| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2020/0574/Э |
| Дугаар | 0588 |
| Огноо | 2020-05-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Э |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 0588
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Г даргалж,
Нарийн бичгийн дарга О.Б ,
Улсын яллагч С.Э ,
Шүүгдэгч О.Энарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар : Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О.Э-д холбогдох 1908 0459 50866 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1959 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Тарагт суманд төрсөн, 61 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, Өндөр насны тэтгэвэрт, хувиараа том тэрэг жолоодож мөнгө олдог, ам бүл 2 , эхнэрийн хамт Улаанбаатар хотын Налайх, 5 дугаар хороо, 75 дугаар байр, 56 тоотод оршин суух бүртгэл, хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Ж овогт О-ийн Э , регистрийн дугаар: ..................... ,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч О.Э нь 2019 оны 08 дугаар сарын 23-ны орой Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо “Түн Лэ Пүүд” ХХК-ний хашаанд хохирогч Э.Б-тэй“зам заах” асуудлаас үүдэн маргалдаж улмаар хохирогч Э.Б-ийнзүүн шанаанд цохиж унаган тархи доргилт, эрүүний зүүн буланд хаван хавдар, цус хуралттай гэмтэл бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :
Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :
Шүүгдэгч О.Э нь 2019 оны 08 дугаар сарын 23-ны орой Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо “Түн Лэ Пүүд” ХХК-ний хашаанд хохирогч Э.Б-тэймаргалдан, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь :
- хохирогч Э.Б-гийн:...”2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр өөрийн автомашинаар бусдын ачааг ачихаар тохиролцсон...Ачаагаа авахаар залгатал ах нь хаягаа сайн мэдэхгүй байна, энэ хавьд монгол хүн байхгүй дан хятад хүмүүс байна гэсэн...Би уурлаад та газраа мэдэхгүй байж юу гэж хүний ачаа ачдаг юм бэ гээд орилтол хэн мэддэгийн, өөрсдөө олоод ир гэхээр нь яаж таны байгаа газрыг мэддэгийн гээд бид 2 хэрэлдсэн...Тэгээд Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо “Түн Лэ Пүүд” нэртэй компаний хашаа руу ортол том шаланз зогсож байсан...Би буугаад жолоочид нь “та чинь настай хүн байж ямар давтиргүй юм бэ?” гэтэл машинаасаа бууж ирээд зүүн шанаа руу гараараа нэг удаа цохьсон, миний нүд харанхуйлаад газар унасан босож ирээд тэр ахтай барилцаад дахиад цохих гэхээр нь би түлхээд өөрөөсөө холдуулахад цаанаас хамгаалагч гүйж ирээд бид 2-ыг болиулсан...гэх мэдүүлэг /хх-17-21,48-51/,
- шинжээчийн дүгнэлт:...Э.Б-гийн биед тархи доргилт, эрүүний зүүн буланд хаван хавдар, цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.../ хх-ийн 38/,
- гэрч Н.И-гийн...2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр би Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Түн лэ Пүүд” ХХК-ний гэрээт хамгаалалтын албанд ажиллаж байтал өдөр цайны цагийн үед манай байгууллагын хашаанд ирсэн шаланз маркийн машины ачаанаас ачаа авах гээд “цагаан портер” машинтай хоёр залуу орсон...Хүмүүс шуугиад явчихаар нь гараад хартал шаланз маркийн машины жолооч портер машины жолоочтой хэрэлдэж маргалдсан байдалтай байхаар нь би явж очоод салгасан...гэх мэдүүлэг /хх-ийн 31/,
- гэрч Л.Ц-ын:...тухайн үед хүмүүс хашгичаад явчихаар нь цонхоор хартал Шаланз машины жолооч портер машины жолоочтой заамдалцаад зогсож байсан хамгаалагч Мөрөн гүйж очоод тэр хоёрыг салгаж байсан...гэх мэдүүлэг / хх-ийн 33-34/,
- шүүгдэгч О.Э-ын:...Тухайн өдөр Бат-өлзий гэх хүн ачаа авахаар над руу залгасан, миний байгаа газрыг заалгуулсан боловч өөрөө олохгүй, дахин дахин залгаад бид хоорондоо хэрэлдсэн, тэр хүн намайг “зам мэдэхгүй байж юу гэж хүний ачаа ачдаг юм бэ, очиж байгаад чамайг ална аа гээд” байсан. Удалгүй Бат-өлзий гэх залуу ирээд, намайг машиндаа хоол идэж байтал хаалга онгойлгоод, замаа зааж чадахгүй байж, буугаад ир гэхээр нь буутал миний урууланд гараараа цохисон, би зөрүүлээд зүүн шанаа руу нь гараараа 1 удаа цохисон...Э.Б-гийн биед учирсан гэмтлийг би гараараа нэг удаа цохиж байхдаа түүнд учруулсан...үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Э.Бат-Өлзийгөөс уучлалт гуйж бид хоорондоо эвлэрсэн хохирлын төлбөрт 300 000 төгрөгийг төлж барагдуулсан...гэсэн мэдүүлэг. /хх-ийн 92-93/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нь тухайн гэмт хэрэг үйлдснийг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна тухайн нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, баримт тогтоогдсонгүй.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд мөрдөн шалгах, прокурорын хяналтын ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан холбогдох үндэслэл, журмын дагуу хийгджээ.
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2020.01.10-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн гарчиг, мөн 1 дэх хэсэгт “санаатай” гэж өөрчлөлт оруулсан боловч хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан шүүгдэгчийн үйлдэл нь гэм буруугийн хэлбэрийн хувьд “санаатай” эсэхийг шүүх зайлшгүй тогтоох ёстой тул хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг санаатай хэлбэрээр тооцож, тогтоох нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж үзнэ.
Иймд шүүгдэгч О.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч нь гэмт хэргийн улмаас нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй тухай мэдүүлсэн, бичгээр илэрхийлсэн /х-98, 56/, шүүгдэгч нь хохирогчид 300.000 төгрөг өгсөн тухайгаа шүүх хуралдаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх :
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус харьцаа нь шүүгдэгчийг тэр даруйд хохирогчийн эсрэг үйлдэл хийхэд хүргэснийг үгүйсгэхгүй байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас тус хэрэг үйлдэгдсэн, мөн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид 300.000 төгрөг төлсөн, хохирогч гомдол, саналгүйгээ илэрхийлсэн байх тул /х-93, 96, 99/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогджээ.
Шүүгдэгч нь 61 настай, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, тэтгэвэрээс гадна орон сууц, тээврийн хэрэгсэл зэрэг хөрөнгөтэй, тээврийн хэрэгслээр ачаа ачих хөдөлмөр эрхэлдэг буюу орлоготой зэрэгт хамаарах нотлох баримтууд хэрэгт авагдсан /хх-61-62, 64, 92-93 / байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, шүүгдэгчийн хувийн байдал, хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч О.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Э-д оногдуулсан 450000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг О.Э-д мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ : Г.Г