Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2021/0563

 


“ПЭ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э, хариуцагч Боловсрол, шинжлэх ухааны яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н, “Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 567 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч “Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу “П Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Боловсрол, шинжлэх ухааны яам, “Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ-т тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Оюумаагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 567 дугаар шийдвэрээр:

“...Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг, 11.1.2 дахь заалт, 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэг, 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэг, 52.2.3 дахь заалт, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэг, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 345 дугаар зүйлийн 345.1, 345.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “П Э” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар болон Боловсрол, шинжлэх ухааны яам нь 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Цэцэрлэгийн барилгын өргөтгөл, 240 ор /Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 125 дугаар цэцэрлэгийн ажлын сунгалтын гэрээ/ НХААГ-180074-2 дугаартай захиргааны гэрээний үүргээ биелүүлээгүй хууль бус эс үйлдэхүй гаргасан болохыг тогтоож, тус гэрээний 5 дугаар заалтын b, 6 дугаар заалтад заасны дагуу 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хамтарсан хурлын тэмдэглэл, 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хамтарсан хурлын тэмдэглэлээр тус тус шийдвэрлэсний дагуу нэмэлт ажлын төлбөр болох нийт 280,829,358.00 /хоёр зуун наян сая найман зуун хорин есөн мянга гурван зуун тавин найман/ төгрөгийг нэхэмжлэгчид олгохыг хариуцагч “Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ болон Боловсрол, шинжлэх ухааны яаманд даалгаж,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 1,562,096.79 /нэг сая таван зуун жаран хоёр мянга ерэн зургаан төгрөг далан есөн мөнгө/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ болон Боловсрол, шинжлэх ухааны яамнаас тус бүр 781,048.39 /долоон зуун наян нэгэн мянга дөчин найман төгрөг гучин есөн мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож....” шийдвэрлэжээ.

Хариуцагч “Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б давж заалдах гомдолдоо:

“...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 567 дугаар шийдвэрт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу гомдол гаргаж байна.

“Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ нь захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажилладаг бөгөөд нэхэмжлэлд дурдсан Цэцэрлэгийн барилгын өргөтгөл, 240 ор /Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 125 дугаар цэцэрлэгийн ажил/-ийн ажилд захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажилласан.

Нэхэмжлэлд дурдсан төсөл арга хэмжээ нь улсын төсвийн хөрөнгөөр санхүүжсэн бөгөөд “Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ нь захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн оролцох эрх, үүргийнхээ хүрээнд барилга угсралтын ажлын явцад хяналт тавьж, гүйцэтгэлийг баталгаажуулан ажиллах чиг үүргийг хэрэгжүүлсэн. Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 16 дугаар зүйл, “Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ-ын дүрмийн 5-д үйлдвэрийн газрын эд хөрөнгийн талаар эдлэх эрх, үүргийг зааж өгсний дагуу улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээг санхүүжүүлэх эрх тус байгууллагад хуулиар олгогдоогүй.

Боловсролын багц ажлыг улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх үүрэгтэй эрх бүхий байгууллага нь төсвийн ерөнхийлөн захирагч Боловсрол, шинжлэх ухааны яам байдаг.

Нэхэмжлэгч П э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар бол улсын төсвөөр хэрэгжиж байгаа барилга байгууламжийн үйл ажиллагаанд хяналт тавих газар. Энэ байгууллага маш сайн ажилласан. Манай байгууллага дээр хийгдсэн ажил дээр гэрээний нэг тал болж орсон учраас манай байгууллага Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрыг хариуцагчаар татсан. Энэний эцсийн хөрөнгийг шийдвэрлэдэг газар бол Боловсрол соёл шинжлэх ухааны яам байсан гэж тодорхойлсон, мөн хамтарсан хурлын тэмдэглэлүүдээр нэмэлт ажлын зардлыг төсвийн ерөнхийлөн захирагч Боловсрол, шинжлэх ухааны яамаар шийдвэрлүүлэхээр тогтсон байхад Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар санхүүжүүлэх ёстой гэж дүгнэж байгаа нь ойлгомжгүй байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 09 дүгээр сарын 03-ны өдрийн 567 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад, өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “П э” ХХК-иас “ ... Захиргааны Ерөнхий хуулийн 58.1-д заасныг журамлан Иргэний хуулийн 343.1, 344.2, 345.2-д тус тус заасны дагуу манай компанийн гүйцэтгэсэн ажлын төлбөр болох 280,829,358.00 төгрөгийг “Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ, Боловсрол, соёл шинжлэх ухааны яамнаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гарсан байсныг 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 01/03 тоот албан бичгээр Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар болон Боловсрол, шинжлэх ухааны яам нь 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Цэцэрлэгийн барилгын өргөтгөл, 240 ор /Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 125 дугаар цэцэрлэгийн ажлын сунгалтын гэрээ/ НХААГ-180074-2 дугаартай захиргааны гэрээний үүргээ биелүүлээгүй хууль бус эс үйлдэхүй гаргасан болохыг тогтоолгож, тус гэрээний 5-ын b, 6-д заасны дагуу 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хурлын тэмдэглэл, 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хурлын тэмдэглэлээр тус тус шийдвэрлэсний дагуу нэмэлт ажлын төлбөр болох 280,829,358.00 төгрөгийг нэхэмжлэгчид олгохыг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагуудыг гарган маргаж байна.

Үүнд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлд хэргийн оролцогчид гомдол гаргаагүй бөгөөд харин хариуцагч “Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ-ын зүгээс дээрх гэрээний нэмэлт ажлын төлбөр болох нийт 280,829,358.00 /хоёр зуун наян сая найман зуун хорин есөн мянга гурван зуун тавин найман/ төгрөгийг нэхэмжлэгчид олгохыг хариуцагч “Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ болон Боловсрол, шинжлэх ухааны яаманд тус тус даалгаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргажээ.

Анхан шатны шүүх “...Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.36 дахь заалтад төсвийн ерөнхийлөн захирагч гэж өөрийн эрхлэх асуудлын хүрээний төсвийг төлөвлөх, батлагдсан төсвийг хууль тогтоомжийн дагуу хуваарилах, хяналт тавих, захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээдийг ойлгоно гэж зааснаар маргаан бүхий гэрээний нэмэлт ажлын зардлын санхүүжилтийн төсвийг захиран зарцуулах эрх бүхий этгээд нь Боловсрол, шинжлэх ухааны яам...” гэж үндэслэл бүхий дүгнэсэн боловч нэмэлт зардлыг нэхэмжлэгчид олгох шаардлагыг шийдвэрлэхдээ хариуцагчийг буруу тодруулан шийдвэрлэсэн байна.

Хэдийгээр 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Цэцэрлэгийн барилгын өргөтгөл, 240 ор /Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 125 дугаар цэцэрлэгийн ажлын сунгалтын гэрээ/ НХААГ-180074-2 дугаартай захиргааны гэрээний захиалагч нь “Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ боловч Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 16 дугаар зүйлд зааснаар Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын эд хөрөнгийн эрх, үүрэгт улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээг санхүүжүүлэх эрх олгогдоогүй байх тул давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан Сангийн яамны 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 9/4927 дугаар албан бичигт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 125 дугаар цэцэрлэгийн барилгын санхүүжилт Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуульд зааснаар Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдын багцад төсөвлөгдсөн талаарх лавлагааг ирүүлсэн байгаагаас үзвэл энэ тохиолдолд гэрээний нэмэлт ажлын төлбөрийг хариуцаж санхүүжилтыг олгох эрх бүхий албан тушаалтан нь Боловсрол, соёл шинжлэх ухааны яам байна.

Мөн шүүх хуралдаанд хариуцагч Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс мөнгөн төлбөрийг тус яам дангаар төлөх нь зүйтэй, төсөвт суусан байгаа талаар тайлбарласанчлан анхан шатны шүүх хариуцагч нарт тус тус даалгаж шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны үйл ажиллагаанд баримтлах зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг хөндсөн үр дагаврыг үүсгэж байна.

Ийнхүү анхан шатны шүүх захиргааны гэрээтэй холбоотой маргаанд мөнгөн төлбөр барагдуулах хэргийн хариуцагчийг буруу тодорхойлсон байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 399 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “... нэмэлт ажлын төлбөр болох нийт 280,829,358.00 /хоёр зуун наян сая найман зуун хорин есөн мянга гурван зуун тавин найман/ төгрөгийг нэхэмжлэгчид олгохыг хариуцагч Боловсрол, шинжлэх ухааны яаманд даалгасугай” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 1,562,096.79 /нэг сая таван зуун жаран хоёр мянга ерэн зургаан төгрөг далан есөн мөнгө/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 1,562,096.79 /нэг сая таван зуун жаран хоёр мянга ерэн зургаан төгрөг далан есөн мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн, хариуцагч “Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарласан гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА