| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2020/0342/Э |
| Дугаар | 0367 |
| Огноо | 2020-04-07 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Н.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 0367
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сарангоо, улсын яллагч Н.Ундрах, шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос М овгийн Э.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 04739 0063 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
М овгийн Э.Б-, Монгол Улсын иргэн, *** оны *** дүгээр сарын ***-ны өдөр Архангай аймгийн Т суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл хоёр, эхнэрийн хамт, Архангай аймгийн Т сумын 3 дугаар баг, *** тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын *** тоотод түр оршин суудаг, регистрийн дугаар ***, урьд: Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1174 дугаар шийтгэх тогтоолоор 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Э.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 22 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овоо *** тоотод “гар утас хулгайлсан” гэх шалтгааны улмаас хохирогч Б.Т-ын хэвлийн тус газарт өшиглөж, түүний эрүүл мэндэд 12 хуруу гэдэсний урагдал, няцрал, гэдэсний агууламж хэвлийн хөндийд гадагшлалт, зүүн шууны цус хуралт бүхий амь насанд аоюултай хүнд гэмтлийг санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч М овгийн Э.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 22 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овоогийн *** тоотод “гар утас хулгайлсан” гэх шалтгааны улмаас хохирогч Б.Т-ын хэвлийн тус газарт өшиглөж, бие махбодод нь “...12 хуруу гэдэсний урагдал, няцрал, гэдэсний агууламж хэвлийн хөндийд гадагшлалт, зүүн шууны цус хуралт...” бүхий хүнд зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч Э.Б-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэсэн мэдүүлэг;
2. Иргэн Б.Т-аас 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Цагдаагийн байгууллагад ирүүлсэн “...бусдад зодуулсан...” тухай гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хх-7 дугаар хуудас);
3. Хохирогч Б.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Найз Д Сэлэнгэ аймаг руу ажил хийхээр явсан ба би тэдний гэрт үлдсэн. 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өглөө Д-ийн эхнэр Н гадуур ажилтай гэж яваад би гэрт нь ганцаараа байсан. 14 цагийн орчимд Д-ийн хамаатны дүү болох Б гэх залуу халамцуу орж ирсэн. Б-ийг Д-ийн хамаатны дүү гэдгээр нь 4-5 жилийн өмнөөс таньдаг. Би цай чанаж өгөхөд Б цай уучихаад гарч яваад 15 цагийн орчимд нэг шил 0.5 литрийн Ерөөл нэртэй архи аваад ирсэн. Уг архийг задлаад надад хийж өгөхөөр нь би “нөгөөдөр Архангай аймгийн Хашаат сум руу очиж ажил хийх гэж байгаа, архи уухгүй, амсаад өгье” гэж хэлээд 2 хундага уусан. Архийг уугаад сууж байхад Э.Б “миний утас алга боллоо” гэхээр нь би “цагдаа дуудаж шалгуул, би цагдаа дуудаж өгье, чи намайг сэжиглэж байна уу” гэхэд “хэрэггүй, би согтуу нэг газар хаясан байх” гэж хэлээд цагдаа дуудуулаагүй. Б 16 цагийн орчимд гараад яваад 17 цагийн үед буцаж ирэхдээ 0.75 литрийн Соёрхол нэртэй архи авч ирээд хувааж ууя гэсэн. Би одоо архи уухгүй гэсэн чинь архиа бариад гараад явсан. Шөнө 22 цаг өнгөрсөн байсан, би ор засаад унтах гэж байтал Б ороод ирсэн. Би Б-ийг ирж хонох байх гэж бодоод өөрөө газраар гудас дэвсэж, модон орыг Б-д засаад тавьчихсан байсан. Б ор руу чиглээд ирж байсан ба би хаалга руу зүүн талаараа хажуулдаад хэвтэж байсан. Б миний хүйсний дээд талд буюу яг хэвлийн урд хэсэг рүү хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Би босох гэж байхад дахин дарааллаад 2 удаа өшиглөсөн. Энэ үед би амьсгаа авч чадахгүй, бие сонин болоод эвхрэлдээд хэвтэж байхад Б- гараад явсан. Б- дараа буцаж ирж дахин зодож магадгүй гэж бодоод би гэрээс гараад ар талд нь байсан Исизу визард маркийн машин руу орж, бүх хаалгыг нь дотроос нь түгжээд нуугдаад хэвтчихсэн. Тэр үед Б- буцаж ирээд намайг хайгаад машин дотор байгааг минь мэдсэн. Уг машины арын шил нь байхгүй байсан тул Б цонхоор орж ирээд миний зүүн талын rap орчимд ямар нэгэн зүйлээр цохисон. Би хашгирах ч чадалгүй байсан ба намайг цохиж зодож байгаа чимээгээр Д-ийн ээж нь гарч ирээд Э.Б-ийн хоч нэр буюу У гэх нэрээр нь дуудаж, “чи яах гэж байгаа юм бэ, боль” гэж хэлэх үед машины цонхоор гараад зугтаад явсан. Би машинаас буугаад явах гэсэн боловч явж чадахгүй байсан. Тэр үед Н орж ирээд түргэн дуудаж үзүүлэхэд түргэний эмч зүгээр байна гэж хэлээд орхиж явсан. Эмч явсны дараа миний бие муудаж эхэлсэн. Н таксигаар Гэмтлийн эмнэлэг руу аваачиж үзүүлэхэд хагалгаанд орохгүй бол болохгүй юм байна гэж шууд хэвтүүлсэн. 09 дүгээр сарын 10-ны өдөр хагалгаанд ороод гарсан ба хэд хоногийн дараа Б-ийн эгч Н гэх эмэгтэй ирж уучлалт гуйгаад Б-ийг дагуулаад ирье гээд явсан. Удалгуй Б-ийг дагуулж ирээд надад “5,000,000 төгрөг өгье, эмчилгээгээ хийлгэж бай” гэж хэлээд уучлалт гуйсан, би тохирсон. Үүнээс 7 хоногийн дараа дахин хагалгаанд орсон. Тэр үед Б эгчтэйгээ цуг ирж 2,000,000 төгрөг бэлнээр өгч үлдсэн 3,000,000 төгрөгийг 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 2 хувааж өгнө гэсэн боловч одоо хүртэл ямар нэгэн мөнгө өгөөгүй. Шинжээчийн дүгнэлтээр учирсан гэмтлийг Б учруулсан..." гэсэн мэдүүлэг (хх-13-17 дугаар хуудас);
4. Гэрч Н.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Т- гэдэг казак залуутай 10 жилийн өмнө барилгын ажил хийж байгаад танилцсан. Түүнээс хойш гэр орноор орж гараад сайн найзууд болцгоосон. Хэрэг болсон өдөр буюу 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр би Opoc улсын Улаан-Үдэ хотоос сэлбэг авахаар явсан байх хойгуур Т-ыг манайд байхад хамаатны дүү Б- ирж хамт архи ууж байгаад зодчихоод явсан, бие нь муудаад байна гэж эхнэр Н утсаар хэлсэн. Тэгэхээр нь би гэмтэлд очиж үзүүл гэж хэлсэн. Би өчигдөр гэртээ ирээд гэмтлийн эмнэлэг орж Т-тай уулзсан чинь юм ярьж чадахгүй, хэвлийн хагалгаанд орж байсан. Хагалгаанд ороод гарсаны дараа би сахиж хоночихоод одоо ирж байна. Намайг байхгүй хойгуур манайд Т-тай архидан согтуурч улмаар “гар утас алга болчихлоо, чи хулгайлсан муу казак” гэж хэлээд Б- зодсон гэж байсан...” гэсэн мэдүүлэг (хх-18 дугаар хуудас);
5. Гэрч Д.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...У- буюу Б-ийн дуу гараад “тэгээд яах юм” гээд пижигнээд байхаар нь гараад хартал манай хүүгийн машинд Б, Т- гэх залууг дээрээс нь дараад цохиж байсан. Тэгэхээр нь “би юу болоод байгаа юм” гэж хэлтэл Б- “юу ч болоогүй” гээд хүүгийн машины хойд талын онгорхой цонхоор согтуу байдалтай гараад ирэхээр нь би “чи хүн зодоод байгаа юм уу” гэхэд “үгүй би юу гэж хүн зоддог юм” гэж хэлээд хашаанаас гараад явчихсан. Машины хаалгыг татаж үзтэл хүүгийн машины хаалгууд цоожтой байсан. Т- харин хойд суудал дээр нь хэвтэж байхаар нь гайгүй юу гэж асуутал юм хэлэхгүй байхаар нь би гэртээ ороод байж байтал хүн бөөлжих чимээ гарахаар нь гараад хартал Т- гадаа бөөлжөөд байсан. Удалгүй хүүгийндээ ортол Бэр Н ирчихсэн, Т баруун орон дээр нь гэдсээ тэврээд хажуу тийшээ хараад эвхрэлдээд хэвтэж байсан. Бэр түргэн дуудаж, удалгүй түргэн ирж үзээд шууд аваад явсан. Тэр хоёроос өөр хүн байгаагүй. Хүүгийн гэрт архины шил байсан тул тэр хоёрыг уусан байх гэж бодсон. Т- бага зэрэг согтуу байсан...” гэсэн мэдүүлэг (хх-19-21 дүгээр хуудас);
6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 11043 дугаартай “Б.Т-ын биед 12 хуруу гэдэсний урагдал, няцрал, гэдэсний агууламж хэвлийн хөндийд гадагшлалт, зүүн шууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хоёр удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй..." гэсэн дүгнэлт (хх-27 дугаар хуудас);
7. Шүүгдэгч Э.Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 61 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 88 дугаар хуудас), шийтгэх тогтоолын хуулбар (95-97 дугаар хуудас),
8. Шүүгдэгч Э.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: " Т-тай ахиж нэг шил архи уучихаад явсан. Үдээс хойш буцаад иртэл Т- ганцаараа гэрийн шалан дээр унтаж байхаар нь түүнийг нэг удаа өшиглөөд бос гээд сэрээтэл Т- босоод ирсэн. Би rap утсаа нэхэж түүнтэй хэрэлдэж байгаад шууд гараад ажлын байрандаа ирээд унтаж амарсан. Хэд хоног утасгүй байж байгаад өөр хүний дугаараас эгчтэйгзэ холбогдсон чинь эгч өөдөөс уйлаад “чи хүн амьтан зодоод явчихсан байна шүү дээ, тэр хүний бие муу байна” гэхээр хавсарсан гэмтлийн тасагт очсон. Урьд би тэр тасагт хэвтэж байсан ба эмч нартайгаа уулзаж асуухад хагалгаанд орчихсон, биеийн байдал нь хэвийн болчихсон бололтой байсан. Т эмчилгээний зардалд 8,000,000 төгрөг өгчихвөл гомдол саналгүй гэхээр нь би “бэлэн мөнгө байхгүй, миний унаж явсан машиныг авчих” гэж хэлэхэд “би барьж чадахгүй” гэсэн. Би Т-т бэлнээр болон дансаар нийт 2,500,000 төгрөгийг өгсөн. Дээрх гэмтлийг би хөлөөрөө хоёр удаа өшиглөж байхдаа учруулсан гэмтэл байна. Дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Өөрөө буруутай үйлдлээ ухаарч гэмшиж байгаа...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 57 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Т-ын бие махбодод хүнд зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч Э.Б-ийн үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсарт үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал түүнийг тэрээр хохирогчийн биед хүнд зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориул хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Э.Б- нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөн түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаан байхгүй тул шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай мэтгэлцэж оролцоно гэсэн болно.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүхээс шүүгдэгч Э.Б-ийг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Т- нь эмчилгээний зардалд 3,180,000 төгрөг авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Э.Б-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Э.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу бусдад төлөх төлбөргүй байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтэд: “...шүүгдэгч Э.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял оногдуулах, уг хорих ялыг нээлтэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих саналтай байна. Шүүгдэгч Э.Б нь хохирогчид 3,180,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, цаашид бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтэд: “...Миний үйлчлүүлэгч Э.Б нь өөрийн гэм бурууг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л үе шатны турш сайн дураар хүлээн зөвшөөрч байсан. Тухайн үед хохирогчид өөрийн бүхий л боломж, бололцоогоороо тусламж, дэмжлэг үзүүлэн эмчилгээний зардал, хохирол төлбөрийг төлсөн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход татгалзах зүйлгүй. Харин түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын хувьд хохирол төлбөрөө төлсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, холбогдсон хэргийн шинж зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг хэрэглэж нэг жил хүртэл хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна...” гэв.
Шүүгдэгч Э.Б нь торгох ялыг арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээгээр, хорих ялыг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг журамлан хорих ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, доод хэмжээний хоёрны нэгээс багагүй гэсэн хязгаарын дотор хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулах боломжтой байна.
Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-д нэг жил хоёр сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирлын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж үзэв.
Шүүгдэгч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байгааг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, уг таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр хохирогчид 3,180,000 төгрөг төлсөн, цаашид төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.М овгийн Э.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-д нэг жил хоёр сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Шүүгдэгч Э.Б-д оногдуулсан нэг жил хоёр сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр хохирогчид 3,180,000 төгрөг төлсөн, цаашид төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Э.Б-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.
6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.Б-д авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА