Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 0342

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр, улсын яллагч Э.Намуун, хохирогч О.Ш, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа, шүүгдэгч С.Ж, түүний өмгөөлөгч Ж.Гантулга нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овгийн С-ын Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903 01296 0555 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овгийн С.Ж, Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эмэгтэй, дээд боловсролтой, англи хэлний багш мэргэжилтэй, “***” ХХК-д үйлчилгээний ажилтан ажилтай, ам бүл тав, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч С.Ж нь 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 08 цаг 10 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнтийн давааны баруун талын “***” амралтын газрын зүүн хойд талын замд “Honda Insight” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэснийг зөрчсөний улмаас онхолдож зорчигч О.Ш-гийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Б овгийн С.Ж- нь 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 08 цаг 10 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнтийн давааны баруун талын “***” амралтын газрын зүүн хойд замд “Honda” маркийн “Insight” загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэж заасныг зөрчсөний улмаас замын хажуугийн шороон хөвөө рүү онхолдож, зорчигч О.Ш-гийн бие махбодод “...ууцны 1-р нугалмын цөмөрч бяцарсан хугарал, умдаг ясны баруун талын дээд, доод салааны хугарал, тархи доргилт, баруун хацар, баруун гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун бугалга, тохой, зүүн гуяны цус хуралт...” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч С.Ж-гийн шүүх хуралдаанд өгсөн: “...Тэр үед би жолооны ард сууж явснаараа буруудаж байгаагаа ойлгож байна, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Намайг машин барьж байхад жолоо булаагаад байсан. Тэгээд нэг сэрэхэд газар хэвтэж байсан, өөр зүйл санахгүй байна...” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогч О.Ш-гийн шүүх хуралдаанд өгсөн: “...Намайг нөхөртэйгөө дэлгүүр орчхоод гараад ирэхэд Ж- жолооны ард сууж байсан. Би Ж-гаас “яах гэж байгаа юм бэ” гэж асуухад “би бариад явчихъя” гэж хэлсэн. Ж-г өмнө жолоо барьж байсан, мөн жолооны үнэмлэхтэй болохоор нь машинаа бариулсан. Би машины хойд талын суудал дээр суугаад унтсан. Нойронд дунд машин савлаад байсан. Би нойроо дийлэхгүй байсан тул Ж-д үг хэлж чадаагүй. Тэгээд нэг сэрэхэд уначихсан байсан. Хохирлоо барагдуулж авмаар байна. Би найз нөхөд байсан болохоор муудалцахыг хүсээгүй. Би тухайн тээврийн хэрэгслийг нөхрийнхөө цалингийн зээлээр авхуулсан. Машины эвдрэл гэмтэл, үнэлгээгээр гарсан хохирлыг төлчих гэж хэлсэн. Харин өөрийнхөө эмчилгээний зардал дээр мөнгө авахгүй гэж хэлсэн боловч нэг ч удаа надад хохирлын мөнгө өгөөгүй, над руу залгаж ярьдаггүй, би гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг;

3. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 4-9 дүгээр хуудас), “Итгэлт Эстимэйт” ХХК-ийн автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан (хх-ийн 70 дугаар хуудас), тээврийн цагдаагийн албаны 2019 оны 12 дугаар 01-ний өдрийн 533 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт (хх-ийн 75 дугаар хуудас);

4. Хохирогч О.Ш-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ар гүнтийн дэлгүүр ороод гараад ирэхэд Ж- жолооны ард сууж байсан. Би түүнээс “яах гэж байгаа юм бэ” гэж асуухад “би баръя” гэхээр нь би юм хэлээгүй. Би хойно суугаад унтчихсан тул Ж-гийн машин бариад хөдөлснийг ч мэдэхгүй байна, нэг л мэдэхэд онхолдсон байсан. Би унтаж байгаад хальт нэг сэрэхэд дайвалзаад Ж машинаар тоглоод байх шиг байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 14-15 дугаар хуудас);

5. Гэрч Ө.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Заяа бид хоёр гарч ирэхэд Ж- жолооны ард суучихсан “та хоёр хойшоо суучих, би бариад явъя” гэж хэлсэн. Би жолоочийн эсрэг талд хойд суудал дээр сууж явах үед машин дайвалзсан. Одоо гайгүй болох байх гэж бодоод юм хэлээгүй. Хянахыг харахад 73 км цагийн хурдтай явж байсан. Тэгээд удалгүй дахиад дайвалзуулаад салхинд алгадуулаад онхолдсон..." гэсэн  мэдүүлэг (хх-ийн 29-30 дугаар хуудас);

6. Насанд хүрээгүй гэрч Э.Ү-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..Бид гурвыг гарч ирэхэд Ж- жолооны ард суусан байсан. Би Ж-гийн хажууд урд суудал дээр суусан. Ж- машинаа бариад дэлгүүрээс хөдлөөд явсан. М ах Ш-гаас “машинаа бариулж явж болж байгаа юм уу” гэж асуухад “надаас өмнө жолоо төгсөөд машин барьдаг байсан” гэж хэлсэн. Амралтын газар луу явж байхдаа жолоогоо хоёр тийш нь савлуулаад байсан. Болиоч гэж бүгд хэлсэн. Тэгсэн чинь нэг хэсэг зүгээр явсан. Савлуулах хооронд 40 км цагийн хурдтай явж байсан. Дахиад савлуулж эхлэхэд нь 70-80 км цагийн хурдтай явж байсан. Тэгээд баруун дараад, бас зүүн дараад машин онхолдсон...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 33 дугаар хуудас);

7. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 13708 дугаартай: “О.Ш-гийн биед ууцны 1-р нугалмын цөмөрч бяцарсан хугарал, умдаг ясны баруун талын дээд, доод салааны хугарал, тархи доргилт, баруун хацар, баруун гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун бугалга, тохой, зүүн гуяны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрх ууцны 1-р нугалмын цөмөрч бяцарсан хугарал, умдаг ясны баруун талын дээд, доод салааны хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна..." гэсэн шинжээчийн дүгнэлт (хх-ийн 52 дугаар хуудас);

8. Шүүгдэгч С.Ж-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 44 дүгээр хуудас), жолоочийн лавлагаа, мэдээлэл (хх-ийн 45 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 49 дүгээр хуудас) зэрэг нотлох баримт болно.

 Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Харин энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Хууль тогтоомж хэрэглэх, түүний зүйл, хэсэг, заалтыг тайлбарлуулахаар шинжээч томилохыг хориглоно” гэж заасныг зөрчиж, жолооч С.Ж- Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн эсэх гэж асуусан, шинжээч уг асуултад хариулахдаа хэрэглэх хууль тогтоомжийг шууд зааж хариулсан байх тул Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 533 дугаартай дүгнэлтийн 1, 2 дахь хариултыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч О.Ш-гийн эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзэв.

Шүүгдэгч С.Ж-гийн замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч хүсээгүй буюу мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг болгоомжгүй үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүгдэгч С.Ж- нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэж заасныг зөрчсөний улмаас замын хажуугийн шороон хөвөө рүү онхолдсон болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, бүдүүвч зураг болон хохирогч О.Ш-, гэрч Ө.М-, насанд хүрээгүй гэрч Э.Ү нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч С.Ж нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар мэтгэлцэхгүй гээд шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч С.Ж-г “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирол нөхөн төлөгдөөгүй байх тул шүүгдэгч С.Ж-гаас нийт 7,120,000 төгрөгийг гурван сарын дотор гаргуулан хохирогч О.Ш-д олгож, хохирогч О.Ш- нь эмчилгээний зардал болон тээврийн хэрэгсэл түр саатуулсан төлбөрийн баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй хэмээн шийдвэрлэлээ.

Шүүгдэгч С.Ж нь хохирол төлөх зорилгоор шүүх хуралдааныг 4 хоногийн хугацаагаар завсарлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн бөгөөд уг хугацаанд гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 7,120,000 төгрөгийг төлсөн талаарх баримтыг шүүхэд гаргаж өгсөн тул шүүгдэгч С.Ж-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч С.Ж- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч С.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, хэргийн хамт хураагдан ирсэн 1152306 дугаартай жолооны үнэмлэхийг шүүгдэгч С.Ж-д буцаан олгох саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаар: “...Ялын төрөл, хэмжээний талаар тусгайлан саналгүй. Харин торгох ялын төлөх хугацааг уртасгаж 6 сараар тогтоож өгнө үү. Шүүгдэгч хохирлоо төлж барагдуулахын тулд зээл авсан байгаа гэдгийг харгалзан үзнэ үү...” гэв.

Шүүх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугийн болгоомжгүй хэлбэр, улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж-д таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, орлогод нийцүүлэн таван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломж олгох нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирлын хэр хэмжээ, түүний хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод нийцнэ гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С.Ж-гийн 1152306 дугаартай жолоочийн үнэмлэхийг буцаан олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Боржигон овгийн С.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж-д таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж-д оногдуулсан торгох ялыг таван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Шүүгдэгч С.Ж-д шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч О.Ш нь эмчилгээний зардал болон тээврийн хэрэгсэл түр саатуулсан төлбөрийн талаарх баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг заасугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С.Ж-гийн 1152306 дугаартай жолоочийн үнэмлэхийг эзэмшигчид нь буцаан олгосугай.

8.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч С.Ж-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                                       Б.БАТАА