Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 212

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж, тус шүүхийн дөрөвдүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д-ийн Г ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч:  Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох, 

Гуравдагч этгээд: Ш.Т ,

Гуравдагч этгээд: М.М , 

Гуравдагч этгээд: Х б овогтой С ийн Д , 

Нэхэмжлэлийн шаардлага: Ш.Т , М.М , С.Д  нарын хооронд 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан Барьцааны гэрээний дагуу үүссэн барьцааг бүртгэсэн эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О , гуравдагч этгээд Ш.Т ийн өмгөөлөгч Б.Н , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Д.Г  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Д.Г  миний бие нөхрийнхөө төрсөн эгч С ын Д гийн ... манай компанид яаралтай мөнгөний хэрэг гараад бага хэмжээний зээл авах гэж байгаа юм, хөрөнгө оруулалтаа хүлээх боломжгүй болчихоод байна, байраа 10 хоногийн хугацаатай зээлийн барьцаанд тавиулаач, манай компанийн хөрөнгө оруулалт удахгүй орох тул 10 хоноод чөлөөлөөд өгчих нь... гэсэн түүний ятгалга гуйлтаар захирал нь гэх М ын М д өөрийн өмч болох 00010.... тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээтэй, Баянзүрх дүүргийн .. дугаар хороо, Их Монгол Улсын гудамж, Б хороолол, дүгээр байрны ... тоот хаягт байрлах 58.6 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг зээлийн барьцаанд тавих эрхийг буюу барьцааны гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах эрхийг 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр итгэмжлэн олгосон.

М.М д олгосон итгэмжлэлд яг ямар хэмжээний зээлийн үүргийн гүйцэтгэл болгож барьцаалах талаар тусгаагүй бөгөөд тэд яг мөнгө зээлэх хүнээ олчихоод гэрээ байгуулах болохоороо ийм нөхцөлөөр гэрээ байгуулах гэж байгаагаа үзүүлнэ, тэгээд улсын бүртгэлд бүртгүүлэхэд таны хэрэг гарах байх гэдгийг тухайн үед хэлж байсан. Гэвч итгэмжлэл авснаас хойш хэд хоног таг чимээгүй болсон ба хэд хоногийн дараа асуухад бага хэмжээтэй, богино хугацаатай зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан гэж хэлсэн тул тэр үед итгэсэн. 

Түүнээс хойш С.Д , М.М  нартай холбогдож, байр чөлөөлж хэзээ өгөх вэ, яагаад удаад байна аа, чөлөөлж өгөөч ээ гэдэг шаардлагыг удаа дараа гаргаж байсан боловч, одоо удахгүй маргааш нөгөөдөр гэсээр нилээд хугацаа явж, би ажил төрөлтэй явсаар нилээд хугацаа өнгөрсөн. Гэтэл 2016 оны 8 дугаар сард шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас танай байрыг ийм хэмжээний төлбөрт барьцаалсан ба барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах нөхцөл бүрдсэн гэж мэдэгдсэнээр л ямар хэмжээний зээлийн барьцаанд тавьсныг мэдсэн.

2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын архиваас барьцааг бүртгүүлсэн мэдүүлгийн хуулбарыг лавлагаагаар авсан ба тэгэхэд барьцааг бүртгүүлэх мэдүүлгийг С.Д  гэдэг хүн гаргаж, түүний мэдүүлгээр барьцааг бүртгэсэн болохыг мэдсэн. Миний бие С.Д д итгэмжлэл олгоогүй бөгөөд өмчлөгчийн өмнөөс мэдүүлэг гаргах эрхгүй этгээд болно. 

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-д Гэрээгээр үүссэн барьцааг барьцаалагч, барьцаалуулагчийн хамтарсан мэдүүлгээр бүртгэх ба уг мэдүүлэгт дараах баримт бичгийг хавсаргана, мөн хуулийн 281.2.1-д энэ хуулийн 28.2, 28.7-д заасан аль нэг баримт бичгийг бүртгэх байгууллагад ирүүлээгүй бол бүртгэхээс татгалзана гэсэн заалтууд байна. Эндээс үзэхэд барьцааг бүртгүүлэх мэдүүлгийг барьцаалагч, барьцаалуулагчийн хамтарсан мэдүүлгээр бүртгэх ба энэ шаардлагыг хангаагүй бол улсын бүртгэлийн байгууллага бүртгэхээс татгалзах ёстой байна. 

Гэтэл барьцаалагч, барьцаалуулагчийн аль нь ч биш этгээдийн мэдүүлгээр бүртгэсэн байх ба барьцаалагч, барьцаалуулагчид нь дангаараа болон хамтарсан байдлаар мэдүүлэг гаргаж өгөөгүй байдаг. Ийм байхад улсын бүртгэлийн байгууллага хууль зөрчин барьцааг эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн үйлдэл гаргасан байна. 

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Сд хууль бус бүртгэлийг хүчингүй болгож өгөөч гэдэг гомдлыг 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан ба хариуг нь 2017 овы 12 дугаар сарын 06-ны өдрийн 2/10120 тоот албан бичгээр өгсөн. Энэхүү албан бичгээр бүртгэлтэй холбоотойгоор эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байна гэж үзвэл шүүхэд хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариу өгсөн. 

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн зарчим бол улсын бүртгэлд зөвхөн эрх бүхий этгээд буюу өмчлөгч, эсхүл түүнээс эрх олгосон этгээдийн мэдүүлгээр л бүртгэлийг хийх юм. Улсын бүртгэлийн байгууллага энэхүү зарчмыг баримтлаагүйгээс өмчлөгч буюу барьцаалуулагч миний бие эд хөрөнгөө ямар хэмжээний үүргийн гүйцэтгэлд, ямар хугацаагаар барьцаалахыг мэдэж, түүнийгээ улсын бүртгэлд бүртгүүлж хүсэл зоригоо илэрхийлэх эрх ноцтойгоор зөрчигдсөн. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 312.1.6-д улсын бүртгэлийн байгууллагын хуульд нийцээгүй бусад үйлдлийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасан тул хуульд заасан эрхийнхээ дагуу ийнхүү шүүхэд хандаж байгаа болно гэжээ. 

Хоёр. Хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Иргэн Д.Г  нь тус байгууллагад хандаж, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204030... дугаарын үл хөдлөх эд хөрөнгөд 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Ш.Т , М.М , С.Д  нарын хооронд байгуулсан барьцааны эрх үүсгэсэн гэрээг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд доорх үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ С.Д тэй тодорхой тохиролцоо, хэлцлийн үндсэн дээр хүлээн зөвшөөрч орон сууцаа барьцаанд тавих болсноо дурдсан байна. Иргэд хоорондын ийм төрлийн тохиролцоонд улсын байгууллага хөндлөнгөөс оролцох боломжгүй байдаг.

Тухайн бүртгэлийг судлаад үзэхэд, барьцааны гэрээг хууль тогтоомжийн дагуу бүртгэл хийсэн болох нь доорх нөхцөл байдлаар тодорхойлогдоно.

- Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204030... дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч иргэн Д.Г  нь барьцаанд тавихыг зөвшөөрч иргэн С.Д д 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн итгэмжлэлэл олгон 147 дугаартай нотариатчаар гэрчлүүлсэн байна. 

- Нэхэмжлэгчийн иргэн М.М , С.Д  нарт олгосон тус тус итгэмжлэлийг 1 нотариатч буюу 147 дугаартай нотариатч гэрчилсэн байх тул итгэмжлэлийн хүчинтэй хугацаанд барьцааны эрхийг үүсгэсэн хэлцлийг бүртгэлийн байгууллага бүртгэхээс татгалзах хуульд заасан үндэслэл байхгүй болно. 

- Барьцааны бүртгэл нь нэхэмжлэгчийн өөрийн олгосон хүчин төгөлдөр итгэмжлэлийн үндсэн дээр хийгдсэн бөгөөд тухайн барьцааны бүртгэлийг хүлээн зөвшөөрч байсныг илэрхийлж байгаа тул бүртгэлийн улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэлийг үгүйсгэж байна.

- Зээлдэгч тал зээлийн гэрээний үүргээ зөрчиж, зээлийг хугацаанд нь эргүүлэн төлөөгүйгээс барьцаа хөрөнгөөр шаардлагаа хангуулахаар зээлдүүлэгч нь шүүхэд хандсан байгаа тул нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр эрх, ашиг нь хөндөгдөх зээлдүүлэгч талыг оролцуулах нь зүйтэй бөгөөд иргэн М.М , С.Д  нарыг оролцуулах шаардлагатай байна. 

Иймд иргэн Д.Г ийн гаргасан нэхэмжлэлийг хангахгүй орхиж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Гурав. Гуравдагч этгээд С.Д  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Иргэн Д.Г ийн тус шүүхэд хандаж гаргасан Ш.Т , М.М , С.Д  нарын хооронд 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан Барьцааны гэрээний дагуу үүссэн барьцааг бүртгэсэн эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. 

М.М , С.Д  нар нь иргэн Ш.Т тэй 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 50 сая төгрөгийг зээлж авсан бөгөөд энэхүү зээлийн гэрээний барьцаанд Д.Г ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн .. дугаар хороо, Их Монгол Улсын гудамж, Б хороололд байрлах дүгээр байрны ... тоотын 58,6 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалсан нь үнэн болно. Нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

Дөрөв. Гуравдагч этгээд М.М  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Хариуцагч М.М , С.Д  нар нь иргэн Ш.Т тэй 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 50 сая төгрөгийг зээлж авсан бөгөөд энэхүү зээлийн гэрээний барьцаанд Д.Г ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн .. дугаар хороо, Их Монгол Улсын гудамж, Б хороололд байрлах дүгээр байрны ... тоотын 58.6 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалсан нь үнэн болно. Нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

Тав. Гуравдагч этгээд Ш.Т ийн өмгөөлөгч Б.Н  шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ... 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Ш.Т ээс М.М , С.Д  нар нь 50.000,000 төгрөгийг зээлж, зээлийн гэрээ байгуулсан байдаг. Уг зээлийн гэрээний барьцаанд Д.Г ээс М.М д олгосон итгэмжлэлийн дагуу Д.Г ийн өмчлөлийн орон сууцыг барьцаалж, барьцааны эрхийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг.

Уг захиргааны хэргийн хариуцагчаас гаргасан хариу тайлбар болон нотлох баримттай танилцахад барьцааны эрхийн улсын бүртгэлийг С.Д  бүртгүүлсэн байх ба Д.Г  нь 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр С.Д д Баянзүрх дүүргийн 12 хороо, Б хороолол, ...-... тоот хаягт байрлах, 00010.... тоот гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-2204030... дугаарт бүртгэгдсэн, 58,6 м.кв талбайтай 2 өрөө, өөрийн өмчлөлийн орон сууцыг зээлийн барьцаанд тавих, гэрээнд болон барьцаалбарт төлөөлж гарын үсэг зурах итгэмжлэлийг 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд олгосон байдаг нь захиргааны хэрэгт нотлох баримтаар авагдсан байна. 

Д.Г  нь өөрөө сайн дураараа зээлийн барьцаанд тавих болон барьцаалбарт төлөөлж гарын үсэг зурах эрхийг С.Д д олгосноороо энэ гэрээ, хэлцэлтэй холбоотой бүртгүүлэх эрхийг мөн олгож байгаа болно. Тиймээс С.Д  нь энэ итгэмжлэлийн дагуу улсын бүртгэлд бүртгүүлэх бүрэн эрхтэй юм.

Мөн С.Д  нь зээлийн гэрээний харилцаанд зээлдэгч бөгөөд барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхэд С.Д  бүртгүүлсэн байх нь улсын бүртгэлийн журам зөрчсөн байна гэх нь үндэслэлгүй юм. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар барьцаалуулагч нь үүрэг гүйцэтгэгч, эсхүл гуравдагч этгээд байж болно гэсний дагуу зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгч М.М , Д  нар хоёулаа барьцаалуулагч болж байна. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д барьцаа нь хуульд заасан үндэслэлээр эсхүл барьцаалагч, барьцаалуулагч нарын хооронд үүссэн гэрээний дагуу үүснэ гэсний дагуу барьцааны гэрээний барьцаалуулагч тал нь М.М , С.Д  нар хоёул болно. 

Мөн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9 дэх хэсэгт мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн, зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрсчөнөөс бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө гэсэн байдаг. 

Ш.Т ийн нэхэмжлэлтэй, М.М , С.Д  нарт холбогдох иргэний хэрэг Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа бөгөөд Д.Г  нь энэ хэрэгт гуравдагч этгээдийн хувиар оролцож байгаа ба гуравдагч этгээд Д.Г ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн зүгээс хэрэг маргааныг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд удаа дараа, санаатайгаар саад учруулсаар ирсэн ба энэ удаагийн захиргааны хэргийн хувьд ч мөн адил Д.Г  нь өөрөө С.Д д итгэмжлэл олгосон атлаа итгэмжлэлгүй этгээд улсын бүртгэлд бүртгүүлсэн гэх үндэслэлээр барьцааны эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй байна. Тиймээс уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад Д.Г ийн гаргасан Ш.Т , М.М , С.Д  нарын хооронд 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан Барьцааны гэрээний дагуу үүссэн барьцааг бүртгэсэн эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Иргэн Д.Г  нь Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Их Монгол Улсын гудамж дүгээр байрны ... тоот орон сууцыг Эрхийн улсын бүртгэлийн Ү2204030.... дугаартайгаар өмчилдөг бөгөөд 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр С.Д д 6 сарын хугацаатай, 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдөр М.М д 2 сарын хугацаатай маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд тавих, гэрээнд болон барьцаалбарт төлөөлж гарын үсэг зурах эрхийг тус тус 147 дугаартай Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Б.Т ар гэрчлүүлж олгосон. 

2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр С.Д , М.М  нар нь иргэн Ш.Т тэй 50.000.000 төгрөгийн зээлийн гэрээг 2 сарын хугацаатай байгуулж, уг зээлийн гэрээтэй холбоотойгоор Д.Г ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Их Монгол Улсын гудамж дүгээр байрны ... тоот орон сууцыг барьцаалах тухай Барьцааны гэрээг тус тус байгуулж, улмаар С.Д  нь улсын бүртгэлийн байгууллагад мэдүүлэг гаргаж барьцааны гэрээг бүртгүүлсэн байна. 

Нэхэмжлэгчээс дээрх барьцааны эрхийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлийг тайлбарлахдаа ...барьцааг бүртгүүлэх мэдүүлгийг барьцаалагч, барьцаалуулагчийн хамтарсан мэдүүлгээр бүртгэх ба энэ шаардлагыг хангаагүй бол улсын бүртгэлийн байгууллага бүртгэхээс татгалзах ёстой. Гэтэл барьцаалагч, барьцаалуулагчийн аль нь ч биш этгээдийн мэдүүлгээр бүртгэсэн ... хууль зөрчин барьцааг эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн үйлдэл гаргасан. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн зарчим бол улсын бүртгэлд зөвхөн эрх бүхий этгээд буюу өмчлөгч, эсхүл түүнээс эрх олгосон этгээдийн мэдүүлгээр л бүртгэлийг хийх ... зарчмыг баримтлаагүйгээс өмчлөгч буюу барьцаалуулагч миний бие эд хөрөнгөө ямар хэмжээний үүргийн гүйцэтгэлд, ямар хугацаагаар барьцаалахыг мэдэж, түүнийгээ улсын бүртгэлд бүртгүүлж хүсэл зоригоо илэрхийлэх эрх ноцтойгоор зөрчигдсөн гэж маргасан нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч Д.Г  нь барьцааны гэрээний нэг тал биш, барьцаалуулах эрхээ бусдад өөрөө сайн дураар шилжүүлсэн, уг орон сууцыг зээлийн барьцаанд тавих, түүнээс үр дагаврыг мэдэж байсан байна.

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...М.М , С.Д  нарт олгосон итгэмжлэлийг нотариатч гэрчилсэн байх тул барьцааны эрх үүсгэсэн хэлцлийг бүртгэлийн байгууллага бүртгэхээс татгалзах хуульд заасан үндэслэл байхгүй гэх тайлбарыг шүүх хүлээж авах боломжтой. 

Учир нь мэдүүлэг гаргагч нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааг бүртгүүлэх мэдүүлэг гаргах эрхтэй ба мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-д заасан мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг нөхөн төлөх ёстойг хуульчилж өгсөн байна. 

Түүнчлэн энэхүү мэдүүлэгт хавсаргасан зээлийн болон барьцааны гэрээгээр /Д.Г ээс итгэмжлэлээр олгосон эрхийн хүрээнд/, дээрх орон сууцыг барьцаалан М.М , С.Д  нар хамтран гарын үсэг зурж, 50,000,000.0 төгрөгийг иргэн Ш.Т ээс зээлэх хүсэл зорилго нэг байсан нь тодорхойлогдохын зэрэгцээ, зээлсэн мөнгөний барьцаанд барьцаалсан орон сууцыг бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх нь мөнгө зээлдүүлэгч Ш.Т ийн эрх ашигт нийцэж байх тул зээлдэгч С.Д гийн барьцааны гэрээг бүртгүүлэх мэдүүлгийг хариуцагч байгууллага хүлээн авч бүртгэснийг Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-д заасны дагуу буруутгах боломжгүй. 

Иймд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох улсын бүртгэлийн газарт гаргасан мэдүүлэг, түүнд хавсаргасан зээл, барьцааны гэрээ, эд хөрөнгө өмчлөгчөөс олгосон итгэмжлэл зэрэг бичгийн нотлох баримтуудаас үзэхэд хариуцагчийг 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр иргэн Ш.Т  болон М.М , С.Д  нарын хооронд байгуулсан барьцааны гэрээг бүртгэхдээ Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан барьцааны гэрээний агуулгад тавигдах шаардлага болон 12 дугаар зүйлийн 12.1-д заасан улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлэх зэрэг улсын бүртгэлд бүртгүүлэх журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв. 

Мөн Нотариатын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-д Энэ хуулийн 47.1-д заасан баримт бичгийг гэрчлэхдээ тухайн баримт бичиг нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан шаардлагад нийцэж байгаа эсэхийг нягтална, хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-д Энэ хуульд заасны дагуу үйлдэж олгосон нотариатын баримт нотлох баримтын эх сурвалж болох бөгөөд хуульд заасан тохиолдолд нотариатын баримтыг гүйцэтгэх баримт бичигт тооцно гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.Г ээс иргэн С.Д , М.М  нарт ...2 өрөө орон сууцыг зээлийн барьцаанд тавих, гэрээнд болон барьцаалбарт төлөөлөн гарын үсэг зурах эрхийг олгосон итгэмжлэл нь барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх үед хүчин төгөлдөр байсан бөгөөд энэ талаар маргаан гараагүй болох нь хэргийн оролцогчдын тайлбараар нотлогдож байгааг дурдах нь зүйтэй. 

Түүнчлэн гуравдагч этгээд С.Д , М.М  нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх бөгөөд шүүхээс тэдгээрийг шүүх хуралдаанд оролцуулах болон өмгөөлөгч авах эрхээр нь хангаж удаа дараа шүүх хуралдаан хойшилсон болохыг мөн дурдаж байна. 

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.5.4, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай 28 дугаар зүйлийн 28.1, 28.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.2-т заасныг тус тус баримтлан Д.Г ийн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан Ш.Т , М.М , С.Д  нарын хооронд 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан Барьцааны гэрээний дагуу үүссэн барьцааг бүртгэсэн эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ОЮУМАА