| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2020/0337/Э |
| Дугаар | 0361 |
| Огноо | 2020-04-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 0361
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сарангоо, улсын яллагч Н.Ундрах, шүүгдэгч Л.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Г овгийн Л.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 05130 0376 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Г овгийн Л.А, Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа таксины жолооч хийдэг, ам бүл зургаа, ээж, ах, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол *** дугаар байр *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар:***, урьд:
-Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 480 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр сарын 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Л.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 09 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнийн 03 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хороонд үйл ажиллагаа явуулах *** бааранд “найз охин өшиглөсөн” гэх шалтгааны улмаас хувийн таарамжгүй харьцаа үүсгэн, үснээс нь зулгааж чирэх, хоолойноос нь боох зэргээр зодож түүний эрүүл мэндэд нь тархи доргилт, хүзүүний цус хуралт, баруун шууны цус хуралт, баруун өвдөгний зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч Г овгийн Л.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 09 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнийн 03 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулах *** бааранд “найз охин өшиглөсөн” гэх шалтгааны улмаас Б.А-тай хувийн таарамжгүй харьцаа үүсгэн, үснээс нь зулгааж чирэх, хоолойноос нь боох зэргээр зодож, түүний бие махбодод “тархи доргилт, хүзүүний цус хуралт, баруун шууны цус хуралт, баруун өвдөгний зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч Л.А-гийн шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Би хэргийн үйл баримт, учирсан хор уршиг, зүйлчлэлийн талаар маргахгүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн..” гэсэн мэдүүлэг;
2. Хохирогч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 21-ний орой 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байх “***” ресторанд ажлын охин Мөөгийгийн хамт 6 шил Сэнгүр пиво хувааж уучихаад 23 цагийн орчимд гараад Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байх *** бааранд орцгоож хүний 100 грамм архи 2, 2 шил пиво ууцгаачихаад 03 цагийн орчимд баарнаас гараад үүдэнд нь зогсож байтал сүүлд нэрийг нь мэдсэн А гэх залуу намайг хэл амаар доромжлоод хараагаад байхаар нь би очоод чи яагаад намайг хэл амаар доромжлоод байгаа юм бэ гэтэл зайл гичий минь гээд түлхэхээр нь ахиж очоод чи ямар зэрлэг юм бэ гэтэл хэл амаар доромжилж байснаа зайл гээд түлхэж газар унагаагаад хөл, нуруу руу өшиглөөд байх шиг байсан. Би босож ирээд А-тэй зууралдаад А-г өшиглөх гэтэл найз охин нь бололтой сүүлд нэрийг мэдсэн Х гэдэг охиныг өшиглөчихсөн. Тэгтэл А найз охиноо өмөөрөөд намайг боогоод газар унагаад үснээс зулгаагаад чирсэн. Тэр хооронд манай найз М цагдаа дуудчихсан байсан. Цагдаа ирээд А-г аваад явсан. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон тархи доргилт гэмтлийг А түлхэж унагаахад би тархиараа газар савж унах үед үүссэн, хүзүүний цус хуралт гэмтлийг А хоолойноос боож учруулсан, бусад гэмтлийг А газар унаган чирч учруулсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 22-23 дугаар хуудас);
3. Гэрч Б.Х-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 22-ны орой 02 цагийн орчимд А намайг офицеруудын ордны хажуугаас ирж аваад бид 2 А-гийн гэрлүү нь явж байсан. Тэгтэл А-гийн найз Б А- бид хоёрыг Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо *** бааранд хүрээд ир гэж дуудахаар нь бид хоёр яваад очсон. 03 цагийн орчимд *** баар луу ороод Б, А нар нэг нэг шил Сэнгүүр пиво ууцгаасан. 4 цаг дөхүүлээд Б, А бид 3 гарсан. У согтуу зогсож байтал үл таних нэг эмэгтэй У-гаас тамхи асуугаад байсан. Чамд өгөх илүү гарсан тамхи байхгүй гэж хэлж байсан. Тэр эмэгтэй зүүн гуя руу хөлөөрөө 1 удаа өшиглөхөөр нь би сөхрөөд уначихсан. Тэгтэл А чи миний эхнэрийг яаж байнаа гээд тэр эмэгтэйг барьж аваад нэг угзартал тэр эмэгтэйн цамц нь урагдчихсан. Тэгээд чи яаж байнаа гээд А рүү дайраад байсан. Б У хоёр болиулах гэтэл тэр хоёр луу бас дайраад байсан. Бид нар тэр эмэгтэйгээс салаад явах гэтэл араас гүйж ирээд дайраад А-г өшиглөөд байхаар нь А чи боль гээд түлхсэн чинь хананд савах шиг болсон, тэгээд хэрэлдээд муудалцаад байсан чинь цагдаа нар ирсэн. ...А тэр эмэгтэйг яагаад эхнэр өшиглөж байгаа юм гээд цамцных нь захнаас барьж авахад нөгөө эмэгтэйн өөдөөс нь маргалдаад байсан. Тэгэхэд нь А угзраад унагахад газар өвдгөөрөө унаад өвдгөө шалбалчихсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 34 дүгээр хуудас);
4. Гэрч Д.М-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А-ыг нэг танихгүй залуу үсдээд дарчихсан цохиж байсан. Тэгэхээр нь би болиочээ эмэгтэй хүнийг зодоод байх юм, цагдаа дуудлаа гэж хэлээд өөрийнхөө дугаараас 102-т дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 38 дугаар хуудас);
5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 11559 дугаартай: "...Б.А-ын биед тархи доргилт, хүзүүний цус хуралт, баруун шууны цус хуралт, баруун өвдөгний зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хх-ийн 42 дугаар хуудас);
6. Шүүгдэгч Л.А-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 61 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 65 дугаар хуудас), шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 70-76 дугаар хуудас);
7. Шүүгдэгч Л.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би хохирогчийн цамцны захаас татах үед хүзүүний цус хуралт гэмтэл учирсан байх, цамцны захнаас угзарч унагах үед баруун өвдөгөөрөө унаж баруун өвдөгт нь зулгаралт гэмтэл тогтоогдсон байх. Тухайн үөд хохирогч доогуураа богино банзалтай явж байсан, намайг угзарч унасаны дараа хохирогч намайг заамдаад байхаар нь би гарыг нь тавиулах гэж гарын шуунаас нь татсан, тархи доргилт гэмтэл хэрхэн учирсаныг мэдэхгуй байна..." гэсэн мэдүүлэг (хх-ийн 53-*** дүгээр хуудас) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Л.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Б.А нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, яллагдагчтай эвлэрсэн талаарх хүсэлтээ тус тус прокурорын хяналтын шатанд бичгээр илэрхийлж, шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг Прокурорын 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 75 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.
Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.А-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.
Шүүгдэгч Л.А-гийн үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Б.А-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж энэ хууль үйлчлэх цаг хугацааг тогтоосон бөгөөд шүүгдэгч Л.А-гийн гэмт хэрэг үйлдсэн 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн гарчиг болон уг зүйлийн 1 дэх хэсэгт “санаатай” гэсэн агуулга байгаагүй.
Эрүүгийн эрх зүйн онолоор, гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш батлагдсан болон нэмэлт, өөрчлөлт оруулсан Эрүүгийн хуулиар аливаа үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн бол дагаж мөрдөхөөс нь өмнөх үеийн үйлдэл, эс үйлдэхүйд буцааж хэрэглэх явдлыг хууль буцаан хэрэглэх гэж тодорхойлдог.
Гэтэл 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс хүчин төгөлдөр болсон Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 2 дугаар зүйлээр 2015 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн гарчгийн, мөн зүйлийн 1 дэх хэсгийн “хохирол” гэсний дараа “санаатай” гэж тус тус нэмэлт оруулсан боловч оногдуулах ялын төрөл, хэмжээг огт хөндөөгүй байна.
Нөгөөтээгүүр, хуулийн энэхүү нэмэлт нь хууль зүйн техникийн шинжтэй засвар байх бөгөөд эрүүгийн эрх зүйн уламжлал болон 2015 оны Эрүүгийн хуулийг дагаж мөрдсөнөөс хойш хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хуульд “санаатай” гэж тусгаагүй хэдий ч гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байхаар хэрэглэж ирсэн билээ.
Иймд шүүгдэгч Л.А-гийн үйлдсэн гэмт хэргийн хувьд Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлгүй гэж дүгнээд, хууль үйлчлэх цаг хугацаа тогтоосон журмын дагуу гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Шүүхийн энэхүү дүгнэлт, техникийн шинжтэй өөрчлөлт нь шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнээс хэтрэхгүй, гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болохыг дурдах нь зүйн хэрэг.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Л.А-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Б.А нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, яллагдагчтай эвлэрсэн талаарх хүсэлтээ прокурорын хяналтын шатанд бичгээр гаргаж өгсөн байх тул шүүгдэгч Л.А-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Л.А нь бусдад төлөх төлбөргүй байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй буюу хуульд заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу прокурорын саналыг харгалзан хэргийг хянан шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Л.А нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Г овгийн Л.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.А-д хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3.Шүүгдэгч Л.А-д нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Л.А нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
6.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Л.А-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА