Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 434

 

 Б.Майцэцэгийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,          

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2016/01128 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Майцэцэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Эрдэнэтуяад холбогдох          

Зээлийн гэрээний үүрэгт 97 680 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тунгалаг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Сэвлэгмаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Майцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тунгалаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 8 дугаар сард Д.Эрдэнэтуяад танил Э.Оюун-Эрдэнээр зуучлуулан нэхэмжлэгч Б.Майцэцэгээс 100 000 000 төгрөгийг хоногийн 0,2 хувийн хүүтэй, алданги хоногийн 0,1 хувь байхаар тохиролцож 7 хоногийн хугацаатай, итгэл үзүүлэн дээрх мөнгийг барьцаагүй, бичгээр хийсэн гэрээгүй зээлсэн. Ингэхдээ мөнгийг бэлнээр аваагүй харин Д.Эрдэнэтуяагийн хүсэлтийн дагуу түүний нэрийн өмнөөс бусдад шилжүүлсэн. Дээрх мөнгөнөөс 67 000 000 төгрөгийг бага багаар хариуцагч төлж дуусгасан харин 33 000 000 төгрөгийг төлөөгүй тул 2016 оны 02 дугаар сарын 29-нд 33 000 000 төгрөг зээлдүүлсэн болохоо баталгаажуулж гэрээг нөхөн байгуулж, нотариатаар баталгаажуулсан. Дээрх 33 000 000 төгрөгийг нэхэмжлэгч нь 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Д.Эрдэнэтуяагийн хүссэнээр түүний зээлд тооцон Б.Уянга гэдэг хүний данс руу шилжүүлсэн. Нэхэмжлэгч Д.Майцэцэг уг мөнгийг хариуцагчид шилжүүлэх үед гадаад улсад байсан тул өөрийн дүү С.Болорнямбуугаар дамжуулан дундын данснаас мөнгийг гаргаж, улмаар Д.Эрдэнэтуяад зээлсэн байдаг тул Д.Майцэцэгээс зээл аваагүй, С.Болорнямбуугаас зээлсэн гэж буй нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт зааснаар талууд хийсэн хэлцлээ хожим хүлээн зөвшөөрч 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээ нөхөн байгуулсан байдаг. Иймд уг гэрээний дагуу шаардах эрхтэй гэж үзэж байна. Талуудын хооронд байгуулсан гэрээгээр 33 000 000 төгрөгийг 2016 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн дотор төлж, хоногийн 0,2 хувийн хүү, хугацаандаа зээлээ төлөөгүй тохиолдолд хоногийн 0,1 хувийн алданги тооцохоор тус тус тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд үндсэн зээл 33 000 000 төгрөг, 2014 оны 8 дугаар сарын 21-нээс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаагаар тооцож хүүнд 48 180 000 төгрөг, алданги 16 500 000 төгрөг нийт 97 680 000 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хүү, алдангийг бууруулан багасгаж байна. Талуудын хооронд гэрээ бичгээр байгуулсан 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл буюу 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацааны хүү, алданги нийт 16 500 000 төгрөг болж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа 49 500 000 төгрөг болгон багасгаж байгаа тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Эрдэнэтуяа шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Сэвлэгмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 33 000 000 төгрөгийг өөрийн нэрийн өмнөөс Б.Ундралын данс руу шилжүүлсэн нь үнэн. Гэхдээ уг мөнгийг Д.Майцэцэгээс биш С.Болорнямбуугийн данснаас шилжүүлсэн байдаг тул нэхэмжлэгч уг мөнгийг нэхэмжлэх эрхтэй гэж үзэхгүй. Дээрх мөнгийг С.Болорнямбууд төлнө. 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр манай найз н.Оюун-Эрдэнэ ирээд бид хоёр Д.Майцэцэгийн гэрт очсон. Тухайн үед гэрт нь 50 орчим насны нотариатч эмэгтэй байсан ба миний бие өвдөөд байсан тул бэлдсэн гэрээнд гарын үсэг зураад явсан. Бидний хооронд байгуулсан 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн гэрээ нь нөхөн хийгдсэн бөгөөд бодитоор мөнгийг тэр өдөр шилжүүлж аваагүй. Иймд дээрх гэрээ нөхөн хийгдсэн, дүр үзүүлсэн хэлцэл тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Эрдэнэтуяагаас 41 844 000 төгрөгийг  гаргуулж, нэхэмжлэгч  Б.Майцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас  үлдэх 55 836 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 646 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 367 170 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Сэвлэгмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Д.Эрдэнэтуяа Б.Майцэцэг нар 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр "Иргэд хоорондын хэлцэл" гэх зүйлийг нөхөн хийсэн бөгөөд тухайн үед мөнгө төгрөг өгөлцөж авалцаагүйг талууд маргадаггүй. Иргэн хүн мөнгө өгсөн тул түүний шаардах эрх  хөндөгдөөгүй мөнгийг нь авсан тул Д.Эрдэнэтуяа ч зээлсэн мөнгөө төлөх үүрэгтэй. Харин шүүх шийдвэр гаргахдаа нөхөн хийсэн гэрээ гэх үндэслэлээр хүү, алданги нөхөн төлүүлэхээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хийсэн хэлцэл зөвхөн өмнө нь өгсөн 33 000 000 төгрөгийг баталгаажуулсан, тэр өдөр мөнгө төгрөг шилжүүлээгүй. Энэ тухай хэргийн 4 дүгээр талд н.Болорнямбуугийн данснаас Б.Ундралын 5120006623 тоот данс руу Д.Эрдэнэтуяагаас байрны урьдчилгаа гэж шилжүүлсэн, энд Б.Майцэцэг, Д.Эрдэнэтуяа нарын зээлийн талаар дурдаагүй. Тиймээс Д.Эрдэнэтуяа, Б.Майцэцэг нарын хооронд ямар нэгэн зээлийн харилцаа үүсээгүй нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогддоггүй. Харин гэрч н.Болорнямбуу энэ мөнгө Б.Майцэцэгийнх гэж ярьдаг. Иймээс уг нөхөн хийсэн гэрээг Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-т зааснаар гэрээ байгуулсанд тооцно гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Дээрхи үндэслэлүүдийг харгалзаж шүүхийн шийдвэрт хүү, алданги тооцон гаргуулахаар заасныг хасч өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Б.Майцэцэг нь хариуцагч Д.Эрдэнэтуяад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 97 680 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Талуудын хооронд 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр “Иргэд хоорондын хэлцэл” нэртэй гэрээ байгуулагдаж, 33 000 000 төгрөгийг бэлнээр зээлж, 7 хоногийн хугацаатай, өдрийн 0,2 хувийн хүүтэй, хоногийн 0,1 хувиар алданги төлөхөөр тохиролцжээ /хх-3/.

Харин уг зээлийн гэрээний дагуу 33 000 000 төгрөгийн төлбөрийг С.Болорнямбуу гэх иргэн Буянцогтын Ундралын данс руу “Эрдэнэтуяагаас байрны урьдчилгаа” гэж шилжүүлсэн /хх-4/ байх ба  гэрч С.Болорнямбуу нь “Эрдэнэтуяад шилжүүлж байгаа мөнгө бол Майцэцэгийн мөнгө байсан юм. Майцэцэгийн өмнөөс төлбөрийг дансаар нь шилжүүлдэг байсан” гэх мэдүүлэг өгсөн бөгөөд гэрчээс худал мэдүүлэг өгсөн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэх хариуцагчийн тайлбар баримтаар няцаагдсан байна.

Иймд нэхэмжлэгч нь хариуцагчид 33 000 000 төгрөгийг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасны дагуу бодитой шилжүүлэн өгсөн гэж үзнэ.

Зохигчдын хооронд 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр нөхөн хийсэн зээлийн гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх боломжгүй бөгөөд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т заасан бичгийн хэлцэл хийх шаардлагад нийцсэн, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний эрх чөлөөний зарчмыг зөрчөөгүй байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Иймд нэхэмжлэгчийн хувьд зээлийн үндсэн төлбөр, гэрээнд заасны дагуу хүү, алдангийг шаардах эрхтэй.

Мөн зээлийн гэрээний дагуу Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасан зохицуулалтад анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуульд заасан журмын дагуу тооцсон гэж үзнэ.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2016/01128 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Эрдэнэтуяагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 367 170 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                              ШҮҮГЧИД                                        А.МӨНХЗУЛ

                                                                                                                         Д.БАЙГАЛМАА