Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 135/ШШ2017/00037

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:135/2015/01470/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарьдаргалж,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ****** хороо, ******* тоотод байрлалтай *******ХХК, /түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ********/-нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******** хороолол, ******* байр, *******тоотод байрлалтай ******** утас: 9911 8218, ******/-д холбогдох

 

 

56,196,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч *******ХХК-нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

...*******ХХК-ийн захирал ******* миний бие 2015 оны 5 дугаар сарын 01-нйи өдөр ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал *******тэй харилцан тохиролцож ургамал хамгааллын Лорнет, Форвард бодисуудыг худалдан авсан. ... нийт 53,520,000 төгрөгийн үнэ бүхий бодисын худалдсан бөгөөд гэрээ байгуулах үед нийт үнийн 30% буюу 16,056,000 төгрөгийг төлж үлдэгдэл 70% буюу 37,464,000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 01-ний дотор төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу үлдэгдэл төлбөр төлөх хугацаа болж ******* ******* ХХК-иас үлдэгдэл төлбөрөө төлөхийг шаардахад удахгүй төлөх тухай хариу өгсөөр өнөөдрийг хүргээд байна. бизнесийн үйл ажиллагаа эрхэлж буй манай байгууллагын хувьд цаашид ******* ******* ХХК-д үлдэгдэл төлбөрийг төлөх хугацаа олгох нь хохиролтой байх тул шүүхийн журмаар энэхүү асуудлыг шийдвэрлүүлэх нь зүйд нийцэхээр байна.

Иймд ******* ******* ХХК-тай байгуулсан 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 18 тоот худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 37,464,000 төгрөг, гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.Б хэсэгт заасны дагуу үүргээ гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсний алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүй байх хуулийн шаардлагад нийцүүлэн 18,732,000 төгрөг, нийт 56,196,000 төгрөгийг шүүхийн журмаар гаргуулж өгнө үү. гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...*******ХХК нь ******* ******* ХХК-тай 2015 оны 05 дугаар сарын 01-ны өдөр ургамлын хор буюу нийт 53.520.000 төгрөгийн үнэ бүхий бодисыг худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Тухайн бодисыг худалдах, худалдан авах гэрээ хийхдээ урьдчилгаа 30 хувь болох 16.560.000 төгрөгийг гэрээ хийхдээ төлж үлдэгдэл 70 хувь болох 37.464.000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төлөхөөр тохиролцсон. Гэрээний дагуу 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ******* ******* ХХК нь ямар нэгэн байдлаар төлбөр төлөөгүй. Төлбөрөө төлөх шаардлагыг удаа дараа хүргүүлж байсан боловч шаардлагыг биелүүлж байгаагүй. Ингээд 2016 оны 09 дүгээр сарын 21-ны өдөр шүүхэд хандсан. Иймд үлдэгдэл 3.7464.000 төгрөг, гэрээнд зааснаар хугацаа хэтэрсэн алданги 18.732.000 төгрөг нийт 56.196.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Алдангийг хууль зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. ******* ******* ХХК нь 3 гишүүнтэй. Компанийн дүрэм болон хуульд зааснаар компанийг төлөөлөн итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулах эрхий бүхий этгээд нь Гансүх, *******, Тунгалаг гэх хүмүүс байдаг. Гэтэл гэрээний нэг тал нь ******* гэх хүн байдаг. ******* нь компанийг төлөөлөх эрх бүхий этгээд биш. Компанийн зүгээс ч ямар нэгэн байдлаар гэрээ хэлцэл хийх итгэмжлэлийг ******* гэх хүнд олгоогүй. Нэхэмжлэгч талаас ******* ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээг нотлох баримтаар гаргаж өгсөн. Дээрх байдлыг *******ХХК нь мэдэж байсан гэж үзэж байгаа. Иймд *******ХХК-ны гол шаардлага болгоод байгаа гэрээ нь хүчин төгөлдөр бус учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *******ХХК нь хариуцагч ******* ******* ХХК-аас 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн худалдах худалдан авах 16 тоот гэрээний 4-б-д заасны дагуу үлдэгдэл төлбөр 37 464 000 төгрөг, хугацаандаа үүргээ биелүүлээгүйн алданги 18 732 000 төгрөг нийт 56 196 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгч *******ХХК нь хариуцагч ******* ******* ХХК-тай 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Монгол Улсад хэрэглэхэд зөвшөрөгдсөн болон ургамал хамгаалалын бодисын жагсаалтад орсон Лорнет, Форвард бодисыг технологийн зааврын хамт нийлүүлэхээр гэрээ байгуулсан бөгөөд худалдан авагч ******* ******* ХХК урьдчилгаа 16 056 000 төгрөгийг төлсөн, гэрээний 4-б-д зааснаар үлдэгдэл 37 464 000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 01-ний дотор төлөх үүргээ биелүүлээгүй тул, алданги 0.5 хувиар хоног тутам тооцож 18 732 000 төгрөг нэхэмжилж байгаа гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байгаабөгөөд хариуцагч ******* ******* ХХК гэрээнд уг компанийг төлөөлөн хэлцэл хийх эрхгүй этгээд ******* гарын үсэг зурсан тул хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж маргаж байгаа болно.

Талуудын байгуулсан 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн худалдах худалдан авах 16 тоот гэрээнд нэг талаас *******ХХК-г төлөөлж захирал Ч.******* гарын үсэг зурж ХХК-ийн тамга дарж баталгаажуулсан, нөгөө талаас ******* ******* ХХК-г төлөөлж гүйцэтгэх захирал ******* гэж ХХК-ийн тамга дарж баталгаажуулсан атлаа ******* гэж гарын үсэг зурсан, мөн технологийн зааварчилгаа авсан гэсэн хэсэгт мөн ******* гэж гарын үсэг зурсан байна.

Монгол Улсад хэрэглэхэд зөвшөөрөгдсөн болон ургамал хамгаалалын бодисын жагсаалтад орсон Лорнет, Форвард бодисын технологийн зааврыг худалдан авагч талын төлөөлөгчид танилцуулах нь худалдагчийн үүрэг бөгөөд гэрээний оролцогч талууд хуулийн этгээд тул 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийх бөгөөд мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-д зааснаар төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүсэх байна.

Хариуцагчийн өмгөөлөгчийн хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэх талаар үгүйсгэсэн нотлох баримт буюу Иргэний хэрэг шүүхэд нянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д заасан хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүргийн дагуу ирүүлсэн нотлох баримт болох 2010 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн ******* ******* ХХК-ийн үүсгэн байгуулагчийн 01 тоот шийдвэрээр компанийн захирлаар *******, Гүйцэтгэх захиарл *******, гишүүн байхаар, компанийн шинэчилсэн дүрмийн 3-т компанийн үүсгэн байгуулагч, удирдах төлөөлөх эрх бүхий этгээдээр *******, *******, гэж тогтоон, дүрмийн 10.2-т захиарл нь компанийн нэрийн өмнөөс гэрээ хэлцэл байгуулах эрхийг бүрэн эрхэд тусгасан байх тул хариуцагч *******ийн шүүхэд ирүүлсэн ... минйи тус компанитай ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй болно ... гэсэн тайлбар, хариуцагчийн өмгөөлөгчийн .. ******* нь ******* ******* ХХК-ийг төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийх эрхгүй этгээд, компанийн зүгээс түүнд хэлцэл хийх итгэмжлэлийг олгоогүй, төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс хамаарна, *******эг компанийн нэрийн өмнөөс аливаа эрх зүйн үр дагавар бүхий үйлдлийг хийх эрхгүй гэж татгалзаж байгаа тул .. гэсэн татгалзал үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч талаас талуудын байгуулсан 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн худалдах худалдан авах 16 тоот гэрээнд худалдан авагч ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал *******ийг төлөөлөн *******тэй гэрээ байгуулан, гарын үсэг зуруулахдаа түүнийг уг гэрээг байгуулах эрхтэй этгээд мөн эсэхийг шалгаж тодруулсан эсэх талаарх нотлох баримтийг шүүхэд ирүүлээгүй, гэрээ байгуулах үед ХХК-ийн тамга, холбогдох шаардлагатай нотлох баримтийг авчирсан гэж тайлбарлаж байгаа боловч А.Сэлэнгийн гэрээ байгуулах үед зайлшгүй шаардагдах худалдан авагч талын улсын бүртгэлийн гэрчилгээ, *******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, ААН байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ / хэргийн 8-12 дугаар хуудас /зэргийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ХХК-ийн тамга байсан учраас гэрээ байгуулсан гэж байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагад хавсарган ирүүлсэн дээрхи нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтийг шүүхэд эхээр нь хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэснийг зөрсөн тул дээрхи нотлох баримтийг нотлох баримтаар үнэлээгүй бөгөөд, хариуцагчийн өмгөөлөгчийн ирүүлсэн ******* ******* ХХК-ийн дүрэм, үүсгэн байгуулагчийн тогтоолыг үгүйсгээгүй болно.

Хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь үгүйсгэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцох тул талуудын тохиролцоо, гэрээний агуулгаас үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, харин уг гэрээнд төлөөлөх эрхгүй этгээд зурсан тул бичгээр байгуулах шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй,эрхийн зөрчилгүй хөрөнгө худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй бөгөөд 16 дугаартай гэрээгээр Лорнет, Форвард гэх бодисуудыг гэрээнд заасан хэмжээгээр нийлүүлэх үүрэг худалдагч *******ХХК хүлээсэн бөгөөд энэхүү үүргээ биелүүлсэн тул үлдэгдэл төлбөр болох 37 464 000 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй байна.

Хариуцагч тал Монгол Улсад хэрэглэхэд зөвшөөрөгдсөн болон ургамал хамгаалалын бодисын жагсаалтад орсон Лорнет, Форвард бодисыг технологийн зааврын хамт хүлээн аваагүй, урьдчилгаа төлбөрийг төлөөгүй гэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл,тайлбараа өөрөө нотлох, нотлох баримтийг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй, энэ талаарх нотлох баримтийг ирүүлээгүй байна

Харин талуудын байгуулсан 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн худалдах худалдан авах 16 тоот гэрээг бичгээр байгуулах шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа тул талуудын байгуулсан гэрээний 4-б-д тусгагдсан үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох барааны төлбөрийн үлдэх 70 хувь болох 37 464 000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 01-ний дотор төлнө. Хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги нэмж төлнө гэсний дагуу шаардах эрх үүсэхгүй байна.

Иймд 18 732 000 төгрөгийн алданги гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хйисэн хэлцэл хүчин төгөлдөр бус байх бөгөөд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хэлцлээр шилжүүлсэн зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй байна.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныгудирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5, 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар ******* ******* ХХК-аас 37 464 000 төгрөгийг гаргуулж, *******ХХК-нд олгож, 18 732 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 439 000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-аас нэхэмжлэлийн хангагдсан дүн болох 37 464 000 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 345 270 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ХХК-нд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл албадан биелүүлэх учиртайг мэдэгдсүгэй.

 

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ