, хаалгыг нь эвдлэн хууль бусаар нэвтэрч, 250,000 төгрөгийн эд хөрөнгийг, хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан,

-2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баянхайрханы *** тоотод байх Д.Н-н хүн байнга амьдрах зориулалттай орон байранд цонхыг нь хагалж, хаалтыг нь эвдлэн хууль бусаар нэвтэрч, 4,150,000 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан,

-2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн *** тоотод байх Б.О-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны дээврийг цөмлөж хууль бусаар нэвтэрч, 540,000 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу 02 cap 12 хоногийн хугацаанд нийт 10 удаагийн үйлдлээр бусдын 11,392,000 төгрөгийн эд хөрөнгийг хулгайлсан, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,

2. Мөн шүүгдэгч С.Э нь 2019 оны 07 дугаар сарын 19-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, ***  байрны гадна талбайд Б.Д-гийн “Samsung S6” загварын 150,000 төгрөгийн үнэтэй гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэж авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Х овгийн С-н Э нь 2019 оны 07 дугаар сарын 19-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, ***  байрны гадна талбайд насанд хүрээгүй Б.Д-гийн “Samsung S6 edge” загварын 150,000 төгрөгийн үнэтэй гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэж авсан  үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч С.Э-гийн шүүх хуралдаанд өгсөн: “...Шүүхэд ирсэн хавтаст хэрэгт миний үйлдсэн 3 гэмт хэрэг байгаа. Үлдсэн хэргийн хувьд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн ахлах дэслэгч Эрдэнэбаатар, Энхсайхан хоёр миний үйлдээгүй хэргийг “авчих” гэж хэлсэн. Эхэндээ би “үгүй, би авахгүй, би өөрийн хийсэн үйлдлийн хүрээнд хэргээ шалгуулна” гэж хэлсэн боловч намайг зодсон, дараа нь надаас гуйсан. Эрдэнэбаатар гэх цагдаа “чиний аав болон дүү нарыг чинь олоод өгье, хэдэн үйлдэл авчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “та нар эхлээд олоод ир, дараа нь би хэргийг чинь авъя” гэж хэлэхэд “эхлээд ах нь утсаар яриадахъя” гээд ээжийнхээ найз руу ярихаар нь би үнэхээр олоод өгөх юм байна гэж бодоод тухайн үед хэргүүдийг авсан. Маргааш нь зам шалгалтаар явна гэж хэлсэн. Тэгэхээр нь би “би тэр газруудыг мэдэхгүй шүү дээ” гэж хэлтэл “зүгээр ээ, бид хоёр чамайг дагуулаад явчихна, тэр асуудал биш” гэж хэлсэн. Хохирогч нартай утсаар ярьсаар байгаад гэрт нь очиж зураг дарсан. Өнөөдөр шүүх хуралдаанд оролцож байгаа хохирогчтой хүртэл утсаар яриад гэрт нь очиж байсан. Байцаагч “хэргийг чинь манайх шийднэ, чамайг цагдан хорихгүй, ах нь аавыг нь хайж байгаа, чи цагдан хоригдчих юм бол ах руугаа хүсэлт бич, ах нь чам дээр яваад очно” гэж хэлж байсан. Би цагдаа руу  2 удаа хүсэлт бичсэн боловч ирээгүй. Би аргаа бараад байцаагчид хэлэхэд “би мэдэхгүй, прокурор мэднэ” гэж хэлсэн. Би прокурорт болсон явдлыг үнэнээр нь хэлэхэд “цагдаагийн байгууллага чиний тоглоом биш” гэсэн. Анх намайг 10 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсээс бариад 10 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс шилжүүлэн авсан. Энэ хугацаанд гэртээ харихгүй 4-5 хоносон. Хэрэг мөрдөн шалгах ажиллагаа руу шилжээд ахлах дэслэгч Цогтбаяр ирж надаас мэдүүлэг авсан. Би нөгөө цагдаа нараа хүлээгээд мэдэхгүй гэж мэдүүлгээ өгсөн. Дараа нь хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн газар руу шилжүүлсэн. Би Хан-Уулын мөрдөн байцаагч, прокурорт болсон явдлын талаар хэлээд гомдлоо гаргасан боловч Хан-Уул дүүргийн цагдаа намайг зодож байгаад өгсөн гурван хэрэг нь энэ хэрэгт нэгтгэгдээгүй мөртөө, Сонгинохайрхан дүүргийн 7 хэргийг энэ хэрэгт нэгтгэсэн. Хан-Уул дүүргийн цагдаа нар нь Отгонтөгс, Ариунболд гэх нэртэй байсан. Би гомдол гаргаж өгсөн, шалгагдаж байгаа гэж хэлсэн. Хэрэгт зөвхөн миний Хан-Уул дүүрэгт хийсэн үйлдэл, мөн хийгээгүй 7 үйлдэл ирсэн байсан. Би Д-г дээрэмдсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг;

2. Насанд хүрээгүй хохирогч Б.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 20 цаг 30 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо *** дүгээр байрны гадна талбайд тоглож байтал нэг үл таних эрэгтэй хүн дуудахаар нь очтол “гар утсаараа нэг яриулчих” гэхээр нь би “надад гар утас байхгүй” гэсэн чинь “битгий худлаа яриад бай, чихэвчээрээ дуу сонсож байж гар утасгүй байна гэж юу байдаг юм” гэхээр нь би аргагүй байдалд ороод гар утсаа гаргаж өгсөн. Тэгээд тэр үл таних эрэгтэй миний гар утсыг аваад оролдоод байхаар нь би “гар утсаа авъя” гэтэл “байж бай л даа, яриагүй байна шүү дээ, 5 минут болно” гээд миний гар утсаар нэг дугаар луу залгаж байх шиг байсан цаашаа алхаж байгаад гүйгээд явчихсан…” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 212 дугаар хуудас);

- Насанд хүрээгүй хохирогч Б.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн:  “...намайг тухайн үед нэг л хүн дээрэмдсэн, харин аав цагдаад өргөдөл өгөхдөө 3 хүн гээд өгсөн байна лээ. Уг нь бол би аавд гудамжинд 2-3 хүн явж байсан ба нэг залуу намайг дээрэмдсэн гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 213 дугаар хуудас);

3. “Дамно” ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн: “Samsung S6 edge загварын гар утас-150,000 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (1хх-ийн 218-219 дүгээр хуудас);

4. Шүүгдэгч С.Э-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр би Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 34 дүгээр байрны хажууд явж байтал сургуулийн насны хүүхэд байхаар нь цаг асуусан чинь цаг “байхгүй” гэж хэлэхээр нь “бугуйнхаа цагийг хараач” гэсэн чинь энэ цаг зогссон байгаа цаггүй гэж хэлсэн. Тэгэхээр нь “утсаараа нэг яриулчих” гэсэн чинь “гар утас байхгүй” гэж хэлэхээр нь “чи чихэвч зүүгээд явж байж утасгүй байна гэж юу байдаг юм, утсаа өгч байгаач, нэг ярьчхаад өгье” гэсэн чинь гар утсаа гаргаж өгөхөөр нь таньдаг эгч рүүгээ ярьсан чинь утсаа авахгүй байсан. Би тэр эгч рүүгээ мессеж бичээд байж байтал тэр хүүхэд “гар утсаа авъя ахаа” гэхээр нь “түр байж байгаач” гэж хэлээд тэр хүүхдийг дагуулж явж байгаад “Ирээдүй” цогцолбор 86 дугаар сургуулийн урд үлдээгээд би өөрөө цаашаагаа утсыг нь аваад гүйсэн...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтас 231 дүгээр хуудас);

5. Шүүгдэгч С.Э-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа (3хх-ийн 74 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (3хх-ийн 71 дүгээр хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогч О.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...7 дугаар сарын 24-ний өдөр би гэрээ цоожлоод явсан. Би шүүгдэгчийг хулгайн хэргийг ганцаараа хийгээгүй гэж бодож байна. Манай гэрийн хашаанд нэг нохой, гэрт жижигхэн нохой байдаг. Шүүгдэгч манай гэрийн вакум цонхыг онгойлгож орсон байсан. Шүүгдэгч хүний гэрт орж хулгай хийчхээд аваагүй гэж худлаа хэлээд байгааг ойлгохгүй байна. Гэрээсээ солонгос монет ээмэг хослол, мөнгөн эдлэлүүд алдсан...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Яллах дүгнэлтэд нийт 10 удаагийн хулгайн үйлдэл тусгагдсан байна. Шүүгдэгчийн зөвшөөрсөн 3 үйлдэл нь бусад баримтаар нотлогдсон байгаа. Тодруулбал, хохирогч У, хохирогч Д, Х- нарын гэрт орж хулгай хийсэн болох нь криминалистикийн шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогдсон. Шүүгдэгч нь дээрмийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд түүний мэдүүлэг нь бусад баримтаар хангалттай нотлогдсон байгаа учир ямар нэгэн дүгнэлт хийхгүй. Харин бусад хулгайн 7 үйлдэл нь бүрэн нотлогдоогүй байна. Учир нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд зөрүүтэй байна. Жишээ нь: Хохирогч Л-ын өрөөнд 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хулгай орсон гэж мэдүүлсэн байхад прокурор яллагдагчаар татсан тогтоол дээрээ 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр гэж бичиж батлаад шүүгдэгчид танилцуулсан. Энэ шүүгдэгч үйлдээгүй хэргээ ярьж чадахгүй, он сараа зөрүүлж байна. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийг хэзээ, хаана, хэн үйлдсэн нь тодорхойгүй байна. Мөн шүүгдэгч нь хохирогч Н-н гэрт ороод тэр олон тооны эд зүйлийг ганцаараа авч гарч чадахгүй. Жишээ нь, хонины бүтэн гулууз мах, хивс, зурагт, ус буцалгагч, будаа агшаагч гэх олон тооны эд зүйлсийг ганцаараа авах боломжгүй. Цаг хугацаа нь ч тохирохгүй байна. Хохирогч болохоор 09 дүгээр сарын 18-ны өдөр хулгай орсон гэж мэдүүлсэн байхад хэргийн газрын үзлэгээр 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 18-ны өдрийн хооронд хулгай орсон гэж тэмдэглэсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар гэрчээр мэдүүлэг авахдаа гэрчийн эрх үүргийг сануулаагүй мэдүүлэг авсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Гэрч өөрийнх нь эсрэг, түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж үзвэл энэ тухай тэмдэглэлд тусгуулан мэдүүлэг өгөхөөс татгалзаж, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхтэй” гэж, мөн зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч мэдүүлэг авахаас өмнө гэрчид энэ хуульд заасан гэрчийн эрх, үүргийг тайлбарлаж өгнө” гэж заасан байна. Гэтэл энэ эрхийг нь тайлбарлаж өгсөн талаар тэмдэглэлд тусгаагүй байна. Шүүгдэгч яллагдагчаар 10 удаа мэдүүлэг өгсөн байхад нэг ч удаа өмгөөлөгч оролцуулаагүй. Хэрэгт нотолбол зохих ажиллагааг бүрэн дүүрэн хийгээгүй, гэмт хэргийг хэн үйлдсэн талаар хангалттай нотлох баримт байхгүй. Одоо байгаа хавтаст хэргийн хүрээнд шүүгдэгчийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох боломжгүй. Яллагдагчийн өөрийнх нь мэдүүлэг дангаараа гэм буруутайд тооцох үндэслэл болохгүй. Хэрэгт криминалистикийн шинжилгээний гарын хээний талаар гаргасан дүгнэлт байгаа. Тус дүгнэлтэд шүүгдэгчийн нэг ч гарын хээ таараагүй, зарим нь шинжилгээнд тэнцэхгүй гэж гарсан. Тиймээс хэргийг прокурорт буцааж өгнө үү...” гэв.

Улсын яллагч хавтаст хэргээс хулгайн хэргийн хувьд: Хохирогч О.Б-ийн мэдүүлэг (1хх-ийн 24-26 дугаар  хуудас), хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл (1хх-ийн 13-15 дугаар хуудас), эд хөрөнгийн үнэлгээ (1хх-ийн 51 дүгээр хуудас), яллагдагч С.Э-гийн мэдүүлэг (1хх-ийн 73 дугаар хуудас), хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл (1хх-ийн 112-121 дүгээр хуудас), хохирогч Ц.А-гийн мэдүүлэг (1хх-ийн 130-132 дугаар хуудас), “Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (1хх-ийн 146 дугаар хуудас), яллагдагч С.Э-гийн мэдүүлэг (1хх-ийн 83-90 дүгээр хуудас, 154 дүгээр хуудас), хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл (1хх-ийн 165-167 дугаар хуудас), хохирогч Э.П-ын мэдүүлэг (1хх-ийн 177-178 дугаар хуудас), “Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (1хх-ийн 186 дугаар хуудас), яллагдагч С.Э-гийн мэдүүлэг (1хх-ийн 194 дүгээр хуудас), хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл (1хх-ийн 246-250, 2хх-ийн 1 дүгээр хуудас), хохирогч Х.Б-ийн мэдүүлэг (2хх-ийн 12 дугаар хуудас), “Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (2хх-ийн 27 дугаар хуудас), яллагдагч С.Э-гийн мэдүүлэг (2хх-ийн 35 дугаар хуудас), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл (2хх-ийн 42-47 дугаар хуудас), хохирогч Н.Батзаяагийн мэдүүлэг (2хх-ийн 59-60 дугаар хуудас), “Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (2хх-ийн 77 дугаар хуудас), яллагдагч С.Э-гийн мэдүүлэг (2хх-ийн 85 дугаар хуудас), хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл (2хх-ийн 92-94 дүгээр хуудас), хохирогч Б.Л-аас өгсөн мэдүүлэг (2хх-ийн 101 дүгээр хуудас), “Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (2хх-ийн 115 дугаар хуудас), Яллагдагч С.Э-гийн мэдүүлэг (2хх-ийн 123 дугаар хуудас), хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл (2хх-ийн 131-141 дүгээр хуудас), хохирогч Ц.У-ийн мэдүүлэг (2хх-ийн 148-149 дүгээр хуудас), хохирогч У.Х-ын мэдүүлэг (2хх-ийн 153-154 дүгээр хуудас), хохирогч Ш.Д-гийн мэдүүлэг (2хх-ийн 158-159 дүгээр хуудас), “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (2хх-ийн 173 дугаар хуудас), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт (2хх-ийн 178-179 дүгээр хуудас), “Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл (2хх-ийн 228-232 дугаар хуудас), хохирогч Д.Н-н мэдүүлэг (2хх-ийн 245-246 дугаар хуудас), яллагдагч С.Э-гийн мэдүүлэг (3хх-ийн 31 дүгээр хуудас) зэргийг шинжлэн судлав.

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч С.Э- нь 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын *** тоот хашаанд байх хохирогч Ц.У-, У.Х-, Ш.Д- нарын гэрт хууль бусаар нэвтэрч, эд зүйлсийг нь хулгайлсан 3 удаагийн үйлдэл нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт (2хх-ийн 178-179 дүгээр хуудас)-ээр нотлогдсон тогтоогдож байна.

Харин бусад 7 удаагийн хулгайн үйлдлийн хувьд хэргийн газрын үзлэг, хохирогч нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудаар хулгайлах гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь нотлогдож байх боловч тэдгээр хэргийг шүүгдэгч С.Э- үйлдсэн гэдгийг нотлох баримт алга.

Шүүгдэгч С.Э- нь эдгээр 7 удаагийн үйлдлийн хувьд хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг өгч байсан байх боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй.” гэж, мөн зүйлийн 8 дахь хэсэгт “Дараах мэдүүлэг дангаараа яллагдагч, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй:” гээд, уг хэсгийн 8.3 дахь заалтад “яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг;” гэж заасан тул шүүгдэгчийн гэм бурууг түүний өөрийнх нь мэдүүлгээр нотлон тогтоох боломжгүй юм.

Гэмт хэрэгт холбогдсон хэн боловч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14 дэх заалтад “...Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно...” хэмээн баталгаажуулсан билээ. Иймд гэмт хэрэг үйлдсэн талаар илэрхийлж байгаа хүнээс “гэрч нь өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй, хэрэв худал мэдүүлбэл эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” хэмээн хууль сануулж, баталгаа гаргуулан гэрчийн мэдүүлэг авсныг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзнэ.

Шүүгдэгч С.Э-гийн холбогдсон 10 удаагийн үйлдэлтэй хулгайн хэргийн тухайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдэлтэй нэг гэмт хэрэгт тооцогдохоор байх тул салгаж шийдвэрлэх боломжгүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх дараах тохиолдолд ... эрүүгийн хэргийг тусгаарлаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлж хэргийг эцэслэн шийдвэрлэнэ:” гээд, мөн хэсгийн 1.1. дэх заалтад “яллах дүгнэлтэд заасан шүүгдэгчийн холбогдох зарим гэмт хэргийг тухайн шүүгдэгч үйлдсэн нь нотлогдоогүй бол;” гэж заасныг удирдлага болгон шүүгдэгч С.Э-д холбогдох хулгайн хэргийг тусгаарлан прокурорт буцааж, эрүүгийн 1908 03822 1767 дугаартай шүүгдэгч С.Э-д холбогдох дээрэмдэх гэмт хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Шүүгдэгч С.Э-д холбогдох хулгайн хэргийг тусгаарлан прокурорт буцааж, дээрэмдэх хэргийг эцэслэн шийдвэрлэсэнтэй холбогдуулан хавтаст хэргээс эрүүгийн 1908 03822 1767 дугаартай хэргийн нотлох баримт болох нэгдүгээр хавтасны 198-240 дүгээр хуудсыг эх хувиар нь авч, хувийн байдалтай холбоотой нотлох баримт болох гуравдугаар хавтасны 71-97 дугаар хуудсыг хуулбарлан баталгаажуулж авч, яллах дүгнэлт болон хэргийг шүүхэд ирүүлсэн баримт болох гуравдугаар хавтасны 147-160 дугаар хуудсыг эх хувиар нь авч хуулбарыг баталгаажуулан үлдээх байдлаар дээрэмдэх гэмт хэргийн хавтаст хэргийг бүрдүүлж үлдээх, харин бусад хавтсыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорт хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгалаа. Хавтаст хэргийн дундаас нотлох баримт салгаж авах учир дүрс бичлэгээр баталгаажуулан тэмдэглэл үйлдэх нь зүйтэй.  

Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “дээрэмдэх” гэдэгт бусдын эд хөрөнгийг шунахайн сэдлээр, илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч явсан, улмаар үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд насанд хүрээгүй хохирогч Б.Д-гийн гар утсыг авч зугтаасан шүүгдэгч С.Э-гийн үйлдэл нь хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас дээрмийн эд зүйл болох “Samsung S6 edge” загварын гар утсыг 150,000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд шүүх уг хөрөнгийн үнэлгээний тайланг нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзсэн тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг 150,000 төгрөгөөр тогтоосон болно.

Шүүгдэгч С.Э-гийн үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсартай үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал шунахайн сэдлээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч явсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч С.Э-г “дээрэмдэх” гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Дээрэмдэх гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдөөгүй байх тул шүүгдэгч С.Э-гээс 150,000 төгрөгийг гаргуулан Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, ***  байрны 208 тоотод оршин суух насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Б-т олгохоор шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:                        

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч С.Э-д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтэд: “...шүүгдэгч С.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцуулах, түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь хохирогчид учирсан 150,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөөгүй тул гаргуулах саналтай...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтэд: “...Шүүгдэгч нь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчид учирсан 150,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн. Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад заасныг журамлаж 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж өгөөч гэсэн саналыг гаргаж байна...” гэв.

Шүүгдэгч С.Э нь дээрэмдэх гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй байгаа учраас Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг журамлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүйн зэрэгцээ уг заалтад хорих ялын хэмжээг багасгах зохицуулалт байхгүйг дурдах нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгч С.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирлын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж үзэв.

Шүүгдэгч С.Э- нь шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд нийт 172 хоног цагдан хоригдсон байх тул энэ хугацааг эцэслэн шийдвэрлэсэн дээрэмдэх хэрэгт бүхэлд нь түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцож, түүнд урьд авсан “цагдан хорих” таслан арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүллээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Э-гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 03762 1514 дугаартай хэргээс эрүүгийн 1908 03822 1767 дугаартай “дээрэмдэх” гэмт хэргээс бусад арван үйлдэл бүхий “хулгайлах” гэмт хэргийг тусгаарлан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцаасугай.

2.Х овгийн С.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “дээрэмдэх” гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч үйлдсэн гэм буруутайд тус бүр тооцсугай.

3.Шүүгдэгч С.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-д оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-гийн цагдан хоригдсон 172 ( нэг зуун далан хоёр) хоногийг түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцсугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-гээс 150,000 төгрөгийг гаргуулан насанд хүрээгүй хохирогч Б.Д-д олгосугай.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Э-гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.  

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч С.Э-д урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тоолсугай.

9.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч С.Э-д авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

                                    ДАРГАЛАГЧ                                       Б.БАТАА

                                         

                                            ШҮҮГЧ                                        Г.АЛТАНЦЭЦЭГ

                                               

                                                                                                М.МӨНХБААТАР