Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 0600

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Г даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Ж н,

Улсын яллагч Д.Т ,

Шүүгдэгч Д.Б, Ц.М нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г  овгийн Д-гийн Б, Г  овгийн Ц-ын М нарт холбогдох ................ дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1992 оны 09 сарын 09-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан, “Эрин интернэйшнл” ХХК-нд вакум цонхны үйлдвэрт техникч ажилтай, ам бүл-3, аав, ээж, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 8 дугаар гудамжны 12/б тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэгдэж байгаагүй, Г  овгийн Ц-мын М  /РД:............/,

Монгол Улсын иргэн, 1981 оны 02 сарын 13-ны өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, автомашины жолооч ажилтай гэх, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн  хамт Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Ханын материал, Үйлдэрчний эвлэлийн гудамж 103 дугаар байрны 180 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 251 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10.040.000 төгрөгөөр торгох торгуулийн ял оногдуулж, уг ялыг Өршөөл үзүүлэх тухай 2006.06.23-ны өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т зааснаар өршөөн хэлтрүүлсэн, Г овгийн Д-гийн Б  /РД: ........../,  

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.Б, Ц.М нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын  18-нд шилжих шөнө 03 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 58 дугаар байрны орцонд иргэн С.М-ыг тодорхой шалтаг шалтгаангүйгээр зодож “зүүн зовхи, баруун сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шанаанд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

                                          ТОДОРХОЙЛОХ нь:  

 

Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох:   

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :   

Шүүгдэгч Д.Б, Ц.М нар бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө 03 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 58 дугаар байрны орцонд иргэн С.М-ыг зодож “зүүн зовхи, баруун сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шанаанд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :    

- хохирогч Б.М-ын “2020 оны 01 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 02 цагийн үед би СХД-ийн 19-р хороо 58 дугаар байрны 7 тоотод байх гэртээ байж байтал манай эхнэр Д   99821507 гэсэн дугаараас над руу залгаад “Би Жавхлант төвийн бааранд байна, ирээд аваадах” гэж хэлсэн...Намайг очиход манай эхнэр Д  , түүний найз Ц  нар байсан юм...Бид гурав гараад, СХД-ийн 19-р хороо 58 байрны орцоор эхнэр Д  , түүний найз Ц  нарын хамт 2 давхарт гэр рүүгээ орох гээд хаалгаа онгойлгох гээд зогсож байтал Б , М  нар шатаар дээшээ гарч ирээд Б  нь үгийн зөрүүгүй миний араас боогоод унагаасан юм. Тэр  үед нь боолтыг салгах гээд Б-тай  ноцолдсон юм.Тэгээд босоод Б  нь намайг барьж байх үед М  гэх залуу нь миний нүүрний зүүн тал руу цохих шиг болсон. Тэгээд би Б-тай  дахин ноцолдож, бие биенийхээ дээр гараад унаад байсан ба М  гэх залуу миний нуруу хэсэг рүү нэг удаа өшиглөсөн юм. Б ыг гэр лүүгээ оруулаад ноцолдож байгаад би Б ыг дийлэхгүй гэрээс гаргаад алдчихсан...М  гэх залууг нь байлгаж байгаад цагдаа дуудсан...М , Б  гэх нэртэй хүмүүс миний биед гэмтэл учруулсан юм…гэх мэдүүлэг /хх-55-57/,

- шинжээчийн дүгнэлт : С.М-ын биед зүүн зовхи, баруун сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй /хх-67-68/,

- гэрч М.Д  ийн “.. 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр найз Ц.гийн хамт тоглолт үзсэн, 00 цагийн үед гэртээ харихаар такси бариад явж байтал найз болох Ц  архи уусан байдалтай над руу залгаад “ чи намайг ирж аваарай, танайд хононо” гэхээр нь Жавхлант төвийн 2 давхарт байх бааранд очсон...Бид 3 пиво уусан, бүжгийн талбай дээр гарч бүжиглэсэн. Тэр үед би нөхөр М-д руу залгаад намайг ирээд авчих гэж хэлсэн. Удалгүй нөхөр ирэхээр нь  М-д, Ц  бид 3 манай гэр рүү алхаад СХД-ийн 19 дүгээр хороо, 58 байрны 2 давхарт 7 тоотын үүдэн дээр иртэл ардаас үл таних 2 залуу /М , Б / нар гүйж ирээд Б  гэх залуу нь манай нөхөр М-дыг араас нь боогоод унагаасан юм. Тэгээд Б  М-д 2 хоёр хоорондоо ноцолдож зууралдаад бие биенийхээ дээр доор гараад байсан. Тэгсэн хажуунаас нь М  гэх залуу манай нөхөр М-дын нүүр лүү гараараа 2-3 удаа цохих шиг болсон. Тэгээд байж байтал манай нөхөр М-д Б-тай  дахин ноцолдож эхэлсэн...Тэр залуу зугтаасан....М  гэх залууг гэртээ барьж үлдээд, цагдаад дуудлага өгсөн...гэх мэдүүлэг /хх-186-188/,

- гэрч Д.Ц гийн...2020 оны 01 дүгээр сарын 18-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байрлах жавхлант төвийн Жи бааранд найз Д  , Цэцэгээ нарын хамт ганц ганц пиво уугаад сууж байсан...Шөнийн 3 цагийн үед Д  , М-д, бид 3 баарнаас гараад М-дын гэр рүү явж байтал араас 2 хүн дагаад байх шиг байхаар нь Д  т хандан “араас 2 хүн дагаад байх шиг байна” гэхэд нь нээх тоогоогүй зүгээр явж байгаа хүн байлгүй гэж хэлсэн. Тэгээд бид гурав 58-р байрны орц руу ороод 2 давхарт байх М-дын гэрийнх нь үүдэн дээр иртэл үл таних 2 залуу буюу Б  нь М-дын араас боож унагаасан. Тэгсэн тэр 2 хоорондоо ноцолдоод М-д босоод иртэл Б  нь М-дын нүүр лүү  гараараа нэг удаа цохисон...М  гэх залуу нь М-дын нүүр лүү 2-3 удаа цохисон, би цагдаад дуудлага өгөөд орцон дотор зогсож байсан юм гэх мэдүүлэг /хх-ийн 192-194 /,

- шүүгдэгч  Д.Б ы...2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 20 цагийн үед би М тай уулзаад 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байх ЖИ бааранд орж, пиво ууцгаасан. Тэр үед М  үл таних эмэгтэй /Ц /-тэй бүжиглээд байсан. Тэгээд тэр шөнө “Жи” баар хаахаар нь М ын бүжиглэж байсан хүүхэн, өөр нэг хүүхэнтэй гарч ирэхээр нь бид 2 танилцах гээд гарсан юм. Тэгсэн тэр 2 эмэгтэй нэг үл таних залуу буюу М-дтой цуг Жи баарнаас гараад нэг байрны орцоор орсон.Тэгээд М  бид 2 байр руу орж тухайн хоёр эмэгтэйтэй танилцах гэтэл би Д   гэх эмэгтэйгийн нөхөр М-д гэх залуутай муудалцаад бид хоёр хоорондоо ноцолдож барьцалдаж байгаад би М-д гэх залуугийн зүүн шанаа орчим нь гараараа нэг удаа цохьсон юм. Тэгсэн хажуунаас М  бид хоёрыг салгах гэтэл бид 2 салж өгөхгүй байхаар нь М  нь М-д гэх залуугийн нүүр хавьцаа нь гараараа 1-2 цохисон юм...Бид хоёрын буруу.  Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хх-ийн 179-180/,  

- шүүгдэгч Ц.М-дын:...2020 оны 01 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Жи бааранд Б  ахын хамт пиво ууж байсан.Тэгээд бүжгийн талбайд үл таних эмэгтэй  Ц тай хамт бүжиглэж байтал удалгүй нөгөө эмэгтэй өөр нэг эмэгтэйгийн хамт Жи баарнаас гараад Жи баарны баруун талд байрлах цэцэрлэгийн хажууд байх нэг байр луу яваад орсон. Тэгэхээр нь Б  ах бид 2 танилцая гэж бодоод дагаад тухайн байрны орц руу ортол Б  ах Д  ийн нөхөр болох Б.М-д гэх залуутай барилцаж авахаар нь би тэр 2-ыг салгах гээд дундуур нь орж, боль гэж хэлтэл тэр 2 салахгүй болохоор нь уур хүрээд Б.М-д гэх ахын нүүр хэсэг рүү нь баруун гараараа 1 удаа цохисон гэх мэдүүлэг /хх-169-170/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.  

Шүүгдэгч Д.Б, Ц.М нар бүлэглэн тухайн гэмт хэрэг үйлдсэнийг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна тухайн нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно.

Харин шүүгдэгч нар бүлэглэн иргэн С.М-ыг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь “олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах” гэмт хэргийн шинжийг нэгэн зэрэг хангаагүй гэж үзсэн болохоо прокурор дүгнэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Ц.М , Д.Б  нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.          

            Хохирогчид шинжээч эмчийн дүгнэлт гаргуулахад 8000 төгрөг, томографийн зураг авахуулахад 120.000 төгрөг /х-56-58/, эд хөрөнгийн үнэлгээний 160.000 төгрөг /х-32-36/ зэрэг хохирол учирсан байх ба шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид нийт 300.000 төгрөг төлсөн /х-198-199/ байх тул шүүгдэгч нарыг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзнэ.   

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх :  

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг тус тус нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

Шүүгдэгч Ц.М  ял шийтгүүлж байгаагүй, шүүгдэгч Д.Б д Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 251 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10.040.000 төгрөгөөр торгох торгуулийн ял оногдуулж, уг ялыг Өршөөл үзүүлэх тухай 2006.06.23-ны өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т зааснаар өршөөн хэлтрүүлсэн /х-105-108/ байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар өмнө шийтгүүлсэн байдал нь шүүгдэгч Д.Б ы эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй болно.   

Мөн шүүгдэгч Д.Б  27.86 м2 үл хөдлөх хөрөнгө, мөн автомашины өмчлөгчөөр бүртгэгдсэн /х-80-81/, Эрин интернэйшнл компанид ажиллаж байсан болон түүний орлого, зарлагад хамаарах баримтууд /х-83, 88-100/, мөн 2007, 2009, 2015 онуудад төрсөн 3 хүүхэдтэй /х-86-87/, эхнэр нь Солонгос улсад ажиллаж байгаа, тэрээр 3 хүүхдийн хамт амьдардаг талаарх тухайн шүүгдэгчийн мэдүүлэг, Хорооны Засаг даргын тодорхойлолт зэрэг баримтууд, харин шүүгдэгч Ц.М  нь аав, ээж, дүү нарын хамт амьдардаг, 750 м2 газрын өмчлөгчөөр бүртгэгдсэн /х-144/, Эрин интернэйшнл компанид цонх салхивчний үйлдэврт техникчээр ажилладаг, сарын 800.000 төгрөгийн цалинтай болон дансны хуулга зэрэг нотлох баримтууд /х-142, 150, 145-149/ тус хэрэгт цугларсан, энэ талаар шүүх хуралдаанд шүүгдэгч нар тус тус мэдүүлсэн байна.     

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч тус бүрт 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.  

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй,  шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.      

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон   

ТОГТООХ нь:     

 

1. Шүүгдэгч Ц.М , Д.Б  нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.    

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Ц.М , Д.Б  нарыг тус бүр 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.М , Д.Б  нарт тус бүр оногдуулсан 1.200.000 төгрөгийн торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.М , Д.Б  нар тус бүрт оногдуулсан 1.200.000 төгрөгийн торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.    

5. Шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.    

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Ц.М , Д.Б  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                           Г. Г