Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 0337

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэрэндулам, улсын яллагч М.Сүхчулуун, шүүгдэгч Э.Т, түүний өмгөөлөгч З.Бат-Өлзий нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Т овгийн Э-ын Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 01021 0345 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Т овгийн Э.Т, Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр Хэнтий аймгийн Г суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “А-” ХХК-д жолооч ажилтай, ам бүл зургаа, эхнэр, дөрвөн хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэг 6 дугаар хороо, Тоосгоны *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд:

-Чингэлтэй дүүргийн шүүхийн 2003 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 06 сарын хугацаагаар хойшлуулсан.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Э.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуурсан байх үедээ Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны *** дугаар гудамжны орчимд 2020 оны 02 дугаар сарын 14-ний орой 22 цагийн үед Б.Б-ыг шалтгаангүйгээр гар болон хөлөөрөө цохих өшиглөх зэргээр зодож түүний биед зүүн нүдний ухархайн доод, дотор хана, гайморын хөндий болон хажуу хананы зөрүү бүхий хугарал, зүүн талын хацар ясны нумны хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархины аалзан хальсан доорхи цус харвалт, тархи доргилт, дух, зулай, дагз, зүүн чамархайн хуйханд зулгаралт, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун шуунд зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч Т овгийн Э-ын Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны *** дугаар гудамжны орчимд 2020 оны 02 дугаар сарын 14-ний орой 22 цагийн үед Б.Б-ыг шалтгаангүйгээр гар болон хөлөөрөө цохих өшиглөх зэргээр зодож, түүний бие махбодод “зүүн нүдний ухархайн доод, дотор хана, гайморын хөндий болон хажуу хананы зөрүү бүхий хугарал, зүүн талын хацар ясны нумны хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархины аалзан хальсан доорхи цус харвалт, тархи доргилт, дух, зулай, дагз, зүүн чамархайн хуйханд зулгаралт, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун шуунд зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Э.Т-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 14-ний орой 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны *** тоот гэрээсээ гараад гудамнжыхаа үзүүрт явж байсан чинь цагаан өнгийн машин байхаар нь очоод “ахын дүу доошоо явах уу" гэж асуутал машин дотроос нэг танихгуй өндөр залуу бууж ирснээ үгийн зөрөөгүй намайг нүдээд эхэлсэн. Өөр нэг залуу машинаас бууж ирээд болиулах гэсэн чинь зодож байсан залуу больж өгөхгүй байсан тул тэр залуу буцаад машиндаа ороод суучихсан. Нөгөө залуу миний үснээс чирээд нэг танихгүй хашаа руу оруулаад миний нүүр болон цээжин бие рүү өшиглөөд байсан. Тэгснээ миний толгой руу цохиод байхаар нь би “одоо болно шүү дээ, ах нь үхлээ” гэж хэлж байж арай хийж салж явсан. Тэгээд би цагдаад мэдэгдсэн. Миний толгой хагарч хамар, хацар хөхөрч, хавдсан, толгой цус хуралтгай болсон...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 8 дугаар хуудас);

Хохирогч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “... Т надад эмчилгээний зардал гэж 400,000 төгрөг өгсөн. Надад цаашид нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (11 дүгээр хуудас);

3. Гэрч Н.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр би найз Т-ийн гэрт нь очоод бид хоёр гадаа машин дотор 1 шил архи хувааж уусан юм. Тэгээд би найзыгаа дуудаж машинаа бариулсан. Бид 2 Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны *** дугаар гудамжны үзүүрт зогсож байсан чинь нэг танихгүй хүн ирээд машины цонх нүдээд “тамхи байна уу” гэж асуусан. Тэгтэл Т- “наад хүнийг чинь таних юм байна, манай ээжийг хэл амаар доромжлоод байдаг хүн байна” гээд машинаас буугаад залууг барьж аваад алгадсан. Тэгэхээр нь би очиж салгасан чинь Т- “чи цаашаа байж бай, би зүгээрээ, зодохгүй" гээд цааш нь дагуулаад явсан. Би араас нь очиход олдохгүй байхаар нь Т-ийн эхнэр дээр очоод “Т- хүнтэй маргалдаад байна" гэж хэлээд эхнэр, хадам ээж хоёрыг нь аваад нөгөө газраа очсон чинь Т- улаан дэлгүүрийн хажууд нөгөө залуутай хамт зогсож байсан. Бид 2 тухайн өдөр 2 шил архи хувааж уусан. Тухайн залуугийн хаана ямар гэмтэл учирсныг би анзаараагүй…” гэсэн мэдүүлэг (хх-ийн 28-29 дүгээр хуудас);

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2775 дугаартай шинжээчийн: “...Б.Б-ын биед зүүн нүдний ухархайн доод, дотор хана, гайморын хөндий болон хажуу хананы зөрүү бүхий хугарал, зүүн талын хацар ясны нумны хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт,  тархины аалзан хальсан доорхи цус харвалт, тархи доргилт, дух, зулай, дагз, зүүн чамархайн хуйханд зулгаралт, зүүн нүдний зовхинд цус хурапт, баруун шуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гаргсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт;

5.Шүүгдэгч Э.Т-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 43 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 35 дугаар хуудас), шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 38-40 дүгээр хуудас);

6. Шүүгдэгч Э.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...гудамжинд явж байдаг зүс мэдэх л залуу байсан. Б.Б гэдэг хүн манай ээж, дүү 2-той архи уусан үедээ таарахаараа хэлэх хэлэхгүй үгээр хэлээд байдаг талаар би ээж болон дүүгээс сонссон юм. Би тухайн өдөр архи уусан байсан болохоор, нөгөө ээж дүү хоёрыг өдөөд байдаг залуу машины цонх тогшихоор нь архины халуунд цохиж зодсон. Би Б.Б-ын нүүрэнд гараараа 2 алгадсанаа санаж байна. Цааш юу болсныг нь сайн мэдэхгүй. Намайг Б.Б-ыг цохиж авч байхад хажууд манай найз М байсан. Би Б.Б-ын нүүр болон цээжин хэсэг рүү нь гараараа болон хөлөөрөө өшиглөж цохьсон. Б.Б-ын биед зүүн нүдний ухархайн доод, дотор хана, гайморын хөндий болон хажуу хананы зөрүү бүхий хугарал, зүүн талын хацар ясны нумны хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархины аалзан хальсан доорхи цус харвалт, тархи доргилт, дух, зулай, дагз, зүүн чамархайн хуйханд зулгаралт, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун шуунд зөөлөн эдийн няцрал гэмтлүүдийг би учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би эмчилгээний зардал гэж бэлэн 400,000 төгрөг төлсөн...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Э.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Б.Б нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, яллагдагчтай эвлэрсэн талаарх хүсэлтээ тус тус прокурорын хяналтын шатанд бичгээр илэрхийлж, шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг Прокурорын 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 69 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч Э.Т-ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Б.Б-ыг зодож түүний бие махбодод хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Б-ын биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзэв.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Э.Т-ийг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Б- эмчилгээний зардалд 400,000 төгрөг авсан, гомдол саналгүй, яллагдагчтай эвлэрсэн талаарх хүсэлтээ прокурорын хяналтын шатанд бичгээр гаргаж өгсөн байх тул шүүгдэгч Э.Т-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Э.Т- нь бусдад төлөх төлбөргүй байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван зуун мянган төгрөгийн торгох ял оногдуулах” саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй буюу хуульд заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.

Мөн шүүгдэгч Э.Т-д оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, орлогод нийцүүлэн хуульд заасан гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоох нь зүйтэй байна. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Т- нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Т овгийн Э.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т-д таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т-д оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Шүүгдэгч Э.Т-д торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Т нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.Т-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                 Б.БАТАА